Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #1 - ХӨВСГӨЛ НУУР ТОЙРСОН НЬ 2016

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/5
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
372 км
Давааны тоо
14
Өндөр авалт
4883 м
Өндөр алдалт
-4861 м
Их өгсөлт
18.1 %
Их уруудалт
-28.5 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2016 оны 7 сарын 10 Ням гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хөвсгөл аймаг, Хатгал суурин
Цуглах цэгийн солбицол
50.446083, 100.161861
50°26'45.9"N, 100°9'42.7"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

"УУДАГ" ХЭРХЭН АНХНЫ АЛХАМАА ХИЙСЭН ТУХАЙ

Аливаа зүйлийг өөрийн биеэр харж, барьж, үзэж, мэдэрч, туулж, даван гарах хүсэл нь хүн төрөлхтний хөгжлийг урагшлуулах энгийн "үл харагдах" түлхэх хүч болдог болов уу. Аяллын түүхийн балархай хуудсанд хэн ч хийж байгаагүйг бүтээж, нээж байгаагүй зүйлсийг анхлан олсон нэр зүс нь үл мэдэгдэх "даруухан" аялагч нар хэдэн зуугаараа мартагдсан гэдэгт би бээр бат итгэдэг билээ. Газарзүй хэмээх байгалийн ухааныг мөхөс гадарлах болсон цагаас аливаа үзэгдэл (байгаль болон нийгмийн)-ийн учир шалтгаан, далд хүчин зүйлийг сонирхон гаргалгаа хийдэг зуршил минь энэ аялалд хөтөлсөнийг бүүр сүүлд хотод ирсэний дараа ойлгосон.

Манай баг Хөвсгөл нуурыг унадаг дугуйгаар бүтэн тойрч чадсан юм. Ингээд ... Хөвсгөл нуур тойрсон тухайгаа та "яриач" гэсэн залуу гишүүдийн хүсэлтээр ... эхэлье дээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Олон хоногийн аяллын тойм зураг
ЭХНИЙ ӨДӨР, 7 САР 10 ӨДӨР
Хөвсгөл нуурын урд үзүүр, Эгийн голын эхийн баруун эрэгт орших Хатгал суурин. Өчигдөр биднийг энд ирэхэд өдөржин усан бороо шавшиж байсан. Өглөө тэнгэр цэлмэж, зуны наран чийгтэй газрын хөрсийг ээсэн сайхан өдөр боллоо.

Хатгалд биднийг ая тухтай амраан хонуулсан гэрийн эзэн Цэрэндорж эмчид талархал илэрхийлэн, 9.00 цагт аялал эхлэв. Хатгалын баруун хойд талын уулын бэлийг урдуур нь ороож, Өлхөн сайр дагасан төв шороон замтай нийллээ. Бие аажмаар халж байгалийн байдал, орчны амар амгаланд уусан жийж байтал нэг гишүүн маань айлд хутгаа мартсан гээд буцаад Хатгал руу жийчихлээ. Хүлээлээ, ирлээ, цааш жийлээ.

Зураг 2. Жанхайн даваа дээр жижиг суурин бий болсон байв
Жанхайн даваа руу махийтал жийгээд гарав. Цаг 11.45. Давааны өндөр 1913 м гэнэ. Түм түчигнэж, бум бужигнасан газар болжээ. Хажуугаар өнгөрөх автомашины цонхоор Сайн явж байна уу, Ожго ахаа гээд л таньдаг залуу мэндлээд өнгөрөв. Монголын "бүх" хүн энд иржээ дээ. Бас Шархадны чиглэлийн автобус "төөрчихсөн" явж байв.

Зураг 3. Жанхайн даваанаас уруудан Хөвсгөл нуурын эрэг хүрэх зам
Энэ даваанаас Хөвсгөл нуур харагддаг юм. Анх харж байгаа хүн тэнгэр л гэж бодно шүү дээ. Даваа руу болгоомжтой ороорой, огцом эргэлтүүд байгаа шүү гэж багынхандаа сануулав. Нэг гишүүн маань түрүүлээд яваад өглөө. Араас нь уруудаж байтал эхний чулуутай эргэлт дээр зам захлан манай багийн гишүүн сөхрөөд суучихсан байлаа. Осол болжээ. Тоормос нь бариагүй гэнэ. Самбаатай, залуу хүн тулдаа дугуйнаасаа үсрээд зам дээр үлджээ. Замаас хальсан бол овоолсон том чулуун далан руу ороод төсөөлөхөөс аймаар зүйл болох боломжтой байжээ. Баруун тохой, буглаганы зөөлөн эд гэмтэж, зүүн тохой, баруун зүүн өвдөг шалбарсан. Аялагч хүний сэтгэл хөөрнө гэдэг ийм л осолд хүргэж болохыг бид харлаа, мэдэрлээ. Цааш явж чадах уу, Хатгал руу буцах уу гэж би асуулаа. Зүгээрээ явж чадна л гэж байна. Аяллын гараа ч барцадтай эхэлж байна даа гэж би бодож амжив. Булингартай бодлоо таягдан хаяад даваа уруудав. Уринай уулын бэл даган байрлах амралт, жуулчны баазын хаяагаар төв замаар тайван жийж хошуу өнгөрөөд бараг л нуурын эрэг дээр үдэллээ. Түүдэг асааж, хоол хийж идлээ, цайгаа ууж орчиндоо дасаж, сэтгэл баясав.

Тахиралдсан замаар уруудсаар Хөвсгөл нуурын эрэг рүү орох агшинаа багширалдсан хүмүүсийн чимээ шуугиан хадан, автомашины хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Нуурын эрэг дээр хүмүүс тарвалзаж, майхан гэр олширч, усны мандал дээр моторт завь нааш цааш хөвөн сүлжилдэнэ.

Зураг 4. Нуурын эрэг дээр өдрийн хоол хийж идэн амрав
Нуурын эрэг дагасан төв замаар амралтын газрын хаяагаар жийсээр хэсэг хар модны дор зогсон өдрийн хоол хийж идлээ. Байгаль хамгаалагч залуу та нар түүдэг гал түлж болохгүй шүү гэж сануулаад явлаа. Урьд нь албан ажлаар Хөвсгөл нуурын зүг хэдэнтээ ирж байсан болохоор замын хүнээс, хамгийн хойд захын бааз "Харуул занги" хэвээрээ юу гэж асуув. Хэвээрээ гэж хариулж байна. Хэсэгхэн жийгээд л олны хөлөөс дайжин, ой модон дундуур зурайх өргөн замд орлоо.

Зураг 5. Олны хөлөөс дайжихуй замын байдал ингэж өөрчлөгдөнө
Онголог нуурын баруун талаар гарч жийсээр хойд захад байрлах "Харуул занги" бааз өнгөрөөд миний дугуй 2 удаа ойрмогхон хагарав. Тойлогтын замд оров. Удахгүй зам муудаж явсаар хоёр өргөн сайр гараад ТХГН-ын харуулын байрны гадаа ирэв. Хүсэл зорилгоо хэллээ. Хилийн албанаас авсан зөвшөөрлийн бичгээ үзүүллээ. Болгоомжтой яваарай гэж биднийг ерөөгөөд, замд чинь Хар усны рашаан дээр Около байгаа шүү гэж захилаа. Байр зүйн зурган дээр ахин явах газраа бататган хараад хөдөлж билээ. Тэрүүхэн хэсэгтээ зам ширэг маягтай болов.
Зам бүдгэрлээ. Шавартай ч боллоо. Замд Prado Land cruiser клубын 10-аад автомашин шаварт суучихаад, нэг залуу Ёстой жинхэнэ адал явдал гэж хашгирч байсанаа биднийг хараад дуугай болчихов. Хажуугаар нь гараад л жийхдээ жийгээд л, түрэхдээ түрээд л урагшиллаа. .Уг нь энэ өдөр Өвөр Хилт нуур хүрье гэж бодож байсан боловч арай л баралгүй Хөндлөн булаг өнгөрөөд 19.50 цагт отоглов. Бид эхний өдөр 48 км зам туулжээ.

Оройн хоолоо хамтран хийж идээд, майхандаа унтлаа. Анхны шөнө намуухан байлаа. Маргааш наадам эхлэнэ.

Зураг 6. Манай отог 1
Хөвсгөл нуурын эргээр явахад ам (нуурын ус эрэг рүү түрж орсон хэсэг), хошуу (эрэг нуурын ус руу түрж орсон хэсэг) гээд л ээлжлээд байна. Ам бол устай, голтой горхитой, шаварлаг, харьцангуй хотгор газар юм. Хошуу нь ой модтой, харьцангуй гүдгэр, даваатай хэсэг газар юм. Газарзүйн нэр томёогоор бол булан, хойг гэж нэрлэж болох ч энгийн амьдралд хэрэглэдэг ам, хошуу гэж нэрлэх нь ойлгомжтой байх болов уу.

ХОЁР ДАХЬ ӨДӨР, 7 САР 11 ӨДӨР
Тэнгэр цэлмэг, тогтуун өглөө болов. Ачаалаад 9.00 цагт нуурын эрэг дагасан тодхон замаар ой модон дундуур жийлээ. Замд шавар дахиад л таарна. Нэг гишүүн маань бүр шавар дунд пүлхийтэл унасан нь харамсалтай. Аяллын замыг миний бие авч, араас Гантулга, Мааний хоёр хамтдаа явж, сүүлэнд Билгүүн гэсэн дараалал баримтлан аялаж байлаа. Угийн чийрэг Гантулга залуугийн бяр, хүчийг нөөх (ямар нэг зүйл тохиолдвол Гантулга хүү л эргэж, буцаж явна шүү дээ гэж дотроо төлөвлөөд) зорилгоор ганц эмэгтэйгээ даатган өгсөн юм. Энэ залуугийн хүч, бяр хадгалагдах учиртай, ашиглах цаг ирэх ч юм бил үү гэх мэтээр аяллын замд тэр тусмаа ийм аглаг байгальд явахад аяллын ахлагч хүнд бодогдох, төлөвлөх, хаширлах зүйл даанч их байдаг.

Зураг 7. Замын байдал, Өвөр Хилт нуур руу ороод ирлээ
Өвөр Хилт, Ар Хилт нуур өнгөрөн (Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу нуурын хурдасанд боогдон их бага хэмжээний нуур үүссэн байдаг) Хорхойт нуур хүрэх үед хуучин амралт байсан хаягдсан байшингууд таарлаа. Автомашины зам нь бүр сайжирч дэнж маягийн өндөрлөг дээгүүр зурайна. Морьтой яваа Ринчинлхүмбэ сумын малчин Лхагваатай таарч хууч хөөрөв. Нуурыг дугуйгаар тойрч байгааг сонсоод их л гайхан, ялангуяа энэ хүүхэн (манай Мааний) бас хамт явж байгаа юм уу гэж надаас шивнэн асуусан юм.
Зураг 8. Баруун тал нь Өвөр Хилт нуур, зүүн тал нь Хорхойт нуур. Газрын зураг ашиглах зүг чигээр заав
Ой дундуур жийсээр гарахуйд хуучин цагын үед овоохон хөрөнгө хаяж барьсан амралтын газар бололтой томхон дүнзэн байшингуудын туурь өнгөрч Хорхойт нуурын хажуугаар гаран, бага шиг дэнж дээр зогслоо. Манай хэд удалгүй ороод ирэв.

Зураг 9. Хар усны рашааны урд захад ирлээ. Нутгийн иргэн Отгонбаярын гэр бүлтэй хамт.
Цааш модон дундуур явсаар Хар усны рашаан дээр ирлээ. Жижиг модон байшинг голын дэнж дээр ойн цоорхойд барьжээ. Около гэдэг хүнтэй ч танилцав. Жинхэнэ нэр нь Отгонбаяр гэнэ. Хүн бүхэн л Оогий, Оокоо гэж дуудаж хувирсаар Около нь үлдсэн юмдаг. Бид тэдний тогоонд үдийн хоол хийж идэв. Биднийг утсан загасаар дайлав. Хамгийн их санаа зовж байсан замаа Около-гоос асуулаа. Жиглэгийн ам хүрээд уулын хажуугаа дагаарай, Өлийн гол ортол томхон дөрвөн дөмбөн  байгаа, бүдэг морин жимтэй, түүгээр л явна. Зам ч бэрх шүү дээ хө. Оёог хүрээд улаан зам дээр чинь Ухнаагийнх байгаа. Тэрнээс наана ан амьтан л гэхээс айл хунар байхгүй гэв. Эдний гаднаас Өвөр Хар усны голыг гаталж байтал Хар усны рашаан дээр нөгөө олон автомашинууд харагдаж билээ.

Хар усны рашаан өнгөрөөд баавгай харсан шүү. Би нөгөө хэдээсээ тасраад нилээд зайтай явж байгаад уужимхан амны зам дээр амарч байтал уулын налуугийн ой модны цоорхойд хөдлөх хар юмыг гэнэт харав. Зай нь 600-500 м орчим л байх. Баавгай гэдгийг шууд л таасан. Хоёр хөл дээрээ босдоггүй юм билээ. Мод руу ороод алга болсон. Зарим модны орой хөдлөх ч шиг, явж буй зүгийг нь харвал манай хэд рүү чиглэх ч шиг. Айгаад холбоогоороо дуудсан чинь ... Мааний юу вэ, энд дугуй засаж байнаа гэж чанга хэлэхэд нь ... баавгай харлаа, та нарыг чиглэсэн шүү... чимээгүй байгаарай гэсэн чинь ... нам гүм болсон.

Зураг 10. Өвөр Сантын давааны араас Жиглэгийн ам, Хөвсгөл нуур ингэж харагддаг
Сантын гол гаталж Өвөр Сантын даваа руу жийлээ. Бидний талаас өгсүүр нь гайгүй, харин уруудах тал дээр хошуу ороон огцом чулуутай байв. Даваанаас буусны дараа хоржигносон горхитой элсэрхэг зам таарав. Гэнэ гэнэхэн цөмөрч нэг удаа бүр ар талын дугуй далд ортлоо шигдэв. Зам нуур руу эргэн чиглэж модон дундуурхи хаалга гэмээр замаар эргэн хойд зүгээ авлаа. Шавартай зам дахиад л үргэлжлэв. Өдөржингөө л жижиг хүрдний "хүүхдүүд" болон шалчигнуулан жийж явлаа.
Зураг 11. Өвөр Сантын даваа даван уруудаж, энэ
Энд арваад хонь тууж яваа мотоциклтой Баатар гэдэг малчинтай таарч бас л нүдийг нь "духан дээр" нь гаргачихаад бид замаа хөөв. Жиглэгийн ам ойртож байв. Энэ амнаас урсах Жиглэгийн гол нь Хөвсгөл нууранд цутгахдаа нэг км гаруй өргөн садраа адаг үүсгэсэн байв. Өвс ургамал, намаг балчиг ихтэй бололтой. Бид шууд л урд талын дэнж дээгүүр жийж уруудан Жиглэгийн гол гатлан хойд талын дэнж дээр отоглов. Манай баг энэ өдөр 30 км зам тууллаа.

Маргааш дөмбөн эхлэнэ. Хамарын даваа гэж нэрлэгдэх өгсүүрийг хараад их л сүрдэж, маргааш ингэж, тэгэж өгсөнө шүү гэж хоорондоо ярилцаж, хирэндээ л тактик боловсруулж билээ.

МАНАЙ БАГ
Энэ үед манай групп нийт 6 аялагч гишүүнтэй байлаа. Эдгээрийн 4 гишүүн нь энэхүү аялалд оролцсон юм.

Зураг 12. Манай баг, Жиглэгийн амны адагийн хойд даваа дээр, Цаана Жиглэгийн ам, алсад Өвөр Сантын давааны хошуу харагдана

Т.БЭЛГҮҮН (003), Идэр насны зориг тэмүүлэлээр дүүрэн, биеэ даасан, өндөр нуруутай, ааш зангийн хувьд "хурц огцом" талдаа, унадаг дугуйгаар аялах дуртай, боловсрол сайтай Франц хэлний орчуулагч мэргэжилтэй. Энэ аяллаас өмнө надтай хамт Түнхэл- Зүүнхараа чиглэлийн экспресс аялал, Духын давааны "нөгөө" төөрдөг аялалд оролцсон туршлагатай. Аяллын хоол, хүнсний асуудал хариуцсан. Мөн чиглэл тодорхойлдог GPS бүхий сайн цагтай. Бид танилцаад сар орчим л болж байсан. Аялалд Trek загварын дугуйтай жийсэн.

У.БАЯРХАНД (004), Манай багийн ганц эмэгтэй. Танилцаад 7 хоносон. Залуу дугуйчин клубын аяллыг зохион байгуулдаг, мундаг дугуйчин бүсгүй. Мааний гэдэг нэрээр нь дугуйчид андахгүй мэднэ. Цайлган цагаан сэтгэлтэй, романтик бодолтой, аяллын идэвхижүүлэлт болж бусад нөхдөө манлайлан оролцсон. Хүнд хэцүү үед, зүгээрээ сайхан байна, зүтгээд байнаа хө гээд л инээд алдан биднийг уриалдаг. Энэ бүсгүй яах бол доо гэсэн эргэлзэнгүй бодлыг минь үтэр баллуурдан аяллын замыг нэр төртэй дуусгасан. Аялалд Cannondale Trail 4 загварын дугуйтай жийсэн.

Ц.ГАНТУЛГА (005), Аяллын багийн отгон гишүүн. Танилцаад 3 хонолгүй л надтай аялалд явсан. Аялалд шинэ Cannondale Trail 2 загварын дугуйтай оролцсон. Өөрийн бодолтой, хараваас бие чийрэг, зоримог харцтай. Хээр хөдөө аялах туршлагатай гэдэг нь анхны үдлэлт дээрээс шууд харагдаж байв. Ярихаасаа өмнө боддог, үйлдэл хийхээсээ өмнө төлөвлөдөг чанар нь надад маш их таалагдсан. Баргийн хүн ийм байдаггүй юм. Аяллын гал тогоо, отог хариуцан үүргээ хариуцлагатай биелүүлсэн. Мөн унадаг дугуйны туршлагатай механик гэдгийг яваандаа мэдсэн. Аяллын багийн гол багана болж миний гаргах шийдвэрт туслан, хамтдаа ярилцаж төлөвлөгөө боловсруулж байлаа. Даваа, өгсүүрийг "хашраадаг" манай ганц тэргүүлэх дугуйчин даа.

ГУРАВ ДАХЬ ӨДӨР, 7 САР 12 ӨДӨР
Маргааш яах бол гэж догдолсоор шөнө хэдхэн цаг л нам унтжээ. Өглөө эрт босон цайгаа уулаа. Хүнд ачаануудаа үүргэвчиндээ хийгээд үүрэх, дугуйгаа хөнгөлөх арга хэмжээ авлаа. Энэ бидний боловсруулсан нэг тактик байлаа. Мааний маань та хоёр өгсөж бай, би араас чинь чадахаараа дагья гэлээ. Гантулга бид 2 даваа дээр гараад буцаж Маанийгийн дугуйг авья гэж төлөвлөсөн байлаа. Билгүүн ачаагаа цуглуулаад отог дээрээс хоцросхийн хөдлөв.

Зураг 13. Гарлаа, гарлаа. Одоохон гарлаа. Бидний анхны ялалт энэ байлаа
Зүтгэлээ дээ, даваа өөд чиглэх бүдэг жим даган хэжих маягаар өгсөв. Санасныг бодоход гайгүй ч юм шиг, бие ч хөнгөн санагдаад, дугуй хүнд биш болоод байх шиг ... үнэн л байгаа даа гэж бодов. Гэтэл юу юугүй л бидний харсан хяр ойртоод ирэв, баярласан гэж жигтэйхэн. 35 минут зүтгээд гарчихлаа. Мааний маань их л ойрхон харагдана, гүргэр бүсгүй шүү, дугуйгаа түрээд л өгссөөр ... Гантулга маань доош гүйв. Гарчихдаг юм даа, ёстой гайгүй юм байна гэж бодон хатуужин зогслоо.

Зураг 14. Нүдээр харахад бүр ч баясалтай байгалийн үзэмж. Нуурын мандалд Модон хүй арал харагдаж байна
Даваан дээрээс Жиглэгийн амны адаг хэсэг тэр чигээрээ алган дээр тавьсан мэт тодорхой харагдана. Энүүхэн зүүн урд талд Модон хүй арал бараатай нь аргагүй дүнхийнэ. Бага шиг овоо байлаа. Тэнд зургаа (зураг 11) авахуулаад хөдлөв.

Цааш давааны гол нуруу даган өгссөөр багахан шиг хадтай хяр даваад уруудан, дахин өгсөж үндсэн хяр дээр гарч ирэв. Бэлээр нь хэжин уруудаж айлын өвөлжөөний дээгүүр өнгөрөөд дахин өгсөн уулын таг дээр гарав. Таг дээгүүр явсаар өвөлжөө бүхий багахан ам руу уруудан орлоо. Зүүн тийш нуурын эрэг дагуу харахад 20 орчим метр өндөр хясаа нуур руу түрж орсон байв. Хойд талын өвөлжөөнөөс зугуухан өгссөөр анхны шахаа (дөмбөн) дээгүүр саадгүй гарлаа. Барагцаалбал 200 метр орчим урттай байв. Нуур тэр дор харагдана.

Зураг 15. Дөмбөн-тэй танилцах эхний алхамаа бид хийлээ
Ямар нэг эвгүй юм болбол дугуйгаа шидээд, өөрөө үлдээрэй гэж хэллээ. Дугуйгаа дороо авч явлаа. Түрж тулж яваа тул унах эрсдэл бага байдаг санагдсан. Цааш тэгшивтэр газраар явж, өвөлжөө бүхий бас нэг амаар хөндлөн гарав. Эхний дөмбөн дууслаа. Нуурын эрэг дагаж явж болохгүй. Уулын налуугаар дугуйгаа түрэн явсаар Өвөр Хачимын голын хөндийн урд талын шахааг давж гарлаа. Унанги дархи харьцангуй бага байв. Бидний туулсан өнөөдрийн хоёр дөмбөн нь барагцаалбал 2-3 км урт, 4-5 газар эрсдэлтэй боловч болгоомжтой явахад амжилттай гарч болно. Нуурын эрэг дээрээс харахад хайрга, сайр нь цайраад боломжтой мэт санагдавч түүгээр явж болохгүй гэдгийг би сайн мэдэж байлаа. Дээш өгсөх боломж үгүй, 25-30 градус бүхий налуу хажуутай. Тиймээс зөвхөн модон дундуур чигээрээ урагшаа.

Зураг 16. Дөмбөнгийн жимээр явж сурах л хэрэгтэй, бүр дасах хэрэгтэй
Нэг гишүүн миний үгэнд оролгүй доогуур явсан ба нуурын ус туулж, зарим газар сугаар нь татаж байв. Араагаа хөнгөлөөд наад усандаа жийгээд бай гэж хашгиран хэлээд бөөн инээдэм болов. Нуурын усны дундаж температур 14-15 хэм дулаан гэдэг нь хүйтэн устайд тооцогдоно. Тиймээс ус туулсан гишүүний арьс бэржийж, даарсан байлаа. Дээгүүр явсан бид Өвөр Хачимын голын хөндийд ирээд түүнийг нэг цаг орчим хүлээсэн.

Зам дээр хөндөлсөх унасан мод ихсээд ирлээ. Хачимын гол загас элбэгтэй. Шумуул бол байсаан. Гантулга бид хагас цагийн дотор хоёр хайруус (хадран) загас барьлаа. Оройн хоолондоо хачирлана даа. Голоо гарч хойд эрэг дээр отоглов. Энэ аманд айлын өвөлжөө ихтэй. Энэ өдөр 12 км зам тууллаа.

ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР, 7 САР 13 ӨДӨР
Хамгийн хүнд аяллын замтай бэрх өдөр байлаа. Морин жим бүдгэрч зарим газар унасан модны холтосны шалбархай, өвсний үл ялиг шарласан ул мөр, налсан налууг нь ажиглах хэрэгтэй. Жимгүй газраар явбал андаш үгүй зулзган мод саад болно, эсвэл даваж гарахын аргагүй унагинууд хөндөлсөөд ирнэ. Унадаг дугуй унана гэсэн ойлголт үгүй болсон тул бүгд дөрөөгөө салгаж авлаа. Дөрөө нь хөл цохихоос гадна замын саад хожуул, модны мөчирт гацаад маш их хүч алдуулж байсан. Ачаатай дугуйны хүндийн төв хойш шилжсэн тул өргөхөд цоройх, тэнцвэр алдуулах, хамаг хүч шавхах тул хойд голын харалдаа ачааны тулгуураас өргөж унанги гарна. Сүүлдээ унанги дээр суугаад өөр дээрээ давуулах маягийн техник хүртэл хэрэглэж үзлээ. Хамгийн "зэвүүн" нь яг цээжний өндөртэй тэнцүү хэмжээнд хөндөлсөн унасан мод байлаа. Дээгүүр нь гарах аргагүй, доогуур нь шургаад дугуйгаа хэвтүүлээд чирнэ дээ. Ийм модыг "уран нугараач" гэж нэрлээд бид нар "нугараад" л гарч байлаа.

Мааний бүсгүй хоцорсонгүй, Гантулга бид 2-той хамт чүү гээд л зүтгээд байлаа. Харин Бэлгүүн хоцорч эхлэв. Ар талд уухилан амьсгаадах чимээ гарч байснаа аажмаар бүдгэрч, хуурай мөчир хугарах чимээ гарч алсарч байсанаа дахиад л чимээ тасрана. Явж байна уу, ойрхон байгаарай гэж хашгиртал явж байнаа гэсэн дуу тээр хол сонсогдох нь сэтгэл зовооно. Нэг удаа бүүр алс дуу нь гарахаар нь би буцаж алхав. 250 орчим метр газрыг бүтэн цаг туулж байв. Очлоо, дугуйг нь авлаа, араас алхаад ир гэв. Их л сульдаж, харц нь доош чиглэнэ. Зүгээр үү гэтэл муухан дуугарах аядав. Явна шүү хө, тун удахгүй дээ гэтэл та нар явж бай гэлээ. Ингэж бас сэтгэл санааны гацаанд орчихлоо. Бороо ч ороод эхлэв. Зүтгэж явсаар Дүбэрлэг голын аманд ирэв. Уужим биш мухар ам байлаа. Дүбэрлэг гол нь нуурын түрлэгээр үүссэн хурдасанд боогдож, бяцхан цөөрөм үүсгэжээ. Хайрга дээгүүр дугуйгаа түрэн шигдэн алхаж байхдаа энэ хурдас битгий л дуусчихаасай гэж залбирч явав. Ашгүй дууссангүй цаад талын дөмбөнгийн бэлд ирлээ. Үдийн хоолоо хийж идэв.

Зураг 17. Өнөөдрийн замгүй зам
Бороо зогссонгүй үдээс хойш үргэлжлэн орлоо. Дараагийн дөмбөн рүү өгсөн зүтгэж дугуйгаа түрж, өргөж, түлхэж, халтирч явж байтал Бэлгүүн гишүүний "бензин" дууслаа. Ер нь сүүлийн хоёр хоногт сэтгэл санааны гүн хямралд орж багийн гишүүдэд хэлж болохгүй, хэлээ хазах үгээ "харамгүй" хэлж ёс суртхууны уналтанд орсон байсан. Эхний өдөр онхолдон унаж биеэ гэмтээсэн нь нөлөөлсөн болов уу гэж би боддог. Ялангуяа нөгөө 2 гишүүнтэйгээ таарамжгүй харьцаж байсан. Хотод байсан боловсон залуу маань хоёр өдрийн дараа "танихгүй хүн" болсон доо. Байгаль гэдэг аялал гэдэг аливаа хүний мөн чанарыг амархан таниулах увдистай байдгийг дахин нэг удаа ухаарлаа. Уг нь ингэх залуу биш юмсан.

Бэлгүүн дахин бүүр алс хоцорчихов. Би буцаж бараг хагас км алхлаа. Аваад ирлээ. Дахин хоцров, араас дуудах шиг. Дугуйгаа орхиод очсон чинь модны дор суучихсан, хөдлөх янз үгүй байв. Явах уу гээд дугуйг нь автал, хэрэггүй ах минь, би үлдлээ, та нар яв, ер нь би ганцаараа цааш аялна гээд намайг сандраалаа. Нас биенд хүрсэн хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай хүнд би юу хэлэх билээ, тэмдэглэлийн дэвтэр дээр багаас гарах өргөдөлийг нь бичүүллээ. Бороо шивэрсээр...

Зураг 18. Энд отогло гэж байгаль
Эргээд алхлаа, дасал болсон унанги, хад чулуу дамжин бүдэгхэн жимээр хүлээж буй 2 руугаа дөхөж байхдаа сэтгэл санаа энэ бүхнээс нэг л ангид юуг ч үл тоож, юуг ч давахад бэлэн болон дахин цэнэглэгдсэн билээ. Нар тонгойжээ. Отоглох газар олох хэрэгтэй болов. Алгын чинээ майхан барьчих тэгш газрыг энэ хангайгаас олсонгүй. Доош уруудан нуурын эрэг дээр бид 3 очлоо. Нууранд тулгаж сайран дээр майханаа барив. Хоолоо хийж идэн нойтон хувцасаа тайлж, унтлагын хөнжилдөө бүгд орсон боловч өнөөдрийн явдлаа бодож, мөн нуурч бас унтаж чадахгүй бололтой шөнөжин давалгаа нь цалгиж шаргих чимээ гаргах тул, хэн ч олигтой унтаж чадаагүй юм. Энэ өдөр хүнд бэрх 8 км замыг туулсан байв. Зураг авах ч завгүй өдөр өнгөрчээ.

ТАВ ДАХЬ ӨДӨР, 7 САР 14 ӨДӨР
Бороо зогсжээ. Өглөө 7.40 цагт босов. Тэнгэр бага зэргийн үүлтэй, өчигдрийн бороогоо мартаад урагшил гэх шиг нар үүлнээс цухуйж эхлэв. Цайгаа чаналаа, нойтон хувцаснуудаа хатаав. Бэлгүүн ашгүй бидэн дээр ирлээ. Жаахан доохно хоносон гэнэ. Ж мобайл-ийн утсаар эхнэртэй нь яриуллаа. Надад санаа зоволтгүй, та 3 явж бай, би араас чинь явна. Энд хагас өдөр амарна гэв. Хоол хүнсээ хувиарлаж, хувааж авлаа. Аялалд нь амжилт хүсээд бид 3 хөдөллөө.

Зураг 19. Нуурын эргийн сайраар алхах гэхээр эдгээр овоорсон цагаан моднууд саад болдог. Явган хүн ч дундуур нь алхах боломжгүй гацаа үүссэн байдаг
Эргээд л уул өөд өгсөн жим рүүгээ тэмүүллээ. Аажмаар газрын байдал өөрчлөгдөн тэгшивтэр боллоо. Хоёр цаг хагас яваад хүсээд байсан Өлийн голын хөндийд орж ирлээ. Дөмбөн дууслаа.

Зураг 20. Өлийн голын хөндий рүү ороод ирлээ
Нар хурцаар шарж, ойрд үзэгдээгүй халуун боллоо. Өлийн гол нь адагтаа бас л нуурын хурдасанд боогдон бага шиг тойром үүсгэж нарийхан хоёр газраар булаг мэт л нууранд цутгаж байв. Баруун талд үргэлжлэх Өлзий Хашийн нуруу үзэмжээ гайхуулан хойд зүгт үргэлжилнэ. Зарим шовх оргилын гүн хавцал, дээд бэлд цас үзэгдэнэ.

Зураг 21. Дөмбөнгүүд ард үлдлээ. Өлийн гол нуурт цутгаж байна
Манай 2 нуурын усанд шумбаж, энд бид сайхан цайллаа. Өлийн амыг эмжсэн нуурын хурдасан дээгүүр дугуйгаа түрсээр хойд талын дэнж дээр гарч ирэв. Чулуутай тод жим бас бус ундааны сав хог үзэгдэх нь айл хунар ойртосны шинж. Миний дугуйны ачааны зүүн талын тулгуур хугарав. Гантулга механик уяагаар баглан нам заслаа. Унадаг дугуйгаа жийлээ, ямар гоё юм бэ, урамтайхан урагшилсаар ... бид Оёог руу тэмүүлнэ. Модны захаас гарлаа.

Зураг 22. Оёог дээрхи хот айл, маргааш өдөр нь авсан зураг
Тэртээд байшин үзэгдэнэ. Хажууханд Мэргэн хошуу харагдана. Чийгтэй бамбалзсан намгархаг газраар дугуйгаа түрэн алхлаа. Орой 20.30 цагт Ухнаа гуайн гэрийн гадаа очлоо. Байгаль орчны улсын байцаагч Ухнаа гуай ажлаар явсан тул эзгүй байв. Гэрийн эзэгтэй биднийг гэртээ урин оруулав. Энэ өдөр 18 км зам туулжээ.

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР, 7 САР 15 ӨДӨР
Маш сайхан амарлаа. Ухнаа гуайнх хүүгийнхээ хамт энд зусаж байлаа. Гэрийн эзэгтэйтэй өглөө хууч хөөрлөө. Энэ газар 20 орчим жил амьдарч байна, нуурыг явган ганц нэгээрээ, гурав дөрвөөрөө олон л хүн тойрдог юм. Манай гэрээр ороод л гарна. Бид зам мөрийг нь чиглүүлээд л өгдөг. Голдуу гадаадын хүмүүс явган тойрдог. Нутгийнхан хааяадаа морьтой л нуурын баруун талаар явдаг. Би бол явж үзээгүй. Харин та 3 шиг ийм унадаг дугуй түрээд баруун талын замыг туулаад гараад ирсэн хүмүүстэй анх удаа л тааралдаж байна гэж билээ. Энэ хооронд Гантулга түлээ хагалж, Мааний гэрийн ажилд нь туслаж хагас өдөр тааваараа тухлав. Өдрийн хоол идээд 14.00 цагт аяллын зам үргэлжлэв.

Зураг 23. Мэргэний хошуу болон Долоон уулынхаа хойно гарчихлаа. Алсад Ханх цайвалзана
Хүнд бэрх хамгийн хэцүү замаа ардаа хийсэн тул миний сэтгэл цэлмэж билээ.

Ийнхүү сайхан амарч, хүчээ сэлбэсэн манай багынхан Ходон, Бэрх шавар 1, Бэрх шавар 2-ыг туулан гарч,  Мунгарагын талаар сүнгэнэн Мунгараг гол, Шургийн гол, Тохмиг гол, Хонгор Бөөшийн гол гаталж Олон нуурын хөндийгөөр өгсөж уруудан Хороо баг дээр ирлээ.

Зураг 24. Багийн наадам үзэж хуушуурдаж, ундаа ууж амарлаа
Наадам болж байв. Наадмын хуушуур авч идэж, ундаа ууж амраад Хороо голын гүүрээр гарч нуурын хойд эргийг чиглэн өгслөө. Бүрэнхаан уул, Мөнхсарьдаг оргилын барааг харлаа.

Оройн 21.00 цагт Хөвсгөл нуурын хойд эрэгт байрлах "Долоон уул" жуулчны бааз-д очиж, гэр авч хонолоо. ОХУ-аас жуулчид их ирдэг юм билээ. Нэг орос эхнэр бидэнд уут дүүрэн чихэр, жимс, печенье өгсөн шүү. Зөөлөн орон дээр жаргалтай бас нам унтсан. Өнөөдөр бид хагас өдөрт 46 км жийжээ.

ДОЛОО ДАХЬ ӨДӨР, 7 САР 16 ӨДӨР
"Долоон уул" жуулчны баазын менежер Оюунчимэг таньд дахин талархал илэрхийлье. Ханаталаа унтаад сэрлээ. Сайхан өдөр болов. Өглөө бааазаас гараад би буруу замаар багаа хөтөлчихсөн. Дөтийг харлаа гэсэн цул элс, шавар руу ороод дугуйгаа түрсээр замтай нийлэв. Энд Дүнгэнэтэл жийсээр Жаргалантын гол, Баянгийн гол гаталж Хавцалын даваа 1816 м руу өгслөө. Даваа уруудан сүнгэнэж байтал миний ачааны баруун тулгуур хугарч унав. Гантулга маань ахин нам засав. Мааний маань түрүүлээд явчихсан тээр урд нэг хүнтэй уулзаж байв. Тэр хүн бидэнд дөт зам зааж өгч Ханх суурин руу уруудаад үд дунд орлоо.

Зураг 25. Хавцалын даваа. Даваа уруудан Ханх суурин хүрнэ
Энд хилийн заставт бүртгүүлэх ёстой билээ. Заставын дарга ахмад Алтанбаатар офицертэй танимхайран уулзав. Хүүе ээ, ямар сонин хүн бэ гээд л биднийг өдрийн хоолоор дайлж бөөн баяр боллоо. Яг 2 жилийн өмнө 7 сард энэ залуутай хамт би Бүрэнхааны Мөнхсарьдаг оргилд авиралт хийж байсан юм.

Зөвшөөрөлийн бичгээ үзүүлээд заставт бүртгүүлэв. Та нар чинь 4-үүлээ гарсан юм байна шүү дээ, нэг нь яачихав гэж асууж байна. Араас ирнээ, нэг өдрийн хойно яваа байх, замдаа үлдсэн юм гэв. Яасан? Шантарч няцсан уу? гэж асуусанаа, ер нь энд тэр хүнийг бид саатуулаад шалгах нь заставын үүрэг шүү дээ, хил орчмын бүсэд багаасаа салж хоцроод юу ч хийж яваа юм билээ гэж байна шүү. Байдал бишдээд явчихлаа. Огт ийм зүйл бүү хийгээрэй, гэмгүй залуу, унадаг дугуйгаар аялаж байгаа юм шүү дээ, аяллын замд ийм зүйл тохиолдож болно гэдгийг хилчид та нар миь ойлгоорой гэж учирлалаа. Тэд жаал инээлдэж байгаад энэхүү албан бус яриа дуусав. Биднийг машинд суу, даваа хүртэл гаргаж өгье гэлээ. Суухгүй ээ, дагаад жийчихнэ гэтэл, та ч тэгнэ л дээ гээд урд ороод Ханх суурингаас гарах зам руу давхилаа. Өнөө орой та нар Шогнуул голын тэнд зусаж буй айлд очиж хоноорой. Би утсаар ярьчихсан байгаа гэж хэлээд сайн явахыг ерөөн биднийг үдэж хоцров.

Цаг 18.30 болж байлаа. Аяллын зам үргэлжлэн Ханх голыг модон гүүрээр гарч Шаварт нуурын зүүн хойд замаар үргэлжлэн Цагаан хужир гол, Тойн голыг гатлаад 1730 м өндөр Ширдэгийн даваа руу өгслөө. Даваа уруудан Таанын гол гаталж Туруугын хөндийн даваа 1803 м өөд өгсөв. Давааны зам нь огцом бус зугуухан цагаан өгсүүр. Мааний бүр надад гүйцэгдэхгүй жавхаатай жийж ёстой л онгод нь орсон гэмээр байв. Давааны орой нь бөмбөгөр тэгшивтэр. Даваа уруудан Турагийн гол гаталж Тураг Шогнуулын даваа 1807 м руу өгслөө.

Зураг 26. Туруугийн хөндий даваа өгсөх зам. Аялал дуусахад 150 км үлдлээ
Даваан дээрээс Гантулгыг айл асуулгахаар түрүүлээд явуулчихлаа. Даваа уруудаж байтал миний дугуй тоормосгүй болж арга үгүйн эрхэнд замаас гарч замгүй газраар эрчээр нь дээш өгсүүлэн хурдаа саагаад буцаж дарж уруу руу эрчийг нь авахуулаад дахин дээш өгсөх маягаар хавирган сар зуран, мурилзан бууж байтал ард Мааний яг намайг дагаад л байлаа. Яаж байгаа юм бэ, замаараа уруудаач гэсэн чинь та л ингэж яваад байхаар чинь ингэж л явах юм байлгүй гэж бодсон шүү дээ гээд инээд бараад хаячихав.

Гантулгын очсон айлаас дээш Шогнуул голоо өгсөн 3 орчим км жийгээд Алтанхуяг хэмээх айлд шөнийн 23 цагт очиж хоол хийлгэн, сайхан амарч билээ. Бид 3 энэ өдөр 59 км зам туулжээ.

НАЙМ ДАХЬ ӨДӨР, 7 САР 17 ӨДӨР
Гэрийн эзэгтэйд талархал илэрхийлэн Шогнуулын голоос 9.00 цагт хөдлөн тааваараа Өлзий Хаш (Ноёны даваа гэж бас нэрлэдэг)-ийн 1914 м даваа руу жийж байлаа. Залхуу ч хүрэх шиг бие хөшилдөөд нэг л явахгүй мэт санагдаж байв. Удалгүй бие халж дахин дуртай ажилдаа ханцуй шамлан орох мэт шамдуухан жийцгээв. Даваа уруудан Ноёны голын хөндий рүү орлоо. Энэ хэсэг газар яг нуурын эрэгт ойрхон замтай ба бага зэрэг элсэрхэг хөрстэй.

Зураг 27. Өлзий хаш(Ноён)-ийн даваа

Жуулчны автомашинууд зөрж эхлэв. Удалгүй Сэвсүүлийн гол ороод ирэв.

Зураг 28. Сэвсүүлийн гол. Нуурын баруун эрэг рүү харан явж өнгөрсөн замаа холоос харах боломжтой боллоо
Дардан замаар жийсээр Тусхалын даваа 1740 м өгслөө. Энэ давааны өгсүүр нь огцомдуу бас том чулуутай элстэй байлаа. Даваа уруудан элстэй зам дээр муржигнуулан жийсээр Анжистын даваа 1775 м руу өгслөө.

Зураг 29. Анжистын даваа
Уруудан Анжистын гол гатлаад Далбайн овоо буюу Овоотын 1710 м даваа өгсөв. Бага Далбайн гол, Их Далбайн гол туулан Борсогийн давааны 1790 м уужим өгсүүр өөд жийлээ. Даваагаа даван уруудаад  үдийн хоол борцтой, шар будаагаа хийж идэв. Нуурын баруун эрэг рүү хараачлан тэр Жиглэгийн ам байна, тэр хавьцаа хоносон, тэрүүгээр ингэж явсан шүү гээд л бид хөөрөлдөнө. Модон хүй арал тод харагдаж байв.
Хоолны дараа 2057 м өндөр алдарт Сантийн даваа давахаар (наана нь бас Сантийн овоо гэсэн нэртэй 1971 м өндөр хяр бий) жийлээ. Барагдашгүй өгсүүрт шазруухан жийлээ. Гантулга урд, Мааний ард жигд хэмээр хэн хэнээ хараачлан алсарна. Гантулга маань ч жийсээр байгаад гарлаа даа. Мааний бид 2 түрээд л өгслөө. Давааны замд машин нь эвдэрсэн хүмүүстэй таарч хэдэн хуушуур идэж гол оров. Сантын даваа дээр үдшийн бүрийгээр манай баг бүрэн гарав.

Зураг 30. Сантын даваа
Давааны уруу ёстой л тамын шооны замаар орлоо. Гүн ховил, хатсан шавар, том чулуу, жижиг хайрга, овон товон гээд л цаг гаруй уруудаад амарлаа. Отоглох тохиромжтой  газар олдож өгөхгүй л байв. Бага модны даваа 1778 м давлаа. Бага модны гол ширгэчихсэн байв. Бүрий болоод байдаг буух газар олддоггүй, бид жийсээр л ...

Зураг 31. Манай отог. Маргааш өглөө нь авсан зураг
Хөвсгөл нуурын зах цайраад иртэл замын хажууд шинэхэн дүнзэн байшин харагдав, жижиг модон гүүр гол ч байх шиг. Отоглолоо. Гантулга гол руу очоод бөөн хорхойтой шавартай ус байна гэж хэлэв. Тогоогоо бариад Мааний маань нуур руу алхлаа. Бараг л км хагас байсан байхаа. Ойрхон харагдаад байгаа мөртлөө явахаар барагдахгүй юм гэсээр усаа аваад ирж билээ. Шөнө сайхан тайван хонолоо. Манай баг энэ өдөр томоохон 7 даваа даваж 73 км зам туулжээ.

ЕС ДЭХЬ ӨДӨР, 7 САР 18 ӨДӨР
Уулын дугуйн аялал нэртэй бяцхан группийн цуцалыг цогшуулан түүдэг болгоход Хөвсгөл нуурыг тойрсон аялал үнэлж баршгүй ач холбогдолтой болсон билээ. Хүн хүнээ ойлгох, хүн хүндээ итгэж зорьсон зорилгодоо хүрч чаддаг гэдгийг энэ аялал баталсан. Нэрийг нь хүртэл сайн тогтоолгүй, танилцаад долоо ч хоноогүй мөртлөө нэгэн зорилгын дор нэгдсэн "танихгүй" хүмүүс ИТГЭЛ хэмээх сэтгэлийн холбоосоор гагнагдан хүнд бэрх алсын аялалд нөхөрлөн хүний мөн чанар, дотоод сэтгэлийн нандин холбоосоор холбогдож чадсан нь аялал амжилттай дуусах, бүх хүн гэртээ эрүүл энх харихын үндэс болсон юм.

Зураг 32. Бид гурав
Сүүлийн өдрийн аяллын зам дардан, түмний тус дэмжлэг арвин ёстой л ерөөл биелэн үлгэрийн төгсгөл мэт аз жаргалаар бялхаж байлаа. Өглөө 9.30 цагт хөдөлж Нуурын даваа 1732 м, Их Хилэнгийн даваа 1753 м, Халзангийн даваа 1728 м, Хээгцэрийн даваа 1769 м, Хөндийн даваа 1748 м, Сагсагийн даваа 1863 м даваж Хатгал суурингийн зүүн талын дөрөлж 1695 м даван ороогоод 77 км зам туулан 20.00 цагийн үед Эгийн голын гүүр гарлаа. Тэнгэр бүрхэн хуйсагнаж ширүүхэн аадар биднийг дайрч аяны тоосноос салгаж өгсөн юм. Хатгал суурингийн замын хажууд итгэлт унаануудаа хэвтүүлэн тавиад бид 3 тэврэлдэн зогсож сэтгэлийн гүнээс дээш хөөрөх баярын нулимсаа залгин дотроо хадгалж, инээмсэглэл дүүрэн нүдээр ширтэлцэн бие биедээ баяр хүргэж асан давтагдашгүй мөч одоо ч өчигдрийн мэт тодхон санагдаж байна.

Манай баг Хөвсгөл нуурыг 9 өдөр, 8 шөнө явж тойрлоо. Аяллын замыг 371 км (Google map)-ээр тооцогдов. Аяллын сүүлийн 2 өдөр нийт замынхаа 40%-ийг туулсан гэдэг баримт надад тод үлдсэн. Эндээс харахад үлдсэн 60% нь саад бартаа ихтэй, "санаснаараа" жийж болдоггүй "зам" байсан нь тодорхой болно.

ТӨГСГӨЛИЙН ҮГ
Унадаг дугуйн аяллын түүхийн товчоон (ном) одоогоор хараахан нийтэд түгээгүй байна. Маш олон аялал болсон нь мэдээж боловч тэр бүрийн тэмдэглэл, холбогдох зураг баримт бүдгэрч, олны ам дамжсан домог мэт яриа л үлдэж дээ. Энэ аяллыг анхдагч гэж "тунхаглах" зүрх надад алга, анхнаасаа ийм "алдрын төлөө" энэ аялал зохиогдоогүй юм. Миний сонсож мэдсэн унадаг дугуйн аяллын өнгөрсөн түүхийн мэдээлэлд Хөвсгөл нуурыг унадаг дугуйгаар тойрсон аяллын "файл" байдаггүй. Хэрэв бид "анхдагч" нь болсон бол (үүнийг зөвхөн унадаг дугуй өөрөө л мэдэх байх) Хөөх ... гэсэн энгийн үгээр энэхүү тэмдэглэлээ төгсгөе дөө. ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Баярханд Ц.Гантулга Э.Ожго
У.Баярханд
  • 887 км дутуу
  • 372 км
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!