Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Зүүн болон зүүн урд зүгээс хүчтэйхэн салхилсан нартай өдөр боллоо. Аяллын багынхан (нийт 25 хүн) болзсон газраа цуглаж 8.15 цагт аялал эхлэв. Скай Ресорт хүртэл автомашины замаар бяртайхан жийсээр эхний таталтыг хийлээ. Баянзүрхийн товчооны дэлгүүрээр орж хүнсний бэлтгэл базаагаад цааш танил болсон төмөр зам дагасан замаар жийж Хонхор орж, Төрхурахын ам өгсөн хар модон ойн цоорхойн уужим энгэрт 11.30 цагт үдэллээ. Хонхорын төмөр замын гүүрнээс нэг гишүүн маань хувийн ажил гарсан тул буцсан болно.
Зуны эхэн сар гэхэд маш хуурай, өвс ногоо гандсан, шороо шуурсан, урдаас салхилж байлаа. Хөлийн гол маань урсацгүй болж хөрсөн доогуур шургажээ. Төмөр замын дунд байдаг булаг ч бас оргилсонгүй.
Усны асуудал үүссэн тул залуу гишүүн, хашир гишүүний хамт үүргэвчинд усны савууд хийж Төрхурахын ам өгсөн 2 км гаруй өгсөн жийж, маш сайхан булгийн ус олоод эргэн ирлээ. Мөн дахин 2 гишүүн булаг руу явж ус авчирсанаар усны асуудал шийдэгдэв. Анх удаа тогоогоо галлаж 3 удаа шөлтэй хоол (гоймонтой махтай шөл, гоймонтой жигнэсэн махтай шөл, борцтой бор гоймонтой шөл) хийж идлээ. Хамт олноороо ийнхүү амарч үдлэх нь аялал оролцогч нарт маш их таалагдав.
Ирэхдээ уулын ам дамжсан замаар жийлээ. Манай хашир нэг гишүүн утсаараа бичлэг хийж яваад унасныг эс тооцвол ноцтой юм болсонгүй. Толгойн хамгаалалтын дуулгын ач холбогдолыг дахин нэг үзлээ. Дугуй хагарах, гинж тасрах зэрэг саатал гарч байлаа. Бид цэцэрлэгт хүрээлэнд ирж cola-дан, хуушуур идэж аялал амжилттай дууслаа. Аяллын зам 60 км-ээр тооцов.Амттай хоолоор биднийг дайлсан гишүүн "тогооч", гал тогооны эзэд У.Одбаяр (055), Д.Мөнхнаст (088), багийн төлөө "байхгүй" ус хайхаар явж олж ирсэн Э.Батуух (014), Т.Баярсайхан (038), С.Батсуурь (063), Ч.Мажигсүрэн (014) нар, группийн аялагч гишүүн болсон Б.Мөнхбаяр (095), Б. Энх Эрдэнэ (096), Ө.Анхбаяр (097), Б.Сүхбат (098), Л.Цог Эрдэнэ (099) нарт талархал илэрхийлье. Уулын дугуйн аяллын зам дардан байх болтугай.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Т.Баярсайхан | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1296 км |
Н.Ууганбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1278 км |