Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ОРШИЛ
Манай группийн аялагч гишүүд насан туршдаа дурсах агуу нэгэн бахархалт түүхийг хамтран сийллээ. Монгол хүний баяр баясалаа илэрхийлэх сэтгэлийн тайлал дэндүү даруу бас ичимхий байдаг юм болов уу. Аяллын замаа бүрэн дуусгаж шөнийн 2.00 цагт Барианд орсны дараа багийн нөхдөө тэвэрч, бие биедээ дарууханаар баяр хүргэн, ямар том саад бэрхшээлийг давсанаа хараахан ухаарч амжилгүй инээмсэглэх та нарын минь төрх миний сэтгэлд үүрд үлджээ.
УБ 240 аялал нь УБ хотыг тойрон, 24 цагт 240 км зам туулах зорилго бүхий тойрон аялал юм. Аяллын журманд орсон шинэ өөрчлөлтийг үндэслэн гишүүдийн жийлтийн хэмнэл, бие бялдарын байдалд дүгнэлт хийн группийн гишүүдээ хоёр багт хуваан бүртгүүллээ.
Уулын дугуйн аялал-1 баг: 6 гишүүн, ахлагч С.Батмөнх (037), орлогч Н.Ууганбаяр (022),гишүүд Ж.Дэлгэрбаяр (035), Н.Төгөлдөр (052), У.Одбаяр (055), Сонинбаяр (077)
Уулын дугуйн аялал-2 баг: 9 гишүүн, ахлагч Э.Ожго (837), орлогч Ч.Мажигсүрэн (036), гишүүд Ц.Гантулга (005), Г.Цэрэндорж (048), С.Батсуурь (063), Ц.Наранхүү (069), А.Тэмүүжин (073), Э.Уянга (074), Д.Мөнхнаст (088)
АЯЛЛЫН ЗАМ, ТУУЛСАН ЗАЙ
ГАРАА- БҮРТГЭЛИЙН ЦЭГ 1 (БЦ) замын урт- 35 км. Аялагчдын гараанаас гарах сэтгэлийн хөөрлийг бага багаар намжаах зорилготой гэмээр аажим өгсүүртэй засмал болон шороон зам. Манай баг 1 цаг 40 минут зарцуулав.
БЦ1- БЦ2 замын урт- 34 км. Яг л одоо нисэх мэт хурдал гэх шиг уруу гололсон засмал зам. Энэ замын тэгш хэсэгт бид 40-42 км цагийн хурдтай жийж байлаа. Манай баг 1 цаг 26 минут зарцуулав. БЦ2-БЦ3 замын урт- 44 км. Аяллын хамгийн хүнд уулын зам. Гүнтийн даваа руу 12 км өгсөж эхлэнэ. Дараа Шарга морьтын зүүн талын Гүнтээс 200м өндөр даваа, Бэлхийн шазруухан өгсүүртэй Хадатын хамар. Хүчээ зөв хувиарлахгүй бол энэ замд “мөхөх” эрсдэлтэй. Жигжид “ресторан”-д үдийн хоол идэж 2 цаг амараад хөдлөв. Манай баг 2 цаг 10 минут жийлээ. БЦ3-БЦ4 замын урт- 39 км Засмал шороон зам, байгалийн төрөл бүрийн саад болох голын сайр, хайрга, элс, гол ус, чулуу г.м. Аялагчдын сэтгэлийн хатыг шалгах шалгуур гэлтэй. Урагш ахихгүй “шаанга” зам. Халуунд хөл халж пэмпийгээд байхаар нь голын хүйтэн усанд дүрсэн чинь үнэн жаргалыг эдэлсэн билээ. Манай баг 2 цаг 50 минут зарцуулав. БЦ4-БЦ5 замын урт- 64 км. Аяллын хамгийн урт зай. Шөнийн цагаар туулах зам тул гэрэл чийдэн, анхаарал болгоомж шаардана. Засмал замаар жийх боловч даваа, гүвээ, өгсүүр, уруу ихтэй. Аяллын өдөр зүүн урд, урд зүгээс хүчтэй салхилж, хүйтэн бороо шаагиж байлаа. Багийн хамтын хүчээр туулах учиртай. Налайх “ресторан”-д оройн хоол идэж 1 цаг 50 минут амараад хөдлөв. Манай баг 5 цаг жийлээ.БЦ5- БАРИА замын урт- 11 км. Аялагчийн сэтгэл зүйг тогтворжуулах, тайвшруулах мэт засмал замаар уруудсаар байгаад барианд хүрнэ. Манай баг 31 минут зарцуулав. Аялал дуусаж, зорьсон зорилгоо биелүүлээ.
Багийн гишүүдийн аяллын нийт замыг 240 км-ээр тооцов. Гишүүн Э.Ижилмөрөн (013)-г хоногийн аялалд оролцсоноор (цэнхэр тамга идэвхжинэ) тооцон хувийн хэрэгт нь 101 км-ээр тэмдэглэл хийнэ.
БАГИЙН ГИШҮҮДИЙН ТУХАЙД
Ч.Мажигсүрэн (036)- манай багийн уураг тархи. Цагийн тооцоолол, дундаж хурд, жийлтийн хэмнэл, амралтын хугацаа, хөдлөх цаг гэх мэт бүх асуудлыг тооцон багийн ахлагчид үнэлж барашгүй мэдээлэл хүргэж, зөвлөж явсан. Өөрөө ч бэлтгэл сайн ядрал гэдгийг мартсан мэт толгойн хэсэгт хүндийг үүрэн жийж байлаа. Мөн багийн ахлагчийг сэтгэл зүйгээр дэмжиж, багийг бүрэн бүрэлдхүүнээр аяллыг дуусгахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Мажигаа маань хүнд үед надад таныг бид орхихгүй, чирээд түрээд ч болов замаа дуусгана, та зогсвол бид зогсож хүлээе, санаа зоволтгүй бид таньтай л хамт барианд орно гэж хэлсэн үг нь надад аяллыг нэр төртэйгээр бүрэн дуусгах бололцоог олгосон гэдгийг зориуд тэмдэглэхийг хүсэж байна. Мажигаа найздаа баярлалаа.Э.Уянга (074)- багийн ганц эмэгтэй дугуйчин. Багийн гишүүдийг аяллын замаа бүрэн дуусгахад нөлөөлж чадсан, биднийг үлгэрлэн урагшлах хүчийг өгч байсан хөөрхөн дүү, авьяаслаг дугуйчин охин.
Аяллын бусад багийн дугуйчдыг гайхшралд автуулан бахархал төрүүлэн Гүнт, Шарга морьтийн даваа, Хадатын эвгүй өгсүүр өөд од болон жийсэн билээ. Маш олон хүн надаас Уянгаагийн талаар асууж, хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг сэргээж байсан талаар хэлж байсан.Ц.Гантулга (005)- хур их туршлагатай, ууган гишүүн. Анх Гантулгатай хамт Хөвсгөл нуур тойрох олон хоногийн аялалд явж байсан тул багын найз мэт дотно санагддаг юм. Энэ залуутай хамт ямар ч аялалд гарахад сэтгэл нэг л өег, найдвартай санагддаг билээ.
Замын уртад алжаах явцад яг л хажуугаар орж ирэн салхи авч, нэгэн хэмээр итгэлтэй жийхийг нь хараад араас нь дагаж олон ч давааг нугалж байсан шүү. Аливааг асуудлыг хэлэлцэх явцад цаанаа л нэг уужуу ухаанаар зөвлөгөө өгч байхыг олонтоо сонсож байсан. Сүүлийн үед ажлын ачаалалаас болж тэр бүрийн өдрийн аялалд оролцож байгаагүй тул битүүхэндээ миний бие санаа зовж л байлаа. Гэтэл энэ эргэлзээг эрхэм дүү минь дор нь тас цохиж, аяллын замын бахархал болсон.С.Батсуурь (063)- манай багийн холбоочин, кино продюссер. Зөв хүмүүжил, нийцтэй харилцаа, унадаг дугуйг мятрашгүй жийх талаар үлгэр дууриал болдог залуу. Аяллын үед шаардагдах зүйл гарвал хамгийн түрүүнд л би хийе, би явья гээд л уриалгахан хийдэг.
Замын уртад салхи авч бусдыгаа дэмжинэ, хоцорсон гишүүн рүүгээ буцаж очин дэм үзүүлнэ, завандаа зураг авч, бичлэг хийнэ, дэлгүүр рүү жийнэ гээд хийх ажил мундахгүй л аялсан даа. Унадаг дугуйгаа аялалд бэлдэн, олон ч удаа задалж угсарсан даа.А.Тэмүүжин (073)- манай багийн техникийн үйлчилгээ хариуцсан гишүүн. Энэ аялалд хамгийн сайн бэлдэж, урьдчилсан өдрийн аялал бүрт идэвтэй оролцож байсан гшүүдийн нэг. Аяллын замаас харахад маш тооцоотой жийж, биеийн хүчийг зөв хувиарлах тал дээр бидэнд үлгэрлэж байсан. Сайн ч дугуйчин, сайхан ч дугуйтай. Бүртгэлийн цэгт бүртгүүлэх, өдөр оройн амралтын үеэр гишүүдээс унадаг дугуйных нь талаар асууж үйлчилгээ, тохиргоо хийж явлаа.
Налайх дээр миний дугуйг хачин сайхан цэвэрлэж, гинжийг нь тослоод тавьчихаж билээ. Үр дүн нь ч гарч дугуйны явалт, өнхөрөлт илт сайжирсэн. Манай групп-ээс өөрийн бахархалын хуудсыг хамгийн богино (3 сарын 25- 5 сарын 27) хугацаанд нээлгэсэн хүү дээ.Ц.Наранхүү (069)- өдрийн хоол, байр хариуцсан гишүүн. Хүн бүрт л аялал янз бүрийн байдлаар эхэлдэг. Наранхүү маань хоололтын талаар “тактик”-ийн алдаа гаргаж өглөөний цай уугаагүй аялалд гарч 2-р бүртгэлийн цэг хүрэхийн өмнө жаахан суларч биднээс 10 минут хирийн алдагдалтай хүрч ирэв. Гэвч Гүнтийн даваа руу аялагч хүний тэвчээр гарган давж, уруудан өдрийн хоолны амралтын үеэр сэргээд ирлээ.
Бидний баярласаныг үгээр хэлэхийн аргагүй. Группийн харьцангуй шинэ гишүүн боловч аливаад санаачлагатай, нөхөрсөг харьцаатай, сайн жийдэг залуу юм. Цаашид аяллын замыг ямар ч асуудалгүй амжилттай туулан, салхи авах, цоожлогчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн.Г.Цэрэндорж (048)- багийн найдвар, мятрашгүй гишүүн. Цайлган зан, хөгжилтэй яриа, цангинасан инээдээрээ багийн нөхдөө баясган, ядрал гэдгийг мэдэхгүй ямар ч замд годогнуулан жийдэг энэ хүү бүр миний гайхширалыг төрүүлдэг юм. Янз бүрийн дугуйтай аялалд оролцохыг нь харлаа, онхолдож унахыг нь харж байлаа нэг л зангаараа шүү.
Хүн хоцорвол Цэкү буц, юмаа мартвал Цэкү яв, урагшаа юм харвал Цэкү хараад ир гээд л түүнээс тусламж гуйх нь даан ч их. Аяллын үеэр Эрдэнэтийн айхтар дугуйчдыг даган 50 км хурдтай жийсээр БЦ2 дээр ирээд биднийг хүлээж байсан. Өөрөө буруугаа ойлгосон тул би юм хэлээгүй өнгөрсөн. "Ам"-ыг нь сул тавибал ингэж л жийх хүү дээ.Д.Мөнхнаст (088)- оройн хоол, байр хариуцсан гишүүн. Багийн хамгийн, аяллын туршлага нимгэнтэй гишүүн. Энэ залуугийн аливаад санаачлагатай, ажилсаг, хэлсэн үгэндээ яг хүрдэг чанар нь багт сонгон авах гол шалтгаан болсон юм. Урьд нь бидэнтэй нэг удаа (надтай хамт 3 удаа) аялаж байхад унадаг дугуй унах тэвчээр, хатуужил, биеийн хөгжил сайтай нь илт харагдсан билээ.
Аяллын үеэр харин Мөнхнастын шинэ авьяас нээгдлээ. Бүртгэлийн цэг бүр дээр зураг авч бидний аяллын түүхийг мөнхөлж чадав. Мөн манай группийн цуглах цэг Налайхд нээгдсэнийг мэдэгдэж байна. Ямар ч үед манай гэрээр зочлон алжаалаа тайлж байгаарай гэж энэ даруухан залуу надад хэлсэн. Хамт олны итгэлийг алдалгүй маш сайн жийсээр аяллаа бахархалтайгаар өндөрлүүлэв.ТАЛАРХАЛ
Жигжидийн зуслан дээр ирж бидэнд үнэлж барашгүй сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн гишүүн Т.Баярсайхан (038), бие хол ч сэтгэл нэг гэдгийг илэрхийлэн УБ хотоос Налайх руу жийж, биднийг аяллын замд тосон, барианд ортол хамтдаа жийж, салхи авч тусалсан гишүүн Э.Ижилмөрөн (013) группийн аялалд туслахаа чин сэтгэлээсээ илэрхийлсэн гишүүн П.Отгонжаргал (019), Буянт ухаа цогцолбор дээр ирж бидний баярыг хуваалцсан гишүүн Д.Ганболд (058), Жигжид “ресторан”-ы эзэгтэй Мягмармаа, Налайх “ресторан”-ы эзэгтэй Тунгалаг, Яармаг “зочид буудал”-ын эзэн С.Батсуурийн эмээ, өвөө, дүү охин нарт болон биднийг дэмжиж туслаж байсан та нартаа талархал илэрхийлье. Гэрэл зургийн С.Батсуурь (063,) Д.Мөнхнаст (088) нар авсан болно.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
С.Батмөнх | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1342 км |
Ч.Мажигсүрэн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1329 км |