"УУДАГ" ХЭРХЭН АНХНЫ АЛХАМАА ХИЙСЭН ТУХАЙ
Аливаа зүйлийг өөрийн биеэр харж, барьж, үзэж, мэдэрч, туулж, даван гарах хүсэл нь хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулах энгийн "үл харагдах" түлхэх хүч болдог болов уу. Аяллын түүхийн балархай хуудсанд хэн ч хийж байгаагүйг бүтээж, нээж байгаагүй зүйлсийг анхлан олсон нэр зүс нь үл мэдэгдэх "даруухан" аялагч нар хэдэн зуугаараа мартагдсан гэдэгт би бээр бат итгэдэг билээ. Газарзүй хэмээх байгалийн ухааныг мөхөс гадарлах болсон цагаас аливаа үзэгдэл (байгаль болон нийгмийн)-ийн учир шалтгаан, далд хүчин зүйлийг сонирхон гаргалгаа хийдэг зуршил минь энэ аялалд хөтөлсөнийг бүүр сүүлд хотод ирсэний дараа ойлгосон.
Манай баг Хөвсгөл нуурыг унадаг дугуйгаар бүтэн тойрч чадсан юм. Ингээд ... Хөвсгөл нуур тойрсон тухайгаа та "яриач" гэсэн залуу гишүүдийн хүсэлтээр ... эхэлье дээ.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хатгалд биднийг ая тухтай амраан хонуулсан гэрийн эзэн Цэрэндорж эмчид талархал илэрхийлэн, 9.00 цагт аялал эхлэв. Хатгалын баруун хойд талын уулын бэлийг урдуур нь ороож, Өлхөн сайр дагасан төв шороон замтай нийллээ. Бие аажмаар халж байгалийн байдал, орчны амар амгаланд уусан жийж байтал нэг гишүүн маань айлд хутгаа мартсан гээд буцаад Хатгал руу жийчихлээ. Хүлээлээ, ирлээ, цааш жийлээ.
Тахиралдсан замаар уруудсаар Хөвсгөл нуурын эрэг рүү орох агшинаа багширалдсан хүмүүсийн чимээ шуугиан хадан, автомашины хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Нуурын эрэг дээр хүмүүс тарвалзаж, майхан гэр олширч, усны мандал дээр моторт завь нааш цааш хөвөн сүлжилдэнэ.
Оройн хоолоо хамтран хийж идээд, майхандаа унтлаа. Анхны шөнө намуухан байлаа. Маргааш наадам эхлэнэ.
ХОЁР ДАХЬ ӨДӨР, 7 САР 11 ӨДӨР
Тэнгэр цэлмэг, тогтуун өглөө болов. Ачаалаад 9.00 цагт нуурын эрэг дагасан тодхон замаар ой модон дундуур жийлээ. Замд шавар дахиад л таарна. Нэг гишүүн маань бүр шавар дунд пүлхийтэл унасан нь харамсалтай. Аяллын замыг миний бие авч, араас Гантулга, Мааний хоёр хамтдаа явж, сүүлэнд Билгүүн гэсэн дараалал баримтлан аялаж байлаа. Угийн чийрэг Гантулга залуугийн бяр, хүчийг нөөх (ямар нэг зүйл тохиолдвол Гантулга хүү л эргэж, буцаж явна шүү дээ гэж дотроо төлөвлөөд) зорилгоор ганц эмэгтэйгээ даатган өгсөн юм. Энэ залуугийн хүч, бяр хадгалагдах учиртай, ашиглах цаг ирэх ч юм бил үү гэх мэтээр аяллын замд тэр тусмаа ийм аглаг байгальд явахад аяллын ахлагч хүнд бодогдох, төлөвлөх, хаширлах зүйл даанч их байдаг.
Хар усны рашаан өнгөрөөд баавгай харсан шүү. Би нөгөө хэдээсээ тасраад нилээд зайтай явж байгаад уужимхан амны зам дээр амарч байтал уулын налуугийн ой модны цоорхойд хөдлөх хар юмыг гэнэт харав. Зай нь 600-500 м орчим л байх. Баавгай гэдгийг шууд л таасан. Хоёр хөл дээрээ босдоггүй юм билээ. Мод руу ороод алга болсон. Зарим модны орой хөдлөх ч шиг, явж буй зүгийг нь харвал манай хэд рүү чиглэх ч шиг. Айгаад холбоогоороо дуудсан чинь ... Мааний юу вэ, энд дугуй засаж байнаа гэж чанга хэлэхэд нь ... баавгай харлаа, та нарыг чиглэсэн шүү... чимээгүй байгаарай гэсэн чинь ... нам гүм болсон.
Маргааш дөмбөн эхлэнэ. Хамарын даваа гэж нэрлэгдэх өгсүүрийг хараад их л сүрдэж, маргааш ингэж, тэгэж өгсөнө шүү гэж хоорондоо ярилцаж, хирэндээ л тактик боловсруулж билээ.
МАНАЙ БАГ
Энэ үед манай групп нийт 6 аялагч гишүүнтэй байлаа. Эдгээрийн 4 гишүүн нь энэхүү аялалд оролцсон юм.
Т.БЭЛГҮҮН (003), Идэр насны зориг тэмүүлэлээр дүүрэн, биеэ даасан, өндөр нуруутай, ааш зангийн хувьд "хурц огцом" талдаа, унадаг дугуйгаар аялах дуртай, боловсрол сайтай Франц хэлний орчуулагч мэргэжилтэй. Энэ аяллаас өмнө надтай хамт Түнхэл- Зүүнхараа чиглэлийн экспресс аялал, Духын давааны "нөгөө" төөрдөг аялалд оролцсон туршлагатай. Аяллын хоол, хүнсний асуудал хариуцсан. Мөн чиглэл тодорхойлдог GPS бүхий сайн цагтай. Бид танилцаад сар орчим л болж байсан. Аялалд Trek загварын дугуйтай жийсэн.
У.БАЯРХАНД (004), Манай багийн ганц эмэгтэй. Танилцаад 7 хоносон. Залуу дугуйчин клубын аяллыг зохион байгуулдаг, мундаг дугуйчин бүсгүй. Мааний гэдэг нэрээр нь дугуйчид андахгүй мэднэ. Цайлган цагаан сэтгэлтэй, романтик бодолтой, аяллын идэвхижүүлэлт болж бусад нөхдөө манлайлан оролцсон. Хүнд хэцүү үед, зүгээрээ сайхан байна, зүтгээд байнаа хө гээд л инээд алдан биднийг уриалдаг. Энэ бүсгүй яах бол доо гэсэн эргэлзэнгүй бодлыг минь үтэр баллуурдан аяллын замыг нэр төртэй дуусгасан. Аялалд Cannondale Trail 4 загварын дугуйтай жийсэн.
Ц.ГАНТУЛГА (005), Аяллын багийн отгон гишүүн. Танилцаад 3 хонолгүй л надтай аялалд явсан. Аялалд шинэ Cannondale Trail 2 загварын дугуйтай оролцсон. Өөрийн бодолтой, хараваас бие чийрэг, зоримог харцтай. Хээр хөдөө аялах туршлагатай гэдэг нь анхны үдлэлт дээрээс шууд харагдаж байв. Ярихаасаа өмнө боддог, үйлдэл хийхээсээ өмнө төлөвлөдөг чанар нь надад маш их таалагдсан. Баргийн хүн ийм байдаггүй юм. Аяллын гал тогоо, отог хариуцан үүргээ хариуцлагатай биелүүлсэн. Мөн унадаг дугуйны туршлагатай механик гэдгийг яваандаа мэдсэн. Аяллын багийн гол багана болж миний гаргах шийдвэрт туслан, хамтдаа ярилцаж төлөвлөгөө боловсруулж байлаа. Даваа, өгсүүрийг "хашраадаг" манай ганц тэргүүлэх дугуйчин даа.
ГУРАВ ДАХЬ ӨДӨР, 7 САР 12 ӨДӨР
Маргааш яах бол гэж догдолсоор шөнө хэдхэн цаг л нам унтжээ. Өглөө эрт босон цайгаа уулаа. Хүнд ачаануудаа үүргэвчиндээ хийгээд үүрэх, дугуйгаа хөнгөлөх арга хэмжээ авлаа. Энэ бидний боловсруулсан нэг тактик байлаа. Мааний маань та хоёр өгсөж бай, би араас чинь чадахаараа дагья гэлээ. Гантулга бид 2 даваа дээр гараад буцаж Маанийгийн дугуйг авья гэж төлөвлөсөн байлаа. Билгүүн ачаагаа цуглуулаад отог дээрээс хоцросхийн хөдлөв.
Цааш давааны гол нуруу даган өгссөөр багахан шиг хадтай хяр даваад уруудан, дахин өгсөж үндсэн хяр дээр гарч ирэв. Бэлээр нь хэжин уруудаж айлын өвөлжөөний дээгүүр өнгөрөөд дахин өгсөн уулын таг дээр гарав. Таг дээгүүр явсаар өвөлжөө бүхий багахан ам руу уруудан орлоо. Зүүн тийш нуурын эрэг дагуу харахад 20 орчим метр өндөр хясаа нуур руу түрж орсон байв. Хойд талын өвөлжөөнөөс зугуухан өгссөөр анхны шахаа (дөмбөн) дээгүүр саадгүй гарлаа. Барагцаалбал 200 метр орчим урттай байв. Нуур тэр дор харагдана.
Зам дээр хөндөлсөх унасан мод ихсээд ирлээ. Хачимын гол загас элбэгтэй. Шумуул бол байсаан. Гантулга бид хагас цагийн дотор хоёр хайруус (хадран) загас барьлаа. Оройн хоолондоо хачирлана даа. Голоо гарч хойд эрэг дээр отоглов. Энэ аманд айлын өвөлжөө ихтэй. Энэ өдөр 12 км зам тууллаа.
ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР, 7 САР 13 ӨДӨР
Хамгийн хүнд аяллын замтай бэрх өдөр байлаа. Морин жим бүдгэрч зарим газар унасан модны холтосны шалбархай, өвсний үл ялиг шарласан ул мөр, налсан налууг нь ажиглах хэрэгтэй. Жимгүй газраар явбал андаш үгүй зулзган мод саад болно, эсвэл даваж гарахын аргагүй унагинууд хөндөлсөөд ирнэ. Унадаг дугуй унана гэсэн ойлголт үгүй болсон тул бүгд дөрөөгөө салгаж авлаа. Дөрөө нь хөл цохихоос гадна замын саад хожуул, модны мөчирт гацаад маш их хүч алдуулж байсан. Ачаатай дугуйны хүндийн төв хойш шилжсэн тул өргөхөд цоройх, тэнцвэр алдуулах, хамаг хүч шавхах тул хойд голын харалдаа ачааны тулгуураас өргөж унанги гарна. Сүүлдээ унанги дээр суугаад өөр дээрээ давуулах маягийн техник хүртэл хэрэглэж үзлээ. Хамгийн "зэвүүн" нь яг цээжний өндөртэй тэнцүү хэмжээнд хөндөлсөн унасан мод байлаа. Дээгүүр нь гарах аргагүй, доогуур нь шургаад дугуйгаа хэвтүүлээд чирнэ дээ. Ийм модыг "уран нугараач" гэж нэрлээд бид нар "нугараад" л гарч байлаа.
Мааний бүсгүй хоцорсонгүй, Гантулга бид 2-той хамт чүү гээд л зүтгээд байлаа. Харин Бэлгүүн хоцорч эхлэв. Ар талд уухилан амьсгаадах чимээ гарч байснаа аажмаар бүдгэрч, хуурай мөчир хугарах чимээ гарч алсарч байсанаа дахиад л чимээ тасрана. Явж байна уу, ойрхон байгаарай гэж хашгиртал явж байнаа гэсэн дуу тээр хол сонсогдох нь сэтгэл зовооно. Нэг удаа бүүр алс дуу нь гарахаар нь би буцаж алхав. 250 орчим метр газрыг бүтэн цаг туулж байв. Очлоо, дугуйг нь авлаа, араас алхаад ир гэв. Их л сульдаж, харц нь доош чиглэнэ. Зүгээр үү гэтэл муухан дуугарах аядав. Явна шүү хө, тун удахгүй дээ гэтэл та нар явж бай гэлээ. Ингэж бас сэтгэл санааны гацаанд орчихлоо. Бороо ч ороод эхлэв. Зүтгэж явсаар Дүбэрлэг голын аманд ирэв. Уужим биш мухар ам байлаа. Дүбэрлэг гол нь нуурын түрлэгээр үүссэн хурдасанд боогдож, бяцхан цөөрөм үүсгэжээ. Хайрга дээгүүр дугуйгаа түрэн шигдэн алхаж байхдаа энэ хурдас битгий л дуусчихаасай гэж залбирч явав. Ашгүй дууссангүй цаад талын дөмбөнгийн бэлд ирлээ. Үдийн хоолоо хийж идэв.
Бэлгүүн дахин бүүр алс хоцорчихов. Би буцаж бараг хагас км алхлаа. Аваад ирлээ. Дахин хоцров, араас дуудах шиг. Дугуйгаа орхиод очсон чинь модны дор суучихсан, хөдлөх янз үгүй байв. Явах уу гээд дугуйг нь автал, хэрэггүй ах минь, би үлдлээ, та нар яв, ер нь би ганцаараа цааш аялна гээд намайг сандраалаа. Нас биенд хүрсэн хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай хүнд би юу хэлэх билээ, тэмдэглэлийн дэвтэр дээр багаас гарах өргөдөлийг нь бичүүллээ. Бороо шивэрсээр...
ТАВ ДАХЬ ӨДӨР, 7 САР 14 ӨДӨР
Бороо зогсжээ. Өглөө 7.40 цагт босов. Тэнгэр бага зэргийн үүлтэй, өчигдрийн бороогоо мартаад урагшил гэх шиг нар үүлнээс цухуйж эхлэв. Цайгаа чаналаа, нойтон хувцаснуудаа хатаав. Бэлгүүн ашгүй бидэн дээр ирлээ. Жаахан доохно хоносон гэнэ. Ж мобайл-ийн утсаар эхнэртэй нь яриуллаа. Надад санаа зоволтгүй, та 3 явж бай, би араас чинь явна. Энд хагас өдөр амарна гэв. Хоол хүнсээ хувиарлаж, хувааж авлаа. Аялалд нь амжилт хүсээд бид 3 хөдөллөө.
ЗУРГАА ДАХЬ ӨДӨР, 7 САР 15 ӨДӨР
Маш сайхан амарлаа. Ухнаа гуайнх хүүгийнхээ хамт энд зусаж байлаа. Гэрийн эзэгтэйтэй өглөө хууч хөөрлөө. Энэ газар 20 орчим жил амьдарч байна, нуурыг явган ганц нэгээрээ, гурав дөрвөөрөө олон л хүн тойрдог юм. Манай гэрээр ороод л гарна. Бид зам мөрийг нь чиглүүлээд л өгдөг. Голдуу гадаадын хүмүүс явган тойрдог. Нутгийнхан хааяадаа морьтой л нуурын баруун талаар явдаг. Би бол явж үзээгүй. Харин та 3 шиг ийм унадаг дугуй түрээд баруун талын замыг туулаад гараад ирсэн хүмүүстэй анх удаа л тааралдаж байна гэж билээ. Энэ хооронд Гантулга түлээ хагалж, Мааний гэрийн ажилд нь туслаж хагас өдөр тааваараа тухлав. Өдрийн хоол идээд 14.00 цагт аяллын зам үргэлжлэв.
Ийнхүү сайхан амарч, хүчээ сэлбэсэн манай багынхан Ходон, Бэрх шавар 1, Бэрх шавар 2-ыг туулан гарч, Мунгарагын талаар сүнгэнэн Мунгараг гол, Шургийн гол, Тохмиг гол, Хонгор Бөөшийн гол гаталж Олон нуурын хөндийгөөр өгсөж уруудан Хороо баг дээр ирлээ.
Оройн 21.00 цагт Хөвсгөл нуурын хойд эрэгт байрлах "Долоон уул" жуулчны бааз-д очиж, гэр авч хонолоо. ОХУ-аас жуулчид их ирдэг юм билээ. Нэг орос эхнэр бидэнд уут дүүрэн чихэр, жимс, печенье өгсөн шүү. Зөөлөн орон дээр жаргалтай бас нам унтсан. Өнөөдөр бид хагас өдөрт 46 км жийжээ.
ДОЛОО ДАХЬ ӨДӨР, 7 САР 16 ӨДӨР
"Долоон уул" жуулчны баазын менежер Оюунчимэг таньд дахин талархал илэрхийлье. Ханаталаа унтаад сэрлээ. Сайхан өдөр болов. Өглөө бааазаас гараад би буруу замаар багаа хөтөлчихсөн. Дөтийг харлаа гэсэн цул элс, шавар руу ороод дугуйгаа түрсээр замтай нийлэв. Энд Дүнгэнэтэл жийсээр Жаргалантын гол, Баянгийн гол гаталж Хавцалын даваа 1816 м руу өгслөө. Даваа уруудан сүнгэнэж байтал миний ачааны баруун тулгуур хугарч унав. Гантулга маань ахин нам засав. Мааний маань түрүүлээд явчихсан тээр урд нэг хүнтэй уулзаж байв. Тэр хүн бидэнд дөт зам зааж өгч Ханх суурин руу уруудаад үд дунд орлоо.
Зөвшөөрөлийн бичгээ үзүүлээд заставт бүртгүүлэв. Та нар чинь 4-үүлээ гарсан юм байна шүү дээ, нэг нь яачихав гэж асууж байна. Араас ирнээ, нэг өдрийн хойно яваа байх, замдаа үлдсэн юм гэв. Яасан? Шантарч няцсан уу? гэж асуусанаа, ер нь энд тэр хүнийг бид саатуулаад шалгах нь заставын үүрэг шүү дээ, хил орчмын бүсэд багаасаа салж хоцроод юу ч хийж яваа юм билээ гэж байна шүү. Байдал бишдээд явчихлаа. Огт ийм зүйл бүү хийгээрэй, гэмгүй залуу, унадаг дугуйгаар аялаж байгаа юм шүү дээ, аяллын замд ийм зүйл тохиолдож болно гэдгийг хилчид та нар миь ойлгоорой гэж учирлалаа. Тэд жаал инээлдэж байгаад энэхүү албан бус яриа дуусав. Биднийг машинд суу, даваа хүртэл гаргаж өгье гэлээ. Суухгүй ээ, дагаад жийчихнэ гэтэл, та ч тэгнэ л дээ гээд урд ороод Ханх суурингаас гарах зам руу давхилаа. Өнөө орой та нар Шогнуул голын тэнд зусаж буй айлд очиж хоноорой. Би утсаар ярьчихсан байгаа гэж хэлээд сайн явахыг ерөөн биднийг үдэж хоцров.
Цаг 18.30 болж байлаа. Аяллын зам үргэлжлэн Ханх голыг модон гүүрээр гарч Шаварт нуурын зүүн хойд замаар үргэлжлэн Цагаан хужир гол, Тойн голыг гатлаад 1730 м өндөр Ширдэгийн даваа руу өгслөө. Даваа уруудан Таанын гол гаталж Туруугын хөндийн даваа 1803 м өөд өгсөв. Давааны зам нь огцом бус зугуухан цагаан өгсүүр. Мааний бүр надад гүйцэгдэхгүй жавхаатай жийж ёстой л онгод нь орсон гэмээр байв. Давааны орой нь бөмбөгөр тэгшивтэр. Даваа уруудан Турагийн гол гаталж Тураг Шогнуулын даваа 1807 м руу өгслөө.
Гантулгын очсон айлаас дээш Шогнуул голоо өгсөн 3 орчим км жийгээд Алтанхуяг хэмээх айлд шөнийн 23 цагт очиж хоол хийлгэн, сайхан амарч билээ. Бид 3 энэ өдөр 59 км зам туулжээ.
НАЙМ ДАХЬ ӨДӨР, 7 САР 17 ӨДӨР
Гэрийн эзэгтэйд талархал илэрхийлэн Шогнуулын голоос 9.00 цагт хөдлөн тааваараа Өлзий Хаш (Ноёны даваа гэж бас нэрлэдэг)-ийн 1914 м даваа руу жийж байлаа. Залхуу ч хүрэх шиг бие хөшилдөөд нэг л явахгүй мэт санагдаж байв. Удалгүй бие халж дахин дуртай ажилдаа ханцуй шамлан орох мэт шамдуухан жийцгээв. Даваа уруудан Ноёны голын хөндий рүү орлоо. Энэ хэсэг газар яг нуурын эрэгт ойрхон замтай ба бага зэрэг элсэрхэг хөрстэй.
Жуулчны автомашинууд зөрж эхлэв. Удалгүй Сэвсүүлийн гол ороод ирэв.
ЕС ДЭХЬ ӨДӨР, 7 САР 18 ӨДӨР
Уулын дугуйн аялал нэртэй бяцхан группийн цуцалыг цогшуулан түүдэг болгоход Хөвсгөл нуурыг тойрсон аялал үнэлж баршгүй ач холбогдолтой болсон билээ. Хүн хүнээ ойлгох, хүн хүндээ итгэж зорьсон зорилгодоо хүрч чаддаг гэдгийг энэ аялал баталсан. Нэрийг нь хүртэл сайн тогтоолгүй, танилцаад долоо ч хоноогүй мөртлөө нэгэн зорилгын дор нэгдсэн "танихгүй" хүмүүс ИТГЭЛ хэмээх сэтгэлийн холбоосоор гагнагдан хүнд бэрх алсын аялалд нөхөрлөн хүний мөн чанар, дотоод сэтгэлийн нандин холбоосоор холбогдож чадсан нь аялал амжилттай дуусах, бүх хүн гэртээ эрүүл энх харихын үндэс болсон юм.
Манай баг Хөвсгөл нуурыг 9 өдөр, 8 шөнө явж тойрлоо. Аяллын замыг 371 км (Google map)-ээр тооцогдов. Аяллын сүүлийн 2 өдөр нийт замынхаа 40%-ийг туулсан гэдэг баримт надад тод үлдсэн. Эндээс харахад үлдсэн 60% нь саад бартаа ихтэй, "санаснаараа" жийж болдоггүй "зам" байсан нь тодорхой болно.
ТӨГСГӨЛИЙН ҮГ
Унадаг дугуйн аяллын түүхийн товчоон (ном) одоогоор хараахан нийтэд түгээгүй байна. Маш олон аялал болсон нь мэдээж боловч тэр бүрийн тэмдэглэл, холбогдох зураг баримт бүдгэрч, олны ам дамжсан домог мэт яриа л үлдэж дээ. Энэ аяллыг анхдагч гэж "тунхаглах" зүрх надад алга, анхнаасаа ийм "алдрын төлөө" энэ аялал зохиогдоогүй юм. Миний сонсож мэдсэн унадаг дугуйн аяллын өнгөрсөн түүхийн мэдээлэлд Хөвсгөл нуурыг унадаг дугуйгаар тойрсон аяллын "файл" байдаггүй. Хэрэв бид "анхдагч" нь болсон бол (үүнийг зөвхөн унадаг дугуй өөрөө л мэдэх байх) Хөөх ... гэсэн энгийн үгээр энэхүү тэмдэглэлээ төгсгөе дөө. ЗҮГЭЭР Л ЖИЙ.