2023 оны 10 сарын 3
Улаанбаатар уулын дугуйн клубийг 2016 оны 5 сарын 24-ний өдөр анх үүсгэн байгуулсан цагаас хойш хөгжлийн тодорхой үе шатыг дамжин өнөөг хүрсэн. 2016 онд зохион байгуулалтын үндсэн хэв шинжээ олсон бол 2017 онд өнөөгийн дүр төрх бүрэлдэн тогтсон юм. Улмаар 2021 он сүүлээс 2023 он дуусталх хугацаанд хэсэгчилсэн шинэчлэлт хийсэн ба үүнтэй холбогдуулан дараах бичвэрийг үйлдэв.
Энэхүү бичвэрийг уншсанаар хүрэх үр дүн бол клубийн уламжлал, үнэт зүйл, алсын харааг танин мэдэж, ойлгох явдал юм.
Уламжлал шинэчлэл бол эрт дээр үеэс уламжилж ирсэн, орхигдуулж болохгүй дэвшилтэт зүйлийг орчин үетэй уялдуулан хөгжүүлэх бодлого юм [1]. Үнэхээр бидэнд хадгалж явах түүх, хойч үедээ дамжуулах өв, он цагийн уртад шалгаран үлдээд нэгэнт хэвшиж тогтсон дэг жаяг их бий. 2016 оноос эхтэй энэ бүхнийг 2023 онд буюу сүүлийн гурван жилд өрнөсөн шинэчлэл өөрчлөлтийг тэрлэх эдүгээ цаг үед уламжлал шинэчлэлийг хэрхэн дэнсэлсэн тухай сийрүүлж үлдээх нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн хэлхээний залгамжийг хойшид ч үл алдуулахад ач холбогдолтой.
Зүгээр л жий гэдэг уриа ба үүний утга агуулгыг хэвээр хадгалж, дагалдах тайлбарыг нь дараах байдлаар ахин найруулсан.
Энд буй зарчмын гол өөрчлөлтийн нэг бол "Би бусдын биш өөрийн хэмнэлээр урагшилна." бас "Аялал тэмцээн, уралдаанаас огт өөр." гэсэн өгүүлбэрийг хассан явдал юм. Үүний үүргийг "Би замд дураараа амрахгүй, зогсохгүй." болон "Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй." гэсэн өгүүлбэрүүд гүйцэтгэнэ.
Мөн "Админы сонголт шийдвэрийг хүндэтгэнэ." гэсэн өгүүлбэрийг "Клубийн дүрмийг ёсчлон дагана." гэж агуулгыг нь өргөтгөн хүчитгэсэн. Энэ нь клубийн удирдлага, зохион байгуулалтыг обьектив бус харин субьектив чиг хандлагатай болгох гэсэн зарчмын өөр нэг гол өөрчлөлт юм.
Веб аппликейшнд суурилсан энэхүү системийн дагуу шинэ гишүүд анх бүртгүүлэхдээ л хувийн хэргээ өөрсдөө нээнэ. Мөн энэ шатанд клубийн дүрэмтэй уншиж танилцсан байна. Түүнчлэн шинэ системийн онцлогоос үүдэн гишүүд хувийн дугаараа мэддэг байх (зураг 4.2, Цахим гэрээний 3 дугаар зүйлийн 4 дүгээрх заалт) бус харин хувийн хэрэг нээхдээ өөрийнхөө ямар имэйл хаягийг ашигласнаа тогтоох "үүрэг" хүлээх болсон. Ийнхүү гишүүдийн хувийн дугаар хэрэгцээ шаардлагагүй болсон тул гишүүдийн хоорондох ялгаа багасаж зөвхөн бахархлын тэмдэгтэй эсэх гэсэн цор ганц ангилал үлдсэн. Бахархлын тэмдэг нь клубийн эх үүсвэр анх тавигдсан цагаас эхлэн гишүүдээ алдаршуулах, урамшуулах ажлын хэрэгжүүлэлтийн гол хэлбэр байсаар ирсэн бөгөөд болзлыг нь биелүүлсэн гишүүдэд энэхүү тэмдгийг гардуулдаг уламжлалыг цаашид ч үргэлжлүүлбэл зүйтэйн дээр тэмдгийн нэр хүндийг ч хадгалбал зохино. Иймд бахархлын тэмдгийг дагалдах "Бахархлын хуудас"-тай болох, "Цагаан цомог"-т багтах зэрэг уламжлалт зүйлс дээр хоногийн аялалд оролцох эрх нээгдэх, судалгааны аялалд сонгогдон оролцох боломж нээгдэх зэргийг нэмж оруулсан.
Хүмүүсийг зөвхөн админ ба гишүүн гэж хоёр л ангилах болсон. Аяллын маршрут, зар, дүн бүртгэл, статистик зэргийг веб аппликейшнд суурилсан цахим систем рүү шилжүүлсэн бас шинээр баримтлах болсон тодорхой байх гэдэг бодлоготой холбоотойгоор нэр томьёо гэж үзэж болох цөөнгүй үг хэллэг хэрэглээнд нэвтэрсэн тул эдгээр бүгдийг энгийн байлгах үүднээс энэ мэтчилэн зарим нэр томьёог эгэлчилсэн. Энгийн байх гэдэг нь манай баримтлах бас нэг шинэ бодлого юм. Түүнчлэн өөрсдийгөө "Уулын унадаг дугуйгаар байгальд аялах дуртай хувь хүмүүсийн сайн дурын, нээлттэй хамтын нийгэмлэг" гэж өмнөхөөс илүү хүмүүнлэг байдлаар тодорхойлсон. Ерөнхийдөө бид улам цахимжих бус харин унадаг дугуйгаар байгальд хамтдаа аялах, унадаг дугуйгаар холбогдсон хүмүүсийн нөхөрлөлийг батжуулах, гишүүдийнхээ унадаг дугуйтай л уялдах амьд харилцааг дэмжихэд цахим орчинг үр ашигтай ашиглахыг эрмэлзэх хэрэгтэй.
Аялахыг хүссэн хүмүүс өөрсдийн сайн дураар, гишүүнчлэлийн болон бусад нэмэлт төлбөр хураамжгүйгээр аялалд оролцоно гэсэн суурь зарчим огт хөндөгдөөгүй. Гагцхүү насны доод босгыг 18 болгож ахиулсан. Бас гишүүнд тавих шаардлага ба хүлээлгэх үүрэг олширсон мэт харагдаж буй нь Цахим гэрээний хавсралт №1 (Зураг 4.3) дэх заалтуудыг хамтатгаснаас голлон шалтгаална. Түүнчлэн "Аялагч гишүүн нь хувийн дугаараа мэддэг байна." гэсэн үүрэг үгүй болсон ч хувийн хэрэг нээхдээ өөрийн ямар имэйл хаягийг ашигласнаа санаж байх хэрэгтэй болсон.
Аялалд оролцох хүсэлтээ хувь гишүүн өөрөө цахимаар гаргадаг болсон тул хувийн хэрэг нээх болон аялалд цахимаар бүртгүүлэхийг гарын үсгийн баталгаа өгсөнд тооцож байна. Клубийн дүрмийн ийм заалт нь Цахим гэрээний "Бусад" зүйлийн 4 дүгээр заалттай үндсэндээ ижил юм.
Аяллын төрөл хэвээрээ хадгалагдаж буй бол туулах замын урт жийлт болон өдрийн аяллын хувьд 480 км болж өссөн бас өдрийн аяллын зохиогдох сарыг III сараас VI сар ба VIII сараас X сар болгосон. Өдрийн аялал бол гишүүдийн аяллын идэвх оролцоог илэрхийлдэг идэвхийн оноо статистикийн утгыг тодорхойлдог буюу бүх гишүүдийн "заавал оролцох аялал" мөн тул зохиогдох орчныг нь УБ хотын бүс юм уу УБ хотын бүстэй аяллын маршрутаар тасралтгүй холбогдсон газар орон гэж харин зохиогдох саруудыг нь улирлын цаг уурын нөхцөлтэй уялдуулж IX сараас XI сар гэж байсныг ийнхүү VIII сараас X сар болгож өөрчилсөн. Ингэхдээ УБ хот орчмын сар тутмын агаарын температурын дунджийг эш үндэс болгосон. Түүнчлэн өдрийн аяллыг бямба гарагт зохионо гэсэн заалтыг хэвээр мөрдөнө. Ийнхүү өдрийн аялал дээр анх тавьж байсан цаг хугацааны хязгаарлалтыг цахим системээр дамжуулан бодитоор хэрэгжүүлэх болсон тул жийлт дээрх зохиогдох сарын хязгаарлалтыг үгүй болгосон. Энэ нь VII сар болон XI сараас II сард аялал зохиох боломжийг хадгална.
Тэмдгийн болзол нь 1259 км-ээс эхлээд 40075 км хүрдэг тодорхой шатлалтай. Энэхүү шатлалын дагуу тэмдгүүдийг жагсаахад харгалзах өнгүүд нь дэс дараалалд ордог. Ийнхүү үүсэх өнгөний дарааллаас улаан, улбар шар, шар ба ногоон, хөх гэсэн "дараалал" анхаарал татдаг.
Тэмдгийн өнгөний дарааллын талаар үзэгдэх гэрлийн спектртэй холбож 2020 онд Facebook групп дээр коммент бичих байдлаар асуухад админы зүгээс "Гайхалтай" гэхээс цааш тодорхой хариу өгөөгүй юм. Facebook групп хуудсыг ухаж үзэхэд энэ талаар мэдээлэл олдоогүй.
Өнгөний дэс дарааллын хувьд хамгийн түгээмэл тархсан ойлголт бол үзэгдэх гэрлийн спектр [3] юм. Спектр улаан өнгөөс эхэлж улмаар улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх гэсэн дарааллаар үргэлжилж нил ягаан өнгө дээр дуусдаг [3]. Цагаан өнгөний хувьд гэрлийн спектр талаас харвал тэмдгийн шатлалын төгсгөлд байх нь ямар ч асуудалгүй юм. Хэрэв ингэж үзвэл тэмдгийн өнгөний дарааллыг орвонгоор нь эргүүлэхэд хүрнэ. Иймд тэмдгийн өнгөний дэс дараалалд өгөх оновчтой тайлбар олох хэрэгтэй.
Тэмдгийн өнгөний дараалалтай зохицох өнгөний тодорхой дараалал гэвэл тоон утгын их багын ялгааг тухайлбал газрын гадаргын өндөршлийн зөрүүг илэрхийлдэг өнгөн код (өнгөний дараалал) байна [4]. Энэ нь уулын унадаг дугуйн аяллын үеэр даваа руу өгсөн жийсээр өндөрт гардагтай ч авцалдана. Гэвч энэхүү дараалалд ягаан өнгө ерөнхийдөө хамгийн бага утга буюу нам дор газрыг илэрхийлдэг ч улаан өнгөний дараа орох өөрөөр хэлбэл хамгийн их утга буюу хамгийн өндөр газартай харгалзах явдал байна [5, 6]. Түүнчлэн цагаан өнгийг ягаан өнгөний дараа, илүү өндөр газрыг илэрхийлэхэд ашигласан тохиолдол байна [5]. Ийм тохиолдол олонтаа таарсанаас төлөөлөл болгон ганц нэгийг л эшлэл болгон авлаа. Харин хөх, цэнхэр, ногоон өнгүүдийг яг энэ дарааллаар нь нам дор газар буюу бага утгыг илэрхийлэхэд ашиглаж байна. Дүгнэвэл тоон утга болон газрын гадаргын өндөршлийн ялгааг багаас их рүү хөх, цэнхэр, ногоон, шар, улбар шар, улаан, ягаан, цагаан өнгөөр илэрхийлж байна.
Өнгөний дараалалд бэлэгдэл, ёс заншил зэрэг өөр утга учир бий эсэх талаар судлахад тэмдгүүдэд ашигласантай тохирох өнгөний хослол болон дэс дараалал олдоогүй.
Дээр дурдсан, аяндаа үүссэн тэмдгийн өнгөний тэрхүү дэс дараалал нь олон нийтийн дунд нэгэнт тогтсон хэвшилтэй тохирохгүй байгаа нь Зураг №1 дээрх Цэгцтэй мэдээлэл өгөх болон Зөв үлгэр дууриал болох гэсэн баримтлах бодлоготой зөрчилдсөн байна. Нэгэнт бид баримтлах бодлого хэмээн тунхагласан л тул уг бодлогын дагуу тэмдгийн өнгөний дэс дараалалд засвар өөрчлөлт оруулбал зүйтэй. Гэхдээ уламжлалаа хадгалахын тулд мөн түүнчлэн Зураг №1 дээр бичээстэй Тогтсон стандарт баримтлах гэсэн бодлогын дагуу ийм өөрчлөлт минимал хэмжээтэй байвал зохино. Засвар өөрчлөлтийг минимал байлгах өнгөний дараалал бол тоон утгын их багын ялгааг тухайлбал газрын гадаргын өндөршлийн зөрүүг илэрхийлдэг өнгөн код (өнгөний дараалал) юм. Энэ тохиолдолд зөвхөн Умард өмнөд ба Өрнөд дорнод тэмдгүүдийн л өнгийг солих болно. Харин бусад тэмдгүүдийн өнгө хэвээрээ байна. Түүнчлэн өнгөний залгамжит чанарын дагуу, дунд нь "цоорхой" үлдээхгүйн тулд тэмдгийн өнгөний дарааллыг цэнхэр өнгөөс эхлүүлнэ. Ийнхүү тэмдэг тус бүрт тэдгээрийн болзлын өсөх дарааллын дагуу цэнхэр, ногоон, шар, улбар шар, улаан, ягаан, цагаан өнгө харгалзана.
Тэмдгийн болзол дээр ч өмнө дурдсанчлан Цэгцтэй мэдээлэл өгөх болон Зөв үлгэр дууриал болох гэсэн бодлогыг баримталсан. Ингээд тэмдгийн болзол – босго утгыг нэгбүрчлэн нягтлан шалгахад хоёр хөрш улстай залгах хилийн урт зөрүүтэй байсан бөгөөд орсон өөрчлөлт нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар буюу төрийн албан ёсны эх сурвалжид үндсэлсэн [7]. Хөрш улстай залгах хилийн уртыг зөрүүтэй мэдээлэх нь Тогтсон стандарт баримтлах гэсэн бодлоготой ч зөрчилдөнө. Түүнчлэн засгийн газар хоорондын хэлэлцээрээр эцэслэн тогтоосныг сахих нь улсын иргэдийн үүрэг юм.
Эх сурвалж