Аялагч нар цуглах цэгээс хөдөлж зуслангийн замаар хамтдаа хойд зүг жийж, Сэлбийн голын эх хүрнэ (замдаа Санзайн дэлгүүр дээр нэг татна). Энд хэсэг зурвас газар шавар ус туулах болно. Цааш Харгана (энд нэг татна)-аар даваж, огцом уруу болгоомжтой буугаад багаа цуглуулан бөөндөө Үдлэг суурин хүрнэ.
Эндээс хойд зүг, уулын бэлээ барьсан замаар (баруун зүгт тариа ногооны талбай харагддаг) явсаар Баянгол суурин хүрнэ. Энд цайлж, амарч болно. Голыг жижиг модон гүүрээр гарч, баруун талаа барин суурингаас гарч, жалга өгсөн гүвээ даван уруудаж гүүрээр гол гаран Сөгнөгөр суурин хүрнэ. Сөгнөгөрийн голын хойд дэнж, уулын хормойн мод бут бүхий замаар 7 км орчим яваад Цагаан нуга хүүхдийн зуслан хүрч отоглоно.
Отоглож хоноод маргааш өглөө ирсэн замаараа Сөгнөгөр суурин хүрч, өчигдөр ирсэн гүүрээр гараад баруун зүг жийнэ. Замдаа Мандал хайрхан дээр гарч орчныг сонирхож, хойд бэл рүү нь буугаад рашаан ус, булаг дээр (ноднин явсан аялагч нар сайн мэднэ) очино. Эндээс Батсүмбэр сумын төв орж ундалж амараад УБ хотын зүг автомашины замаар бөөндөө жийнэ. Замд Ногоонтолгой гэдэг төмөр замын суурин бас бус жижиг өртөө өнгөрөх болно. Жаргалант суурин хүрэлгүй, төв замаас Ар Гүнтийн зам руу салж явсаар, Толгойтын даваа даваж УБ хот орж аялал дуусна.
Зарим аялагч нар Батсүмбэр сумаас автомашинаар буцаж болно (88 км тооцогдоно).