Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Олон хоногийн аялалд явж ирсэний дараа уртхан шиг амраад намрын нээлтээ 8 сарын сүүлээр эхэлье гэж төлөвлөж байлаа. Гэтэл төрсөн гэр мэт ижилдэн дассан группын найз, нөхөд, анд нараа санасан сэтгэл, унадаг дугуй гэдэг гайхалтай унаагаа уная гэсэн хүсэл дахин оволзож, яаран догдлон билэгт сайн энэ өдөр нээлтийн аяллаа хийсэн юм.
Урьд бид олонтоо аялсан чиглэлийг энэ удаа эсрэг талаас нь туулахаар аяллын төлөвлөгөө гаргаж "Дугуйчны 7 даваа- 2" гэж нэрлэн зүтгэлээ дээ. Өглөө эрт 22 дугуйчин аяллаа эхэллээ. Дунд мандлын бөөн цагаан үүлэнд нар нуугдан салхи үл мэдэг сэр сэр хийсэн сайхан өдөр боллоо. Дүнжингараваас Гацуурт хүртэл жигд 25-28 км цагийн хурдаар 3 эгнээ болон урагшилж байтал хойно пин гэсэн бөглүү дуу гараад явчихлаа. Манай цувааны дундуур золбин нохой зүсэж гараад эсрэг урсгалын автомашинд дайруулж, гишүүн А.Гүндалайг унагааж, дээгүүр нь Ц.Наранхүү харайж гарсан адал явдал болжээ. Ийнхүү нэг нохойгоор тахил өргөөд аяллын цуваа цааш үргэлжлэв.
Нурамтын даваа 10.10 цаг
Өгсүүр нь Шар хоолойн амны автомашины замаас 9 км орчим үргэлжилнэ. Зам нь ширэгтэй тул хүч бяр бага багаар л "шимээд" байх талтай. Давааны сүүлийн 300 м орчим зам огцомдуу бас чулуутай. Манай "уулын мангас"-ууд жийгээд л гарсан даа. Цаад уруу нь 2 км орчим үргэлжилдэг. Модны үндэс, том чулуу, зөөлөн хөрс, шавар бүхий сахлаг өвс ургасан замтай. Мөн замын голоос булаг оргилж урсаж байсан. Давааны хормой нь Хойд Баян гол хүрээд дуусна. Дугуй 3 удаа хагарав. Нэг гишүүн буцлаа.
Хадат 14.00 цаг
Улиастайн голын хөвөөнд өдрийн хоол идэв. Зүүн талаас нь анх удаа л зүтгэж давлаа. Улиастайн фермийн Еэвэнгийн дэлгүүрийн хойд жалга өгсөн 4 орчим км зам туулна. Замаа даган өгссөөр модны зах руу орж, хотхоны тэгшилсэн тавцантай нийлж, өгсөх нь хялбар юм билээ. Манай аялагч гишүүн А.Гүндалай (084) шороон замаас гарч өвсөн дээгүүр шууд харуулын байр руу хэжиж өгсөн жийсээр байгаад замтай нийлж чадсан. Амаа ангайгаад л бишрэн халширан харж байлаа. Ийнхүү нэгэн "уулын мангас" төрсөн билээ. Хоёр дугуй хагарсан. Гурван гишүүн буцлаа.
Шарга морьтын зүүн даваа 15.30 цаг
Бэлхийн амны баруун салаа руу хошуу тойрон орж 8 км өгсөж даваа давна. Дэндүү танил боловч бас л анх удаа зүүн талаас нь махийлаа. Зарим гишүүд баруун тал нь зүгээр юм байна гэхэд зарим нэгэнд зүүн тал нь гайгүй мэт санагдсан гэнэ. Манай гишүүд уралдаад л гарцгаасан. Зүүн талын өгсүүр зам нь харьцангуй боломжийн мэт санагдсан.
Гүнт (Хужирт)-ийн даваа 17.00 цаг
Доод Шарга морьтод хөх тэмдэгтэй гишүүн Т.Баярсайханы хашаанд амсхийж хүйтэн ундаагаар дайлуулан амраад хөдөллөө. Жигжид дээр манайхан хуушуурдаж танил замаараа тааваар өгссөөр даваагаа давав. Хөлсөнд норсон хувцас хатаж амжилгүй бие жиндүүлж байв. Гурван гишүүн буцлаа.
Найрамдалын хойд даваа 19.10 цаг
Гүнтийн засмалаас салаад 6 км өгсүүр замд жийнэ. Тэвшин хөндийг дээгүүр нь ороон өгсөж явсаар даваа руу гарах нь хамгийн тохиромжтой. Хөх тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074) миний урд талд жийгээд л байх юм, одоо болноо хө гэсэн боловч болоогүй ээ гээд л жийгээд л ... үнэхээр бахархалтай. Балархай замаар өгссөөр яг дээд ташланд дөхөх үед маш эвгүй огцом өвстэй өгсүүр бий. Нэг гишүүн жийгээд гарсан гэнэ. Даваа дээр гал түлж, хонины толгойны хуйх, мах шарж идлээ. Сайхан байсан шүү. Хоёр дугуй хагарсан.
Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Наранхүү | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2510 км |
Н.Төгөлдөр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1295 км |