Группийн түүх: Энэ жилийн II улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр НТГ Ш.Бат (зураг 11) жийлээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Дугуйчин бидний хувьд маш их хүлээлт үүсгэж хоёр ч удаа хойшлогдож байсан хүссэн аялал эхлэхэд бэлэн боллоо. Цаг агаар хүртэл та нар минь өнөөдөр л амжуулаарай гэсэн шиг хэсэг бусаг үүлтэй, салхи нь тогтуун өдөр болов.
Товлосон газраас 6.59 цагт 11 дугуйчин хөдөлж, шууд л Найрамдал зусланд эхний амсхийлт хийтэл, цуглах цагаасаа 8 минут хоцорсон аялагч гишүүн Г.Ганбаяр (118) бидний араас шамдуухан жийсээр хүрээд ирлээ. Найрамдалын нарсан ой дундуур өгсөн жийсээр даваа дээр 8.10 цагт гараад ирэв. Нэг давлаа.
Толгойтын ам руу уруудан шууд л Гүнт (Хужирт)-ийн даваа руу өгсөн 9.50 цагт гарлаа. Хоёр давлаа. Манай аялагч гишүүдийн аяллын туршлага, аяллын зай, ачаалалд биеэ хэрхэн тохируулан жийх арга барилтай болсныг энэ аяллаар дахин харлаа. Даваа хоорондын замд хэт "шатал"-гүй, хэт удалгүй нэгэн хэмийн хурдаар зогсолтгүй урагшлах тактик үзүүлж үнэхээр хашир хувиарлалттай жийж байлаа. Гүнтийн даваа дээр утас дуугарч ногоон тэмдэгтэй гишүүн Д.Сонинбаяр (077) Найрамдлын даваа уруудаад, Гүнтийн засмал руу орж явна, та нартай Жигжид дээр уулзья гэж ярив. Жигжидийн уулзвар дээр хөх тэмдэгтэй гишүүн Э.Уянга (074) дүү минь уух зүйл барьсаар биднийг угтав. Унадаг дугуйгаа унах хязгааргүй хүслээр жигүүрлэн бидний дугуйг бахдан ширтэх охин дүүгээ харж, дотроо удахгүй дээ дүү минь, тэсээрэй гэж шивнэн хэллээ. Мөн ногоон тэмдэгтэй гишүүн Д.Ганболд (058) бидэнтэй нэгдэж Шарга морьтын даваа руу гаргаж өгөөд буцлаа. Шарга морьтын даваа дээр 12.00 цагт гарлаа. Гурав давлаа. Залуус маань маш бахдалтай жийгээд л гарч байв. Бэлхийн баруун салаа уруудан хөх тэмдэгтэй гишүүн У.Одбаяр (055)-ын зөвлөснөөр гудамж дундуур замаа товчлон Хадатын дэлгүүр дээр ирж амсхийв. Шингэн их алдаж байв. Бүгд л нэвт хөлөрч, хэдхэн минутын өмнө хүрч байсан "морь харах" дуудлага дороо л мартагдана. Хадатаа даваж, дөрөв давлаа. Одоо биднийг унадаг дугуйтай жийгээд давж байгаагүй 1965 м өндөр Нурамтын даваа хүлээж байна. Еэвэнгийн дэлгүүрээр орсонгүй, шууд л Хойд Баянголын ам зүглэв. Манайхны нөгөө л ухаалаг хэмнэл, жийлт яг хэвээрээ. Хойд Баянголын эрэг дээр хүйтэн усанд орж сайхан амрав. Амаа өгсөн жийсээр Нурамтын давааны өвөрт ирлээ. Багынханаа жаахан амраагаад даваа өөд "тавьчихья" гэж бодож байтал харин залуус маань торлог дундуурхи шавартай, саадтай замаар шууд л өгсөөд жийгээд алга болж өгдөг байгаа. Ангайгаад л дугуйгаа түрээд хоцорлоо. Давааны өгсүүр, саад, чулуу, замын эргэлт, төгсгөлийн талаар энэ хэддээ хэлсэн болохоор сэтгэл догдлон дээш зүтгэлээ. Эхний 3 гишүүн бараа сураггүй. Давааны доод чулуутай ширэгт бяцхан саатсан 2 нөхөр маань жийгээд л хажуугаар гарав. Миний аньсага чийгтээд л ирлээ, төсөөлөхийн аргагүй ийм хэцүү өгсүүрт залуу нас, биеийн бэлтгэл, дугуй унах ур чадвараа үзүүлэн итгэлтэй өгсөх залуус та нараар үнэхээр их бахархан ... зүйтэй, яваад бай, одоо баруун тийш хэжинэ, тэгээд л бараг чинийх шүү ... гээд л хашгиран дэмжиж явлаа. Надтай хамт сүүлд явсан "цоо шинэ" аялагч гишүүн З.Тэмүүжин (174) хүү Нурамтын давааны эвгүй өгсүүрт жийгээд л, түр амраад л дахин жийгээд л байсан. Бас нэг сайн дугуйчин хүү бидэнтэй нэгдэж байна даа. Миний дүү маш сайн байсан. Ийнхүү бид тав давлаа. Манай багийн 4 дугуйчин Нурамт уруудаад Гацуурт суурингаар дайрч буцахаар боллоо. Та нар маань маш сайн жийсэн. Нэг өдөрт 5 даваа давсан аяллыг баргийн "зэрлэг шаар" хийгээд байдаггүй юм. Одоо манай баг 9 хүнтэй боллоо. Шар хоолойн амаа өгсөн Шилжрэнгийн даваа руу зүтгэлээ. Жаахан суларч байна уу даа гэж бодсон зарим гишүүд маань харин ч бүр сэргээд даваа руу гозойтол жийгээд гарч байлаа. Зургаа давлаа. Одоо ганц л үлдсэн. Шууд Ш гээд л ... Их Хуандий амын дээд уулын бэлийг хэжин сунгуухан өгсөөд нэг амьсгаагаар л Хоёрын даваа дээр гарч ирлээ. Долоо давлаа. Оройн 20.00 цаг болж байлаа. Бүгдээрээ найзлан тойрч зогсоод ЗҮГЭЭР Л ЖИЙ гэдэг уриаг ой мод цуурайтуулан, хавийн ан амьтанг үргэтэл хашгиран зогссон нандин мөч, замаа дуусгаж бүх даваагаа давсан сэтгэл ханамж, хөлс, замын шороонд дарагдсан халтайсан хэдэн дугуйчид бие биедээ баяр хүргэсэн ... мөч, нүдэнд харагдсаар.Аялал хараахан дуусаагүй, одоо цааш 52 км жийнэ. Яг төлөвлөсөн замын дагуу Дэндий ам уруудан ёстой л дэндүү их (20 км) уруудсан даа. Туул голын бургас, яршиг төвөгтэй хайрга, элстэй зам, Минж үржүүлгийн газар ... дугуйны гэрэлд сүүмэлзэн нааш цааш хөдлөх "сүнс" гэлтэй сүүдрүүд, нөгөө л дэлгүүр cola-далт, Гацуурт сууринд 23.20 цагт ирлээ. УБ хотын зүг вагон-длоо. Тэргүүлэл авдаг группийн зүтгүүр (Ч.Мажигсүрэн, Д.Сонинбаяр)-ийн араас зүүгдэн 30- 33 км цагийн хурдтай жийсээр Дүнжингарав дээр 00.20 цагт ирлээ. Аяллын зай: 155 км. Замын ангилал: 3В. Дугуйтай жийсэн хугацаа: 10 цаг 37 минут. Дундаж хурд: 14,5 км/цаг.
ЖИЧ: Ашгүй дээ, аялал чинь дууссан уу, одоо орж болно биз дээ гэсэн шиг Ням гаригийн тэнгэр устай бороогоор шавшин угтаж билээ.