Унадаг дугуйн аяллын үеэр нэгэн шинэ гишүүн “дугуй унаж явахад нус их гоожих юм” гэсэн нь “хүн өдөрт төчнөөн литр нус залгидаг” гэж нэг номоос манай охин уншаад тухайн үедээ паа пүү болж байсныг санагдуулж билээ. Гэртээ ирээд охиноосоо лавлатал ном дээр үнэхээр өдөрт тэдэн литр салст залгидаг гэж бичсэн байна. Тэр үед тухайн ах хүүд нус залгидаг талаар сонирхуулан ярьж, дугуй унахдаа тонгойсон байрлал нусыг урагш урсгадаг хэмээн тайлбарлаад өнгөрсөн юм. Дараа нь интернетээс шалгахад, хамар ба дайвар хөндий нь 24 цагт ойролцоогоор 1 кварт салст ялгаруулдаг болохыг эрүүл мэндийн чиглэлээр дагнадаг нэгэн эх сурвалж баталжээ. Мөн тэнд насанд хүрсэн хүн өдөрт 14000 литр агаарыг амьсгалж, уушги руу орох агаарыг чийгшүүлэхэд хэдий хэр их ус зарцуулдгийг дурдсан байна.
Дасгал хийсний дараах алкохолын хэрэглээ нь эрчүүдийн булчингийн нөхөн сэргэлт, өсөлтийг дарангуйлж, дасгалын үр өгөөжийг бууруулдаг нь судалгаагаар нотлогджээ. Харин эмэгтэйчүүдэд ийм нөлөө илрээгүй ч нөлөөлөл байх магадлалтай. Мөн нэгэн судалгааны тайланд алкохол хэрэглэсэн унадаг дугуйчид ноцтой гэмтэх, өндөр өртөгтэй эмчилгээнд орох магадлал их бөгөөд гэмтсэн дугуйчдын 15.1% нь алкохол хэрэглэсэн байсныг дурджээ. Энэ нь алкохолын хэрэглээ ба осол гэмтлийн хооронд хамаарал буйн нотолгоо болно. Гэвч зарим хүн “их уусан нь л осолддог” гэх мэтээр сэтгэлзүйн хамгаалалт хийдэг нь өөрийгөө зөвтгөх хэлбэр юм. Мөн тус зөвтгөлтэй холбогдуулан хэлбэл булчингийн эдийн өсөлт хөгжлийн механизм дахь алкохолын нөлөөг тогтоох зорилготой судалгаанд их хэмжээний архи хэрэглүүлсэн ба энэ нь статистик арга зүйн гарцаагүй шаардлагаас үүдсэн. Цаашилбал судалгааны статистик арга зүйн шинж чанараас шалтгаалан алкохолын хэрэглээний "зохистой хэмжээ" гээч нь шийдэхэд ярвигтай асуудал болдог.
Судалгаанд үндэслэн унадаг дугуй унах нь хүний стрессийг бууруулах эерэг нөлөөтэй ч сэтгэл санааг шууд сайжруулахгүй болохыг тогтоожээ. Өөр нэг судалгаагаар ажилдаа дугуйгаар ирсэн хүмүүс автомашинаар ирсэн хүмүүсээс бага стресс мэдэрч байсан ч сэтгэл санааны хувьд ялгаа илрээгүй байна. Мөн өөр судалгаагаар дугуй унах нь бусад тээврийн хэрэгслээс илүү таашаал өгдөг нь тогтоогдсон. Улмаар "уулын дугуй = аз жаргал" гэсэн хувь хүний үзэл бодол гэмээр зүйрлэлийг нийгмийн сэтгэл судлалын онолын зүгээс авч үзлээ. Нийгмийн үнэлэмжийн онолоор дотоод-бүлгийн хазайлт хэмээх хандлагаас үүдэн унадаг дугуйчид өөрсдийн бүлгийн "эерэг" шинждээ дулдуйдан өөрийгөө мөн адил сайнаар улмаар бүр хэтрүүлэн үнэлэхэд хүрдэг ажээ. Дугуй унах нь хувь хүний аз жаргалын мэдрэмж, сэтгэл ханамж, утга учиртай амьдралын нэг хэсэг байж болох ч нийгмийн харилцаа, нийтлэг сэтгэл санаанд нөлөөлдөг эсэх нь тодорхой бус буюу ийм судалгааны үр дүн, нотолгоо сул байна.
Агаарын бохирдолтой үед дугуй унах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул унадаг дугуй унах тохиромжтой цаг үеийг агаарын чанарт тулгуурлан сонгох хэрэгтэй. Судалгаагаар PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ өдөрт 50 мкг/м³ байх үед дугуйгаар дунд зэргийн эрчимтэй зорчих хугацаа 75 минутаас хэтрэхэд үр ашиг буурч, 300 минутаас цааш эрсдэл давамгайлдаг нь тогтоогджээ. Улаанбаатар хотын 2025 оны хаврын агаарын чанарын мэдээлэлд үндэслэн 3-р сарын 22-ноос хойш бохирдол буурсан нь гадуур дугуй унахад илүү тохиромжтой үе эхэлснийг харуулж байна. Өнгөрсөн намар энэ огноо 11-р сарын 1-нд тохиож байжээ. Агаарын чанарыг зөв ойлгож, аюулгүй үеийг сонгож чадвал дугуй унахын эрүүл мэндийн үр ашиг улам баталгаатай байх боломжтой.
Унадаг дугуй унах нь зүрх судасны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Нэгэн судалгаанд тогтмол дугуй унадаг 7000 гаруй хүний өгөгдлийг ашиглан дугуй унах идэвх (MET-h/week) болон цусны даралт, холестерин, BMI зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалжээ. MET (Metabolic Equivalent of Task) нь хөдөлгөөний эрчим ба үргэлжлэх хугацаанд үндэслэн энерги зарцуулалтыг хэмждэг нэгж бөгөөд MET-h/week нь долоо хоногийн нийт идэвхийг илтгэнэ. Судалгаагаар 61 ба түүнээс дээш MET-h/week үзүүлэлттэй хүмүүсийн цусны даралттай байх эрсдэл суурь бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан бөгөөд дугуй унах хэмжээ нэмэгдэх тусам эрсдэл буурч байжээ. Мөн BMI буурч, холестерин өндөр байх магадлал багассан байна. Ийнхүү долоо хоногт дор хаяж 61 MET-h/week энерги зарцуулахуйц дугуй унах нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга болох нь тогтоогджээ.
Ясны сийрэгжилт (остеопороз) нь ясны нягт буурч, хугарах эрсдэл нэмэгдэх эмгэг бөгөөд доргилт ихтэй дасгалууд урьдчилан сэргийлэхэд үр дүнтэйд тооцогддог. Унадаг дугуй нь бага доргилттой дасгалд тооцогддог тул ясанд ачаалал бага өгдөг. 2003 оны *Osteoporosis International* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар олон жил дугуй унасан мастер тамирчдын ясны нягт энгийн хүмүүсээс бага байжээ. Мөн 2024 оны *BMC Public Health* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өндөр доргилттой дасгал ясны сийрэгжилтийг бууруулдаг бол бага доргилттой дасгалын нөлөө батлагдаагүй байна. Гэхдээ уулын дугуй нь засмал замын дугуйнаас ялгаатай. 2002 оны *Bone* сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд уулын дугуй унадаг эрчүүдийн ясны нягт нь замын дугуй унагчид болон хяналтын бүлгээс илүү гарчээ. Иймд эрэгтэйчүүдийн хувьд уулын дугуй ясны сийрэгжилтээс сэргийлэхэд тустай байж болох юм.