УУДАГ-ийн ТҮҮХ:
Ногоон тэмдэгтэй гишүүдийн аяллын замд эзлэх хувийн жин (зураг 6)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Гацуурт суурин. Цаг 18.00 болж байлаа. Нар гудайжээ. Аялал төгсгөлийн шатанд орлоо. Одоо УБ хот руугаа жийнэ. Өдөржин бяр тэнхээ, сэтгэл зүйн зориг гарган цастай даваа (Шилжрэнгийн даваа, Хоёр даваа)-нуудыг давж, сунайсан урт Дэндийн амны шалчигнасан замаар жийж товлосон газраа хүрэх гэсэн итгэл тэмүүлэлээр жигүүрлэн бид (25 дугуйчин) урагшилсан. Ядарч байлаа. Яг л ийм түгшүүртэй мөчид багийн гол хүч болох группийн туршлагатай, бяртай дугуйчид маань манай цувааг хөтөллөө.
Автомашины замаар 2 эгнээ болж магнайн хэсэгт гишүүн Ч.Мажигсүрэн (036), Д.Сонинбаяр (077) хоёр гарч, салхи авлаа. Хэнд ч салхиа өгсөнгүй, хашир 2 маань биднийг "хөтлөх" тактикаа сайн боловсруулжээ. Цувааны хурд 25 км/ цаг. Манай багийн гишүүдийн ядрал бага багаар "алга болж", өөртөө итгэх итгэл сэргэн жирийтэл урагшилсаар. Хурд 28 км/ цаг болов. Хэн ч "сугарсангүй". 30 км/цаг болов, аанай л хайрцагласан цувааны эмх цэгц бат хэвээр. Автомашины замаар ийнхүү нэг хүн мэт болсон бидний цувааг хүндэтгэн автомашинууд ард тэвчээртэй "бөглөрөх" мэт. Хэн ч дуут дохио өгсөнгүй. Хурд нэмэгдсээр 37 хүрлээ, 40 км/цаг болов ... Бүрэн бүрэлдхүүнээрээ Дүнжингарав дээр 19.00 цагт нар жаргахын өмнөхөн хүрээд ирлээ. Аяллын зай 98 км. Бүгдийн сэтгэл хангалуун аялал дуусаж, гэр гэрийн зүг жавхаатай жийж одлоо. Өнөөдөр бид нэг хүн шиг аялаж чадсан шүү. Та нартаа бүгдэд нь баяр хүргье. Өглөө 9.20 цагт аялал эхлэв. Манай группийн аяллыг сурвалжлахаар Монголын Үндэсний телевизийн спортын албаны найруулагч, сурвалжлагч, зураглаач нар хамт хөдлөв. Бидэнтэй хамт Шар хоолойн ам өгсөн хамт явж "ажлаа хийгээд" Шилжрэнгийн амны эхээс буцлаа. Бид даваа руу өгслөө. Цастай бас шалчигнаж байв. Манай 6 гишүүн арга эв, ур чадвар, бяр чадлаа харуулан жийсээр даваа дээр 13.00 цагт гарав. Үдийн хоол идэж амсхийсний дараа давааны уруу шалчигнасан замаар уруудан Хоёр даваа руу зүтгэв. Зам нь цастай бас гулгаатай байв. Хэсэгхэн гулгааг өнгөрөөд л манай 3 гишүүн жийсээр байгаад л гарчих юм даа. Үнэхээр биширмээр байв. Давааны цастай замаар болгоомжтой бууж, Дэндийн уужим ам руу оров. Хүсэн хүлээсэн шороон зам шавартай болж, уулын усаар дүүрчээ. Гэвч бид урагшилсаар Туул голын хөндий рүү орж, бургасан дундуур тачигнатал жийсээр Гацуурт сууринд 17.30 цагт ирлээ. Группийн шинэ аялагч гишүүн Б.Түмэн Өлзий (145), Б.Баярмагнай (146), Н.Батзориг (147) нарт талархал дэвшүүлье. Маш сайн дугуйчин 3 залуугаар бидний эгнээ тэллээ. Мөн гишүүн С.Лувсан (121)-гийн эмээлийн шонгийн дээд суурь хугарсан ч эмээлгүй 20 гаруй км замд жийж чадсан. Шинэ гишүүн Б.Баярмагнай (147)-гын enduro дугуйны араа нь ханасан ч засмал зам дээрхи тэр их хурдыг алдалгүй "эргүүлсээр" хамт ирсэн юм. Бахархаж байна шүү, та нараар. Бид ч аялсан шиг аялсан даа.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ч.Мажигсүрэн | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3621 км |
Н.Ууганбаяр | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2426 км |
С.Энхбаатар | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1298 км |
Д.Сонинбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1277 км |