Улаанбаатар уулын дугуйн клуб

Клубийн дүрэм

2017 оны 2 сарын 7


  1. Нэр томьёо
    1. Улаанбаатар уулын дугуйн клуб, УБ уулын дугуйн клуб, Ulaanbaatar Mountain Biking Club, UB Mountain Biking Club, UBMBC
      Унадаг дугуй унах, унадаг дугуйгаар аялах сонирхолтой хувь хүмүүсийн сайн дурын, нээлттэй хамтын нийгэмлэг
    2. Админ
      Клубийн үйл ажиллагааны чиглэлд хамаарах арга хэмжээг сайн дурын үндсэн дээр сэдэж, удирдан зохион байгуулдаг хувь хүн
    3. Гишүүн
      Клубийн веб сайт дээр хувийн хэрэг нээсэн хувь хүн
    4. Хувийн хэрэг
      Клубийн гишүүний аяллын үеэр маршрутын дагуу туулсан замын урт, өндөр авалт зэрэг аяллын оролцоотой холбогдох дүн бүртгэл
    5. Хувийн мэдээлэл
      Клубийн гишүүний овог, нэр, зураг
    6. Бахархлын тэмдэг
      Клубийн аялалд оролцохдоо заасан маршрутын дагуу туулсан замын нийт урт нь 1259 км эсвэл үүнээс илүү болсон гишүүнд олгох цол тэмдэг
    7. Бахархлын хуудас
      Бахархлын тэмдэгтэй гишүүнд зориулсан веб хуудас
    8. Цагаан цомог
      Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүдийн нэрсийг туулсан замынх нь урт, оролцсон аяллын тоо зэрэг статистикаар эрэмбэлэн жагсаадаг зурагт цомог
    9. Аяллын зохион байгуулалттай холбогдох нэр томьёо
      1. Цуглах цэг
        Аялалд оролцох гишүүдийн цуглах газар
      2. Эхлэх цэг
        Аялалд оролцох гишүүд нэгдсэн байдлаар жийж эхлэх газар
      3. Татах цэг
        Аяллын цуваанаас сугарч хоцорсон гишүүдийг хүлээх газар
      4. Дуусах цэг
        Аялалд оролцсон гишүүдийн нэгдсэн байдлаарх жийлт өндөрлөх газар
      5. Тарах цэг
        Аялал өндөрлөх газар
      Аяллын зохион байгуулалтын онцлогоос шалтгаалж цуглах цэг ба эхлэх цэг мөн дуусах цэг ба тарах цэг давхцаж болно.
  2. Үйл ажиллагааны чиглэл
    1. Клубийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь унадаг дугуйн аялал байна.
    2. Клубээс зохион явуулах унадаг дугуйн аялал нь дараах хүснэгтэд нэр заасан төрөл ба түүнд тавих нөхцөлтэй байна.
      Унадаг дугуйн аяллын төрөл
      Жийлт Өдрийн аялал Хоногийн аялал Олон хоногийн аялал Судалгааны аялал
      Хугацаа (1) 12 цаг хүртэл 24 цаг хүртэл 72 цаг хүртэл 72 цагаас илүү 12 цаг хүртэл
      Орчин УБ хотын бүс, орон нутаг УБ хотын бүс, орон нутаг (2) орон нутаг, гадаад улс орон нутаг, гадаад улс хотын бүс, орон нутаг
      Зай 480 км хүртэл 480 км хүртэл хязгаарлахгүй хязгаарлахгүй 480 км хүртэл
      Оролцох гишүүд бүгд бүгд бахархлын тэмдэгтэй гишүүд бахархлын тэмдэгтэй гишүүд сонгосон гишүүд
      Оролцогчдын тоо хязгаарлахгүй хязгаарлахгүй 21 хүртэл 15 хүртэл 6 хүртэл
      Багийн хуваарилалт нэг баг, олон баг, ганцаарчилсан нэг баг, олон баг нэг баг нэг баг нэг баг
      Унадаг дугуйн тоноглол (3) стандарт стандарт нэмэлт нэмэлт стандарт
      Аюулгүй байдал (3) стандарт стандарт нэмэлт нэмэлт тусгай
      Зохиогдох улирал улирлаас хамаарахгүй хавар ба намар (4) улирлаас хамаарахгүй улирлаас хамаарахгүй улирлаас хамаарахгүй
      Зохиогдох өдөр хатуу заахгүй бямба гараг хатуу заахгүй хатуу заахгүй хатуу заахгүй
      • (1) Эхлэх цэгээс дуусах цэг хүртэлх аяллын хугацаа
      • (2) УБ хотын бүстэй аяллын маршрутаар тасралтгүй холбогдсон газар орон
      • (3) Аюулгүй байдал, унадаг дугуйн тоноглолд тавих шаардлага болон аяллын үеэр учирч болох эрсдлээс сэргийлэх аюулгүй байдлын заавар, зөвлөмжийг веб сайтын зохих хуудас дээр нийтэлнэ.
      • (4) III сараас VI сар болон VIII сараас X сар
    3. Клуб нь үндсэн чиглэлийн хажуугаар уулын унадаг дугуйн тэмцээн, уралдаан, сорилго, нэгдсэн бэлтгэл, челленж зэрэг бусад арга хэмжээ зохион явуулах юм уу зохион байгуулалттайгаар оролцож болох бөгөөд ийм арга хэмжээг "Унадаг дугуйн аяллын төрөл" хүснэгт дэх хувилбаруудын аль зохимжтойд нь хамаатуулан ангилна.
    4. Клубээс зохиох юм уу зохион байгуулалттайгаар оролцох арга хэмжээний үеэр унадаг дугуйгаар туулах зам нь уулын унадаг дугуйн зориулалттай бүрэн нийцсэн саад, бартаа, өгсүүр уруу зонхилсон эсвэл клубийн үндсэн аялал болох өдрийн аяллын маршрутын дундаж уртаас багагүй урттай байна.
  3. Гишүүнчлэл
    1. Клубийн гишүүнчлэл нээлттэй буюу гишүүд нь тус клубтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг өөр клубт давхар элсэж болно.
    2. Клуб нь гишүүнчлэлийн хураамжгүй байна.
  4. Гишүүнд тавих шаардлага ба хүлээлгэх үүрэг
    1. Гишүүн нь 18 нас хүрсэн байна.
    2. Гишүүн нь клубийн веб сайт дахь хувийн хэрэгтээ өөрийн овог, нэрээ бүрэн зөв оруулна.
    3. Гишүүн нь аялалд оролцох үедээ өөрийн эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг бүрэн хариуцна.
    4. Гишүүн нь аялалд оролцоход шаардагдах хувийн санхүүгийн зардлаа хариуцна.
    5. Гишүүн нь аялалд оролцохдоо бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд учруулсан хохирлоо бүрэн хариуцна.
    6. Гишүүн нь аялалд оролцохдоо тухайн орон нутагт нийтээр дагаж мөрддөг хууль, тогтоол, ёс зүй, соёл, зан заншилын хэм хэмжээнд хүндэтгэлтэй хандаж, сахин мөрдөнө.
    7. Гишүүн нь аяллын үеэр аялалд оролцож буй бусад гишүүдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг учирч буй аюулаас хамгаалахад тусална.
    8. Гишүүн нь оролцох аяллынхаа зард нийтэлсэн танилцуулга, маршрут, хөтөлбөр, зөвлөмж ба зохих хуудас дээр нийтэлсэн аюулгүй байдал болон унадаг дугуйн тоноглолын шаардлага, заавар, зөвлөгөөтэй танилцаж зохих бэлтгэлийг гүйцэд хангасан байна.
    9. Гишүүн нь аялалд оролцохдоо клубийн веб сайтаар дамжуулан урьдчилж бүртгүүлсэн байх бөгөөд ирцээ цуглах цэгт, оролцоогоо тарах цэгт админд биечлэн мэдүүлнэ.
    10. Гишүүн нь унадаг дугуйн аяллын үеэр заасан маршрутаар явна.
    11. Гишүүн нь унадаг дугуйн аяллыг дундаас нь дуусгах бол үүнийг заавал мэдэгдэнэ.
    12. Гишүүн нь унадаг дугуйн аяллын үеэр цуглах цэг, татах цэг, тарах цэгээс бусад газарт амарч суухгүй.
    13. Гишүүн нь админы сонгосон маршрут, зохиосон төлөвлөгөө, өгсөн заавар, гаргасан шийдвэр, тавьсан шаардлагыг дагана.
  5. Админд тавих шаардлага ба хүлээлгэх үүрэг
    1. Админ нь унадаг дугуйн спортын зэрэгтэй юм уу унадаг дугуйн аяллын арвин мэдлэг, туршлагатай байна.
    2. Админ нь клубийн үйл ажиллагааны чиглэлд нийцэх арга хэмжээг санаачилж, зохион явуулна.
    3. Админ нь аюулгүй байдал болон унадаг дугуйн тоноглолын бүрэн бүтэн байдлыг гүйцэд хангаагүй гишүүнийг аялалд үл оролцуулна.
    4. Админ нь аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүдийн ирцийг цуглах цэгт мөн оролцсон гишүүдийн жийлтийг тарах цэгт биечлэн байж тэмдэглэж аваад веб дэх гишүүн тус бүрийн хувийн хэрэгт нь тусган оруулна.
    5. Админ нь аяллын талаар тэмдэглэл бичиж клубийн веб сайтад нийтэлнэ.
  6. Аяллын зохион байгуулалт
    1. Гишүүд аялалд өөрсдийн сайн дураар оролцоно.
    2. Аялалд зөвхөн хүний булчингийн хүчээр л хөдөлж явдаг унадаг дугуйгаар оролцохыг сайшаан дэмжих ба хөдөлгүүр бүхий дугуй унаж оролцсон тохиолдолд жийлтийг нь үл тооцох буюу аяллын үеэр туулсан замын уртыг хувийн хэрэгт нь тэмдэглэхгүй.
    3. Аялалд оролцох гишүүдээс нэмэлт төлбөр, хураамж авахгүй.
    4. Судалгааны аялалд оролцох гишүүдийг тэдний сайн дурын үндсэн дээр админ сонгоно.
    5. Клубээс зохион явуулж буй аялалд хамрагдан оролцож буй гишүүд бүгд нэг баг болж хамт аялна. Харин өдрийн аялал болон жийлтийн үеэр гишүүдийг олон багт хуваарилж эсвэл ганцаарчилсан байдлаар аялуулж болно. Гишүүдийг олон багт хуваахдаа жийлтийн эрчим болон энэхүү дүрмийн холбогдох бусад зүйл дэх заалтыг чиг баримжаа болгоно.
    6. Улаанбаатар хотын бүсээс эхлэх мөн дуусах аяллын маршрутыг харгалзан автозамын эхлэл тэг цэгээс эхлүүлж мөн тэг цэг дээр төгсгөнө.
    7. Хоногийн болон олон хоногийн аяллаас бусад аяллын зарыг түүний эхлэхээс дор хаяж 24 цагийн өмнө веб хуудсанд нийтэлж болно. Аяллын бүртгэл нь түүний эхлэх цагаас 30 минутын өмнө хаагдана. Харин хоногийн болон олон хоногийн аяллын зарыг түүний эхлэх цагаас дор хаяж 72 цагийн өмнө нийтэлнэ.
    8. Аяллын маршрутыг цаг уур буюу дундаж цаг агаар бас газар орны онцлог зэрэг нөхцлийг харгалзан оролцох гишүүдийн аюулгүй байдалд нийцүүлж зохионо.
    9. Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, цаг агаар болон бусад давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд аяллыг товлосон цагт нь эхлүүлнэ.
    10. Төрийн захиргааны байгууллагын шийдвэр, цаг агаар болон бусад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан аяллын тов, төрөл болон маршрутыг өөрчилж эсвэл аяллыг цуцалж болно.
    11. Админ аялалд биечлэн оролцох боломжгүй үед админы сонгож томилсон гишүүн тус аяллыг ахална. Тус гишүүн нь аялалд бүртгүүлсэн гишүүдийн ирц болон оролцсон гишүүдийн жийлтийн мэдээ бас аяллын тэмдэглэл зэргийг админд гаргаж өгнө.
    12. Админы биечилсэн оролцоогүй аяллын дараах хувилбарууд байж болно. Эдгээр нь:
      • Жийлт
      • Өдрийн аялал
      • Хоногийн аялал
      • Өдрийн аяллын зуны завсарлага буюу VII сард зохиох олон хоногийн аялал, жилд нэг удаа /1/
      зэрэг болно.
      • /1/ Ягаан болон түүнээс дээших болзол бүхий бахархлын тэмдэгтэй гишүүний ганцаарчилсан олон хоногийн аялалд үйлчлэхгүй.
  7. Бахархлын тэмдэг
    1. Клуб нь гишүүдийнхээ аяллын идэвх оролцоог урамшуулан дэмжих, зохиосон аялалд идэвхтэй оролцсон гишүүдээ алдаршуулах зорилготой ажил өрнүүлэх бөгөөд энэ нь бахархлын тэмдэг ба бахархлын хуудас гэсэн арга, хэлбэрээр хэрэгжинэ.
    2. Клубийн гишүүний бахархлын тэмдэг нь дараах хүснэгтэд нэр заасан төрөл, түүнд тавих болзолтой байна.
      Клубийн гишүүний бахархлын тэмдгийн төрөл ба болзол
      Тэмдэг Замын урт Өнгө [4] Тайлбар
      Умард өмнөд 1259 км [1] Цэнхэр Монгол орны хойд зах Их Соёны нурууны Монгол шарын даваанаас урд зах Орвог гашууны бор толгой хүртэл
      Өрнөд дорнод 2392 км [1] Ногоон Монгол орны баруун зах Монгол Алтайн нурууны Мааньт уулаас зүүн зах Соёлз уулын модот хамар хүртэл
      Умард хязгаар 3543 км [2] Шар Монгол улсын хойд хилийн урт
      Өмнөд хязгаар 4709 км [2] Улбар шар Монгол улсын урд хилийн урт
      Дөрвөн зүг 8252 км [2] Улаан Монгол улсын хилийн урт
      Монгол улс 20155 км Ягаан Хөх + Ногоон + Шар + Улбар шар + Улаан тэмдэг
      Дэлхий 40075 км [3] Цагаан Дэлхийн бөмбөрцгийн экваторын бүслүүрийн урт
      • [1] "Монгол." Википедиа. 24 8-р сар 2023, 07:36 UTC. 15 9-р сар 2023, 04:14 <mn.wikipedia.org>
      • [2] "Улсын хил." Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар. 15 3-р сар 2023. 15 9-р сар 2023, 12:20 <www.gazar.gov.mn>
      • [3] Wikipedia contributors. "Earth." Wikipedia, The Free Encyclopedia. Wikipedia, The Free Encyclopedia, 14 Sep. 2023. Web. 15 Sep. 2023. <en.wikipedia.org>
      • [4] "Уламжлал шинэчлэл." 03 10-р сар 2023 <www.ubmbc.com>
    3. Гишүүний бахархлын тэмдгийг биет болон цахим хэлбэрээр олгоно.
    4. Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүний нэрээр бахархлын хуудас нээнэ. Бахархлын хуудас дээр тус гишүүнтэй холбогдох статистик мэдээ нийтэлнэ.
    5. Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүдийг Цагаан цомогт багтаана.
    6. Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүн нь овог, нэр зэрэг хувийн мэдээллээ өөрчлөх боломжгүй болно.
    7. Аялалд оролцох гишүүдийг олон багт хуваарилахад бахархлын тэмдгийн өнгөний ялгааг ашиглаж болно.
    8. Бахархлын тэмдэгтэй гишүүд дараах эрх эдэлнэ. Үүнд:
      1. Хоногийн болон олон хоногийн аялалд оролцох
      2. Судалгааны аялалд сонгогдон оролцох
      3. Ягаан болон түүнээс дээших болзол бүхий бахархлын тэмдэгтэй гишүүн ганцаарчлан олон хоногоор аялах
      4. Улаан болон түүнээс дээших болзол бүхий бахархлын тэмдэгтэй гишүүн бахархлын тэмдгийн өнгөний ялгаагаар баг хуваах үед админы зөвшөөрлөөр багаа сонгох
  8. Урамшуулал
    1. Гишүүний үүргээ биелүүлж бусад гишүүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг учирсан ноцтой аюулаас хамгаалахад тусалсан гишүүний тухайн аяллын замын уртыг 10 хүртэл хувиар өсгөж болно.
    2. Байгаль, цаг агаарын хүнд нөхцөлтэй аялалд оролцсон гишүүний аяллын замын уртыг 10 хүртэл хувиар өсгөж болно.
    3. Монголын дугуйн холбооны оролцоотой зохиогдох уулын унадаг дугуйн кросс кантри төрлийн тэмцээнтэй уялдуулсан жийлтэд оролцож уралдсан гишүүдийн жийлтийг 10 хүртэл хувиар өсгөн хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.
    4. Урамшууллын хэд хэдэн нөхцөл бүрдсэн тохиолдолд нийт урамшууллын хэмжээг 10 хувиас үл хэтрүүлнэ.
    5. Урамшууллын хэмжээ нь 5 хувь, 10 хувь гэсэн шатлалтай байна.
  9. Санхүү
    1. Клуб нь ашгийн бус үйл ажиллагаа явуулна.
    2. Клуб нь дүрэмдээ заасан үйл ажиллагаа явуулахад шаардагдах дараах санхүүгийн зардалд гишүүд, дэмжигчдийн сайн дурын хандив, дэмжлэг авч болно. Үүнд:
      1. Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүнд гардуулах биет тэмдэг хийлгэх ажлын хөлс
      2. Клубийн веб сайтын домэйн нэр, хостын төлбөр
      3. Клубийн оршин тогтнолд зайлшгүй шаардагдлагатай бусад зардал
    3. Клуб нь гишүүд, дэмжигчдийн мөнгөн хандивыг цалин, урамшуулал, шагнал гэх мэтчилэн дээрх зүйлд зааснаас бусад зорилгод зарцуулахгүй.
    4. Клуб нь гишүүд, дэмжигчдийн мөнгөн хандив ба түүний зарцуулалтыг гишүүдэд нээлттэй тайлагнана. Тайланд клубийн гишүүний нэр дурдахгүй.
  10. Хувь хүний мэдээлэл ба түүний нууцлал
    1. Клуб нь гишүүний дараах хувийн мэдээллийг авч дор заасан зорилгод ашиглана. Үүнд:
      1. Гишүүний имэйлийг клубийн веб сайтад нэвтрэх нууц үг шинэчлэх, аяллын зар зэрэг клубийн дотоод мэдээ хүргэхэд ашиглана.
      2. Гишүүний овог, нэрийг аялал зэрэг клубээс зохион явуулах арга хэмжээнд бүртгэн оролцуулах, статистик мэдээ болон тайлан гаргах зэрэгт ашиглана.
      3. Гишүүн өөрийн профайл зургийг өөрөө оруулна. Профайл зургийг аялал зэрэг клубээс зохион явуулах арга хэмжээний бүртгэл ба гэрчилгээ, статистик мэдээ болон тайлан зэрэгт ашиглана.
    2. Гишүүн өөрөө хүсвэл овог, нэр, зураг зэрэг хувийн мэдээллээ клубийн веб сайт дээр ил харагдахгүй болгон нууж болно.
    3. Нээлттэй өгөгдөлд гишүүдийн овог, нэр, имэйл, зураг зэрэг мэдээллийг үл багтаана.
  11. Зохиогчийн эрх
    1. Клубийн аялал зэрэг арга хэмжээний үеэрх фото зураг, аудио болон видео бичлэг, бичвэр зэрэг гишүүдийн туурвисан бүтээлийг клуб нь өөрийн веб хуудас болон клубээс эрхлэн гаргах материал дээр нийтэлж болно.
  12. Бусад
    1. Аяллын зар гаргах, бүртгэл хөтлөх, дүн мэдээ гаргах, үр дүнг тооцох зэрэг аливаа үйлдлийг зөвхөн клубийн веб сайтыг түшиглэж хийнэ.
    2. Клубийн веб сайт дээр хувийн хэрэг нээж, улмаар аялалд бүртгүүлэхийг энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, даган мөрдөх баталгаа өгсөнд тооцно.

Дүрмийг шинэчилсэн 2024 оны 5 сарын 12