Улаанбаатар уулын дугуйн клубийн аяллын маршрут

УБ- Жигжид- Хадлангийн даваа- Халзангийн ам- Ногоонтолгой суурин- Батсүмбэр сумын төв- Хунцал гол- Нарстийн даваа- Морин даваа- Сүжигт гол- Борнуур суурин- Баянчандмань сумын төв- Хар модотын даваа- Дэлгэр булгийн ам- 361 гарам- Хүй долоон худаг- Хүйтэний ам- Өлзийт суурин- Айдасын даваа- Буянт Ухаа- УБ

Холбоотой аялал
1 аялал
Замын урт
240 км
Давааны тоо
3
Өндөр цэг
1616 м
Өндөр авалт
2183 м
Өндөр алдалт
-2183 м
Их өгсөлт
7.5 %
Их уруудалт
-13.4 %
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556 — 48°2'59"N, 106°54'2"E

ЧИГЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
Уламжлалт УБ 240/24 аяллын чиглэл энэ жил цаг хугацаа болон замын хувьд өөрчлөгдсөн болно. УБ хотын нутаг дэвсгэрээс "гарч", Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань сумын нутгаар аялана. Замын гадаргын хувьд шороон замаар 80 км (33%), засмал замаар 160 км (66%) жийнэ. Энэ чиглэл нь УБ- Дархан- Сэлэнгэ аймгийн автомашины төв зам болон орон нутгийн туслах замуудтай давхцах юм. Хугацааны хувьд жил бүрийн хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог Зуны туйл өдрүүдэд зохиогдож байхаар боллоо. Аяллын зайн эхлэл, төгсгөлийг Сүхбаатарын талбайгаас тооцсон болно.

БАГИЙН ХУВИАРЛАЛТ БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Энэ жил жийлтийн эрчимээр олон багт хуваагдаж аялна. Баг нь ахлагч (багаа удирдана, аяллын тэмдэглэл оруулна), орлогч (ахлагчийн туслах), чиглүүлэгч (гар утсандаа аяллын замын чиглэлийг "суулгаж" чиглүүлнэ), холбоочин (бүртгэлийн цэгээс мэдээ дамжуулна), цоожлогч (багийн ард аюулгүй байдлыг хангах гэрэл, дарцагтай явна) гэсэн зохион байгуулалтанд орно. Багийн ахлагч багийн гишүүдийн үүргийг хувиарлана. Баг нь 5 болон түүнээс дээш хүнтэй байна. Баг нэртэй байж болно.

ЧИГЛЭЛИЙН ЗАДАРГАА
Гараа буюу Бүртгэлийн цэг 1: Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан, админд бүртгүүлээд, төрийн дуулалаа хамтдаа дуулж сонсон, өглөөний 6.00 цагт аялал эхлэнэ. Засмал замаар 9 км орчим жийгээд Санзайн амны дэлгүүрээр шороон зам руу салж Хадлангийн даваа өгсөнө. Даваа уруудан, гишүүтэй овооны хяраар дамжин Халзангийн ам руу орж явсаар Хүйн голыг гарамаар гарч Ногоонтолгой (Гарц 1, 42 дахь км) суурин хүрнэ. Шороон замаар 18 км жийнэ.

Бүртгэлийн цэг 2: Автомашины засмал замаар 20 км жийж Батсүмбэр сумын төв (Гарц 2, 62 дахь км)-д хүрч багийн Холбоочин анхны мэдээгээ дамжуулна. Энэ цэг дээр ирээд "гарцгүй" болно. Өөрөөр хэлбэл аяллын замаас "гарах" гишүүд энэ "гарц"-аар буцна.

Бүртгэлийн цэг 3:  Сумын төвөөс хойш гарч, уулын хормой ороон баруун зүг Хунцал голын хөндийгөөр өгсөн 16 орчим км яваад баруун хойш чиглэсэн замаар өгсөн Нарстийн даваа давна. Даваа уруудан цаана нь байх Морин даваа руу зам чиглэнэ. Доод замыг барьж уулын бэл ороож тойроод явах өөр зам бий. Аль нь ч болно. Ийнхүү тариа, ногооны талбай бүхий хөндийгөөр Сүжигт голын хойд дэнж даган уруудаж явсаар аяллын хамгийн хойд талын цэг болох Борнуур сууринд ирнэ. Багийн Холбоочин мэдээ дамжуулна. Шороон замын нийт зай 44 км орчим.

Бүртгэлийн цэг 4: Суурингаас гарсан засмал замаар уруудан УБ-Дархан- Сэлэнгэ чиглэлийн төв автомашины замтай нийлнэ. Энэ замаар багаараа хамтдаа жийх, мөн багийн Цоожлогч арын улаан, цагаан гэрэл (унадаг дугуйн зориулалт бүхий аюулгүйн туяалзсан өндөр иштэй, тод өнгийн дарцаг байж болно)-ээ анивчуулан явахыг зөвлөх байна. Төв аймгийн Баянчандмань сумын төвөөр дайран гарч, 61-ын даваа даваж уруудан, Хар модотын (52-ын) даваа даваж Дэлгэр булгын хөндий туулан бага шиг хоёрын зэрэг гүвээ даван 60 орчим км зам туулан 361 гарам дээр ирнэ. Багийн Холбоочин мэдээ дамжуулна.

Бүртгэлийн цэг 5 буюу бариа: Хүй долоо хөндий чиглэсэн засмал замаар өгсөн жийсээр баруун аймгууд явах автомашины төв замыг хөндлөн гарч Хүйтний ам уруудан, Туул голын гүүрээр гарч, Өлзийт хорооллын замаар Айдасын даваа даваад Буянт Ухаа дахь Амгун төвийн дор байрлах CU дэлгүүрийн бяцхан талбайд ирж бариандаа орно. Багийн Холбоочин мэдээ дамжуулна.

GPX файл татах Маршрутын GPS мэдээллийг GPX буюу GPS Exchange форматаар татан авч GPS дэмждэг ихэнх төхөөрөмж рүү оруулах боломжтой. Хэрэв Maps.me, Google Earth зэрэг KML буюу Keyhole Markup Language формат шаарддаг аппликейшн руу маршрутын GPS мэдээллийг оруулах бол GPX-ыг KML рүү хувиргана.