Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #2 - БАРУУН АЙМГААР, БАЯН ӨЛГИЙ, ХОВДЫН БУЛГАН 2017

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/57
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
721 км
Давааны тоо
12
Өндөр авалт
8045 м
Өндөр алдалт
-8560 м
Их өгсөлт
19.5 %
Их уруудалт
-20.3 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2017 оны 8 сарын 3 Пүрэв гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баян Өлгий аймаг, Өлгий хот
Цуглах цэгийн солбицол
48.968333, 89.968889
48°58'6"N, 89°58'8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ОРШИЛ
Манай группийн 2017 оны олон хоногийн аялал Монгол орны баруун аймгийн нутагт 7 сарын 27 өдрөөс 8 сарын 7 өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Түүх болон үлдсэн аяллын мартагдашгүй өдрүүд, аян замын алжаал ихтэй ч эвтэй явсан мөчүүд, хүнд хэцүүг хамтдаа туулсан үнэнч дүү нар, аяллыг сэтгэл зүрх, өглөгч зангаар тэтгэн дэмжсэн группийн бүх гишүүд гээд дурсан бодох сайхан гэрэлт жимээрээ дахин "аялах"-аас хэн дургүйцэх билээ дээ.

Зураг 1. Олон хоногийн аяллын тойм зураг
УБ хотоос А.Эрдэнэдулам (068) бид хоёр Өлгий хотод нисэх онгоцоор зорчин очсон билээ. Өглөө эрт биднийг гарган өгсөн гишүүд нартаа маш их баярласан шүү. Өлгий хотод биднийг Ж.Медетбек (102) тосон авч гэртээ урьлаа. А.Эрдэнэдулам аялалд оролцох унадаг дугуйг засах, хамтдаа хоол хүнсээ базаах, зарим нэг сэлбэг олох гээд л маш завгүй өдөр байж билээ.

АЯЛЛЫН ЭХНИЙ ӨДӨР
Тэнгэр цэлмэг, 7 сарын 28 өдрийн 10.30 цагт Өлгий хотоос аялал эхлэв.

Зураг 3. Өлгий хотоос гарлаа. Ховд голын дэнж
Засмал замаар 3 орчим км жийгээд хотоос гарч, Сагсай сумыг зорих аажим өгсүүртэй шороон замаар итгэлтэй жийлээ. Ховд голын дэнж дээгүүр өгсөн явсаар зүүн гар тийш огцом эргэж, хавцал бүхий шургасан голын сайр бүхий замаар орлоо. Аажим өгсүүрт ажралгүй, халуун наранг анзааралгүй, замын дэржигнүүрт дондогнон урагшилсаар самбартай даваа (2151м) даваж, Сагсай сум руу уруудлаа. Шинэ гишүүн маань маш сайхан эргүүлэлттэй зөв жийдэг юм билээ.
Зураг 4. Сагсай сумын бараа харагдахуй
Сагсай суманд нутгийн залуугийн хамаатныд өдрийн цай уугаад цааш хөдлөв. Тургын гол, Сагсайн голыг гүүрээр гарч Улаанхус сум руу тэгш талаар жийж, нутгийн казах айлд цай уугаад Улаанхус суманд очиж айлд хонолоо. Энэ өдөр бид 70 км зам туулав.
Зураг 5. Сагсай сумаас, Улаанхус сум зорих зам тойруу ч гэсэн цагаан байдаг
ХОЁР ДАХЬ ӨДӨР
Өглөө (7 сарын 29 өдөр) Улаанхус сум (ОХУ, БНХАУ-тай хиллэдэг гурван сумын нэг)-аас хөдлөөд Цэнгэл сумыг зорьлоо. Элсэрхэг, сул хөрстэй, дэржигнүүр замаар аажим өгссөөр, халуун наран бас л шарж бидний тэвчээрийг шалгав.
Зураг 6. Цэнгэл сумын төв хүрэх сул хөрс, дэржигнүүртэй замаар
Өгсүүр замд өөдөөс үлээж салхи ч бас нэрмэж байлаа. Мушгираагийн даваа (2248м)-ны өгсүүрт махийтал жийсээр (би түрж алхсан, А.Эрдэнэдулам жийсэн) давлаа. Сайхан уруудах бодолтой байтал дэржигнүүр зам салхитай хамсан дайсагнаж, аяллын зам амар байдаггүй гэдгийг дахин нотлов.
Зураг 7. Цэнгэл сумын төвийн орох хаалга, энд хооллож бас унадаг дугуйндаа том засвар хийсэн
Замд Ж.Медетбекийн дугуйн тохиргоо хэдэнтээ алдагдаж тэр бүр А.Эрдэнэдулам механик маань засаж явлаа. Гэтэл арааных нь будаан шарика цуваж яах ч аргагүй болов. Цэнгэл сум руу явж байсан фургонд Ж.Медетбек дугуйгаа ачин сууж, бид 2 араас нь жийлээ. Цэнгэл сумын төвд ирэн үдийн хоол идээд унадаг дугуйндаа шинэ араа, шинэ хойд гол угсраад Ховд голын дэнжийн замаар өгсөн аяллын замдаа гарч билээ.
Зураг 8. Ховд голын дэнжийн зам, салхи сөрсөөр
Салхи ч ёстой л "дайсан" болж бидний эсрэг дахин үлээж, бүр шороон шуурга үе үе болж байв. Гол даган өгсөн жийсээр Бор бургасын ам өнгөрөн Ховд голын ширэгт эрэг дээр отог байгуулан, сайхан хоол идээд амарч билээ. Энэ өдөр манай баг 56 км зам тууллаа.
Зураг 9. Манай отог. Ховд голын эрэг
ГУРАВ ДАХЬ ӨДӨР
Байгалийн байдал (7 сарын 30 өдөр), төрх нүдээр харж ханашгүй, голын урсах чимээ, шувуудын шулагнаа, хөдөө нутгийн нам гүм ноёлсон нарлаг сайхан өглөө боллоо.
Зураг 10. Ховд гол. Отог буулаа. Аяллын замд гархын өмнө
Ховд голын хавцал даган дэнжийн замаар өгсөн уруудан хөөр баяртай жийсээр Могойтын гүүр хүрч, өдрийн хоолоо гуанзанд идлээ. Голын эсрэг талд вольфромийн орд бүхий томоохон уурхай байгааг харлаа. Замд таарсан автомашинтай хүмүүс бидний аяны замд сайн сайхныг хүсэж, унадаг дугуй хэмээх гайхалтай тээврийн хэрэгслийг бахдан магтаж байв.
Зураг 11. Могойтын гүүр ойртож байна. Ховд голын дэнж өгссөн замаар
Ховд голыг гүүрээр гарч, Хурган нуурын хөндий рүү чиглэн өгслөө. Даваа даван Ховд голын эх болох Хурган нуурын сайхныг бахдан харж, мөсөн голын үйл ажиллагааны гэрч болсон хонхор хунх бүхий чулуу, элс, өгсүүр уруу голлосон довцог дундуур жирийлгэн Сыргаль руу дөхсөөр. Замдаа Хурган нуурын усанд булхаж аяны шороо,тоосоо нимгэлэв.
Зураг 12. Хурган нуурын мандал цайран харагдаж, алсад мөнх цас бүхий уулс сүндэрлэнэ
Хурган нуур, Хотон нуурыг холбосон нарийн хүзүүвч дээр барьсан 110м гаруй урт модон гүүрээр (автомашин гардаггүй) гарч, хилийн заставт бүртгүүлэв.
Зураг 13. Сыргааль. Хотон нуур, Хурган нуур хоёрыг холбосон нарийн хүзүүн дээр байдаг модон гүүр
Түргэний ам руу өгсөн Их Түргэний голыг гатлан Бага Түргэний голын эрэгт зусах нутгийн казах айлд буудаллаа.Энэ өдөр бид 61 км зам туулжээ.
Зураг 14. Их Түргэний голын гарамаар

ДӨРӨВ ДЭХЬ ӨДӨР
Найрсан зочломтгой айлын эзэд  (7 сарын 31 өдөр) биднийг аян замдаа сайн явахыг ерөөн гаргаж өглөө.

Зураг 15. Казак гэр
Энэ өдөр бид Даян нуур хүрэх аажим өгсүүр бүхий хонхор хотгор ихтэй, хунх бүхий зам туулна. Мөн олон гол "гарна". Биднийг Хурган нуурын урд талын эрэг дагасан замаа барьж яваарай, тэгвэл саад багатай гэж нутгийнхан зөвлөв.
Зураг 16. Бага Түргэний голыг энэ модон гүүрээр гарав
Бага Түргэний голыг жижиг гүүрээр гатлан зүүн урд чигийг барин жийлээ. Нартай халуухан өдөр боллоо. Хурган нуурын зүгээс сэвшээ салхи үлээж, аяны харгуй өмнө зурайж байв. Замдаа Land Cruiser 80 дагуулсан Герман улсын явган аялагч (эмээ, өвөө, 2 ач хүү) нартай таарав.
Зураг 17. Өтөгтийн гол
Шар булаг, Сумдайрагийн гол, Өтөгтийн гол гарч яваад хэт зүүн гар талаа Хурган нуураа дагаснаас болж зам хойд зүг Ховд голын эх рүү чиглэж эхлэв. Уг нь Ж.Медетбек маань баруун гар талын дээд замаар явах юм биш үү гэж сануулсан юм.
Зураг 18. Хурган нуурын урд эргийн замаар
Ингээд замаас гарч замгүй газраар зүүн урд зүгийг барин алхаж, жийж хэсэг яваад айлын өвөлжөөний бүдэг зам олж, цааш жийсээр Даян нуур зорих төв замтай нийллээ. Бас Ж.Медетбекийн унадаг дугуйг дахин (дунд голын хүрдны талын тогооны резба "алагдаж" суларч эхэлсэн) засаж явлаа.

Зураг 19. Даян нуур руу ороод ирлээ
Овоохон уужим өгсүүртэй даваа даван Даян нуурын хөндийд орлоо. Хадланчидын майханд цайлсны дараа нуурын хойд хормойг барин явж Годон голыг гүүрээр гарч, Сагсаг нуурын зүүн эргээр жийж, Архалхын хөтөл даван Даян нуурын зүүн эрэгт орших Хүй хэмээх газарт ирж айлд буудаллав. Энэ өдөр манай баг 67 км зам тууллаа.

ТАВ ДАХЬ ӨДӨР
Өглөө Даянгийн заставт очиж бүртгүүлэв  (8 сарын 1 өдөр). Аяллын хамгийн хүнд замтай өдөр байлаа.  Ангилал нь 3В. Урьдчилан мэдэж байсан тул Ж.Медетбекийн унадаг дугуйны тогоог гагнуулж, 10.30 цагт Сонгинотын даваа руу өгсөн жийлээ. Давааны оройд нутаглах сайхан сэтгэлт Боодон гуайн гэрт хооллож, бидэнд бэлэглэсэн хоолны нөөц махаа авч даваа уруудан Алтан салааны зүг "шарика"-длаа.

Зураг 20. Сонгионтын давааны замд. Цаана Даян нуур харагдана
Монгол Алтай нуруунд манай хангай шиг ийм сайхан ой мод, өвс ургамал, үр жимс байдгийг мэддэггүй явжээ. Голын ус хоржигнон урсаж, бүрхэг тэнгэрийн сарнимал цацраг дор чийг үнэртэн, нялх ногооны үнэр ханхийсэн Алтан салаа гол руу орлоо. Гол өгссөн автомашины замаар жийхэд унадаг дугуй хүндрэн, жийлт удааширч эхлэв. Бараг л 10 м зайд 1 метрээр өгсөж байлаа. Шууд л дугуйгаа түрлээ.

Зураг 21. Алтан салаа голын ам өгсөх замд
Зам алга болж, жим боллоо, жим ч сүүлдээ сураг тасрав. Дээшлэх тусам уулын ам нарийсан хад чулуу бүхий голын голдрил руу шахаж эхлэв. Үхрийн нүдний бутанд багсайтал ургасан жимснээс атга атгаар би идэж амжлаа. Үнэхээр хүний хөл цөөхөн гарсан хангай байж дээ. Мөндөртэй аадар 15 минут хиртэй асгаран шалба норголоо.

Нар жаргах дөхсөөр, бид ч аажим өгссөөр. Даваа уг нь ойртсон ч нар жаргахаас өмнө амжиж давахгүй мэт надад санагдав. Буудаллах газар олж буух санаатай багынхандаа энэ тухай хэлтэл Ж.Медетбек хүү маань заавал даваан дээр гарья гэж хэлээд дугуйгаа үүрээд зүтгэчихлээ. Залуу хүүгийн зоригт шийдвэрт уруу татагдан хамтдаа даваа өөд зүтгэсээр бид 21.20 цагт гарлаа.

Зураг 22. Даваан дээр гараад ирлээ
Үдшийн бүрийг ашиглан даваа уруудан нам руу орж намаг, ус туулсаар бяцхан довцог дээр майханаа барьж буув. А.Эрдэнэдулам бид 2 нойтон мөчрөөр гал асааж, үлээж суусаар (би замдаа богцонд байсан ганц баллон хийгээ гээсэн) хар цайгаа чанаж билээ. Энэ өдөр зүтгэсээр байгаад 27 км зам туулжээ.

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР
Өглөө босож хооллон, ундалж, нойтон хувцас, гутлаа нар  (8 сарын 2 өдөр) салхинд эгшээгээд уулын амны хойд талыг барин уруудав. Унадаг дугуйтай жийхэд дэндүү эрсдэлтэй байсан тул Хоробайн салаа гол уруудан түрж алхлаа. Удалгүй хадланчидтай таарав. Ийм газар унадаг дугуйтай ирсэн биднийг гайхан хүндэтгэж байлаа. Энэ газрыг хариуцсан байгаль орчны улсын байцаагчтай ч уулзав. Цай ууж амарсаны дараа Чигэртэй нуур хүрэх дөт замыг тэднээр заалган уулын ам өгсөн жийж, түрж явсаар Ёлтын даваагаар давж уруудаж, Чигэртэйн давааны урд хормойд ирлээ.

Зураг 23. Чигэртэйн даваа уруудах зам
Автомашины зам нь даанч их чулуутай юм билээ, жийж түрсээр даваа дээр гарав. Одоо л сайхан уруудана даа гэтэл хэт огцом, бас дээр нь том чулуутай, огцом эргэлттэй тул болгоомжтой орлоо. Сүүлдээ бүр бүрэн "цайрч" чулуу хажигнуулан тэр дор харагдах давааны хормой руу сүнгэнүүлэв. Чигэртэй нуурын хөндийд нутаглах айлд цайлаад нуурын хойд эргийн замаар өгсөж уруудан жийсээр жаргах нарны туяатай ханьсан асгарах бороонд угаагдан Алтай сумын төвд 22.00 цагт ирж билээ.

Зураг 24. Чигэртэй нуурын хөндий, Чигэртэй нуур алсад цайран харагдана
Энэ өдөр хамгийн бага зураг авчээ. Зав ч гарсангүй, замын уртыг эвхэн Алтай суманд хүрэх гэсэн зорилгодоо бид хүрч чадсан. 46 км жийжээ

ДОЛОО ДАХЬ ӨДӨР
Алтай суманд олон жил багш, сургуулийн захирал, сумын засаг даргын алба хашиж байсан ухаалаг буурал Хайсай гуайн гэрт үнэт сургаал үгийг нь сонсон бахдаж хоноод өглөө эртлэн аяны замаа үргэлжлүүлэв  (8 сарын 3 өдөр). Уг нь Бор бургасын голыг өгсөн Тал нуур руу явах төлөвлөгөөтэй байсан боловч нутгийн буурлын үгээр Сагсай гол, Рашаантын гол өгсөн явахаар болов.

Зураг 25. Алтай сумаас гарлаа. Чигэртэй голын модон гүүр
Үүлэрхэг тэнгэрийн дор салхиар дэмжүүлэн чулуу, хайрга, элс бүхий замаар довтолгон өгсөж явлаа. Багийн гишүүн А.Эрдэнэдуламын өвдөгний гэмтэл улам бүр зовиуртай болж, баруун талын ганц хөлөөрөө таталт хийн жийж байлаа. Тос түрхэж үзэв, халуун жин тавьлаа нэмэр болсонгүй. Багаараа ярилцлаа. А.Эрдэнэдулам маань Дэлүүн хүртэл жийе л гэж байна. Үнэхээр гүргэр хүү шүү, гэхдээ энэ гэмтэл нь ужгирч унадаг дугуй жийж чадахаа больчих вий гэсэн айдас намайг түгшээж байсан.

Зураг 26. Сагсай голын нэгэн салааны гүүр
Эх орноо хамгаалан залуу насаа мөнхөлж чадсан улсын баатар Х.Дамба, Д.Намнан нарын хөшөөг замдаа үзэж, нутгийн айлд цайлаад Рашаантын амны дээд хэсэгт айлд буудаллан сайхан амарлаа. Энэ өдөр бид 55 км жийжээ.

НАЙМ ДАХЬ ӨДӨР
Айлаас хөдлөн 2 км гаруй өгсөөд л гануу (Увсайн даваа) дээр гарав  (8 сарын 4 өдөр). Давааны уруу тоос татуулан хурдтай бууж Тал нуурын хөндийд орж ирлээ. Дэлүүн сумын айлууд нуурын баруун, баруун урд талаар зусаж байлаа. Цаашлах тусам айлгүй болж хэдэн жижиг гол гатлаад Тугал нуурын хойгуур (бидний явсан замаас нуур харагдахгүй) өнгөрөн Чөмөг гол гаран 2087 м өндөр нэргүй даваа руу өгсөх хавчиг зам руу оров.

Зураг 27. Увсайн даваа дээрээс Тал нуурын хөндий ингэж харагдана
Халуун өдөр болов. Шазруухан даваа руу дугуйгаа түрэн ярилцан алхаж даваад хоол цайгаа хийх гэсэн боловч усгүй боллоо. Даваа уруудан Жайлиг уулын хойд энгэр ороосон тойруу замыг сонгон төв замаа эртхэн бараадлаа. Уг нь Тугал нуур, Чигиртэй голын харьцангуй товч замыг сонгох гэснээ больсон юм.

Зураг 28. Чөмөг гол Тугал нуураас эх авч Тал нуурт цутгана
Ер нь аяллын хамгийн хүнд үе энэ өдөр тохиох шиг болов. Ж.Медетбек маань гол руу жийж ороод халтиран унаж бас л баруун өвдөгөө гэмтээсэн. Хэцийн хөндийн барагдашгүй мэт уужим тэгш замд хүртэл жийлт маань хүчгүйдэж, яльгүй өгсүүрт л түрж явлаа. Урд харагдах 2472 м өндөр даваа руу аясаар нь өгссөөр, дэржигнүүр элстэй замаар эвтэйхэн өнхрүүлэн уруудсаар Дэлүүн суманд хүрч ирлээ. Гишүүн Д.Мөнхнаст (088)-тай утсаар ярьж найзынх нь гэрт очлоо.

Зураг 29. Ангирлагын нурууны баруун хойд талын уулын замд

Байгаль хамгаалагчаар ажиллах цогтой энэ залуу бидэнд гялалзтал үйлчилж, Өлгий явах микро автобус дуудаад гэрийнхээ хашаанд аваад ирлээ. Багийн 2 гишүүнтэйгээ ярилцаж Дэлүүнээс Өлгий хот руу явах энэ унаанд суулгав. Салья гэж салсангүй, аргагүй л юм боллоо доо.

Зураг 30. Дэлүүн суманд ирлээ

Манай хоёр их л дургүй, гунигтай байсан даа. Энэ хоёр маань унадаг дугуйгаар нийт 468 км зам туулсан. Энэ өдрийн 86 км аргагүй л чанга байлаа.

ЕС ДЭХЬ ӨДӨР
Үзэсгэлэн төгөлдөр том казах гэрт тавтай амарч хоноод, өглөө эрт гэрийн эзэгтэйд баярласан талархсанаа илэрхийлэн ганцаараа замд гарав. Олон хоног хамтдаа аялсан анд нараа үгүйлэн байн байн эргэж харсаар Жангыз Агачийн гол гатлан алсын уужим өгсүүртэй Төвшний даваа өгсөн жийлээ. Яагаад ч юм бие цаанаа л нэг сулбагар байв. Гайгүйхэн харагдах энэ давааг жийгээд даваж чадалгүй өөрийн эрхгүй буугаад түрчихлээ. Даваа уруудан томхон жалга руу орж явсаар толгой ороон нэгэн хөндий рүү орж ирэв. Ус дуусжээ. Харин аз тохиож гадаадын мотоциклтэй аялагчдыг даган яваа автомашинтай таарч устай золгов.

Зураг 31. Давааны хойд өвөрт хоол цайгаа хийж амрав
Тахир зам бүхий сүрдэм өндөр давааны өвөрт амсхийж хоол цай хийж амрав. Ингээд 16.30 цаг гээд давааны замд орлоо. Энэ нь Монгол Алтай нурууны салбар Агуйт нурууны дтд 3065 м өндөр Улаагчийн (Агуйтын) даваа байлаа.  Аргагүй л Алтай нуруу даваж байгаа болохоор ачаатай дугуй махийтал зүтгүүлнэ. Автомашин давахад зориулан сайжруулан зассан зам тулдаа жийж болж байв. Ус маань дуусаж ам их хатна. Дээрээс уруудан ирэх жижиг автомашинаас бас ус авч уулаа.
Зураг 32. Улаагчийн давааны тахир замд

Давааны хойд тал гандмал, ус булаг ховор байдаг бололтой. Ийнхүү тахир замаар урагшилсаар 18.30 цагт давааны орой дээр гарав. Төмөр хаалга бүхий овоо байна. Даваа уруудан Баян Өлгий аймгийн Булган сумын хилийн дээс эхэлдэг юм байна.
Зураг 33. Улаагчийн давааны орой
Даваа уруудан урд өвөр рүү орохуй дор чийг татан сэрүү оргиж, ус булаг тал бүрээс боргилон урсаж буй нь тун таатай байлаа. Зам тун сайхан бөгөөд хажуу доогуур том том үхэр чулуу бүхий Улаагчийн гол шуугин урсана. Энэ голд Индэрт, Асгат, Хонин Чулууны гол болон олон тооны горхи булаг цутгадаг юм байна. Гол даган уруудах замд модон гүүрээр голоо гарч зүүн талын дэнж рүү зам шилждэг. Хэдийгээр нар гудайсан боловч хоноглох отог хайх гэж яарахгүй байлаа. Учир нь 20 орчим км яваад Ёлт баг байгаа гэдгийг газрын зурагнаас харсан тул голын дэнж даган уруудан явсаар байв.

Зураг 34. Улаагчийн даваа уруудах замд Улаагчийн голын шуугиан сэтгэл сэргээдэг
Уулын хошуу шувтран ороож бага шиг хөндий рүү орж иртэл замын хажууд хадлан хадаж буй хүн намайг гараа даллан дуудаж авай. Ийнхүү гэнэтийн явдал цаанаа нэг учир агуулдагыг гадарлах тул их л билэгшээн очиж билээ. Нутгийн хоёр казах залуу 10 орчим насны хүүхдийн хамт инээмсэглэн угтлаа.

Зураг 35. Улаагчийн голын өгсүүр, уруу дэнжийн зам. Дор харагдах хошуу ороогоод нутгийн хадланчидтай таарсан
Хадландаа гарсан гэнэ. Аяллын сонин сайхан хуучлах зуур намайг бидэнтэй хоноод маргааш явахгүй юу, Булган сумын төв эндээс тун ойрхон, Ёлт багийн төв тэр харагдаж байна 5 орчим км гэж хэллээ. Зочломтгой нутгийн залуусын дайлсан оройн хоол идэж, жижиг гэрт нь тухтай амарч хоносон билээ. Энэ өдөр 96 км зам туулжээ.

АРАВ ДАХЬ ӨДӨР
Тэнгэр цэлмэг сайхан өглөө боллоо. Нутгийн залуус сайн явахын ерөөл өргөн үдэж өгөв. Хотод очоод захиа бичиж, фото зураг илгээнэ гэж хэлээд шуудангийн хаягийг нь авлаа.

Зураг 36. Дугуйнд дуртай хүү

Булган сумын төв чиглэх тод замаар жийсээр явтал удалгүй Улаагчийн гол Ёлтын голд цутгалаа.  Ёлт баг голын цаана бараа нь харагдсаар хоцорлоо. Ёлтын голын баруун эрэг даган явсаар нэгэн хөндий рүү ортол баруун талаас нэлээд өргөн гол орж ирсэн нь энэ аяллын явцад үзье гэж мөрөөсөж байсан Булган гол маань байжээ.
Зураг 37. Булган голын модон гүүр
Булган голыг модон гүүрээр гарч баруун талын эрэг даган явахад өөдөөс мотоцикль, трактортай нутгийн иргэд зөрж байлаа. Голын хөндий нэлээд өргөсөж, бургас бут ногоорсон ширэг бүхий орчинд уулын хормой даган мурилзан явсаар Их Жаргалантын голыг гүүрээр гарав. Энэ гол нь Булган голын баруун цутгал юм. 
Зураг 38. Булган голын баруун цутгал Их Жаргалантын голын гүүр
Замд таарсан автомашины жолооч залуу, та сумын төв дээр очоод манай гэрт очиж хооллож, ундлаад яваарай гээд эхнэрийнхээ утсыг өгөөд сайн яваарай гэсэн дотно сайхан үгээр ерөөл өргөн үдлээ. Тун удалгүй Булган сумын хаалга дээр ирж, сумын төвөөр орлоо. Булган голын баруун эрэгт голоороо төв замтай хоёр талаар нь эгнүүлэн барьсан байшин сууцтай сууринд орж ирэв. Хүний хөл харин татарсан байлаа. Учир нь хадлангийн цаг тул бүх хүмүүс голын татам бараадан хадландаа гарсаныг сүүлд ойлгож билээ. Зам дээр энэ сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын даргатай таарч, нотолгоо бичиг бичүүлэн архивтаа хадгалав.

Зураг 39. Булган сумын төвийн угталтын хаалга
Заасан айлд очиж амтат хоолоор дайлуулан талархалаа илэрхийлж аяны замаа цааш үргэлжлүүлэхээр дэлгүүр орж хүнс цуглуулав. Жигнэсэн мах, загасан консеров олдохгүй тул хоёр том бэлэн гоймон аваад замаа хөөв. Сумын төвөөс гарах замаар голоо уруудан явахад дэржигнүүртэй автомашины замаас мотоциклийн нарийн зам салж явсаныг олзуурхан дагаж жирийтэл жийлээ. Хадланчид хаа сайгүй байгаа нь илт. Өвс ачсан том тэрэгнүүд хааяа хажуугаар болгоомжтой зөрөн өнгөрнө.

Зураг 40. Булган гол дагасан
Замын хажууд хадлан хадаж буй гэр бүл намайг дуудан цай боовоор дайлан аян замын яриаг амтархан сонсоод үдлээ. Булган голын ахин нэг гүүр таарлаа, гүүрээр гаралгүй баруун талын эргээрээ явах учиртай. Ёстой нэг жийж баймаар, бие хөнгөн, дугуй маань ч өнхөрнө гэж үзүүлж байв. Орой болтол жийчихье, ер нь хаа хүрэхээ үзье гэмээр сэтгэл төвлөрч урагшилж байлаа. Замд хэдэн шавар байшин бүхий өвөлжөө өнгөрөөд явж байтал замын хажуунаас хэдэн хүн гар даллан дуудав. Очлоо, мэнд усаа мэдэлцэн ярилцлаа. Мөн л хадлан хадаж байгаа нэг бригадын залуус байлаа. Бидэнтэй хоноод яваач гэнэ, цаг жаахан эрт байна даа, дөхөж байдаг юм бил үү гэж бодлоо хэллээ. Хаанаас гараад, хаа хүрч байгааг минь сонсоод та ч хурдан явж байна, энэ байдлаараа Ховдын Булган сум юу байх билээ, эндээс 100 км ч хүрэхгүй гэж ятгалаа. Энэ газрыг Их Төмөрт гэж нэрлэдэг юм байна. Гол уруудаад Дунд Төмөрт, Мухар Төмөрт гэдэг газрууд байгаа гэнэ. Газрын зургаа хартал Ховдын Булган хүртэл 90 орчим км зайтай байлаа. Сайхан сэтгэлт залуустай нэгэн оройг хамт өнгөрөөж тун тавтай амарсан билээ. Энэ өдөр 68 км зам туулжээ.

АРВАН НЭГ ДЭХЬ ӨДӨР
Ойрд Алтай нутгийн тэнгэр аанай л тогтуун цэлмэг өглөө боллоо. Таны дугуйны ачааны боолт, жийрэг чинь мууджээ, рамны шилбээ холгоод эхэлсэн байна, бид засаад өгье гэлээ. Том тэрэгний дугуйны элгэвч ашиглан ёстой нэг нам заслаа. Унадаг дугуй маань бөмбөлзөөд, ачааны элдэв жижиг дуу чимээ нь дарагдаад сайхан болчихлоо.

Зураг 41. Аяллын сүүлийн өдрийн өглөө. Хадлангийн бригадын залуус
Сэтгэлд ойр нөхөрлөлийн үгээр үдүүлэн замдаа гарлаа. Ойрмогхон орших шавар байшингууд өнгөрөөд, Булган голыг гүүрээр гаран зүүн талын эрэг, дэнжээр зам хөтлөв. Яваандаа байгалын байдал өөрчлөгдөн голын хөндий нарийсан, өвс ургамал тачирхан болж хадлангийн нутгаас гарч байгаа нь мэдэгдэнэ.
Зураг 42. Булган голын нэгэн тохой
Энэ замаар хүн амьтан ховор байлаа. Аажмаар Булган голын алдартай хавцал эхэллээ. Голын ус нь тунгалаг, эрэг дээр минь бууж амар даа гэсэн шиг үзэсгэлэнгээ гайхуулан шуугин урсана. Хэд хэдэн том тохой, цүнхээл өнгөрч голоосоо ходолгүй тод замаар орчны ханан хад хавцалыг хараачлан зогсолтгүй жийсээр явлаа. 
Зураг 43. Булган голын голдирол руу зам заримдаа ингэж ойртдог

Нэг их амгалан, голын шуугиан хажууд нүргэлэх нь ойлгомжтой ч энэ үед сэтгэл тайван, бие цоглог, зөвхөн одоо юу таарах бол гэсэн сониуч хүслээр аяллын замын уртыг товчлон явсансан. Голын хажууд түр буудаллаж хоол цай хийж амрав. Нутгийн дугаартай нэг Уаз 469 автомашин зөрж өнгөрсөн.
Зураг 44. Булган голын эрэг дээрхи өдрийн хоол

Гол даган уруудан явсаар аажмаар хөндий өргөсөөд зам голоос холдоод эхлэв. Баруун хойд талаас аадрын хар үүл бөөгнөрөн хуралдаж салхины аясаар гүйцээд ирэх шиг болов. Сэвэлзээд сэрүүсээд ирдэг дээ. Урд дугуй маань хагарлаа. Нөхөх санаатай оролдож суутал гэнэт л тэнгэр нүргэлээд аадар бороо шаагилаа. Ямар ч гэсэн утсаа унтраагаад бага шиг хонхор газар суучихлаа. Нэвт нороод л, тэнгэр дуугарч хаа нэгтэй аянга цахилгаан бууж буй нь сонсогдоно. Хадан хавцал, ганц нэг торойх хайлаас мод бараадаж болохгүй гэдгийг ойлгож байв.

Зураг 45. Борооны дараа голын хөндий задгайран тэл энэ хошуу өнгөрөн тал руу орно
Ийнхүү Ховд аймгийн Булган сум орохоос 30 км зайд аадар бороонд 20 минут хиртэй цохиулж аяны тоосноос саллаа. Алтай нурууний тэнгэр нь хүртэл аяллын замын шорооноос хөнгөлөх мэт угааж өгсөн шүү.

Зураг 46. Булган сумын төвд орохын наана ийм цэлгэр талыг туулна. Зүүн талын хар уулсын цаана Булган сумын төв бий
Дугуйгаа нөхлөө, бидний мэддэгээр өргөстэй том зангуу нэвт хатгасан байв. Нутгийн залуу таараад наадахыг чинь бид нохойн араа гэж нэрлэдэг, мотоциклын муухан гадарыг нэвт хатгаад цоолчихдог юм гэж байв. Нэлээд яваад дахиад л дугуйны хий гарчихлаа. Сүүлдээ цайраад хийлээд л яваад байлаа. Нөгөө нохойн араа нь энэ нутгийн замд тун элбэг юм билээ. Ийнхүү явсаар зорьсон газраа нар хүүшлэх цагаар ирж билээ. Энэ өдөр 89 км зам туулжээ. 2017 оны 8 сарын 7  өдөр байлаа.

Сэтгэл зүрх, итгэлээрээ бидэнтэй хамт аялсан группийн гишүүд та нартаа дахин талархал илэрхийлье. Гэртээ харих зам ямар ч саадгүй ёстой л ерөөлөөр бүтэмжтэй үргэлжилсэн юм. Аяллын нийт зам 721 км болов. Энэ удаагийн олон хоногийн аялал Монгол орны баруун аймгийн нутгаар үргэлжлэн амжилттай дууслаа. Аяллын зам дардан байг, аялагчийн сэтгэл тогтуун байг. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Медетбек А.Эрдэнэдулам Э.Ожго
Ж.Медетбек
  • 773 км дутуу
  • 486 км
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!