Клубийн аяллын үеэр туулсан нийт замын урт, оролцсон нийт аялал болон нэг ба олон хоногийн аяллын тоо, УБ 240/24 марафоныг дуусгасан тоо, Долоон давааны сорилго давсан тоо зэрэг нь клубийн гишүүн нэг бүрээр гаргадаг үндсэн статистикууд юм.
Аяллын оролцоо ба туулсан замын урт нь аялалд хамрагдан оролцсон эсэх ба аяллын замын хэчнээн хувийг жийж туулсанаар тодорхойлогдоно. Харин УБ 240/24 марафоныг дуусгасан тоо ба Долоон давааны сорилго давсан тоо нь маршрутын дагуух замыг заасан хугацаанд, унадаг дугуйгаар бүрэн туулж дуусгасан эсэхээр тодорхойлогдоно. Жишээлбэл УБ 240/24 марафоны явцын дундаас гарч, замын хагасыг л туулсан бол 240 км-ийн 50 хувь буюу 120 км нь тухайн гишүүний туулсан нийт замын урт дээр нэмэгдэж харин тус марафоныг дуусгасан тоо нь өөрчлөгдөхгүй буюу хэвээр үлдэх юм. Харин Долоон давааны сорилгын хувьд замын уртыг хагаслаж тооцохгүй буюу заасан цагийн хязгаарт багтаж сорилгыг давж чадсан эсвэл үгүй гэсэн хоёр л янзын хувилбар байна.
Мөн эдгээр статистикуудыг дараах дүрсүүдээр тэмдэглэнэ.
Идэвхийн оноо статистикийн утга нь сүүлийн 10 өдрийн аялал ба үүнтэй зэрэгцсэн бусад аялалд оролцсон тоогоор тодорхойлогдоно. Өдрийн аялалтай зэрэгцсэн аяллууд гэдэгт тухайн өдрийн аялал зохиогдсон долоо хоногт эхэлсэн бусад аяллыг оруулна. Идэвхийн оноог дүрсээр тэмдэглэнэ.
Жилийн статистик хуудас дээрх "Хуримтлуулсан идэвхийн оноо" диаграммаар харуулах тоон үзүүлэлт нь тухайн жилд зохион явуулсан өдрийн аяллын хэдэд оролцсоныг илэрхийлнэ.
Түүнчлэн идэвхийн оноо статистик нь хамгийн ихдээ 10 гэсэн утгыг авна. Идэвхийн оноо статистикийн утга 10-тай тэнцүү болсон тохиолдол хэдэн удаагийн өдрийн аялал дээр ажиглагдсаныг гишүүн нэг бүрийн хувьд бүртгэж энэхүү тохиолдлын тооны хувийн рекордыг гишүүний бахархлын хуудас дээр мэдээлдэг.
Цагаан цомог болон Бахархлын хуудас дээрх хамт жийсэн тоо статистикийн утгыг багийн хуваарилалт нь нэг баг байсан аялалд хамт оролцсон тоогоор тодорхойлно.
Клубийн гишүүний бахархлын хуудас дээрх зарим нэмэлт статистик мэдээллийг энд тайлбарлана.
Оролцсон аяллуудын дор хаяж 16.18 хувь нь нэг юм уу олон хоногийн аялал байх үед уг харьцааны зууны хувиар илэрхийлсэн тоон утгыг тухайн гишүүний бахархлын хуудас дээр нийтэлнэ.
Жич: Бахархлын хуудас дээрээ хоногоор аялагч гэсэн тодотголтой болохын тулд өдрийн аялал, жийлт зэрэг бусад аяллыг өнжих шаардлагагүй юм. Тухайлбал 2024 оны намрын өдрийн аяллын улирал нээхээс өмнөх үеийн байдлаар зохион явуулсан 320 аялал дотор нэг болон олон хоногийн аяллууд бараг 17.19 хувийг нь эзэлсэн байна.
Маршрутын замын урт, өндөр авалт, өндөр алдалт, өгсөлт ба уруудалт, давааны тоо зэрэг үзүүлэлтүүдийг хэрхэн олохыг дор дэлгэрэнгүй тайлбарласан.
Мөн маршрутын урт, өндөр авалт, өндөр алдалт, өгсөлт ба уруудалт зэргийг олохдоо зохих томьёо, нийтээр ашигладаг аргачлалыг баримталсан бол харин их өгсөлт ба их уруудалт болон давааны тоо зэргийг олохдоо УБ хот орчмын зам, харгуйн онцлогийг харгалзаж үзсэн. Түүнчлэн даваануудыг олохдоо зөвхөн үүний төлөөнөө, тусгайлсан судалгааны ажил хийсэн бөгөөд үүний үр дүнд жигд бус алхамтай аливаа нэг хэмжээст цувааны оргил илрүүлэхэд ашиглаж болох статистик зохиож бас үүний параметрүүдийг хяналттай машин сургалт бүхий аргаар үнэлж болохыг үзүүлсэн.
Маршрутын замын урт нь дэс дараалсан GPS цэгүүд хоорондын, Хаверсины томьёогоор олдох зайн нийлбэрээр тодорхойлогдоно.
Өндөр авалт ба өндөр алдалтыг GPS Visualizer дээрх зааврын дагуу олсон ба ингэхдээ босоо шуугиан шүүхэд ашиглах параметрийн утгыг 2.5 метр гэж сонгосон. Үүний дагуу өндөршил тооцож буй хамгийн сүүлийн цэгээс 2.5 метрээс үл хэтрэх ялгаа бүхий өндөршилтэй цэгийг орхино.
last_valid_point = 1 FOR i := 2 TO n_points DO diff_elevation = altitude[i] - altitude[last_valid_point] IF abs(diff_elevation) > 2.5 THEN last_valid_point := i IF diff_elevation > 0 THEN elevation_gain += diff_elevation ELSE IF diff_elevation < 0 THEN elevation_loss -= diff_elevation END END END RETURN [elevation_gain, elevation_loss]
Параметрийн утгын 2.5 гэсэн сонголт нь өмнө шууд бэлэн авч ашигладаг байсан, гуравдагч талын олсон өндөр авалт ба өндөр алдалтыг багаар өөрчлөх гэсэнтэй холбогдоно.
Өгсөлт ба уруудалтыг янз бүрээр тодорхойлдог ба манай клубийн хувьд нэг метр хэвтээ зайд хэдэн метр өгссөн юм уу уруудсаныг зууны хувиар илэрхийлдэг хувилбарыг баримтална. Үүний дагуу өгсөлт нь эерэг тоон утгатай байх бол харин уруудалт нь сөрөг тоон утга авна.
Энэ үзүүлэлт нь өгсөлт ба уруудалтын хамгийн их абсолют утга мэт боловч замын нугачааг анхаарвал шууд ингэж олох нь учир дутагдалтай. Иймд замын нугачааны нөлөөг арилгахын тулд тодорхой урттай хэвтээ зайд харгалзах маршрутын тухайн хэсэг дэх өгсөлт ба уруудалтын дундаж утгыг ашиглаж замын их өгсөлт ба их уруудалттай хэсгийг олно. Энэхүү аргын параметр болох хэвтээ зайн хэмжээг УБ хот орчмоор зохиосон унадаг дугуйн аяллуудын маршрут дээрх туршилтын үр дүнг үндэслэн 500 метр гэж тогтоосон.
Маршрутын дагуух замын даваа, түүний оройн цэгийг МУИС-ийн МТЭС-ийн Статистикийн ангийг 2024 онд төгсгөсөн оюутан О.Мөнхжаргалын гүйцэтгэсэн "Жигд бус алхамтай нэг хэмжээст цувааны оргил илрүүлэх хяналттай машин сургалт бүхий арга" сэдэвт бакалаврын төгсөлтийн ажлын хүрээнд зохиосон аргаар олно. Төгсөлтийн ажлын онолын судалгааны дүнд цувааны оргил илрүүлэхэд ашиглаж болох статистик ба түүний параметрүүдийг үнэлэх аргачлал боловсруулсан. Уг статистик нь мэдээллийн онол, дохио боловсруулалт гэсэн инженерийн хэрэглээнд түгээмэл ашигладаг Куллбэк-Лейблерийн дивергенцийн Лапласын тархалт дээрх хувилбартай төстэй боловч томьёоны хэлбэр цаашилбал дохио буюу цувааны локал максимумуудыг эцэслэн олох дэд бодлогыг хялбарчилдаг, тооцоолоход хялбар зэрэг давуу тал бүхий шинэлэг статистик болсон. Мөн уг аргачлалыг цувааны оргил илрүүлэхэд ашигладаг өөр аргуудтай харьцуулан судлахад боломжийн сайн үр дүн гарсан юм.
Тус арга нь хоёр параметртэй бөгөөд уг төгсөлтийн ажилд эдгээр параметрүүдийг машин сургалтын аргаар үнэлж тодорхой утгууд олсон. Эдгээр параметрийн эхнийх нь хэвтээ чиглэлд орон зай юм уу цаг хугацааны цар хүрээг хязгаарлах бол нөгөө параметр нь босоо чиглэлд цувааны хэлбэлзлийн шуугианыг дарах үүрэгтэй юм. Манай тохиолдолд хэвтээ чиглэлд замын урт харин босоо чиглэлд өгсөлт, уруудалт байна. Параметрүүдийг үнэлэхдээ УБ хот орчимд зохиосон клубийн аяллын маршрутуудыг ашигласан. Өөрөөр хэлбэл давааны шалгуур үзүүлэлтүүдийг УБ хот орчмын уул, давааны шинж чанарт үндэслэн олж тогтоосон. Улмаар тус аргачлалыг авч хэрэгжүүлэхдээ орон зайн параметрийн утгыг 2, шуугианы параметрийн утгыг 3 гэж машин сургалтын зарчмаар олсон утгатай бараг ойролцоо байсан бүхэл тоог сонгосон. Мөн манай тохиолдолд эдгээр параметрүүд нь хэвтээ зай болон өгсөлт ба уруудалт гэсэн агуулгатай болох бөгөөд иймд хэмжих нэгж нь километр ба метр байх юм.
Ийнхүү давааг илрүүлж, түүний оройн цэгийг олохын тулд тухайн цэгээс өмнөх ба дараах 2 км тус бүрийн доторх өгсөлт, уруудалтын дундаж утгыг олж улмаар ялгаврыг нь авах бөгөөд энэ нь мөнөөх цэг давааны оройн цэг болохыг тогтооход ашиглах статистик юм. Хэрэв тухайн цэгээс өмнөх хэсгийн дундаж "өгсөлт" гурваас ихгүй эсвэл дараах хэсгийн дундаж "уруудалт" сөрөг гурваас багагүй бол уг цэгт харгалзах ялгавар буюу статистикийн утгыг шууд тэг болгоно. Энэ нь аль нэг талаасаа цувааны орой буюу манай тохиолдолд давааны орой болж үл чадах цэгийг даруй алгасна гэсэн үг юм. Жишээлбэл ерөнхийдөө өгсөж байсан ч дунд нь хэсэг уруудсаны улмаас дундаж өгсөлт нь 2.9 болж буураад гурваас бага болсон бол үүнийг алгасах буюу даваа гэж үзэхгүй. Статистикийн утгыг тэгж шууд тэглэх нь шаардлагагүй цэгүүдийг тооцооноос зайлуулахын зэрэгцээ маршрутын дагуух олон давааг ялгаж салгах зэрэгт ач холбогдолтой. Ингээд статистикийн харгалзах утга нь эерэг гарсан, дэс дараалсан цэгүүдээс тогтох мужуудыг олно. Ийм нэг муж нь ерөнхийдөө нэг давааг заана. Улмаар уг муж дахь тус статистикийн эсвэл өндөршлийн хамгийн их утгыг олбол үүнд харгалзах цэг нь давааны оройн цэг болно.
Дээр дурдсан төгсөлтийн ажлаар боловсруулсан аргачлалыг авч хэрэгжүүлэхдээ параметрүүдийнх нь утгыг бүхэл тоо байдлаар авч болохоор байсан тул бага зэрэг өөрчилсөн. Мөн үүнээс гадна хэт ойр олдсон оройн цэгүүдийг нийлүүлэх гэсэн зарчмын өөрчлөлт оруулсан. Ингэхдээ орон зайн параметрийн утга болох 2 км-ээс ойр орших давааны оройн цэгүүдийг эхнийхтэй нь нийлүүлэхээр шийдсэн.