Улаанбаатар уулын дугуйн клуб

Гинж үү, ремен үү?

2026 оны 2 сарын 20

Belt drive гэгчийг дөнгөж саяхныг хүртэл ихэд сонирхож байлаа. Энэ бол гинжний оронд ремен ашиглахыг хэлж байгаа юм.

  1. Тослох шаардлагагүй.
  2. Цэвэрлэгээ хэрэггүй.
  3. Дуу чимээгүй.
  4. Олон мянган км явна. Бүр хэдэн гинжний ард гарна.

Энэ мэтчилэн олон давуу талтай гэсэн зар сурталчилгаа өргөн тархсаныг өчнөөн л уншиж, сонсож, үзэж байлаа. Тэгээд бас хэд хоногийн өмнө Tristan Ridley гэдэг залуугийн Youtube сувгийн "Why I quit belt drive" гэсэн бичээс бүхий ковертой видеог нүднээ өртсөн даруйд сонирхон үзлээ [1]. Энэ бол өмнө огт харагдаж байгаагүй видео байсныг онцолъё. Гарчиг нь ч ремен хүч дамжуулагчийг магтдаг сурталчилгааны шинжтэй видеонуудаас тэс ондоо "Chains are STILL better than Belts for Bicycles" гэнэ. Видеоны эхэнд мань этгээд ч бас инновацын том фэн гэдгээ ний нуугүй хэллээ. Нөхөр 3 жилийн турш хэдэн арван мянган км зам туулж Европ, Африк, Хойд Америкаар хөдлөн гулд аялсан гэнэ. Тэгээд сүүлийн нэг жил буцаад гинж ашиглах болсон гэнэ ээ. Ийнхүү гинж рүү буцах болсон нь Юта дахь трэйл замд тохиолдсон явдлаас үүдэлтэй аж.

Энэ нийтлэл нэг залуугийн хувийн сэтгэгдлээс үүдэлтэй тул үүнийг бичигч би вээр мөн л хувийн байр сууриа голчлохоо энэ дашрамд тэмдэглэе.

Ремен гэх шалтгаан

Нөхрийн адал явдлыг бичихээс өмнө яагаад гинжнээс илүү ременийг сонирхох болсон хувийн шалтгаанаа бичнэ ээ. Хэсэг яваад тослох болдог. Тослохгүй бол яг л танк, трактор явж буй мэт чимээ гардаг. Тэгээд тослохоор нагаартдаг. Нагаарыг нь цэвэрлэх болдог. Ядахад нагаар нь хүрсэн бүгдээ бохирдуулж, толбо тогтоодог. Тэгж заваарахгүй гээд дүлий годил царайлан яваад байвал дорхноо элэгдчихдэг. Элэгдлийг нь анзаарахгүй бол гэнэт тасардаг. Миний өөрийн гинж тасарч байгаагүй ч өрөөл бусдын гинж тасарч байгааг, бүр яаж тасарч байгааг яг нүдээрээ өчнөөн л харж байлаа. Гинж тасарчихна гээд өөрийгөө цэнэн хүчилж чадахгүй явааг ч цөөнгүй харсан. Элэгдлээс болж сунасан гинж ба мөлийсэн араа хоёрын үл авцалдлын уршгаар гинж нь арааны шүд дээгүүр даван харайснаар шатун нь сул явж улмаар ийм сул явалтаас хөл алдан унаж осолдохоо шахаж байхыг ч өөрийн нүдээр харж байлаа. Манай клубийн хувьд аялал алгасахгүй оролцож жийгээд байвал жилдээ 3000+ км зам туулчихдаг тул гинж арааны элэгдэл үнэхээр ийм ойрхон байдаг л даа. Гэснээс та араа гинжнийхээ элэгдлийг хэмжсэн үү? Маш энгийн, хямд хэмжүүр байдаг. Байхгүй байлаа ч найгүй элэгдэж сунасан гинжийг хүрднийх нь орчим гараараа татаад түлхэхэд л андашгүй дээ.

Ремений рекламд дээрх бүх асуудал цаашаа л гэнэ. Үнэхээр автомашины хөдөлгүүрийн ремен шиг тодорхой хугацаанд солиод л найдвартай яваад байдаг эд мөн юм бол ч.

Мань залуугийн адал явдал

Юта мужийн цөл дэх Кокопелли гэдэг трэйл замын хүнд хэцүү хэсгээр ачаатай дугуйтайгаа өгсөж явахад нь түүний дугуйны ремен хүч дамжуулагч гэнэт тасарсан гэнэ. Нөхөр сандраагүй ээ гэнэ. Запас байсан гэнэ. Харин тэгтэл тэрхүү цоо шинэ запас ремен нь солиод жийтэл ердөө хоёрхон минутын дараа тасарчихсан гэнэ. Тэгээд л цөлийн голд явгарсан гэнэ. Гэхдээ эзгүй цөл биш болохоор эсэн мэнд л гараа биз гэснээс амьд гарсан учраас л ийм видео хийнэ биз дээ.

Ремений дутагдал

Ремен тасрахаас гадна хуурай элс шороонд дуу чимээ гарсан л гэнэ, шавартай замд хэцүүдсэн л гэнэ. Ремен цэвэрлэх гэж усаа гарздах талаар ч өгүүлсэн. Гэтэл унадаг дугуйтай аялагчдад ус хэчнээн нандин билээ дээ?

Мөнөөх залуугийн тогтож өгүүлсэн нэг зүйл бол ремен гэдэг нь цогц систем гэсэн өнцөг байлаа. Ременийг даган хүрд, араа ба араа солигчоос эхлээд бүр цаашилбал унадаг дугуйн рамд ч өөрчлөлт ордог гэлээ. Араа солигч гэснээс рементэй уялдуулан Shimano Alpine гэдэг хурдны хайрцаг сонирхож байснаа болихоор шийдэв. Тохиргооны өчүүхэн алдаанаас болж хамаг араа элэгдчихдэг гэсэн. Хэрэглээний явцад тохиргоо алдагдахыг алийг тэр гэх вэ. Тохиргооны асуудалгүй явъя гэвэл цахилгаан араа солигч тавих юм уу даа. Тэр нь эсрэгээрээ юун тэг арчилгаа, үйлчилгээ болгоно. Тэгэхээр дотоод хурдны хайрцаг дэмий гэж эргэлт буцалтгүй шийдсэн.

Мань залуу ремен захиалаад овоо хэд хоног хүлээсэн гэнэ. Тэгээд харин гинж бол дэлхийн аль ч тосгон сууринд байдаг гэж өгүүлэв. Яг үнэндээ тосгон бүрт байхгүй л дээ. Гэхдээ л "ховор" эд ангийн сэлбэгийн гачланд орсоноос гинжтэйгээ ноцолдвол хэд хоног биш харин хэдхэн минут л болно. Мөнөөх залуу ч бас аль 19 дүгээр зуунд зохиогдсон гинжний засварлагдах шинж чанарыг онцолсон. Гэснээс гинжийг 1880 онд Швейцарын инженер Ханс Ренолд зохиосон гэдгийг тус видеоноос мэдэж авлаа.

Ремений дутагдлын талаар мөнөөх залуу ёстой урсгаж өгсөн.

  1. "Тэг арчилгаа" буюу тоосны урхи
    Тоос шорооноос болж ёстой ядаргаатай чимээ гардаг гэнэ. Чимээг нь дарахын тулд силикон тос түрхсэн гэнэ. Тэгэхээр гинж тослохоос ямар ялгаа байх вэ дээ.
  2. "Самрын тос" мэт шаврын хар дарсан зүүд
    Ремен ус, шавхайд санаа амар болов ч лаг шаварт маш муу гэнэ. Харин шавранд гинж ажиллаж л байдаг шүү дээ. Ремений хувьд лаг шавраас болж мултрах, тасрах зэрэг эрсдэлтэй гэнэ. Тэгээд л ременээ цэвэрлэдэг гэнэ. Ховил нэг бүрийг цэвэрлэнэ гэхийг төсөөлөхөөс ч халширмаар. Халширмаар гэснээс бичлэг дээр нөгөө залуу маань ачаатай дугуйгаа шавартай замд өргөж тавиад л яваад байсан. Шавар нь маний үзсэн шавар шиг л харагдсан.
  3. Өндөр технологийн эмзэг байдал ба "нугаралтын эвдрэл"
    Ремен нь карбон материалтай бололтой. Карбон ширхэглэг бол зөвхөн нэг л чиглэлд бат бөх. Иймээс ременийг мушгих, буруу эвхэх, дарах юм бол "нугаралтын эвдрэл" үүсдэг гэж ярьсан нь үнэн дээ. Карбоны талаар бид карбон рам зэргээс үүдэн маш сайн мэддэг шүү дээ.
    Запас ремен нь 2 минутын дараа тасарсан нь тэрхүү эвдрэлийн л илрэл байхаас зайлахгүй. Гэтэл гинж зэвэнд идэгдчихгүй л бол өөрөөр гэмтэнэ гэж гонжийн жоо байдаг шүү дээ. Мань залуу ч гинж бол цүнхий ёроолд л шидэж орхидог гээд л өгүүлж байсан. Харин запас ременээ гэмтээчихгүйн тулд ёстой нандигнан авч явсан гэсэн шүү. Гэхдээ л Канад, Америкаар хэдэн сар аялах явцад гэмтсэн бололтой гэлээ.
  4. Гүйцэтгэлийн дутуу байдал
    Бодит туршилтаар ремен 8 мянган км яваад тасарсан гэнэ. Гэтэл 20-30 мянган км явдаг гэж рекламддаг гэнэ ээ. Гэтэл single speed гинж бол өлхөн 8 мянган км явна гэнэ шүү. Нэлээн бахим гинж байдаг юм билээ. Тэгэхээр үнэн байх. Ингээд л явалт нь нормдоо хүрэхгүй болохоор зардал мөнгөө ярьсан. Ремен нь хүнд нөхцөлд зориулсан гинжнээс 4 дахин үнэтэй гэлээ. Гэхдээ гинжтэй хамт араа элэгддэг болохоор нийтээрээ дүндээ дүн л биз дээ. Гэхдээ мань залуу үнийн зөрүүний талаарх ярианыхаа дүгнэлт болгож ийм зөрүүтэй атлаа маш эмзэг запас ремен авч явах гэж үйлээ үзэх хэрэгтэй юу гэж асуусан.

Дүгнэлт

Бичлэгийн төгсгөлд нөхрийн илэрхийлсэн гол санаа бол "Хотод ажилдаа яваа хүнд ремен бол шилдэг сонголт. Гэвч амь дэнчин дээр, алслагдсан газар яваа үед засварлаж болдог төмөр гинж нь хаан хэвээр байна." гэдэг байсан. Бүр өөрөө "хаан" гэж яг хэлсэн шүү. Мөн яг энэ өгүүлэмжийн өмнөхөн механик дискэн тоормос ба гидравлик шингэнт тоормос хоёрын талаар хөндөж ярьсан. Түүний туршлагаар гидравлик буюу шингэнт тоормос найдвартай гэнэ. Би ч бас Естийн халуун рашаан руу хийсэн аяллын дараа механик дискэн тоормосоос гидравлик руу эргэлт буцалтгүй шилжсэн. Хойд ба урд хоёр тоормос хамааралгүй ажилладаг болохоор тоормосны нийт системийн наслах дундаж хугацаа 50 хувиар өсдөгийг дээд сургуульд магадлалын онол үзсэн хэнбугай ч мэднэ. Мөн мань залуугийн хэлсэнээр унадаг дугуйн аль ч засварын газарт гидравлик тоормос байж л байдаг шүү дээ.

Ийнхүү ремен үү, гинж үү гэсэн эргэлзээгээ бүрэн тайллаа.

Эх сурвалж

  1. Tristan Ridley (2026) Chains are STILL better than Belts for Bicycles [Video] https://youtu.be/nx5nN3kyx5k