Группийн түүх: 2017 оны IX сарын тайлан (зураг 5)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө жаахан сунгуухан цуглаж 9.20 цагт аялал эхэллээ. Аяллын багт бидэнтэй анх удаа аялах 4 шинэ хүн байсан тул санаа зовж байлаа. Бас 2 дугуй маань downhill маягийн загвартай. Манай баг 8 хүнтэй.
Шууд л Морингийн даваа дээр эхний таталтаа хийсэн. Даваа уруудан араас туух салхинд "хийсэн" баясаж явтал "улаан" зам дээр шүлхийн хориг гээд нам зогсоов. Эргээд л салхи сөрж Сонгины гүүрээр гарч, Туул голын салааг эвдэрхий модон гүүрээр "гатлан", хаягдсан төмөр зам даган уруудсаар хүслэн болсон карьерийн доод хошууны замтай нийлэв. Тэнгэр бүрхэг, хур тунадас ороогүй л байв. Харин салхи л гаажтай нь аргагүй бидэнд "хор" хүргэж байлаа. Карьерийн замаар хальтхан жийгээд уулын ам өгсөх сунгуу өгсүүрт салхи сөрөн махийсаар засмал замтай нийлэв. Нөгөө сайхан Хүй 7 худагийн уруу энэ удаа "шарика"-дсангүй. Салхинд цохиулж бүр араагаа хөнгөлж уруудав. Манай багынхан "вагон"-дох техникт суралцаж эхэллээ. Сийгээд байсан ч гэсэн бас ч гэж хөөрхөн "вагон"-дсоор 361 гарамд 500м ойртож иртэл бас л шүлхийн хориг гээд буцаалаа.Өдрийн хоол идэх төлөвлөгөө нурж, замаас гаран алсын чигээ аван жийсээр хашааны нөмөрт сууж байгаа бүх хүнсээ хувааж идлээ. Хайртхаан амралт дээр очин сайхан хооллох хүсэл дүүрэн байв.Намхан гүвээ даваж тариан талбай бүхий Хайртхаан зүглэх төв замаа олон араас дэмжих салхинд талархан өгссөөр явж байтал, амралтын газраасаа 8.2 км доогуур хөндийд гарч ирэв. Салхи энэ удаа бидний өөдөөс байлаа. Махийтал жийсээр 15.00 цагт очлоо доо. Шинэ аялагч гишүүд маш сайн жийж байсныг онцлон дурьдах хэрэгтэй болов уу. Ялангуяа Б.Алтан Оргил, А.Батхуяг нар салхи авч багынханыгаа маш их дэмжсэн.
Их санасан газар ... гэдэг шиг Хайртхаандаа "гологдоод" хоол идэж чадсангүй, халуун цай ч үгүй, нэг нэг лааз ундаа уугаад л эргээд уруудлаа. Энэ удаа хөндийн баруун гар талыг барьсан замаар орсон нь онолоо. Тэнгэр задарч бороо орж эхлэв. Салхи эргэж бас л бидний өөдөөс үлээж байсан. Алсад харагдах баруун аймгууд руу зорих засмал зам руу шууд чиглэлгүй, Хүй 7 худаг руу жийсэн. 17.00 цагт очлоо. Бороо мөндөр, цас болж өөдөөс нүүр нүдгүй шуурч, хамаг хувцас шалба норгов. Манайхан нялайтал жийсээр Эмээлт дээр ирж халуун цай, шөл, хуушуур идэн бүтэн цаг амрав. Дугуйндаа гэрлээ хийж, бие биеэ халамжлан жийсээр 19.30 цагт хотод орж ирлээ. Аяллын нийт зам 152 км.Манай багынхан өнөөдөр үнэхээр нэр төртэй жийсэн шүү. Та нартаа болон өнөөдрийн аяллын замыг хэмжсэн А.Батхуяг (130 Merida), шинэ аялагч гишүүн Х.Бэрхбилэг (112), Б.Насанбат (113), П.Очирбат (114) нарт талархал илэрхийлье.