Группийн түүх: Энэ жилийн III улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр УШТГ У.Одбаяр (зураг 5) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цаг агаарын мэдээнээс ямархуу нөхцөлд аялал явагдах талаар гишүүд урьдчилан төсөөлж байсан тул бие болоод сэтгэлийн бэлтгэлтэй иржээ. Аялал 9.15 цагт эхлэв. Манай баг 12 хүнтэй. Зуслангийн замаар салхи сөрөн хамтдаа жийж Жигжидийн уулзвар дээр амсхийгээд хөдлөв. Хялмаатай байв. Зам цастай боллоо.
Майхан толгой руу салж гудамжны замын шаварт шалчигнаж, гулбилзсаар давааны замын эхэнд ирэв. Цав цагаан цас намрын ойн өнгөтэй хосолсон орчинд нойтон цасан дээгүүр итгэлтэй өгсөн жийсээр Дугуйчдын даваа дээр 11.20 цагт гарлаа. Цас хаялаж эхлэв. Шижир баг дээр 12.20 цагт ирж үдийн хоол идэв. Араас салхилах салхиар дэмжүүлэн Толгойтын даваа өгсөх чулуутай "зөөлөн" өгсүүр замаар аялан ой модон дунд амарлаа. Гал түллээ. Хүүхдүүд маань дугуйтай цасан дугуйчин хийлээ. Каск духдуулаад, шил "зоогоод", гарт нь бээлий угласан харагдана. Толгойтын даваа дээр шуурч байв. Шууд л Толгойтын Баруун салаа руу уруудан шавар үсчүүлэн намбатай нь аргагүй (манайхан ч аргагүй л аялаж суржээ) жийсээр үүлэн чөлөөний наранд "шаргалтах" УБ хотод 16.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 63 км. Замын ангилал: 2А. Гэрэл зургийг улбар шар тэмдэгтэй гишүүн Ч.Мажигсүрэн (036) авсан болно. Групптэй аялан, аялагч гишүүн болсон А.Ариунбаяр (183) болон аяллыг амжилттай удирдсан хөх тэмдэгтэй гишүүн, группийн админ Н.Ууганбаяр (022) мөн багын хамт олондоо талархал дэвшүүлье.