Аяллын ерөнхий ойлголт
"Долоон даваа" аялал нь группийн зүгээс сэдэл гаргадаг бусад төрлийн аяллаас ялгарах хэд хэдэн онцлогтой. Эдгээр нь группийн урьдын аяллын үр дүн, туршлага дээр суурилан өөрчлөгдсөөр ирсэн юм. "Долоон даваа I-IV" аяллуудад нэг баг болон аялсан. "Долоон даваа V" аяллыг урьдчилсан сорилт хийж ганцаарчилсан буюу багт хуваагдан аялсан. "Долоон даваа VI" аяллыг ганцаарчилсан болон тодорхой цагт багтаан туулахаар хийсэн. Тогтоосон цагт барианд орж амжаагүй гишүүдийн туулсан зайг хувийн хэрэгт тусгахгүй байхаар шийдсэн. Группийн 280 дахь аялал болох "Долоон даваа VII" аялал нь доорхи байдлаар явагдана.
Аяллын замын унадаг дугуйтай өгсөх шатлал 2386м. Энэ удаагийн сорилго-аялалд цагийн хатуу хязгаар тогтоохгүй боловч уг аялал нь жийлт ангилалд хамаарах тул аяллын маршрутыг Цахим гэрээний дагуу аялал эхлэх цагаас хойш 12 цагт багтаан жийж дуусгана. Өөрөөр хэлбэл аяллын замаа дуусгаагүй гишүүн 19.00 цагт "замаас гарч", админд мэдээ өгөн гэрийн зүг явах юм.
Энэ аяллын замыг гишүүд ганцаараа бие даан туулна. Аяллын замыг сайн судалж, эргэлтийн цэгүүдийг өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэж авах хэрэгтэй. Ой мод, уулын энгэр хяр, нуга шавар бүхий жижиг горхи, шороо болон автомашины замаар аялаж, өдрийн хоол цай амрах цаг хугацааг өөрөө өөртөө тохируулан, унадаг дугуйнд гарах техникийн эвдрэл гэмтлийг засах зэргээр биеэ даан аялах чадвар суулгах, туршлага хуримтлуулах зорилготой юм. Мөн хэд гурваараа нийлж хамтдаа аялаж болно. Энэ нь гишүүдийн хувийн эрх билээ.
Холбоо барих: Аялал хэвийн үргэлжилж буй тохиолдолд нэг удаа холбоо барих үүрэгтэй. Үүнд: Нурамтын даваа уруудан Шар хоолойн ам руу хүрч, Админ (99907562 дугаар бүхий утас)-д НЭР, ЦАГ бичин мессеж илгээнэ. Аялагч нь ГАРЦ-аар гарах тохиолдолд Админд утсаар мессеж илгээн мэдэгдэх үүрэгтэй.
Аяллыг зайг тооцох талаар: Цагтаа багтан барианд орсон гишүүдийн Долоон давааны сорилго давсан тоо нэмэгдэж, аялсан зайг хувийн хэрэгт тэмдэглэнэ. Тогтоосон цагаас хойш барианд орсон буюу гарцаар гарсан гишүүдийн Долоон давааны сорилго давсан тоо нэмэгдэхгүй бөгөөд аялсан зайг хувийн хэрэгт тэмдэглэнэ.
Аяллын замын тухай зөвлөмж
Аяллын өглөө Жигжид зуслангийн (СБ-ын талбайгаас 15 км зайтай) уулзвар дээр цугларч өглөөний 7.00 цагт гараандаа гарна. Өгөгдсөн чиглэлээр" төөрөлгүй" аялаж, Гацууртын автобусны эцсийн буудал дээр барианд орно. Аяллын нийт зай (эхлэх, дуусах)-г Сүхбаатарын талбайгаас тооцсон болно.
1. Шарга морьтын зүүн хойд даваа: аяллын гараанаас гарч Шарга морьтын ам өгссөн 8 км алсын өгсүүрт жийгээд (461 м өндөр авна) даваа давна. Шарга морьтын автобусны эцсийн буудал хүртэл засмал замтай. Цаашаа автомашины шороон тод замтай. Даваа уруудан Бэлхийн амны зүүн салаа хүрч төв замаар уруудан хот руу буцаж (Гарц 1, 30 км) болно.
2. Хадатын хамар: Бэлхийн ам руу уруудан баруун салаагаар эргэн өгсөж Хадат хотхоны зүүн талын замыг барин Хадатын хамар (270 м өндөр авна) хүрнэ. Амын бэл дагасан шороон замаар уруудан Улиастайн ам (Еэвэнгийн дэлгүүр) руу хүрнэ. Амаа уруудан Улиастай голын баруун дэнжийн замаар хот руу буцаж (Гарц 2, 38 км) болно.
3. Нурамтын даваа: Улиастай голыг гармаар туулан гарч зүүн талын дэнжийн замаар өгсөн Хойд Баян голыг туулан гатлаж, зүүн зүг эргэн уужим амын алсын өгсүүрт жийнэ. Айлын өвөлжөө, хаваржаа бүхий бага шиг суурин дундуур өнгөрнө. Хойд Баянг голыг ахин гаталж Нурамтын даваа өгсөх ам руу орно. Өвсөнд далдлагдсан ургаа чулуу ихтэй тул болгоомжтой (511 м өндөр авна) өгсөх хэрэгтэй. Ой дундуурхи замаар өгссөөр Нурамтын даваа дээр гарна. Даваа уруудан Шар хоолойн ам хүрнэ. Энд гишүүд аяллын замаа цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргана. Админд мэдээ дамжуулна. Амаа өгсөлгүй уруудан явсаар Гацуурт суурин хүрч хот руу буцаж (Гарц 3, 62 км) болно. Үүнээс цааш аяллын замаас гарах гарц үгүй болно.
4. Бугатын даваа: Шилжрэнгийн даваа руу өгсөх амын хойд талын уужим амаар суурин дундуур жийсээр Бугатын давааны алсын өгсүүр замд орно. Даваан дээр 497 м өндөр авч гарна. Өгсүүр замын хэвгий намсахгүй улам л огцом болсоор байгаад давааны орой хүрдэг. Даваа дээр овоотой. Тод замаар доош уруудан 3,8 км зай туулаад (нутгийн айл байдаг) урд зүг эргэнэ.
5. Доргонтын даваа: Жижиг гол гарч тод замаар өгсөн даваан дээр (254 м өндөр авна) гарна. Даваанаас уруудан зүүн зүг өгссөн замаар орно.
6. Шилжрээнгийн даваа: Энэ даваан дээр гараад, буцаж баруун зүг буун хошуу тойрон давааны тод замаар өгсөнө.
7. Хоёр даваа: Даваанаас Их Хуандын ам уруудан явсаар Гацуурт суурин дээр бариандаа орно. Баяр хүргье. Зүгээр л жий.
Аяллын үе шат, зайн задаргаа
1. СБ талбай- Цуглах цэг 15 км (15 км)
2. Гараа- Шарга морьтын даваа 8 км (23 км)
3. Шарга морьтын даваа- Хадатын хамар 11 км (34 км)
4. Хадатын хамар- Нурамтын даваа 20 км (54 км)
5. Нурамтын даваа- Бугатын даваа 20 км (74 км)
6. Бугатын даваа- Доргонтын даваа 6.5 км (80.5 км)
7. Доргонтын даваа- Шилжрээнгийн даваа 1.5 км (82 км)
8. Шилжрээнгийн даваа- Хоёр даваа 4 км (86 км)
9. Хоёр даваа- Бариа 20 км (106 км)
10. Бариа- СБ талбай 21.5 км (127.5 км)