Улаанбаатар уулын дугуйн клуб

УБ 240/24 марафон

УБ 240/24 марафон

УБ 240/24 буюу UB 240/24 марафон нь Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг үндсэн арга хэмжээнүүдийн нэг юм. Тус марафонд оролцогчид нь жийлтийн эрчмээр багуудад хуваарилагдан, заасан маршрутын дагуу 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгахыг зорьдог.

УБ 240 багийн марафоны үндсэн санааг Улаанбаатар уулын дугуйн клубийн админ Э.Отгонжаргал анх сэдэж клубийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байсан нь Mongolian Bike олон улсын унадаг дугуйн аяллын холбооны дэд ерөнхийлөгч, Мэрида Улаанбаатар клубийн тэргүүн Р.Хадбаатарын дэмжлэг, хамтын ажиллагаагаар өргөжин 2017 оны 6 сарын 3 өдөр анх зохиогдоход [1] нь нийт 34 багийн 200 гаруй дугуйчид оролцсон байдаг [2]. Энэ талаар Э.Отгонжаргалын бичсэн дурсамжийг дор нийтэллээ. Э.Отгонжаргал болон Р.Хадбаатар нар нь хамтран УБ 240 [3], Умард өмнөд 1088 [4] болон Чингис хаан азийн унадаг дугуйн фестивал [5] зэрэг олон арга хэмжээг зохион явуулж байв.

Зураг 1. Монгол улсын хойд хилээс урд хил хүртэл North South 1088 унадаг дугуйн аяллын багийн 9-р үе шат буюу барианы өдөр, зүүн талаас дөрөв дүгээрт Э.Отгонжаргал ба тав дугаарт Р.Хадбаатар
Зураг 2. Чингис хаан азийн унадаг дугуйн фестивалын техникийн зөвлөгөөний үеэр Э.Отгонжаргал маршрут ба бүртгэлийн цэгүүдийн талаар мэдээлэл өгч буй нь

Анхны УБ 240/24 хэрхэн зохиогдсон тухай дурсамж

Группээ байгуулаад удаагүй байлаа. Өөрөө ч "нялх", групп маань балчир ч гэлээ Уулын унадаг дугуйгаар аялах чин хүслээр жигүүрлэж асан цаг. Фэйсбуук группийн админ хийж, хуудсаа хөгжүүлэн өвөл болсон боловч аялал зохиогдож байсан. Группт нэгдсэн залуусын аялалд оролцох давтамж нэмэгдэж, харьцангуй тогтмолжсон багийн гишүүд бүрдэж байлаа.

2016 оны 11 сарын хавьцаа унадаг дугуйгаар 24 цагт хэдэн км зам туулах бол гэсэн асуултыг өөртөө тавьж, ер нь уулын дугуйгаар 24 цагт багтаан 240 км замд аялах аяллыг группийн хэмжээнд хийж болох юм байна гэж шийдсэн. Өглөө эрт гарч жийгээд л дундаа амарч хооллож, шөнө унтаж амраад, маргааш өглөө 24 цагтаа багтан барианд орох маягаар аялаж болно гэсэн хөтөлбөр боловсруулж бүр аяллын чиглэлээ УБ хотыг тойруулан зурж гаргалаа. Энэ бол аялал, зөвхөн уулын дугуйгаар аялах аялал гэж хэв шинжийг нь тоймлож байлаа.

2016 оны 12 сарын эхээр болов уу даа. Нэг өдөр утас дуугарлаа. Танихгүй бүсгүй байв. Таньтай манай захирал уулзаж унадаг дугуйн аяллын талаар ярилцаж болох уу гээд, таныг урьж байна гэж хэллээ. Унадаг дугуйгаар аялана гэвэл хэнтэй ч уулзаж, хаана ч очиход бэлэн байсан би бээр өдөр, цаг товлон заасан хаягаар очив. Ийнхүү Монголын унадаг дугуйн аяллын хөгжлийг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулагч, унадаг дугуйгаар аялагч Р.Хадбаатар захиралтай танилцсан юм. Насаар надаас дүү боловч бид хоёр бие биенээ үргэлж Та гэж хүндэтгэн харилцдаг. Энэ хүний бизнесийн тухай, яг ямар компанийн ямар захирал гэдгийг би сайн мэддэггүй. "Мерида Монголиа" гэсэн нэртэй компанитай, Мерида брэндийн унадаг дугуй худалдаалдаг гэсэн ерөнхий ойлголттой. Түүний бизнесийн бусад төрлийн талаар ямар ч ойлголт үгүй, бид хоёр зөвхөн унадаг дугуйн аялал л ярьдаг байлаа. Манай группийн тухай фэйсбуук-ээс харсан гэнэ, аяллын чиглэл, аяллын зар, аяллын гэрчилгээ, аялагчийн хувийн хэрэг, аяллын тэмдэглэл гээд тун сонирхолтой сайхан санагдсан, таньтай хамтран ажиллах хүсэлтэй байна гээд л унадаг дугуйгаар аялах гэж оролдож буй жирийн би бээр ийм их хүндлэл хүлээх юу хийсэн юм бол доо гэж гайхах, айх мэдрэмж төрж байсансан. Ярилцан суухдаа дээрх УБ 240/24 аяллын тухай санаагаа хэллээ. Урьдчилан гаргасан чиглэлээ ч үзүүллээ. Зөвхөн уулын дугуйгаар оролцоно гэсэн шалгуураа ч хэлэв. Тун ажил хэрэгчээр хүлээж авсан шүү. Хоёулаа хамтдаа шимтэн ярилцсаар аяллын дүрэм журам боловсруулах, оролцогч нартай гэрээ байгуулах, нэг багт байх хүний тоо, хэзээ, хэдэн цагт эхлэх дуусах, аяллын замаар судалгаа хийж автомашинтай хамт явах зэргээ тохиролцон дараагийн уулзалтын өдөр товлон уулзалтаа дуусгаж билээ.

Санааг ямар ч хүн, ямар ч байдлаар гаргаж болно. Санаа гэдэг яг амьдрал дээр зэрэглээ адил хоосон зүйл. Үүнийг бодит болгоно гэдэг огт өөр сэтгэмж, ухаан, зүтгэл. Үүнийг Р.Хадбаатар захирал хийсэн юм. УБ 240/24 аяллыг төрүүлэгч нь яах аргагүй энэ хүн. Үүнийг унадаг дугуйн аяллын түүхэнд бичиж үлдээхийг миний эрхэм үүрэг гэж үзэж байна.

Бид хамтдаа 2017 - 2019 онуудад унадаг дугуйн олон сайхан түүхэн аяллыг зохион байгуулсан.

  1. УБ 240/24 2017 он
  2. Унадаг дугуйн фестиваль, Чингис-88 2017 он
  3. УБ 240/24 2018 он
  4. Унадаг дугуйн фестиваль, Чингис-125 2018 он
  5. УБ 240/24 2019 он
  6. Унадаг дугуйн фестиваль, Чингис-125 2019 он

Энэ хүн дээрх аяллуудыг бүх талаар ивээн тэтгэж, хөрөнгө мөнгө гаргаж байсан нь унадаг дугуйн аяллын түүхэнд үлдэх хэзээ ч мартахгүй нандин баримт билээ.

Эх сурвалж

  1. [1] "24 цагт 240 км дугуйгаар аялж өөрийгөө сорих боломж олгоно". 2017 оны 5 сарын 31, мэдээлэл авсан 2025 оны 4-р сарын 6 <Монцамэ>
  2. [2] "UB 240km / 24H". 2017 оны 6 сарын 3, мэдээлэл авсан 2025 оны 4-р сарын 6 <МДХ-ны FB пейж>
  3. [3] "UB240 аялал". 2017 оны 8 сарын 16, мэдээлэл авсан 2025 оны 4-р сарын 6 <Mongolian Bike YouTube суваг>
  4. [4] "DAY9: Барианд". 2017 оны 11 сарын 10, мэдээлэл авсан 2025 оны 4-р сарын 6 <Mongolian Bike FB пейж>
  5. [5] "Багийн ахлагч нарын анхааралд: Бүртгэлийн цэгүүдийн цагийн хуваарь". 2018 оны 9 сарын 14, мэдээлэл авсан 2025 оны 4-р сарын 6 <Mongolian Bike FB пейж>