Улаанбаатар уулын дугуйн клуб

Брэндбүүк

2024 оны 9 сарын 24

Клуб нь унадаг дугуйн бусад клубүүдээс нэр болон лого гэсэн барааны тэмдгүүд ба бахархлын тэмдэг гэсэн хамтын тэмдгээр ялгарна.

Клубийн нэр, лого болон клубийн гишүүний бахархлын тэмдгийг энд зааснаас өөрөөр бичиж унших, зурж дүрслэх, хийж биежүүлэх нь олон нийтийг төөрөгдүүлэн клубийн ялгарлыг бүдгэрүүлэх тул энэ нь зохисгүй үйлдэл юм.

Клубийн нэр

Клубийн албан ёсны нэр монголоор Улаанбаатар уулын дугуйн клуб, англиар Ulaanbaatar Mountain Biking Club байна. Мөн богиносгосон байдлаар УБ уулын дугуйн клуб юм уу UB Mountain Biking Club гэж бичиж болно. Харин товчлох шаардлагатай үед зөвхөн UBMBC гэж бичнэ. Өөрөөр хэлбэл клубийн нэрийг монголоор бичих болон хэлэхдээ товчлохгүй. Энэ нь монгол бичгийн хэлэнд үг хэллэгийг үсгээр товчлон хураах ёс бараг байгаагүйтэй [1] холбоотой.

Клубийн нэр ба клубийн веб сайтын домэйн нэр Клубийн нэр нь угтаа клубийн веб сайтын хаяг буюу домэйн нэрийг шууд заах юм. УБ уулын дугуйн клуб гэдгийг англи руу буулгавал UB Mountain Biking Club, улмаар үүнийг товчлоход үүсэх UBMBC үг ба дэлхий даяар хамгийн өргөн ашигладаг com гэсэн домэйн нэрийн өргөтгөл [2] хоёр нийлсэнээр ubmbc.com домэйн нэр үүснэ.

Клубийн нэрийн түүх Клубийг 2016 оны 5 сарын 24-ний өдөр Facebook нийгмийн сүлжээний групп байдлаар анх үүсгэн байгуулахад Уулын дугуйн аялал гэсэн ерөнхий нэр өгсөн байсныг 2017 онд Улаанбаатар уулын дугуйн аялал групп болгож газар орны нэр ба Facebook нийгмийн сүлжээний нэгж болох групп гэсэн тодотгол нэмсэн. 2021 оноос Facebook платформ дахь групп зэрэг хэрэгслүүдийг үе шаттайгаар орхиж, вебд суурилсан бие даасан аппликейшнтэй болох цахим шилжилт хийсэн ба улмаар 2023 оноос алсын хараандаа нийцүүлэн Улаанбаатар уулын дугуйн клуб нэрээр үйл ажиллагаагаа явуулах болсон. Клубийн хуучин нэр дэх аялал гэдэг үгийг орхисон нь манай клуб зөвхөн унадаг дугуйтай аялал төдийгүй Долоон давааны сорилго, УБ240/24 марафон зэрэг арга хэмжээ зохиодог мөн түүнчлэн ирээдүйд унадаг дугуйтай холбоотой өөр янз бүрийн үйл ажиллагаа явуулж болохыг тооцсон хэрэг юм. Бас хуучин нэр дэх групп гэсэн үгийг клуб болгож сольсон нь мөн л хамрах хүрээгээ өргөжүүлсэн буюу явцуу сонирхлын ганцхан бүлэг бус харин унадаг дугуй гэдгээрээ ижил ч угтаа янз бүрийн хүсэл сонирхолтой бүлгүүдийг өөртөө багтаасан гэдгийг илэрхийлнэ. Үнэхээр манай клубт эсвэл өдрийн аялал - жийлтэд дур сонирхолтой эсвэл хоногийн юм уу олон хоногийн аялалд түлхүү оролцдог эсвэл хүнд ачаалалтай жийх эрмэлзэлтэй эсвэл тааваараа жийх дуртай гэх мэтчилэн олон янзын сонирхолтой бүлэг гишүүд байдаг билээ. Мөн клубийн хүрээнд хэрэглэдэг аяллын баг гэдэг нэр томьёо нь аялал жуулчлалын салбарынхны дунд нэгэнт хэвшиж тогтсон групп аялагчид гэдэгтэй дүйнэ. Үнэхээр заримдаа өдрийн аялал ба хоногийн аяллын хоёр баг гарах эсвэл олон хоногийн аялал давхцан зохиогдох зэргээр хэд хэдэн групп аялал зэрэгцэх нь ч бий бөгөөд эдгээрийг "клубээс зохион явуулж буй групп аялал" гэж ярихад ч эвтэйхэн юм. Түүнчлэн эцэст нь Facebook платформ дээрх групп үйлчилгээг ашиглахаа больсоныг санахад илүүдэхгүй. Ийнхүү клубийг Улаанбаатар уулын дугуйн клуб гэж нэрлэх болсон.

Клубийн лого

Клубийн лого дараах загвартай байна. Лого нь унадаг дугуйн мөрийн дүрслэл ба клубийн монгол бүтэн нэр юм уу клубийн англи нэрийн товчлол болон клубийг үүсгэн байгуулсан оныг илэрхийлсэн бичээс зэргээс бүрдэнэ.

Логог татахдаа тухайн зураг дээр дарна.

Клубийн логоны дэвсгэр өнгө #ff6605 кодтой ба үүнийг клубийн веб сайтын акцент өнгөөр ашигласан. Мөн логонд клубийн нэр ба үүсгэн байгуулсан оныг Ubuntu Bold болон Ch Compact Bold Condensed шрифтээр бичсэн. Логоны үндсэн элемент болох унадаг дугуйны мөрийн зургийг вектор форматаар энд дарж татан авч болно.

Клубийн логог томоор, тодорхой харуулах боломжтой үед монгол бүтэн нэр бүхий хувилбарыг харин жижгээр харуулах тохиолдолд англи нэрийн товчлол бүхий хувилбарыг ашиглана.

Клубийн уриа үг

Зүгээр л жий хэмээх манай уриа бол клубийн онцлог хийгээд баримталдаг зарчимтай нягт уялдаатай.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Клубийн гишүүний бахархлын тэмдэг

Клубийн гишүүний бахархлын тэмдэг дараах загвартай байна. Бахархлын тэмдэг нь уулын унадаг дугуй унаж яваа дугуйчны дүрс, тус тэмдгийн нэр болон болзол, клубийн нэр, үүсгэн байгуулсан он ба хүрээ зэргээс бүрдэнэ. Мөн бахархлын тэмдэг нь нэр болон болзолдоо харгалзах тус тусын өнгөтэй байна. Бахархлын тэмдгийн болзлын дагуух тэмдгүүдийн өнгөний дараалал нь өндрийн шатлалыг илэрхийлдэг өнгөн кодын дараалал [3, 4, 5] юм. Энэхүү өнгө болон тэмдгийн нэр ба болзол зэргийг клубийн дүрэм дотор заасан байдаг.

Бахархлын тэмдгийг татахдаа тухайн зураг дээр дарна.

Бахархлын тэмдгийн энгийн загвартай хувилбарыг хатгамал биет тэмдгэнд ашиглана. Биет тэмдэг нь 5x8 см хэмжээтэй байна. Бахархлын биет тэмдгийг эдэлгээ даах даавуу дээр ширж хатган бүтээнэ.

Бахархлын тэмдгийн загварыг гаргасан ажлын эх файлуудыг энд дарж татан авч болно.

Улаанбаатар уулын дугуйн клуб нь бахархлын тэмдгээс өөр ямар нэгэн ижилсэх биет юмс тухайлбал туг дарцаг, малгай, цамц зэргийг албан ёсоор гаргаагүй ба клубийн гишүүд өөрсдийн санаачлагаар хувцас өмсгөл зэргээр ижилсэж болох бөгөөд ингэхдээ клубийн нэр, лого зэргийг зөв хэрэглэнэ.

Эх сурвалж

  1. [1] "Монгол хэлний товчилсон үгийн учир". 2022, мэдээлэл авсан 2024 оны 9-р сарын 23 <mn.wiktionary.org>
  2. [2] "Quarterly Reports & Archives". 2024, мэдээлэл авсан 2024 оны 9-р сарын 24 <The Domain Name Industry Brief>
  3. [3] Wikipedia contributors. "Contour line." Wikipedia, The Free Encyclopedia. Wikipedia, The Free Encyclopedia, 19 Jul. 2023. Web. 3 Oct. 2023. <en.wikipedia.org>
  4. [4] "Mongolia topographic map". мэдээлэл авсан 2023 оны 10-р сарын 03 <www.topographic-map.com>
  5. [5] "ChromaDepth Color Scheme". United States Naval Academy. мэдээлэл авсан 2023 оны 10-р сарын 03 <www.usna.edu>