Албан ёсны давааны газарзүйн нэршилийг мэдэхгүй тул, Шарга морьтын зүүн даваа гэж байрлалаар нь нэрлэдэг. Олонтоо энэ давааны зүүн, баруун талаас өгсөж, уруудсан тул аялагч нар "Шарга морьтын даваа" гэж ярилцдаг. Залуу нас минь эргээд ирвэл, нэг жийгээд гарахсан гэж хүсдэг даваатай чиглэл.
Энэ давааны өгсүүр баруун талаасаа Жигжид зуслангийн уулзварын зүүн талд байх Сэлбийн голын гүүр (дтд 1418м)-нээс эхэлдэг. Энэ цэгээс өгсөн 7,5 км зай туулж дтд 1884 м өндөр даваа дээр гарна. Харьцангуй өндөр нь 466 м. Уулчид үүнийг өндөр авалт гэж ярьдаг. Ижил ойлголт.
Амны дундуур урсах жижиг голын хойд талын дэнж даган засмал зам тавигдсан. Аажим өгссөөр амны дээд хэсэгт байрлах бага шиг уулын урд гүдэнгээр даваж уруудан бас нэг жижиг гол гараад, давааны үндсэн өгсүүрийн замд ордог. Айлын хашаа даган гудамжаар өгсөж байгаад хоёр сална. Аль аль нь даваа руу явна. Гэхдээ хойд талын зам нь эхэндээ өгсүүр боловч аажимдаа гайгүй болсоор нэлээд дээд хэсгээр давааны дор очдог. Нөгөө зам нь төгсгөл хэсэгтээ гэнэт огцом өгсөж энэ цэгтэй огтолцоно.
Манай группийн уулын мангасууд даваа өөд жийгээд гарахыг олонтоо харсан. Замдаа дугуйнаасаа буулгүй, зуувчтайгаа мод түшин түр амарч байгаад үргэлжлүүлэн жийсээр гарах нь үндсэн техник юм. Дугуйгаа түрээд зогсолтгүй алхсаар явахад жийсэн дугуйчинтай бараг зэрэг гардаг. Хөрс нь доод хэсэгтэй их сул, чулуутай тул хүчлэхэд хий эргэнэ. Мод руугаа ороод шилмүүстэй зөөлөн зам эхлэнэ. Хойд дугуй хагарчихсан мэт "шигдэж" зулгаагаад зүтгүүлнэ шүү дээ. Маш сайхан чиглэл. Өвөл, хаврын эхэн сард цас дараад, эсвэл шавар ус урсаад явах боломжгүй. Хавар оройхон зун болон намрын улиралд явахад тохиромжтой.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Аялал Шарга морьтын зуслангийн автбусны эцсийн буудлаас эхлэв. Манан будан татсан бүрхэг нэгэн өглөө боллоо. Унадаг дугуйгаар аялдаг хүн мөн үү гэсээр гурван дугуйтай залуу хүрээд ирэв. Танилцаж нэр усаа мэдэлцээд хамтдаа Шарга морьтын амаа өгсөв. Манай баг 5 хүнтэй байв.
Бороо орсонгүй, тэгэс гээд тэнгэр бүүдийгээд зогсчихлоо. Ойн сургууль (цэлгэр хашаа бүхий нэг давхар урт хоёрын зэрэг цагаан байшин. Хуучин цагт уушигны өвчтэй хүүхдүүдийг энэ газар зун авчирч асарч сувилдаг байсан гэж хүмүүс ярьдаг) хойд талын эхний гүдэнгээ өгсөөд уруудан Модон завод (хүүхэд байхад энэ гүдэнгийн цаана байгаа зусланг тэгэж нэрлэдэг байж билээ)-ын зуслан уруудан голоо гарч дээш өгслөө. Айлууд өнгөрөөд нэг татлаа. Манай залуус ойрхон хамтдаа жийсээр байгаа нь юутай сайхан.Дээд өгсүүрт бол яалт байхгүй түрсэн. Тайван явсаар даваан дээр гарч амарч, хоол хүнсээ идээд, урд зүг рүү хяр даган Сэлхийн амны дээд хэсэг рүү чиглэх ойн замаар уруудан хурдлав. Айлын байшин тулаад, бас түүгээр хашаа барих гэж буй бололтой, нохой хуцуулан хажуухан талаар нь гарав. Дахиж энэ замаар явалтгүй юм байна гэж бодож амжлаа.
Уруудан явсаар Бэлхийн ам, Дамбадаржаа хүрсэнээр аялал амжилттай болж дууссан юм. Хүүхэд байхдаа зуслангаасаа гарч, гүдэнгээ даваж, энэ давааны жимээр алхан даваж Сэлбэ зуслан руу уруудан орж байсан бяцхан аяллын замаар ахин явсандаа их урамшиж байлаа. Тэр цаг үед ийм их айл амьтан үгүй, даваа руу зам бус жим байсан юм. Нийгэм хөгжиж, хот тэлж байна.