Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ удаагийн аяллын тэмдэглэлийг арай өөр өнцөгөөс дүгнэн харж бичихийг бодлоо. Олон аялал бид хийжээ. Аялал бүр өөрийн онцлогтой байдаг ч эхлэл, өрнөл, төгсгөл хэмээх агуулгад багтан түүх болон бидний сэтгэлд дурсамж болон үлддэг билээ. Тэгвэл аялал хэрхэн бий болж, үл үзэгдэх хэдэн гарыг дамжин аялагч гишүүдэд үйлчилж байдаг юм бэ?
Группийн дотоод ажил, аливаа арга хэмжээний менежментийг өөрийн биеэр амжуулан, дараа дараагийн аяллын хаалгыг нээж өгдөг гишүүн Ч.Мажигсүрэн (036), аяллын түүх бүтээж зураг авна, хэн хэрхэн явж байгааг ажиглан санаа чилээнэ. Энэ гишүүнийхээ зургийг өөрийн группийн архив-аас хайгаад би бараг олж чадаагүй шүү.
Аяллын цувааны сүүл барьж хэнийг ч орхилгүй цоожлон жийдэг Г.Манлай (034), энэ хүний өөрийн тааваар жийж байгааг бид ховорхон л харсан даа. Олон ч хүний унадаг дугуйнд сайн дураараа механик хийдэг. Цааргалж байхыг нь лав хараагүй.Аяллын үед тохиолдох ямар ч асуудал (салхи авах, бусдад туслах, дугуй нөхөх, зам гаргах ... г.м. маш олон)-ыг шийдэхэд сайн дураараа оролцоход хэзээд бэлэн байдаг Ц.Гантулга (005), Э.Ижилмөрөн (013) тэргүүтэй манай маш олон залуу гишүүд, тэднээс хүсэхэд л болно, за гээд л зүтгэдэг юм.
Аяллын замын хамгийн тохилог буудал болдог гишүүн Д.Мөнхнаст (088) болон түүний гэргий Тунгалаг нарын гэр , халамж, хоол цай ... гээд л маш олон аялагч гишүүдийн сайхан сэтгэл, зүтгэлийн ачаар бид аялдаг юм.Аялагч гишүүн та нарын нэг нэгнээ хүндлэх, аливаад хүлээцтэй байх, харилцаа нь хүртэл хүнлэг, хүндэтгэлтэй байдаг билээ. Энэ бол манай группийн юугаар ч сольшгүй үнэт чанар юм шүү.
Аяллын нийт зам 141 км байлаа. Шиврээ бороотой, бүрхэг тэнгэрийн дор нэг голоо маш олон гаталсан (12 удаа) онцлогтой аялал болов. Аяллын замд Р.Эрдэнэчимэг ахлагчтай дайчин бүсгүйчүүд (5 эмэгтэй 1 эрэгтэй) бүхий Go green баг бидэнтэй хамт ханьсаад Тэрэлжээс буцсан. Манай багийн 16 гишүүнээс 12 хүн замаа дуусгаж 10%-ийн нэмэгдэл 14 км "авсан". Бид УБ хотод 23.20 цагт ирсэн. Шинээр гишүүн болж аялсан А.Бат Эрдэнэ (107) 95 км, Ц.Тулга (108) 21 км (дугуй нь эвдэрсэн) жийлээ.Налайхын замаар хот руу жийж байхад, өөрийгөө бус өрөөлийг хамгаалан түнэр харанхуй дундуур итгэлтэй урагшлах бидний цуваа. Хүн бүхний дотор манайхан зүгээр байгаа даа гэсэн битүүхэн түгшүүр, нэг нэгнээ хамгаалан нүх, чулуу гэж сануулах халамжит "хашгираан" ... гээд л үйлдэл бүр нь баг хамт олноо гэсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл байдаг тул бидний хамтын аялал амжилттай дуусдаг билээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Гантулга | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1370 км |