Улаанбаатар уулын дугуйн клуб

Тусламж

  1. Аялалд оролцохдоо юу бэлдсэн байх вэ?
    Унадаг дугуйгаар аялахад дараах зүйлсийг зайлшгүй бэлддэг. Үүнд:
    1. Унадаг дугуйны бүрэн бүтэн байдал
      1. тоормос бүрэн барьж буй эсэх
      2. араа солигдож буй эсэх
      3. дугуйны хээ элэгдсэн эсэх, хий суларсан эсвэл хагарсан эсэх, сэнсэрсэн эсэх
      4. хавирах болон чихрах дуу гарч буй эсэх
      5. гинжээ цэвэрлэж тосолсон эсэх
    2. Хувийн хамгаалах хэрэгсэл
      1. дуулга
      2. нүдний шил
      3. бээлий
      4. ус нэвтрүүлдэггүй хувцас /бороо, нойтон цас орж болзошгүй үед/
      5. өвдөг, тохойны хамгаалалт
    3. Дугуйн тоноглол
      1. гэрэл
      2. цацруулагч эсвэл оврын гэрэл
      3. хонх эсвэл сигнал
    4. Багаж, сэлбэг
      1. дугуйндаа тохирох тусгай түлхүүрүүд
      2. жижиг насос
      3. нөхөөс эсвэл олгой
      4. дугуй задлагч
      5. гинжний тос /бороо, цастай эсвэл гол ус туулах нөхцөлд/
      6. гинж тасдагч ба гинжний түгжээ
    Түүнчлэн аяллын үргэлжлэх хугацаа, чиглэл, туулах зам, цаг агаарын нөхцөл байдалдаа тохирсон хүнс, аяны хэрэгсэл ба шаардлагатай бусад хувийн эд зүйлсийг бэлдэнэ.
  2. Хэрхэн яаж аюул осолгүй жийх вэ?
    Үүний тулд дараах дадал, чадварыг хэвшүүлнэ. Үүнд:
    1. Замын хөдөлгөөний дүрэм баримтална.
    2. Орчин тойрноо байнга хянаж, анхаарал болгоомжтой явна.
    3. Унадаг дугуйн техникийн боломж болон дугуй унах ур чадвартаа тохирсон хурд ба зам сонгож явна. Зам сонгох гэж зам дээр буй саад бартааг хаагуур нь хэрхэн яаж давахаа шийдэх үйлийг хэлнэ.
    4. Цуваагаар яваа үед цувааны эмх журмыг чанд баримтална. Зэрэгцээ дугуйчнаа шүргэх, урдаа яваа дугуйчны араас мөргөх юм уу шүргэх, шаардлагагүй үед огцом тоормослох, цуваанаас гэнэт гарах зэрэг нь танд болон өөр бусад дугуйчдад ноцтой эрсдэл учруулдаг.
    5. Уруу, өгсүүр, хэвгий нэн ялангуяа халтиргаатай юм уу сул хайрга чулуутай замд өмнөө яваа дугуйчнаас аюулгүй буюу дугуйгаа бүрэн зогсооход хүрэлцэхүйц зай барина. Ийм зам дээрх гүйцэж түрүүлэх үйлдэлд маш хянуур хандана.
    6. Өөрийгөө хэт цэнэж, биеэ барих нь самбаачлах хугацааг уртасгах, тэнцвэр алдуулах сөрөг нөлөөтэй тул биеэ чангалалгүй, сул тавьж, чөлөөтэй тайван явна. Хэрэв дугуй унахаас цаашилбал саад бартаатай замаар явахаас айдаг бол айдсаа хэрхэн дарах тухай сэтгэл зүйн зөвлөмж унших юм уу тус чиглэлийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.
    7. Уулын унадаг дугуй хэрхэн унах тухай зөвлөмж бүхий видео интернэтээс олж үзэх улмаар дугуй унах арга техникүүдийг тэнцвэрээ олох, давчуу зайд эргэх, уруу замд зөв тоормослох гэх мэтчилэн энгийнээс нь эхлэн эзэмших зэргээр өөртэйгээ ажиллана.

  1. Ямар имэйлээр хувийн хэрэг нээснээ санахгүй байна.
    Нэн тэргүүнд бидэнтэй холбогдох хэрэгтэй.
  2. Вебд бүртгүүлсэн имэйлээ алдсан тул өөр имэйл оруулах гэсэн юм.
    Имэйлээ солих боломжтой. Үүний тулд хувийн мэдээлэл гэсэн хуудсыг ашиглаарай.
  3. Нууц үгээ санахгүй байна.
    Та өөрөө нууц үгээ шинэчлэх боломжтой.
  4. Вебд бүртгүүлсэн имэйлээ алдсаны дээр нууц үгээ ч санахгүй байна.
    Нэн тэргүүнд бидэнтэй холбогдох хэрэгтэй.
  5. Аяллын бүртгэлээс хоцорчээ. Гэхдээ аялалд оролцож жийсэн. Нөхөн бүртгэх боломжтой юу?
    Аяллын бүртгэлд гишүүн нэмэх эрх клубийн админд байдаггүй.
  6. Аяллын цуглах цэгт яг товлосон цагт очтол хэн ч байсангүй. Аялал зохиогдоогүй гэсэн үг үү?
    Зарласан аяллыг цуцалсан явдал нэг ч удаа тохиолдож байгаагүй. Клуб нь аяллаа товлосон цагтаа эхлүүлдэг ба заримдаа хэдэн минутын өмнө ч хөдлөх тохиолдол байдаг. Газар орны онцлогоос шалтгаалж дөнгөж сая хөдөлсөн баг тэр дороо бараа сураггүй болдог. Та веб сайт дээрх аяллын зард заасан маршрутыг дагаж жийн аяллын багийг гүйцээд аялалд нэгдэж болно.
  7. Би 2021 оны 9 сарын 11 болон түүнээс өмнөх аяллуудад оролцож байсан. Тэдгээр аяллаар туулсан замын урт, өндөр авалт зэрэг мэдээлэл хэрхэх вэ?
    Вебээс өмнөх үеийн аяллуудад оролцож байсан гишүүдийн хувийн хэрэг вебд хадгалаастай байдаг. Хуучин хувийн хэргээ шинэ цахим хувийн хэрэгтэйгээ нэгтгэх хүсэлтэй бол бидэнтэй холбогдоно уу.
  8. Аяллын зар дээрх цагийн талаар тодруулаач. Өглөө эсвэл оройн цагийг хэрхэн ялгах вэ? Бас УБ, Ховд гэх мэтчилэн аль цагийн бүсийг баримтлах вэ?
    Аяллын зар дээр Улаанбаатарын цагийг баримтална. Мөн цагийг 24 цагийн форматаар харуулдаг. Тодруулбал оройн 8 цаг 30 минутыг 20:30 гэж харуулна.
  9. Аяллын дундаас буцах буюу замаа дуустал жийхгүй тохиолдолд яах вэ?
    Админд энэ тухайгаа мэдэгдэнэ. Үүний дагуу таны жийж туулсан замын уртын зохих хэмжээг хувийн хэрэгт тань тэмдэглэнэ. Харин "Долоон давааны сорилго" зэрэг тусгай аяллын хувьд заасан замыг тогтоосон хугацаанд дуусгаж байж жийлтээ тооцуулна.

Хувийн хэрэг нээхэд таны имэйл хаяг шаардлагатай. Тус имэйл нь таны хувийн хэргийг төлөөлнө. Мөн хувийн хэрэг нээхэд таны овог, нэрийг асуух бөгөөд өөр ямарваа мэдээлэл шаардахгүй. Өөрөөр хэлбэл таны нас, хүйс, мэргэжил, ажил, албан тушаал гэх мэтчилэн хувийн чанартай мэдээллийг авдаггүй.

Хэрэв өмнө нь хувийн хэрэг нээж байсан бол ахин өөр хувийн хэрэг нээх нь зохимжгүй юм. Хэрэв урьд өмнө хувийн хэрэг нээсэн бөгөөд тус хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлээ санахгүй байвал бидэнтэй холбогдоод сэргээн санах боломжтой. Харин нууц үгээ санахгүй байвал нууц үгээ шинэчлэх боломжтой.

Хувийн хэрэг шинээр нээх бол дараах зааврыг дагана.

  1. ubmbc.com/create-profile веб хуудас нээнэ.
  2. Имэйл талбарт имэйл хаягаа бичнэ.
  3. Овог болон нэрээ зохих талбаруудад бүтнээр нь үнэн зөв бичнэ.
  4. Нууц үгээ оруулна.
    Энэхүү нууц үгийг зөвхөн тус веб сайтад нэвтрэхдээ ашиглана. Тодруулбал энэ нь таны имэйл хаягийн нууц үг биш юм.
  5. Клубийн дүрэмтэй уншиж танилцсанаа шалгуулах тест бөглөнө.
  6. Насанд хүрсэн тухай бас эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, санхүүгийн баталгаа гаргана. Улмаар эдгээрээс бусад, клубийн дүрэм дотор заасан зүйлсийг хүлээн зөвшөөрч буй эсэхэд хариулна.
  7. Би машин биш гэсэн талбарыг зөв гэсэн тэмдэгтэй болгоно.
    Энэ үед янз бүрийн даалгавар бүхий жижиг цонх нээгдэж болох бөгөөд хэрэв тэгвэл даалгаврыг биелүүлж улмаар батлах гэсэн товчлуур дээр дарах хэрэгтэй.
  8. Хувийн хэрэг нээх гэсэн товчлуур дарна.
    Хэрэв бүх талбарыг зохих ёсоор бөглөсөн бол хувийн хэрэг нээсэн эсэх тухай мэдээлэл гарч ирнэ. Талбаруудыг буруу бөглөсөн эсвэл хувийн хэрэг нээхэд алдаа гарсан бол тэр тухай мэдээлэл гарч ирнэ.

Аялалд бүртгүүлэхийн тулд тус веб сайтад заавал нэвтэрч орох шаардлагатай. Нэвтэрч орохын тулд эхлээд хувийн хэрэг нээсэн байх хэрэгтэй.

Нэвтрэхдээ дараах зааврыг дагана.

  1. Имэйл талбарт хувийн хэргээ төлөөлөх өөрийн имэйл хаягаа оруулна.
    Хувийн хэргийг төлөөлөх имэйл гэдэг нь хувийн хэрэг нээхдээ эсвэл хувийн мэдээлэл дотор оруулсан таны өөрийн имэйл хаяг юм. Хэрэв урьд өмнө хувийн хэрэг нээсэн бөгөөд хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлээ санахгүй байвал бидэнтэй холбогдоод сэргээн санах боломжтой.
  2. Нууц үг талбарт нууц үгээ оруулна.
    Энэхүү нууц үг нь хувийн хэрэг нээхдээ өгсөн нууц үг юм. Харин нууц үгээ дараа нь сольсон бол түүнийгээ оруулна. Хэрэв яг одоо тэрхүү нууц үгээ санахгүй байвал нууц үгээ шинэчлэх боломжтой.
  3. Намайг сануул гэсэн сонголтыг идэвхжүүлэх эсэхээ шийднэ.
    Үүнийг хувийн компьютер болон гар утас дээрээ идэвхжүүлэхийг зөвлөж байна. Энэ тохиолдолд аялалд бүртгүүлэх бүрт таны имэйл болон нууц үгийг ойр ойрхон асуухгүй болно.
  4. Би машин биш гэсэн талбарыг зөв гэсэн тэмдэгтэй болгоно.
    Энэ үед янз бүрийн даалгавар бүхий жижиг цонх нээгдэж болох бөгөөд хэрэв тэгвэл даалгаврыг биелүүлж улмаар батлах гэсэн товчлуур дээр дарах хэрэгтэй.
  5. Нэвтрэх гэсэн товчлуур дарна.
    Амжилттай нэвтэрсэн эсэх тухай мэдээлэл гарна. Хэрэв амжилтгүй болсон бол ямар алдаа гарсан тухай тодорхой мэдээлэл гарч ирнэ.

Бүртгэл нь нээлттэй аялалд л бүртгүүлэх боломжтой.

Аялалд бүртгүүлэхдээ дараах зааврыг дагана.

  1. Аяллын мэдээлэл бүхий хуудас нээнэ.
  2. Бүртгүүлэх гэсэн товчлуур дээр дарна.
    • Хэрэв та веб сайтад нэвтрээгүй байвал нэвтрэхийг сануулсан мэдэгдэл гарч ирнэ.
    • Харин нэвтэрсэн байвал клубийн дүрмийг хүлээн зөвшөөрч, даган мөрдөх баталгаа өгөх эсэхийг асуусан цонх гарч ирнэ. Баталгаа өгсөн тохиолдолд аялалд амжилттай бүртгүүлсэн эсэх тухай мэдээлэл гарч ирнэ.

Хувийн мэдээлэл оруулах болон засах гэдэгт веб сайтад нэвтрэхдээ ашигладаг имэйл буюу хувийн хэргийнхээ төлөөлөл болох имэйлийг солих бас овог, нэрээ засах, зураг шинээр оруулах болон солих, Strava аккаунтынхаа хаягийг шинээр оруулах, засах болон буцааж арилгах бас хувийн мэдээллээ нуух эсэхээ сонгох зэрэг үйлдэл хамаарна.

Энэхүү үйлдлийг гүйцэтгэхийн тулд заавал нэвтэрч орсон байх шаардлагатай.

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн бол овог, нэрээ өөрчлөх боломжгүй болдог тул та өөрийнхөө овог, нэрийг бүр анхнаасаа зөв оруулбал зохимжтой.

Веб сайтад нэвтрэх нууц үгээ мартсан эсвэл солих шаардлага гарсан үед үүнийг хийнэ.

Нууц үг шинэчлэхдээ дараах зааврыг дагана.

  1. ubmbc.com/reset-password веб хуудас нээнэ.
  2. Имэйл талбарт тус веб сайтад нэвтрэхдээ ашигладаг имэйл буюу хувийн хэрэг нээхдээ ашигласан өөрийн имэйл хаягаа оруулна.
  3. Би машин биш гэсэн талбарыг зөв гэсэн тэмдэгтэй болгоно.
    Энэ үед янз бүрийн даалгавар бүхий жижиг цонх нээгдэж болох бөгөөд хэрэв тэгвэл даалгаврыг биелүүлж улмаар батлах гэсэн товчлуур дээр дарах хэрэгтэй.
  4. Нууц үг шинэчлэх хүсэлт гаргах гэсэн товчлуур дарна.
    Хүсэлт амжилттай болсон эсэх тухай мэдээлэл гарч ирнэ.
    1. Хэрэв амжилттай болсон бол таны имэйл хаяг уруу нууц үг шинэчлэх веб хуудасны линк бүхий имэйл илгээсэн байх бөгөөд тэрхүү имэйлийг Inbox төдийгүй SPAM, Junk болон All mails зэрэг хавтас дотроос шалгаарай.
    2. Имэйл доторх линк дээр дарж нууц үг шинэчлэх хуудас нээнэ.
    3. Шинэ нууц үгээ оруулна.
      Нууц үг шивэхэд алдаа гаргахаас сэрэмжилж удаах талбарт нь шинэ нууц үгээ ахин давтаж шивэх ёстой.
    4. Би машин биш гэсэн талбарыг зөв гэсэн тэмдэгтэй болгоно.
      Энэ үед янз бүрийн даалгавар бүхий жижиг цонх нээгдэж болох бөгөөд хэрэв тэгвэл даалгаврыг биелүүлж улмаар батлах гэсэн товчлуур дээр дарах хэрэгтэй.
    5. Нууц үг шинэчлэх гэсэн товчлуур дарна.
      Нууц үгийг шинэчилсэн эсэх тухай мэдээлэл гарч ирнэ.

  1. Хязгаарлагдмал хариуцлагатай админы хийх үйлдэл
    1. Аяллын маршрут зохиох, идэвхгүй болгох, устгах
    2. Аялал товлох, идэвхгүй болгох, устгах
    3. Аялалд бүртгүүлж оролцсон гишүүдийн ирц ба жийлтийн мэдээг вебд оруулах
    4. Олон хоногийн болон судалгааны аялалд оролцох хүсэлтэй эсвэл оролцсон гишүүдийг аяллын бүртгэлд нэмэх ба хасах
    5. Клубийн үйл ажиллагаатай холбогдох хаалттай мэдээллийг харах, татаж авах
  2. Аяллын маршрут
    1. Маршрут зохиохоос өмнө ижил төстэй маршрут буй эсэхийг маршрутын жагсаалт дахь хайлт/шүүлтийн хэрэглүүр ашиглаж шалгана.
    2. Аялалд ашигласан маршрутыг идэвхгүй болгох, устгах болон аялах байдлыг нь өөрчлөх боломжгүй. Ийм тушаалыг програм автоматаар цуцална.
    3. Олон аялалд ашигласан маршрутын GPS мэдээлэл, замын урт, өндөр авалт, цуглах газрын солбицол зэрэг мэдээллийг өөрчлөхийг хориглоно. Хориглосон үйлдэл бүхий хадгалах тушаалыг програм автоматаар цуцална. Иймд аяллын явцад хөтөлбөрөө өөрчлөх буюу "Б төлөвлөгөө"-нд шилжсэний улмаас өөр замаар аялсан бөгөөд анх сонгосон маршрутыг өөр аялалд ашигласан байх тохиолдолд туулсан зам нь веб дээрх аль ч маршруттай тохирохгүй бол шинэ маршрут зохионо.
  3. Аялал
    1. Идэвхтэй төлөвт буй, эхлэх цаг хүртэл 45 хоногоос бага хугацаа үлдсэн аяллын зар л веб дээр нийтлэгдэнэ. Харин идэвхгүй юм уу нийтлэх хугацаа нь болоогүй аяллын зар зөвхөн админд харагдана.
    2. Шинэ аяллыг түүний төрөл буюу хоногийн юм уу олон хоногийн эсвэл бусад аялал аль болохоос хамаарч багадаа харгалзан 72 ба 24 цаг ихдээ бүх төрлийн аяллын хувьд адилхан 6 сарын өмнө товлоно.
    3. Аяллын товыг аялал эхлэх цагаас өмнө эсвэл түүнээс хойш 30 минутын дотор өөрчлөх боломжтой. Аяллын тов хүртэл 24 цагаас бага хугацаа үлдсэн бол аяллын эхлэх цагийг зөвхөн хойшлуулж болно. Харин 24 цагаас их хугацаа үлдсэн үед аяллын товыг холдуулж эсвэл ойртуулж болно. Гэхдээ 24 цагийн дотор ортол хэт ойртуулж болохгүй.
    4. Товлосон цагт нь зохион явуулах юм уу хойшлуулах боломжгүй болсон аяллыг устгана. Шаардлагатай бол хувилах товчлуурын тусламжтай ахин шинээр товлож болно.
    5. Зарлах болоогүй эсвэл тодорхойгүй хугацаагаар хойшилсон аяллыг идэвхгүй байдлаар хадгална.
    6. Олон хоногийн аяллаас бусад аяллын төрөл болон маршрутыг аялал эхэлсэн цагаас хойш 7 хоногийн дотор өөрчилж болно. Энэ нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас "Б төлөвлөгөө"-нд шилжих боломж олгоно. Харин олон хоногийн аяллын хувьд энэ хугацаа 365 хоног байна. Аяллын төрөл өөрчлөөд хадгалах тушаал өгөхөд тус төрлийн аялалд оролцох гишүүдийн тоо болон бахархлын тэмдгийн болзол зэргийг автоматаар шалгаад клубийн дүрэм зөрчихөөр бол уг тушаалыг програм автоматаар цуцална.
    7. Аяллын төрөл ба маршрутын аялах байдал хоёр үл нийцэх тохиолдолд аялал хадгалах тушаалыг програм автоматаар цуцална.
    8. Аль нэг гишүүн оролцсон буюу ирц болон жийлт нь тэмдэглэгдсэн аяллыг устгах боломжгүй.
    9. Зарим төрлийн аяллыг тухайн өдөр давхцуулж зохиохгүй. Үүнд дараах дөрвөн хувилбар хамаарна.
      1. жийлт ба жийлт
      2. жийлт ба өдрийн аялал
      3. өдрийн аялал ба өдрийн аялал
      4. хоногийн аялал ба хоногийн аялал
  4. Аяллын бүртгэл, ирц, оролцоо
    1. Олон хоногийнхоос бусад аяллын ирц болон жийлтийн мэдээг аялал эхэлсэн цагаас хойш 7 хоногийн дотор вебд оруулна. Харин олон хоногийн аяллын хувьд уг хугацаа 365 хоног байна.
    2. Ирц болон жийлтийг цаг хугацааны хувьд давхцах олон аялалд давхардуулан тэмдэглэх зэрэг алдааг програм автоматаар шалгана. Түүнчлэн гишүүд аялалд бүртгүүлэх үед ч иймэрхүү зөрчил үүсэхээс автоматаар сэргийлнэ.
    3. Олон хоногийн болон судалгааны аялалд оролцох хүсэлтэй эсвэл оролцсон гишүүдийг тус аяллын ирц ба оролцоог вебд оруулах хугацаа дуусахаас өмнө аяллын бүртгэлд нэмж бас бүртгэлээс хасаж болно.
    4. Судалгааны аяллын бүртгэлд бахархлын тэмдэгтэй гишүүд болон админуудыг л нэмж болно.
    5. Админ нь аль ч төрлийн аялалд оролцох эрхтэй.
    6. Админ нь цаг хугацааны хувьд давхцах хэчнээн ч аялалд зэрэг бүртгүүлж болох ч жийлтээ тэдгээрийн зөвхөн нэгд нь л тооцуулна.
  5. Аяллын тэмдэглэл
    1. Тухайн нэг аяллын тэмдэглэлийг зөвхөн нэг админ дангаараа оруулбал зохимжтой.
    2. Зураг бүхий бичвэр хадгалахдаа болгоомжтой хандана. "Амжилттай хадгаллаа" гэдгээс өөр хариу өгсөн үед аяллын тэмдэглэлийг тэр чигээр орхивол өмнө оруулсан зураг устах магадлалтай. Бас хэт их хэмжээтэй эсвэл хэт олон зураг аяллын тэмдэглэлд оруулбал хадгалж чадахгүй. Зураг ба текстийн нийт хэмжээ 32.0 MiB-аас хэтэрч болохгүй. Үүнийг сервер дээр шалгаад зохих хариу өгөх боловч үүнээс өмнө алдаа гарч огт өөр хариу өгч болно.
    3. Paste үйлдлээр оруулсан бичвэр хадгалахад алдаа гарах явдал бий. Жишээлбэл Facebook-ийн эможи хуулж оруулсан үед аяллын тэмдэглэл хадгалагдахгүй байсан. Үүн шиг тохиолдолд иймэрхүү тэмдэгтүүдийг арилгах хэрэгтэй.
  6. Өндөр хариуцлагатай админы хийх нэмэлт үйлдэл
    1. Гишүүдийн хувийн мэдээлэл засах
    2. Гишүүдийн зураг хянан засах
    3. Давхардсан хувийн хэрэг нэгтгэх
    4. Жийлт болон өдрийн аяллын автомат бүртгэл тохируулах
    5. Админы үүрэг хариуцлагыг илэрхийлэх талбарын утгыг өөрчлөх
    6. Гишүүдийн нууц үг шинэчлэх
      Гишүүний нууц үг шинэчлэхэд түүний хувийн хэрэг дэх имэйл хаяг хэрэг болно. Имэйл хаягийг нууц үг шинэчлэх хуудасны харгалзах талбарт оруулаад зохих товчлуур дарна. Үүний дараа шинэ нууц үг оруулах веб хуудасны линк гарч ирнэ. Тус хуудсыг нээж шинэ нууц үг оруулна.
    7. Гишүүдийн хувийн хэрэг устгах
    8. Хязгаарлагдмал хариуцлагатай админы хийдэг дараах үйлдлүүдийг аливаа хориг саадгүй гүйцэтгэх
      1. Маршрут засаж өөрчлөх
      2. Аялал устгах
      3. Аяллын ирц болон оролцоог засаж өөрчлөх
    9. Аялал болон маршрутын нэмэлт мэдээлэл ба аяллын тэмдэглэлийн HTML кодыг засах
    10. Өгөгдлийн сан удирдах системийн ачааллыг багасгахад зориулсан кэшүүдийг шинэчлэх
    11. Веб сайт нөөцлөх