Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Гайхалтай жийлт боллоо. Группийн аялагч гишүүдийн бие бялдарын хөгжил, ачаалал даах тэсвэр, жийлтийн хэмнэл зэрэг нь үнэхээр шат ахин дээшилснийг гэрчлэх мартагдашгүй сайхан аялал болов.
Өглөө 8.20 цагаас 6 буудлаас 23 хүний бүрэлдхүүнтэй хөдөлж жийсээр 9.50 цагт Майхан толгойн хойд талын товлосон даваа (бид Дугуйчдын даваа гэж дотроо нэрлэдэг) дээр гарчихлаа. Багт уулын дугуй, замын дугуй, down hill төрлийн дугуйтай аялагч нар байлаа. Тайлбар: Товлосон замаас хэтрүүлж цааш жийхийг "халуурах" гэнэ. Дурсгалын зургаа авахуулаад цааш 20 аялагч үргэлжлүүлэн жийж "халуурах"-аар болов. Даваагаа уруудаад down hill-тэнгүүдийг Толгойтын даваа руу үдэж өгөөд, засмалаа даган 17 дугуйчин жирийтэл жийлээ. Группийн ганц охин Э.Уянга маань замын дугуйтай тул дүүгээ хэрхэн ганцаар нь үлдээх билээ. Хамтдаа л бүгд санал нэгтээ тойруу замыг сонгосон. Өдрийн хоолыг 361 гарам дээр идэв. Салхи өмнөд, баруун өмнөдөөс салхилж, шивэрээ бороонд нэвт норж, замын шавар усаар "ундалж", нүүр хувцасаа гоёомсогоор "будаж гангарсаар" УБ хотод 15.40 цагт ирж аялал маш амжилттай дууслаа. Аяллын зай 111 км. Шинэ аялагч гишүүд маань үнэхээр сайн зүтгэж, тэсвэр зааж залуу насны бяр тэнхээг харуулсан билээ. Аялагч гишүүн болж хувийн дугаар авсан Л.Батбаяр (109), Э.Намсрай (110), Б.Мөнх Од (111) нарт баяр хүргье.Аяллын түүх мөнхлөн, давтагдашгүй агшинг буулгагч Ч.Мажигсүрэн (036), найдвартай нөхөр, бат цоожлогч Г.Манлай (034) нартаа ч талархал илэрхийлье.