Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт Өлгий голын хөндий өгсөн Итэм, Нэмэхийн даваа даван Нэмэх, Чулуутын голын бэлчирийг гүүрээр гарч Хэнтий нурууны хойд хэсгээс мод огтлон үйлдвэрлэл явуулах зорилгоор төрөөс мод тээвэрлэх автомашины замыг зассан түүхтэй. Энэ "хаягдсан" замаар аялагч нар өвлийн улиралд автомашинаар явж Тогоо хэмээх газраар даван Естий рашаан зорьдог билээ.
Энэ чиглэлээр унадаг дугуйн аялал хийхийг манай групп мөрөөдөж байсан. Тиймээс энэ замын байдлыг тандах зорилгоор судалгааны аяллыг автомашин (унадаг дугуйгаа ачаад)-тай хийсэн юм.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Юуны өмнө, аяллын санхүүгийн зардлыг гарган, өөрийн автомашинаар дэмжлэг үзүүлэн хамтдаа аялсан группийн админ Ч.Мажигсүрэн, Э.Уянга нартаа халуун талархал илэрхийлье.
Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, намрын шар нар ээсэн өдрүүдэд энэ аялал явагдсан. Өглөө эрт Гүнтийн даваа даван Батсүмбэр сумын төвд ирлээ. Цааш явж багахан толгой дээр бууж өглөөний цайгаа ууж амарлаа.Шинэ булгийн даваа даваж Хараа гол руу уруудан гол дагасан замаар Шатанг өртөө өнгөрч Өлгий гол туулан гарч үндсэн замдаа орлоо. Уулын бэл, голын дэнж татам эмжин өгсөх зурайсан замаар бидний автомашин итгэлтэй урагшилна. Байгалийн үзэмжийн хувьд маш сайхан хангай байлаа. Уулын ам бүрээс буух горхи, жижиг гол дээгүүр барьсан хуучны гуалин (дүнзэн) гүүрнүүд их эвдэрсэн байлаа. Итэмийн даваа давлаа. Уулын бэлийн замаар явж байхад тэр дор Нэмэхийн гол харагдана. Нэмэхийн даваа даваж уруудан явсаар Нэмэх, Чулуутын голын бэлчир дээр ирэв. Хуучны том модон гүүр байсан боловч ойн түймэрт шатаад, одоо хэдэн тулгуурын овоолсон шороо голын голдрилд үлдсэн харагдана. Энд орон нутгийн байгаль хамгаалагч нартай таарав. Хэрэг зоригоо хэлж уулзав. Та нар цаашаа Тогоо руу ганц автомашинтай явж болохгүй. Шавар ус ихтэй аглаг газар. Ер нь энэ хэсэг бол Естий рашааны тойрог хаяа нутаг шүү дээ гэж хэлэв. Голын бэлчирийг автомашинтайгаа туулаад гарчихав. Энд отоглож хоноод маргааш өглөө ирсэн замаараа буцахаар шийдэв. Автомашины ачаан дээр унадаг дугуйгаа ачиж байхдаа, урд хойд дугуйг нь салгасан билээ. Гэтэл замын сэгсрээнд урд, хойд дугуйны сүмбэн гол суларч хамаг эрэг боолт автмашины дээвэр дээгүүр өнхөрөх чимээгээр бид зогслоо. Хэд хэдэн боолт, бул зэргийг олсон ч гэсэн зарим нь хаягджээ. Ийнхүү унадаг дугуйг автомашинд ачиж сураагүй байсанаа мэдсэн нь нэг сургамж болон үлдсэн.Энэ чиглэлийн замд илэрхий шавар ус үгүй бөгөөд унадаг дугуйтай аялахад намрын энэ цагт тун боломжийн санагдаж байлаа. Хоногийн аялал хийхэд тун боломжийн зам олчихлоо гэж бодож явсан.