Намрын сард унадаг дугуй сонирхогчдын хүрээнд зохион байгуулах нэгэн шинэ аяллыг "Мерида" унадаг дугуйн клубийн удирдах зөвлөл (захирал, дугуйчин Р.Хадбаатар)-өөс санаачлан хийхээр шийдсэн юм. Юуны өмнө аяллын чиглэлийг төлөвлөн гаргаж, уг чиглэлээр хамтдаа автомашинаар явж үзэв. Бүртгэлийн цэгүүд байгуулах газар, замын саадыг хэрхэн туулах болон өдрийн хоолны асуудлыг шийдсэн. Оролцогч нараас тодорхой замын хураамж авахаар болов. Бэлтгэл ажил үнэхээр нүсэр байлаа. Гадаадаас (өмнөд Солонгос) групп дугуйчид хүртэл ирж оролцох боллоо. Ийнхүү "Унадаг дугуйн фестиваль" нэртэй аялал зохиогдсон юм.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Манай групп энэ аялалд оролцохоор идэвхитэй бэлтгэж эхэллээ. Хэдийгээр агуулга нь аялал боловч хүн гэдэг амьтны бусадтай өрсөлдөх гэсэн хүсэл, хүчтэй тэмүүллэлийн дуршилыг яалтай билээ. Аяллын замд уралдах багийг Мажигаа маань ахалж, аяллын горимыг баримтлан жийх нөгөө багыг миний бие ахлахаар боллоо. Олон нийтийг хамарсан бүртгэл Хөвсгөл зочид буудлын мэдээллийн заланд зохион байгуулагдав. Оролцогч нартай гэрээ байгуулж, аяллын замын чиглэлийг мэдээллийн танхимын дэлгэц дээр танилцуулж, хүн бүрт хувийн дугаар өгч бүртгэн, багийн ахлагч нэг бүртэй уулзаж ярилцав. Энэ аяллын ерөнхий ахлагчийн үүргийг давхар хүлээсэн тул өөрийгөө ч аялалд бэлтгэх заваар тун хомс хэдэн өдөр өнгөрсөн юм.
Хүсэн хүлээсэн аяллын өдөр болж, Сүхбаатарын талбай дээр алтан шаргал хантаазаар ижилссэн оролцогч нар цугларч байлаа. Аяллын зохион байгуулалтын ажилтан нар хөх хантааз өмсөн, өөр өөрийн багтайгаа нэгдэн аяллын замд жийх бас ажлаа хийх давхар зорилготой оролцсон юм. Төрийн дууллаа бүгд хамтдаа сонсож дуулаад, дурсгалын зураг татуулаад 7.00 цагт аялал гараанаасаа гарав. Аяллын дүрэм ёсоор Гацууртын уулзвар хүртэл бие халаалтын журмаар 11 орчим км замыг толгойн дугуйчин хөтөлж явах учиртай
.
Урд гарсан баахан дугуйчдын араас өөрийн хэмнэлээ барин нэгэн жигд эргүүлж явахуй дор хажууд манай багынхан хоёр нэгээрээ цуглан ирлээ. Урд яваа өөр багын дугуйчны жийлтийг мэдэхгүй тул нураа үүсэхээс болгоомжлон салхинд нь суулгүй хажуугаар нь гүйцэж түрүүлнэ. Бидний хажуугаар ч бас дугуйчид гүйцэн одно. Ийнхүү яах ийхийн зуургүй Монгол шилтгээний талбайд байрлах бүртгэлийн цэг дээр хүрээд ирлээ. Энд харин багууд бүртгүүлэх гэж хөөрхөн оволзоон боллоо. Дараагийн аялалд бүртгэлийг ингэж зохион байгуулж болохгүй юм байна гэсэн "шинэ санаа" төрж байлаа.