Улаанбаатар уулын дугуйн клуб

TPU олгойн давуу болон сул тал

2026 оны 3 сарын 9

Болсон явдал буюу туршлага

  1. Чингис хаан Азийн унадаг дугуйн наадмын замаар жийж явахад TPU олгой цоорч, улмаар үйдвэрээс нь дагаж ирсэн зориулалтын түргэн нөхөөсөөр нөхсөн нь бүтэл муутай болж чамгүй хүнд аялал болж байж билээ. Түүгээр түр нөхөөс гэж юу байдгийг яс махандаа шингэтэл олгойсон доо. Түүнээс хойш өөртөө цавуутай "түр" нөхөөс ашиглахаа больсон.
  2. Гүн ховилтой обудын ховил талруу TPU олгойны гадаргуу нь залгаас орчмоороо хэт цүлхийн сунаж нимгэрэн улмаар цоорч байлаа. Хэдэн миллиметрийн диаметр бүхий цоорхойг нөхөх ажил бүтэлтэй болоогүй. Тэгээд тэр олгойг өөрийг нь нөхөөс болгон жижиглэсэн дээ.
  3. 2025 оны төгсгөлд болсон явдал. Сайншандын вокзалын тээшийн ажилтнууд шивээнд цоорсон TPU олгойг харцгаахдаа "Ийм хариугүй хальс цоорохгүй яах вэ дээ" гэлцэж байж билээ.
  4. Элгэвчний залгаасны ирмэгт холгуулан цоорох явдал тохиолдож байсан.
  5. Хийцийн алдаа буюу үйлдвэрийн дефект гэмээр шалтгаанаар цоорох явдал мэр сэр тохиолдсон.

Гэх мэтчилэнгээр TPU олгойг овоо "мэддэг" болжээ.

TPU олгой гэж ямар эд байдаг вэ?

Энэ бол термопластик полиуретан гэдэг гялгар уут шиг л полимер юм. Иймээс тус материалаар хийсэн олгой бутил резинэн буюу бидний сайн мэддэг хар хаймран олгойтой харьцуулахад маш нимгэн бас хөнгөн болдог. Бас ягаан, цэнхэр гэх мэтчилэн тод өнгө нь нөгөөх хар хаймран олгойноос эрс ялгарч харагддаг.

Зураг 1. Грэвел дугуйнд зориулсан ижил размертай TPU болон хаймран олгойны эзэлхүүний ялгаа

TPU материалыг бүр тэртээх 1959 онд боловсруулсан ч унадаг дугуйн олгой хийсэн нь дөнгөж 2011 онд байжээ. Тэгээд ч зах зээлд гарч ирэлгүй явсаар 2017 он болжээ. Тэр үед "хар хаймран" олгойноос хэд дахин үнэтэй байсныг сүүлд Schwalbe болон Continental цаашлаад хятадууд үйлдвэрлэж эхэлсэнээр зах зээлд түгж, үнэ нь ч хямдарсан.

TPU олгойн давуу тал

TPU олгой сонгох гол шалтгаан нь түүний жин буюу өнхрөлтийн эсэргүүцэл бага байдагт оршино. Дугуйны хамгийн захын эргэлтийн диаметр (гадар хаймар болон дотуур олгой) дээрх жинг хасах нь гүйцэтгэлд эерэг нөлөөтэй байдаг. Уг жинг багасгаснаар дугуйн эргэлтийн инерц буурна. Үүний ачаар дугуйчин илүү хурдан хурд авч, бага хүч зарцуулан дугуйгаа илүү хялбар жолоодох боломжтой болдог.

Зураг 2. Грэвел дугуйнд зориулсан ижил размертай TPU болон хаймран олгойны жингийн ялгаа

Түүнчлэн TPU олгой нь маш авсаархан тул запасанд явч явахад амар байдаг. Гэхдээ л TPU материалын эмзэг байдлыг харгалзан үзвэл хээрийн нөхцөлд хагарсан дугуйг засахдаа TPU олгой ашиглах хэрэггүй гэж зөвлөмөөр санагддаг. Энэ мэтчилэн сул талыг тусдаа авч үзье.

Латекс олгойг яагаад авч үзэхгүй байна вэ?

Ийнхүү асуух хүн гарах биз ээ. Яг үнэндээ би латекс олгой хэрэглэж үзээгүй. Учир нь латекс олгойн талаар судлаад хийгээ амархан алддаг бас зузаан мөртөө хэврэг зэрэг дутагдалтай гэдгийг мэдсэн.

TPU олгойн дутагдал буюу анхаарах зүйлс

Бичвэрийн эхэнд тоочсон болсон явдлуудаас TPU олгой ярвигтай эд гэсэн төсөөлөл төрөх болов уу. Үнэхээр тийм. Иймээс TPU олгой сонгон хэрэглэх шийдвэр гаргахаасаа өмнө түүний дутагдлыг бүрэн таньж мэдээрэй.

  1. Олгойн размер нь гадар хаймрын өргөнтэй тохирсон байна.
    Хэрэв размер их дутвал олгой эргэж агшихааргүй сунаж гэмтдэг. Хэт сунасан хэсгээрээ цоорох явдал бий. Эсрэгээрээ томдвол үрчийж нугалрах ба суурилуулж угсрахад ч түвэгтэй. Обуд ба гадар хаймрын ирмэг хооронд хавчуулагдан урагдаж цоорох гээд байдаг.
  2. Маш амархан холгогдож цоордог.
    Гадар хаймар дотор орсон шороо, элгэвчний ирмэг ба залгаас зэрэгт холгогдож цоорох нь элбэг. Хий алдаад буй TPU олгойн цоорхой заримдаа ёстой олддоггүй. Бас олгойны размер дутах эсвэл обуд дотор суухдаа түүний ховил руу сунаж нимгэрэн орох зэрэг нь бүр нэрмээс болдог. Цоорох өөр нэг шалтгаан үйлдвэрлэлийн алдаа байж болно. Зарим TPU олгойнд бараг зүгээр байхад нүх гараад байдаг бол зарим нь үгүй. TPU олгойг аль болох хөнгөн, нимгэн хийх гэсэн технологийн хүнд сорилтоос болж зарим олгой ийнхүү өөрөө цоорохуйц "дефекттэй" үйлдвэрлэгдсэн байдаг болов уу. Тэгэхээр туршлагатай, чанартай үйлдвэрлэгчийн олгой сонговол зүйтэй.
  3. Тусгай цавуугаар нөхдөг.
    Зөвхөн өөрт нь зориулсан, өөрийг нь уусган хайлуулж наадаг цавуу хэрэглэнэ. Хар хаймран олгойн нөхөөс наадаг ердийн цавуугаар нөхвөл "удаан наслахгүй". Нэн ялангуяа ус чийгтэй үед бүр бүтэхгүй.
  4. Дугуй дотор суулгаж, бүрэн угсраагүй үед хамаагүй сунган хийлж болохгүй.
    Хар хаймран олгойны цоорхойг олох гээд бандайтал хийлчихдэг дээ. Харин TPU олгойг тэгж хамаагүй хийлж болохгүй. Нэг л сунасан бол эргэж агшихгүй. Тэгсэн мөртөө дугуй дотор суурилуулж угсрах үед нугаларч үрчийлгэхээс сэргийлэн бага зэрэг хийлэхийг үйлдвэрлэгч зөвлөсөн байдаг. Тэгэхээр угсрах болон цоорхойг нь олохоор хийлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
  5. Дурын обудтай нийцэхгүй.
    Хэрэв обуд хавчиг, гүн ховилтой бол TPU олгой тавих хэрэггүй гэж зөвлөе. Учир нь дугуйг угсрах үед олгой обудны ховилны ирмэг дээр барьцалдаж тогтоод улмаар хийлэх үед өнөөх барьцалдсан нь гулгаж салахгүйн улмаас обудны ховил руу олгой цүлхийж орохдоо хэт сунаж нимгэрээд цоороод байдаг. Нэн ялангуяа залгаас нь давхарлаж наасан хийцлэлтэй бол яг ингэж цоорно. Үйлдвэрлэгчийн өгдөг гарын авлагад ийм ховил руу олгойг сайтар суулгаж оруулахын тулд гадар хаймрыг обуданд суулгахаас өмнө олгойг тодорхой хэмжээнд хүртэл хийлэхийг заасан байдаг ч тэгж хийлсэн олгойтой дугуйг угсрах нь ганц хүн хийх амар ажил биш. Тэгээд олон хүний гар оролцож хамжилцахаар угсралтын өөр алдаа гарчихаад байх юм билээ.

Бас TPU олгойг дискэн тоормостой унадаг дугуйнд ашиглахыг зөвлөдөг юм билээ. Обудны V-brake болон C-brake зэрэг нь TPU олгойг хайлуулдаг гэсэн. Гэхдээ миний хувьд дискэн тоормостой дугуйтай л болохоор ингэж хайлдаг эсэх талаар туршлага алга байна.

Мөн уг олгойн талаар уншиж судалж байхдаа хуванцар хошуу нь CO2 ба цахилгаан насосоор хийлэх үед хөлдөх ба халах зэргээс болж хэврэгшдэг гэж өгүүлсэн байхтай таарч байсан. Үнэхээр ийм олгойн хошуу хуванцар байдаг. Хөнгөн болгох гэсэндээ хуванцараар хийдэг байж таарна. Нэгэнт хуванцар л тул "зөөлөн" харьцах хэрэгтэй биз ээ.

Эцэст нь хий алдалтын талаар зориуд хэлмээр байна. TPU материал нь хий алдалтаараа яг л хар хаймран олгой шиг найдвартай. Сайн хошуутай бөгөөд ямар ч дефектгүй TPU олгой бол ёстой хийлээд л мартана.

Дүгнэвээс TPU олгой нь дугуйны дугуйн жин ба өнхрөлтийн эсэргүүцлийг дорвитой бууруулж, хурд авалтыг сайжруулдаг боловч энэхүү үр ашгийн цаана ярвигтай эмзэг байдал нуугдаж байдгийг анхаараарай.