Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #3 - 21 АЙМАГ I

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/89
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
1962 км
Давааны тоо
20
Өндөр авалт
15657 м
Өндөр алдалт
-15347 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-15.8 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2018 оны 7 сарын 18 Лхагва гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
Цуглах цэгийн солбицол
50.236139, 106.199611
50°14'10.1"N, 106°11'58.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

21 АЙМАГ АЯЛЛЫН БАГ ЗАМДАА ГАРЛАА
Галт тэрэгний буудал дээр группийн гишүүн С.Энхбаатар, Г.Манлай, Г.Түвшинтөгс, Н.Төгөлдөр, Н.Мөнхдэлгэр болон Уянгын ээж, Одбаярын эхнэр, найз нар биднийг гаргаж өгөв. Гишүүн Ч. Мажигсүрэн, Э.Уянга нар Сэлэнгэ аймгаас Эрдэнэт хот хүртэл хамтдаа аялна. 

Зураг 1. Үдэн гаргалт. Төмөр замын буудал дээр
Анд найз Х.Баатарсүх 50 ам.доллар, Т.Батбаяр 40.000 төгрөг, Гишүүн С.Энхбаатар аяллын багынханд 100.000 төгрөг, Хархорины дугуйчин Б.Батбаатар 100.000 төгрөг хандивласан болно. Та нартаа маш их баярлалаа.
Зураг 2. Олон хоногийн аяллын тойм зураг

ЭХНИЙ ӨДӨР, 7 сар 17
Туслаж дэмжсэн бүх анд нартаа талархал дэвшүүлье. Манай баг Сэлэнгэ аймагт ирж, аяллын гараагаа эхлэх гэж байна. Гишүүн Б.Төмөр Очирын ажил дээр өглөөний цай ууж, амттай бууз идлээ. Сэлэнгэ аймгийн дугуйчин анд нар биднийг гаргаж өгнө. Аяллын зам дардан байг. Зүгээр л жий.

Аялал өглөөний 6.10 цагт Сүхбаатар хотоос эхлэв. Сэлэнгийн Цэцэгт Байцаа ахлагчтай дугуйчид биднийг хотын хаалга хүртэл гаргаж өгөв. Гишүүн Д.Сонинбаяр хамт жийж, Арангатын даваа дээрээс буцав. Гишүүн Ч.Мажигсүрэн, Э.Уянга нар бидэнтэй хамт аялан, Эрдэнэт хот хүртэл гаргаж өгөхөөр болсон. Тэнгэр бүрхэг, сэвэлзүүр салхитай таатай өдөр боллоо.

Зураг 3. Сэлэнгэ аймгийн дугуйчид биднийг гаргаж өгөв
Манай багынхан ачаатай дугуйг "шалдан" дугуй шиг жийсээр Ерөө гол, Хамар даваа, Шарын гол, Хар морьтын хөтөл, Шаргын цагаан нуурын хөндий туулан Дархан хотын хойд хаалга дээр 11.10 цагт ирэв. Дархан хот биднийг бороотой угтлаа. Хотын төвд хооллож, амараад 14.30 цагт замдаа гарлаа. Хараа гол, Номгон сум, Хөтөлийн хөтлүүд дунд өгсөж уруудсаар Хөтөл сууринд 16.30 цагт ирлээ.

Хоорондоо ярилцаад цааш Баруунбүрэн сум хүртэл "халуурах"- аар шийдэв. Орхон голын гүүрээр гарч Зараагийн хөндий дөхөж дахин 35 км дутуу байхад миний бие өлдөж хялайгаад аяллын хурдыг 7 км/цаг хүртэл унагаж орхив. Яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болов. Баруунбүрэн рүү Одбаярыг "ардын элч" болгон илгээв. Боолоо-д байсан ганц ширхэг mars идсэний дараа жийлтийн хурд 16 км/ цаг боллоо. Уянгын хагарсан дугуйг нөхөж бид 4 хамтдаа Зараагийн хөндий туулж, Адуун чулууний хөтөлөөр давж, уруудан жирийлгэсээр Баруунбүрэнд 22.30 цагт ирлээ. Одбаяр маань хооллох хоол, унтах гэр бэлдээд биднийг угтан авлаа.

Төлөвлөгөө ёсоор 155 км зам туулах байсан боловч, энэ өдөр 218 км зам туулж, аяллын "нөөц сан"-д 63 км-ийн орлого орууллаа. Багийнханы биеийн байдал сайн, унадаг дугуй хэвийн байна.

ХОЁР ДАХЬ ӨДӨР, 7 сар 18 өдөр
Манай багынхан сайн амарлаа. Өглөөний хоол, цайгаа ууж, 9.00 цагт замдаа гарав. Сунгуухан өгсүүрт 20 км жийж, махийтал өгссөөр нэг амьсгаагаар Хөшөөтийн даваа дээр 10 цагт гарлаа. Даваа уруудан Бага Хөшөөтийн даваа, Жаргалант сум, Хангал голын хойд дэнжийн засмалаар өгсөн жийсээр Эрдэнэт хотын галт тэрэгний буудал дээр 12.30 цагт ирлээ. Амсхийж байтал гишүүн Д.Баярсайхан, эхнэр Оюунаагийн хамт автомашинтай давхиад ирэв. Бөөн баяр болж хамтдаа аян замын сонин сайхнаа хуучлан аяллын алжаал алга болсон мэт боллоо.

Зураг 4. Манай баг. Хөшөөтийн даваа

Эрдэнэт хотоос Уулын баяжуулах үйлдвэр рүү тавьсан маш сайхан унадаг дугуйны замаар жийж хотын төв оров. Биднийг гишүүн У.Одбаярын дүү У.Одгэрэл, эхнэр Энхжаргалын хамт угтаж өдрийн хоолоор дайлж, ус ундаа, замын хүнс бэлдэж өгөв. Та нартаа маш их баярлалаа. Эндээс гишүүн Ч. Мажигсүрэн, Э.Уянга нар биднийг үдлээ. Эрдэнэт хотоос 16.40 цагт манай үндсэн баг 3-уулаа гарлаа.
Зураг 5. Эрдэнэт хотын төв талбай дээр
Овоотой хөтөл, Бяцхан хөтөл, Зоон даваа даваж 53 км зам туулан Булган хотод 19.40 цагт ирлээ. Тэнгэр хуйсагнан бороо орох төлөвтэй болов. Оройн хоолоо өөрсдөө хийх нөхцөл санал болгон нэгэн жижиг зочид буудалд буулаа. Өнгөрсөн аяллуудын туршлагаас харахад олон хоногийн аяллын хамгийн хүнд ачаалалтай үе 2 ба 3 дахь хоног байдаг. Энэ "хямрал" биднийг ч тойрсонгүй. Өнөөдөр бид 126 км зам туулав. Аяллын "нөөц сан"-д 50 км үлдэж, 13 км-ийн зарлага гарчээ. Багийн гишүүдийн бие, сэтгэл санаа сайн, унаа маань хэвийн болой.
Зураг 6. Булган аймгийн төв Булган хот
Маргааш Орхон сум, Хишиг Өндөр сумаар дайран Өгий нуурт дөхөх төлөвлөгөөтэй байна. Дараагийн тэмдэглэл Архангай аймгийн Цэцэрлэгт хотод очсон өдөр нийтлэгдэнэ.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР, 7 сар 19 өдөр
Аяллын ачаалал, замын уртад бие махбодь зохицон дасах "шалгуур" өдөр. Багийн гишүүдээ тааваар нь амраагаад 9.20 цагт Булган хотоос гарлаа. Анд Д.Баасансүрэнгийн найз нар бидэнд өглөөний хоол цайгаар дайлж, өдрийн хоол боон өгч аяны замд үдлээ.

Булган хотоос гараад л шороон зам руу орлоо. Бидний явах Орхон сумын чиглэлд замын ажил өрнөж байсан тул уулын зүүн хормой дагасан өөд уруу бүхий чулуутай замаар явж, том автомашины тоосонд нь нэг үе булагдан жийсээр Орхон голын хөндийд байрлах Орхон суманд 12.30 цагт ирлээ. Цаг агаар тогтуун цэлмэг, бүхчим, наран шарсан өдөр болов.

Зураг 7. Булган аймгийн Орхон сумын нэгэн хот айлын гадна
Үертэй Орхон голыг гүүрээр гарч 4 орчим км яваад нутгийн айлд очлоо. Биднийг цай боовоор дайлж, Хишиг Өндөр сум руу явах замыг чиглүүлж өгөв. Гэрийн эзэнг Алтангэрэл гэнэ. Орхон голын зүүн эргийн дэнжээр жирийсээр Баруун Могойн голын хөндий даган өгслөө. Уудам сайхан бас ч гэж алсын өгсүүр нь чангаасан яггүй байлаа. Гэвч бид зүтгэсээр 15.30 цагын орчим нутгийн айлд цайллаа. Энэ жил хуртай цаг сайхан тул айлууд ёстой л пиг бууж, хонин сүрэг нь бөөрөөрөө нийлэх шахам бөглөрөл үүсгэдэг гэнэ.

Цааш амаа өгсөн явж байтал баруун салааны замд дугуйны минь ачаа эвдэрлээ. Тэнгэр ч барсайгаад ирэв. Батболд Боолоо-ийн аяллын зориулалттай 35 кг хүртэл ачаа даадаг дугуйнд миний ачааг ачив. Хүн бүр чадахаараа үүргэвчинд ачаа хуваан үүрлээ. Ингээд л Зөөлөнгийн даваа өгслөө. Нэрэндээ зохицсон тун "зөөлөн" хангай байв.

Би шалдан дугуйгаа унаж, санаа зовонгуй байтал харин анд минь, зүгээрээ хө чи ч гэсэн надад ингэж л туслана шүү дээ гээд ажрах ч үгүй өгсөж, уруудан бахархалтай жийж байв. Аяллын хурд буурсангүй. Жирийтэл уруудаад Хишиг Өндөр сум дээр 18.40 цагт ирлээ. Тэнгэр бүрхэж бороо орлоо, бороо тогтсоны дараа Хишиг Өндөр сумаас гарч замаа хөөлөө. Залаатын хөтөл хүртэл 12 км өгсөн жийж, хөтөл давж Мааньтын гол руу орж ирэв.

Зураг 8. Шөнийн отог
Оройн 21.00 цагийн орчим нутгийн айлын хаяанд бууж, галаа түлж тогоогоо тавьж хээрийн аагтай цай ууж, хоолоо идээд нам унтлаа. Энэ өдөр бид 91 км зам туулжээ. Маргааш өглөө 6.00 цагт босож аялал эхлэнэ. Аяллын нөөц санд 20 км байгаа.

ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР, 7 сар 20 өдөр
Өглөө 6.00 цагт босож цайгаа уугаад 7.30 цагт замд гарав. Мааньт голын хөндий өгсөн баруун талын хошуу ороож урд зүг чиглэн Өлийн даваа өгсөв. Тэнгэр цэлмэг, халуун өдөр болох шинжтэй. Өлийн даваа давж Булган аймгийн Хишиг Өндөр сумын "хил" давж, Гурван булаг сумын нутаг руу ордог юм байна.

Зураг 9. Өлийн давааны замд
Давааны уруу том чулуутай, энхэл донхол замтай байлаа. Уул толгодын судаг даган эрчтэйхэн уруудаж 20 орчим км яваад Дашинчилэн- Өлзийт чиглэлийн засмал замын 277-р км- ийн шон дээр ирэв. Нутгийн айлд бууж бүх саваа сүүтэй цай, хярамаар дүүргэж, маш сайхан амттай гэдэсний буузаар дайлуулаад Өгий нуур хүрэх замдаа гарав.

Энэ удаа төлөвлөсөн замыг өөрчилж жаахан тойруу боловч хурдан явах боломжтой Өгий нуур оролгүй, хойд талаар нь нэвт гарах засмал замаа сонгов. Замаа дуустал яваад Өгий нуур сум чиглэх 28 км урттай шороон зам руу орлоо. Харгана бударгана гололсон элсэрхэг дэржигнүүртэй замаар толгод даван өгөж уруудан урагшилсаар Орхон голын бетон гүүр хүрэв. Шүлхийний хориг тавигдсан байв. Гүүрээр гарч чанх урагшаа 15 км жийсээр Өгий нуур сум дээр 17.30 цагт ирлээ. Өдрийн идсэн бууз бидний "амь"-нд орсон доо.

Гуанзанд цуйван идэж, усаа базаагаад 18.40 цагт Цэцэрлэг хотыг зүглэн чанх баруун тийш толгой өгссөн элстэй замаар орлоо. Нөгөө л танил өгсүүр, уруу байгалийн байдал нь бэлчээрийн ургамал болон өөрчлөгдөв. Арав орчим км газрыг бараг л нэг цаг туулж байлаа. Тэнгэр баруун талаас бүрхэж байснаа гэнэт үүл хөгжөөд салхи ширүүсэв. Шууд замаас гарч 500 м орчим харагдах айлын өвөлжөө рүү зүтгэв. Тун удалгүй тэнгэр нижигнэж, цахилгаан цахилж мөндөртэй ширүүн бороо 30 минут орчим орсон билээ. Бид нороогүй, өвөлжөө дээр очин майханаа барьсаны дараа дээрхи байгалийн үзэгдэл болсон юм.

Зураг 10. Өвөлжөө дотор отоглож амжлаа
Энэ өдөр 121 км зам туулж, аяллын нөөц санд 35 км "жоор"-лов. Багын гишүүдийн сэтгэл санаа, бие сайн.

ТАВ ДАХЬ ӨДӨР, 7 сар 21 өдөр
Өглөө 7.40 цагт замдаа гарав. Урьд шөнийн бороо замын шаврыг урсгаж дэржигнүүр дарж, элсэн дайрга нягтаршаад жийхэд таатай байв. Толгодын дундуур зурайх шаргал замаар уруудан өгсөж Тэмээн чулууны даваа давж уужим хөндийд ирлээ. Эндээс салхи маань дайсан болов. Нялайтал цохиулсан ч жийсээр байгаад 40 км зам туулаад Архангайн чиглэлийн засмал замтай 12 цагийн үед нийллээ.

Зураг 11. Архангай аймаг. Өгийнуур сумын нутгийн зам
Цэнхэр сумын зүг салхитай орооцолдон гэдэс хонхолзонхон жийж явтал өөдөөс гишүүн Т.Баярсайхан минь "гараад" ирэв. Тэврэлдэн уулзаж баяр хөөр болон замын хажууд амсхийн хиам талх, хонины хэл, чихэр ундаагаар дайлуулж хамаг л ядрал хоромын зуур алга болсон билээ. Ингээд л цааш замаа хөөлөө дөө. Цэнхэр суманд хооллож амраад Цэцэрлэг хотын зүг жийлээ.
Зураг 12. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот руу
Аяллын анхны техникийн тусламжийг Архангайн төв дээр хүлээн авлаа. Миний дугуйнд ачаа, Одбаярын дугуйнд 2 ширхэг покрышка ирэв. Тусламжийн бараа хүргэх ажлыг амжилттай зохион байгуулсан аяллын арын албаны менежер Ч. Мажигсүрэндээ талархал илэрхийлье. Бид нийтийн тээврийн автобуснаас 20 минут хоцорч Цэцэрлэг хотод 16.20 цагт ирсэн юм.

Зураг 13. Цагаан давааны өвөрт орших булгийн дэргэд. Эндээс Цэцэрлэг хот алган дээр тавьсан мэт харагдана.
Архангайн төв дээр наадам болж байв. Одбаяр засварын ажлаа хийж, Боолоо наадмын хуушуур хүнс зөөж, би аяллын тэмдэглэл нөхөн бичиж завгүй ажилласаар 20.30 цагт Цагаан даваа руу өгслөө. Өгсөж, уруудаж буй автомашинуудтай ан мана үзсээр даваагаа давж Хойд Тамирын голын урд хөндийд дасал болсон өвөлжөө зочид буудалд буулаа. Аяллын санд 20 км байгаа. Энэ өдөр бид 110 км зам туулав. Аяллын эхний 5 өдөрт нийт 665 км зам "хороожээ".

Туслаж дэмжиж байгаа та нартаа маш их баярлаж яваа шүү. Аяллын багынхан маш сайн байгаа. Хөвсгөлийн Мөрөн хотод дахин "уулзаж" хөөрөлдье.

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР, 7 сар 22 өдөр
Манан хөшиглөсөн бүрхэг өглөө болов. Тогтсон цагт аялал эхэллээ. Их тамир сум дээр 7.50 цагт ирж замын хүнс базаав. Гэтэл Дорнод аймгийн дугуйчин Ц.Түмэнцогт анд нарын хамт бидэнтэй ирж уулзан хууч хөөрч, хамтдаа цай уув. Бидэнд сайн яваарай гээд 150 000 төгрөг хандивлав.

Тэнгэр цэлмэж нар гарлаа. Их тамир сумаас 10.40 цагт гарч Хужиртын даваа, Шар булгийн даваа даваж засмал замаар 30 км жийгээд Борт багын төвд өдрийн хоол идэж, замын хоол бэлдэв. Мөн чийгтэй аяны хөнжил зэргээ хатааж, тухтай амраад 14.30 цагт Эрдэнэмандал сум руу гарав.

Хануй голын гүүр гараад шороон зам руу орлоо. Хануй голын уужим хөндий уруудан хойд дэнжийн замаар хотгор гүдгэр туулан 21 орчим км цагийн хурдтай жийлээ. Зам нь үнэхээр сайхан. Тэнгэр бүрхэж цахилгаан цахилан 20 орчим минут ширүүн бороо оров. Бид зогссонгүй. Бороо зогсож хөндийн салхи ёстой л тал бүрээс үлээж маш тогтворгүй байсан. Замдаа Хануй баг, Тариа нэртэй газар, Бургастай гол болон жижгэвтэр 4 гол гаталж, Залаагийн үүдээр "орж" Эрдэнэмандал сумын барааг харлаа.

Энэ өдөр аялал эхлэх хугацаа үл ялиг оройтсон боловч манай багынхан шороон замаар 100 км жийж Эрдэнэмандал суманд 21.30 цагт ирлээ. Өнөөдөр 144 км жийжээ. Нөөц сан "хоосон". Аялал яг л төлөвлөсөн хуваарийн дагуу явагдаж эхэллээ. Багийнхан одоо зочид буудалд амарч байна. Маргааш өглөө Хөвсгөл аймгийг зорино.

ДОЛОО ДАХЬ ӨДӨР, 7 сар 23 өдөр
Манай багынхан Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас 8.30 цагт гарлаа. Яльгүй зүүн хойш чиглэлтэй өгсөн Норовлингийн хөтөл даваж, Зуслан голын гүүр, Эмээлтийн өвөлжөө (1000 өвөлжөө)-ний урдуур гарч Улаан үзүүрийн дөрөлж тонгойн Цэцэрлэг сумын Хонгорж багын нутгаар дайрч уужим хөндий туулан Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт орж ирэв. Тэнгэр цэлмэг, нар шарсан халуун өдөр болов. Үдээс хойш 15.15 цагт Хөвсгөл аймгийн Рашаант суманд ирлээ...

ШУУРХАЙ МЭДЭЭ
Манай багынхан Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас 8.30 цагт гарч шороон замаар 82 км зам туулж 15.15 цагт Хөвсгөл аймгийн Рашаант суманд ирлээ. Дундаж хурд 16,6 км/цаг. Одоо өдрийн хоол идэн амарч байна. Мөрөн хот хүртэл 140 орчим км гэнэ. Чадвал ...

... Хоол идэж, оройн хоолоо бэлдүүлээд 17.30 цагт Тариатын даваа руу зорьлоо. Алсуур өгсүүртэй бага зэргийн овон товон бүхий замаар 16 км өгсөн давааны өвөрт ирэв. Дээш нэлээд жийлээ. Ой модон дундуур сэрүүхэн таатай байлаа. Тариатын даваагаар сүүлийн үед автомашинууд явах нь илт ховордож Царамын даваагаар явж байгаа юм байна. Одбаяр дүү минь шууд л даваа руу өгсөөд жийчихлээ. Хэжиж огцом өгссөн маш эвгүй замаар дугуйгаа түрэн алхаж яваад дээш хартал өндөр мөргөцөгийн өгсүүрт дүү маань зүтгэж явна. Нүдний нулимс асгараад явчихлаа. Төсөөлшгүй хэцүү өгсүүр замаар ачаатай дугуйтай зүтгэнэ гэдэг үнэхээр сэтгэл дэнслүүлдэг юм байна. Давааны орой дээр дүүдээ баяр хүргэн алга ташлаа.

Даваа уруудах зам хэцүүхэн байв. Харин тэгтэл жинхэнэ тамын шоо шиг зам биднийг хүлээж байсныг төсөөлсөнгүй. Сэлэнгэ мөрөний хойд талын дэнж дагасан хайлаас бүхий Овоотын элсэн довцог дундуур дэржигнүүлэн, шигдэнхэн 2 цаг зүтгээд 7 орчим км зам тууллаа. Дахиад 5 км яг ийм замаар явна. Зүтгэлээ дээ. Нар жаргав.

Орой 21 цагийн орчим Сэлэнгэ мөрний бетон гүүр дээр ирэв. Нутгийн айл биднийг хуйхтай нь чанасан хонины өвчүү, цоройгоор дайлав. Тэнд тэр чигээрээ унтмаар санагдаж байлаа. Гэвч бид шөнийн жийлт хийж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 00.00 цагт ирсэн билээ. Энэ өдөр 146 км зам туулж, нөөц 20 км-ийн орлого оруулав.

НАЙМ ДАХЬ ӨДӨР, 7 сар 24 өдөр
Сайхан мэдээ сонсож энэ өдөр эхэллээ. Дугуйчин анд Т.Баяраа (Мерида Улаанбаатар клубын гишүүн) минь манай аяллын багт 150 000 төгрөгийн хандив өргөжээ. Хашир дугуйчин, мятрашгүй аялагч анд тандаа маш их баярлалаа.

Тосонцэнгэл сумаас 8.30 цагт гарлаа. Цаг агаар илт халуун болж байна. Замдаа Хөвсгөл нуур руу аялаад буцаж яваа Испани улсын 5 дугуйчидтай таарав. Замын 2 талаас тэврэлдээд уулзалдсан. Хаа газрын дугуйчин бид ийм л хээгүй, найрсаг, нөхөрсөг байдаг даа. Автомашинтай танихгүй хүмүүс ингэж уулзалдахгүй л болов уу. Унадаг дугуйгаа хүндэтгэн хайрлах сэтгэл дахин төрж байлаа.

Засмал замаар өгсөн Тосонгийн хөндийгөөр урамтай жийсээр Нуурын босгоор даваж, 12.00 цагт Мөрөн хотод ирж Шадар ван Чингүнжавын талбайд зургаа авахуулав. Одбаярын эгчийнд ирж сайхан амарч байна. Саун халуун усанд орлоо. Хувцаснуудаа угаалгав. Нэг их хир хур болдоггүй юм байнаа хө, хэ хэ. Өнөөдөр аяллын баг "урт амралт" эдлээд маргааш өглөө Завхан аймгийн Улиастай хотын зүг дугуйны жолоо зална. Энэ өдрийн аяллын зам 65 км. Яг төлөвлөгөө ёсоор явагдаж байна.

САЙН МЭДЭЭ
Манай багынхан хагас өдөр Мөрөн хотод маш сайхан амарлаа. Бие хөнгөн, сэтгэл санаа өндөр байна. Хайрхан аялагч клубын гишүүн, анд найз уулчин, аяллын замын найдвартай нөхөд Ч.Ариунзул, С.Сумьяабазар нараас аяллын багынханд 100 000 төгрөг хандивлалаа. Та хоёртоо аз жаргал, амжилт ололт бүхнийг хүсэн ерөөе.

Мөрөн хотод аятай амрах бүх нөхцлийг ханган бидэнд үйлчилж, 50 000 төгрөгийн хандив өргөсөн гэрийн эзэн Даваадорж, гэргий У.Оюунсанаа, Одбаярын гэргий М.Ундармаа болон гэр бүлийн бусад гишүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Одоо бид Мөрөн хотоос Завхан аймгийн чиглэлд гарч байна. Хэд хоног сүлжээгүй газар орноор явах тул "сураг" тасарч магадгүй. Нийт анд нөхөд, дугуйчид та нарынхаа итгэл сэтгэлийг дааж, амжилттай сайн аялах хүсэл тээн урагшилж байна. Аяллын зам дардан байг. Зүгээр л жий. Хүндэтгэн ёсолсон: 21 аймаг аялал багынхан.

ЕС ДЭХЬ ӨДӨР, 7 сар 25 өдөр
Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос хэрхэн үдүүлсэн талаар та бүхэн мэдэж байгаа билээ. Дэлгэр мөрөн дээгүүр тавьсан Хилэнтийн гүүрээр гарч мөрний хойд дэнж барин баруун зүг аялал үргэлжлэв. Тэнгэр цэлмэг сайхан өдөр болох нь гэж бодов.

Бүрэнтогтох суманд 56 км туулаад ирэв. Өдрийн хоол идэх гэсэн боловч замын бус "мухар" сум тул бүтсэнгүй. Сумын баруун талд орших Улаан богож даваа өөд салхи сөрөн зүтгүүллээ. Давааны зам чулуурхаг бас ч гэж огцом өгсүүртэй шазруухан байлаа. Даваа уруудан Дэлгэр мөрний дэнжийн дэржигнүүр ихтэй замаар тонгочуулан Хэрзийн хясаа өнгөрч Агьтын амны гуанзанд хоол идэж, оройн хоол бэлдүүлэв. Нар шарсан бүгчим өдөр байлаа.

Цааш хөдөлж 5 орчим км яваад алдарт Хөх хөтлийн даваа руу өгсөв. Амсхийлт хийлгүй шууд жийхэд яг 40 минут махийгаад даваан дээр гарав. Замын автомашинууд эрхий хуруугаа гозойлгоод л зам тавин өнгөрч байсан. Багынхандаа баяр хүргээд Бүрэнхаан баг руу уруудав. Тэнгэрийн ааш хоромхоноо өөрчлөгдөж шивэрээ бороо орлоо. Бүрэнхаан хүрэх үед салхи ширүүсэн үе үе шуурга шуурав. Яг бидний явах чиглэлээс эгц урдаас шуурсан тул яльгүй дарахад л дугуй салхины уруу эргэж байв. Салхины хурд барагцаагаар 10-12 м/с байсан байх. Борооны цув өмдөө өмсөөд Хайрханы шил хэмээн нэрлэдэг "долоон толгойтой" даваа өөд мачийтал өгслөө. Өгсөөд л өнгийхөд дахиад л нэг толгой, давааны үндсэн орой тэртээд харагдана. Хөх хөтлөөс ч өндөр даваа юм билээ. Зүтгэсээр байгаад гарлаа. Салхи намдсангүй харин ч хийсгэчих шахна, бороо шивэрсээр.

Өвөлжөө бууц, айл хараачлав. Юу ч алга. Уруудаад дахиад л нэг даваа өөд өгсөв. Барагдах шинж алга, Хайрханы шил-ээс ч өндөр даваа байв. Гарлаа даа. Айл амьтан бас л алга. Газрын баримжаагаар Цагаан Уул суманд 30 орчим км дөхсөн байв. Бороо орсоор, зуны хүйтэн бороо байлаа. Салхи нэрмээс болж биднийг хүйтэн "ташуур"-аар гуядана. Ийм бороонд хүн осгодог билээ.

Нар жаргах дөхөж, бүрэнхий болж эхлэв. Уул толгодын дундуур жалга уруудах замаар явж ийш тийш хараачлах агшинаа Одбаяр маань тэр өвөлжөө мөн үү гэж биднээс асуув. Мөн шиг л байв. Гэвч бидний явж буй орчинд хад чулуу элбэгтэй тул өвөлжөө гэж урьд нь биднийг хуурч байсан нь дахин санагдав. Жаахан дөхөв, харлаа, мөн байна. Замаас км хиртэй уулын аманд байрлах өвөлжөө рүү зүтгэв. Энэ жил барьсан бууцгүй шинэ өвөлжөө байв. Бөөн баяр болж 5 одтой зочид буудалдаа байрлан борцтой халуун хар цай чанаж цуйвангаа идэж, майхандаа тун сайхан амарлаа.

Энэ өдөр бид 104 км зам туулжээ. Аяллын "нөөц сан" хасах баланстай гарав. Учир нь миний бие төлөвлөгөө зохиох явцад алдаа гаргаж 100 км газрыг тооцоогүй орхисон байв.

АРАВ ДАХЬ ӨДӨР, 7 сар 26 өдөр
Өглөө тэнгэр цэлмэг боловч хүчтэй хүйтэн салхи үлээсэн өдөр болов. Яг л бидний явах зүгээс "галлаж" байв. Аяллын хурд шууд л уналаа, өгсүүрт 5 км орчим, шулуунд 10 орчим км хурдтай жийлээ. Газрын байдлыг харахад өгсүүр голлоно. Айл амьтан бас л алга. Хоёр ч нэргүй даваа даваад уужим хөндийд орж иртэл айл харагдлаа.

Гэрийн эзэгтэй гялс манс цай чанаж, биднийг дайлав. Гэр нь цэвэрхэн, ааль нь монгол хэвээрээ, аргагүй л хөдөөгийн эгэл малчных байлаа. Энэ өдөр Цагаан Уул сум соёлын наадамтай тул гэрийн эзэн хүүхдүүдээ аваад явсан гэнэ.

Цагаан уул сумын бараа 5 орчим км алсад харагдан өнгөрч Шаргын голын Улаан толгойн гүүр гарч Бэрхийн өвөр эмжин Мөсөн түрүү хэмээх газар явж байтал араас автомашинтай хүмүүс бидэн дээр ирлээ. Манай Одбаярын хамаатан Цагаан Уул сумын засаг дарга Д.Түмэнбаяр, урлагын гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг нар багад нь хардаг байсан Жуужаа эмээг нь аваад иржээ. Ийнхүү нэгэн баярт уулзалт аяны замд болов. Наадмын хуушуур, халуун цай, чихэр жимсээр дайлуулаад Тунамал нуурын хөндий рүү аяллаа үргэлжлүүлэв.

Өдөржингөө салхи сөрж өгсөн Омпуугийн даваа даваж, Мөнхтийн хөндий туулж, гол гаран Бөөрөгийн шил хэмээх газар малчны гэрт буусан билээ. Аяллын хамгийн хүнд хэцүү өдөр байв. Бид зүтгээд зүтгээд 67 км зам туулжээ. Дундаж хурд 10 км/цаг. Төлөвлөсөн өдрөөс нэг бүтэн өдөр алдаж явна даа.

АРВАН НЭГ ДЭХЬ ӨДӨР, 7 сар 27 өдөр
Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Хужирт багийн мянгат малчин Х.Өлзийдаваагийн гэрт аятай тухтай амарч хоноод 9.00 цагт Тэсийн голын гүүр рүү хөдөллөө. Тэс гол нь Булнай нуруунаас эх авч урсан Орос улсын нутаг руу орж, улмаар буцаж эх нутагтаа ирж Увс нуурт цутгадаг юм байна.

Модот толгойн дөрөлж, Өндөр цахир даваа, Хөх үзүүрийн дөрөлж даван Хүрэн хөндий туулж Согоо багийн төв дээр ирж амсхийв. Согоотын ам өгсөн 18 км жийгээд Булнай нурууны 2262 м өндөр алдарт Халзан Согоотын даваагаар давлаа. Давааны оройгоос уруудан Завхан аймгийн нутаг руу оров. Дээд шумуултай, Дунд шумуултай, Доод шумуултайн хөндийгөөр элстэй, дэржигнүүртэй замаар уруудан 20 орчим км жийгээд "4 зам" гэж олонд нэрлэгдсэн газар ирж үдийн хоол идэв.

Өчигдөр, уржигдарын хүнд аяллын ядаргаа бүрэн арилаагүй нь мэдэгдэж байв. Багийн гишүүд маань дуг хийгээд амарч амжив. Эндээс Хүрэн талын хөндий туулж засмал замаар 28 км жийгээд Завхан аймгийн Тэлмэн сум дээр ирлээ. Энэ өдөр 102 км зам тууллаа. Тэлмэн суманд тохилог байранд багынхан маань амарч байна. Маргааш Улиастай хот руу Загастайн даваа даваж 120 км зам туулж аялна.

АРВАН ХОЁР ДАХЬ ӨДӨР, 7 сар 28 өдөр
Тэлмэн сумаас өглөө 8.00 (УБ цагаар) цагт хөдлөв. Төмөртийн уужим талыг туулан алсын өгсүүрт засмал замаар 45 орчим км яваад шороон зам руу орлоо. Энэ хөндийд засмал зам барих бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. 10 орчим км өгсөөд сайжруулсан өргөн замд орлоо. Дажгүй л юм. Автомашинууд хажуугаар тоос татуулан хурдтай уруудахад нь тоосноос нь бус дугуйнаас нь шидэгдэж болзошгүй чулуун "сум"-наас айж явав.

Загастайн даваа өгсөж яваад 12.45 цагт тогоогоо тавьж өдрийн хоол хийж идэв. Энэ давааны замыг маш сайн янзалжээ. Унадаг дугуйгаар жийгээд гарах бүрэн боломжтой. Үерийн далан, зам барилгын инженерийн хийц зэрэг нь зарим үед гадаад оронд явж буй мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.

Хангай нурууны дтд 2499м өндөр алдарт Загастайн даваа дээр Тэлмэн сумаас 76 км өгсөөд 14.30 цагт гарч ирлээ. Бие биенээ тэврэн баяр хүргээд даваа уруудлаа. Ёстой л их санасан газар ... гэдэг шиг шал өөр дайны талбар мэт замтай юм байна. Бичил бөмбөгдөлт болсон аятай жижиг тогоонууд, нидрүүлэг шиг дэржигнүүр гээд юун уруудах хамаг араг яс үеэрээ салж нийлэн, шөрмөсний ажиллагаа идэвхижин, толгой мөрнөөс унах шахам бөнжигнөж арай гэж 15 км зам туулаад амарлаа. Дахиад л тамын шооны нэг булан болон эргэлдсээр 11 км уруудаад паг суув. Өдөр идсэн хоол ор сураггүй. Өлдөх шинжтэй.

Гүрийсэн чигээрээ цайрч уруудсаар замын нэгэн айлд буулаа. Сүүтэй цай ууж, хамаг боорцогыг нь хуурайлаад "танк"-ны замаараа 22 км дондогнуулаад Улиастай хотод 18.30 цагт "амьд мэнд" ирлээ. Техникийн 2 дахь тусламжийн барааг Алтанбагана дүүгээс хүлээн авлаа. Тусламж илгээсэн гишүүн Ч.Мажигсүрэн дүүдээ талархал илэрхийлье. Энэ өдөр бид 126 км зам туулжээ.

Зочид буудалд буулаа. Маргааш баруун хойш Увс аймгийн чиглэлд Завханы Эрдэнэхайрхан сум руу гарна. Зам нь эвгүй, айл амьтан, ус ховор гэнэ. Бэлтгэлээ сайн базааж байна.

АРВАН ГУРАВ ДАХЬ ӨДӨР, 7 сар 29 өдөр
Улиастай хотоос өглөө 8 цагт хөдөллөө. Биднийг дугуйчин С.Алтанбагана анд Донойн хөндий хүртэл засмал замаар 23 км хамт жийж гаргаж өгөв. Сэтгэл байхад хүн ганцадаггүй юм байна. Бидний дотор баяр хөөр бялхаж гаргаж өгч буй анддаа талархан цогтой жийлээ.

Тэнгэр цэлмэг, үл мэдэг сэвэлзүүр салхитай өдөр болов. Донойн хөндийг өгсөж явахдаа Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг харлаа. Цааш Сайрын дөрөлж даваж уруудан Цахирын дөрөлж даваад Зүйлийн голын адагаар жийж, Дулаан уулын өврөөр гарч, Үнэгтийн гозгор ороон Улаан толгойн араар гарч, Шийр толгой даваад Бөхийн араар ороон Замын толгой даваад Цагаан дөрөлж дээр гарч ирэх агшинаа Эрдэнэхайрхан сумын бараа мэлс гээд гараад ирэв. Замдаа алдарт Бор хярын элсний барааг харав.

Замын байдал дэржигнүүр гололсон, элс жижиг ширхэгт хэмхдэс чулуулаг бүхий энгийн шороон зам байлаа. Айл амьтан байхгүй, усгүй, ил урсацгүй газраар бид 111 км жийлээ. Замдаа Завханы автомашинтай хүмүүс бидэнд цэвэр ус өгч туслав. Маргааш Завханмандал сум, Ургамал сум чиглэлд аялал үргэлжилнэ.

АРВАН ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР, 7 сар 30 өдөр
Эрдэнэхайрхан сумаас 7.40 цаг гээд баруун зүг чиглэн хөдөллөө. Хойд баян айрагыг өгсөөд Таван ламын худаг давж, Хөх толгойн хойгуур гарч, Аргалант уулын өврөөр жийж Зүрхэн дамнуургаар даваад Ухаагийн зүүн хоолой уруудан Овоотой толгой ороогоод Завханмандал суманд хүрээд ирлээ.

Энэ өдөр нэг гишүүн маань юмаа мартаж буцаж 20 км зам, дараа нь төөрч бид араас нь мөрдөж 15 км, мөн 10 км урт элстэй хоолойгоор нааш цааш 3 удаа холхисон "төөрдөг байшин" шиг л өдөр боллоо. Уг нь 56 км зам туулаад Завханмандал суманд ирэх байтал бодитоор 100 орчим км зам туулж, нар гудайх үеэр хүрч ирсэн юм.

Замын хувьд элс, сул шороо гололсон дэржигнүүр элбэгтэй байлаа. Ер нь Зам муудвал Завхан ойртож байгаа шинж, Улам муудвал Улиастай ойртож байгаа нь тэр гэсэн явган яриа байдаг гэнэ. Ингээд Завханмандал суманд хонохоор болов. Цайны газаргүй, зочид буудалгүй байв. Харин нэг сайхан сэтгэлт Галмагнай гэх залуу гэртээ аваачин хоол хийж, өргөн наар дээр амраасан билээ.

АРВАН ТАВ ДАХЬ ӨДӨР, 7 сар 31 өдөр
Тэнгэр бүрхэж, салхи шороо шуурсан зэврүүн саарал өглөө боллоо. Салхины чиг нь харин бидний талд байв. Өчигдрийн ачаалалдаа ядраад нам унтчихжээ. Оройтож 9.00 цаг гэж замдаа гарав. Бор хярын элс даган урсдаг Хүнгүй голын замаар явах санаатай байтал элс шуурч зам ч үзэгдэхгүй болов. Дэнж өгсөн уулын замаар жийлээ дээ. Нөгөө л танил дэржигнүүр, сул шороо, элс бол байнаа байна. Бид дасчихаж дээ.

Ац ар өгсөн, Хар үзүүр рүү ороод, 2 дахь Хар үзүүрийг даваж, 3 дахь Хар үзүүрийн араар гарч, Сүвэн Баян уулын өврөөр (энэ ууланд хоолойн сайн рашаан байдаг гэнэ. Хотоос ирээд хэд хоноод буцаж буй рашаанчидтай таарсан), Улаан харганы хөндий туулан элстэй байлдан түрж, аргадан жийж явсаар Хүнгүй голын гүүрээр гарч 18.30 цагт Ургамал суманд ирлээ. Энэ өдөр 89 км бэрх зам тууллаа.

Маргаашын замын урт, замын багцааг гадарлах болсон тул хоол идэж, хүнс, усаа базаан шууд хөдөллөө. Элстэй хөндий туулан 18 км мачийгаад майханаа барьж нэгэн шөнийг хээр үдлээ.

АРВАН ЗУРГАА ДАХЬ ӨДӨР, 8 сар 1 өдөр
Шөнө жаахан бороо орох шиг (бас нэг автомашин явсан чимээг Одбаяр дүү сонссон байлаа) болов. Эртлэн босож борцтой шөл чанаж, боовтой хольж идээд 7.00 цагт хөдөллөө. Бор хярын элсний төгсгөл болох Элсний бөгс ороон 20 км элстэй замд яалт ч үгүй түрэж, дүүрч алхлаа. Харин тэнгэр бүрхэг өдөр болсон нь бидний аз гэлтэй. Дахин 10 км урт хөндийд унасан ч бус түрсэн ч бус алаг цоог урагшлаад харгана бүхий "шумуулт"-ын хөндийгөөр 30 км дондогнуулан дэржигнэж зогсолтгүй гүрэлзэн жийсээр замын байдал арай нааштай болов. Өдөр тийшээ тэнгэр цэлмэж шарж эхлэв.

Нөөц уснаасаа 1,5 литрээр борцтой, гоймонтой шөл хийж уув. Газрын зургаа хартал авралын од болох Үзүүрийн булаг хүртэл дахин 47 км зайтай байв. Цэвэр ус 1,5 литр үлдэв. Савандаа хуваан хийж хоолой норгох төдийгөөр хэрэглэх заавар өглөө. Айл амьтангүй, автомашин явахгүй эзгүй говийн хатуухан замаар урагшиллаа. Хөлс зайгүй цувж, савны ёроолд байх ус хол шол хийн хорхой хүргэнэ.

Илт тамирдаж байв. Сунгуу өгсүүр зам үргэлжлэн, говийн хар уул дундуур орж ирлээ. Айл хунар бас л алга. Гэхдээ л бид даваж гарсан даа. Алсад Хан Хөхий уулын орой харагдан, Хяргас нуурын усны мандал хальт үзэгдэв. Сэтгэл сэргэх ахуйд жуулчны нэг фургон гараад ирлээ. Хүйтэн сэнгэнэсэн кола уув. Аяа амт таашаалыг марташгүй. Дөрвөн литр устай болов. Дараа нь аадар бороонд цохиулав. Хяргас нуурын хөндий уруудан засмал замтай нийлж Үзүүрийн булаг хүрч хоол идлээ.

Амсхийж амраад 20 орчим км жийгээд унтья гэж ярилцаад жийсэн чинь даруй 50 км зам туулж, бас л аадар бороонд цохиулж Хар Тэрмэс амралтын газар дээр 22.00 цагын үед очиж билээ. Хүнд бас нөөц хүч гэж байдаг л юм байна. Маш урт өдөр болсон доо. Бид 131 км жийжээ.

АРВАН ДОЛООН ӨДРИЙН УЧРАЛ, 8 сар 2 өдөр
Аливаа аялал их бага гэж ангилагддаггүй билээ. Аялал бүр өөрийн онцлог, зорилго, түүх, адал явдал үл таних нууцтай байдаг. Та нарын догдлон ажиглаж, уншиж, зүрх сэтгэл, итгэл найдвар өвөрлөн хамтдаа "аялсан" энэ сайхан аяллаа Увс аймгийн Улаангом хотод төгсгөж байна. Яагаад гэж битгий асуугаарай, аялагч хүний дотоод мөн чанар, юунд тэмүүлэх, хаана хүрэх, хаашаа явах гэсэн шийдвэр нь нэг л учрыг нь үл ойлгох нандин мэдрэхүйгээр хөглөгдсөн юм шиг надад санагддаг.

Баян Өлгий аймагт хоног тоолон хүлээж байгаа Медетбек дүү, Өвөрхангай аймгаас Өмнөговь аймаг хүртэл намайг даган автомашинтай дэмжин аялах гэж бэлтгэж байсан дотны найз Х.Баатарсүх, Сүхбаатар аймгаас Дорнод хүртэл автомашинтай дэмжин хамт жийх гэж хүлээж байсан дугуйчин Түмэнцогт, бидний аяллыг ивээн тэтгэн хандив өргөсөн олон олон найз нөхөд, дугуйчин та нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Сэтгэл доторхи торгон нэгэн мэдрэмж бутран бүх биеэр тархан аньсага норгож байна. Гэхдээ би харамсахгүй байна. Бие эрүүл бүгд эсэн мэнд гэртээ харих замдаа гарна гэдэг бас нэг жаргал юм шүү.

Манай баг 17 өдөр, 16 шөнө Монгол орны 8 аймгийн нутаг дэвсгэрээр аялаж 1962 км зам туулжээ. Сүүлийн өдөр Хар тэрмэс амралтын газраас Наранбулаг сум дайран, Улаангом хотод 133 км замыг 6 цаг 26 минутанд туулж ирлээ. Одоо амарч байна. Маргааш өдрийн 15.00 цагын автобусаар гарч УБ хотод очино.

Дахин аяллын адал явдалт харгуйд уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Сонинбаяр Э.Уянга Ч.Мажигсүрэн Л.Батболд У.Одбаяр Э.Ожго
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ч.Мажигсүрэн Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4914 км
У.Одбаяр Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 5673 км
Л.Батболд Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 3014 км
Зүгээр л жий!