Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Манай группийн аяллын түүхийн хуудас бас нэгэн сургамжтай аяллаар зузаарлаа. Уламжлал ёсоор цуглах газраа цуглаж 15 хүний бүрэлдхүүнтэй баг хамтын хүчээр хайрцаглан Нисэх рүү уруудан, Морингийн даваа даваад, Сонгинын замаар Шувуу руу хурдлан жийлээ. Төлөвлөсөн зам, аялах газар, очих цэг тодорхой тул Алтанбулаг сум хүрэх замаар өгсөж уруудан жийсээр 10.50 цагт очсон билээ.
Сум руу уруудах замд зөөлөн элсэн хөрс рүү хурдтай орж онхолдоод би өөрийн биеэ гэмтээчихсэн. Санаснаас наагуур өнгөрч аяллаа үргэлжлүүлэх болсондоо баярлаад шал буруу зүг (баруун урагшаа, уг нь зүүн урагшаадуу явах байсан) группийн гишүүдээ дагуулаад л жийж өгсөн дөө. Өдрийн хоолоо идэж байхдаа нөхдүүдтэйгээ ярилцан инээлдэж сайхан ч өдөр таарлаа, төөрсөн ч яахав, хоногтоо л очиж байвал гэх мэтээр ярьж бүгд л дэмжиж байсан боловч төөрсөнөө тухайн үед хэн ч мэдээгүй байж билээ.
Гадаргын байдал нэг хэвийн гүвээ, толгод өгсөж уруудах маягтай нэлээд явсаны дараа луужингаа хартал урд зүг рүү нэлээд хол явчихсан байв. Зарим хашир аялагч нар анзаарсан боловч надад итгээд хараахан хэлж амжаагүй байжээ. Сэрүүн гэдэг аманд зусах айлаас замаа асууж зүүн зүг чиглэн 40 км зай туулан говийн аймгуудийн засмал зам руу явах боллоо. Манай багийн 3 гишүүнд аяллын ачаалал ахдаж эхэллээ. Нөгөө л гүвээ, толгод, хөндий үргэлжилсээр, ядахдаа салхи бидний дайсан боллоо. Зам гэж ёстой л там, чөмөг доригтол сэгсэчсэн нидрүүлгэн дэржигнүүр. Нар жаргахаас өмнө амжин засмал замдаа орлоо. Нэг гишүүн хотоос автомашин дуудан хүлээхээр болов. Түүний машинд бас нэг гишүүнээ дайхаар шийдлээ. Өндөр довын замаар өгсөн шөнийн 23.00 цаг хавьцаа Төв аймгийн Тахилтын давааны зүүн өвөрт ШТС дээр ирлээ. Аяллын зам: 124 км+10% шагналын км. Нийт: 136 км-ээр тооцов.Манай цувааны хойд хэсэгт аяллын хамаг хүндийг гишүүн Г.Манлай (034), Батсуурь (063), А.Тэмүүжин (073), Т.Баярсайхан (038), Ч.Мажигсүрэн (036) нар үүрч, хоцорсон гишүүдийг түрж, дэмнэж, туслаж байлаа. Аяллын замыг сэтгэлийн хат, туршлагаар гишүүн Ч.Ганболд (058) бахархалтай туулж байлаа. Шинээр бидэнтэй хамт аялсан С.Цолмон Эрдэнэ (100) болон багийн бүх гишүүдэдээ талархал илэрхийлье. Бид хамтдаа нэгэн адалт явдалт аяллын ард гарч чадлаа.