Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Шиврээ бороотой, хаврын жаахан зэврүүндүү салхитай өдөр боллоо. Уулын орой цастай байв. Манай группийн аялагчид Дүнжингарав дээр цуглан 9.10 цагт аялал эхлэв. Манай баг 10 хүнтэй. Танил замаар хамтын хүчээр жийсээр 10.15 цагт Гацуурт сууринд ирэв. Бороо зогслоо.
Цааш Туул голын хөндий өгсөн жийсээр Туул голын гарам дээр ирлээ. Шууд жийгээд гарч болохгүй тул гутлаа тайлан голын хүйтэн ус, дороос нухах чулуу хайрганд хөлөө хөндүүлэн, дугуйгаа үүрч гүрийсээр гол гатлав. Гэтэл цаана нь дахиад л голын салаа цэлийж байлаа. Манай залуучууд харин үүгээр жийгээд гарсан шүү. Нэг гишүүн голын усанд унасан.Гарам дээр нэлээд цаг алдсан боловч Налайх дүүрэгт 14.00 цагт ирж манай группийн шинэ гишүүн Д.Мөнхнаст (088)-ын гэрт очиж чанасан мах, ногоо, халуун үзэмний шүүс, гэрийн боорцогоор дайлуулан сайхан амрав. Шинэ гишүүнийхээ гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Нэг гишүүний дугуйны дөрөө дунд голоос мултран унасан тул Налайхд үлдэж, цааш 9 хүн жийж Баян уулын урд дөрөлж хүртэл Д.Мөнхнаст биднийг гарган өгөөд, буцаж Налайх руу жийсэн.
Хөлийн голын хөндийг уруудан Хонхор сууринд дөхөх үед Налайхд дугуйгаа засуулсан гишүүн маань бидэнтэй нэгдлээ. Бүгд л баярлаж тэр эрчээрээ жийсээр цэцэрлэгт хүрээлэнд 18.50 цагт ирж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 99 км боллоо. 5 цаг 48 минут жийж, 2674 калори шатаажээ.Шинэ гишүүн Э.Нинждорж (087), Д.Мөнхнаст (088) нар болон бороотой өдрийн аялалд хүчээ сорьж замаа дуусгасан бүх аялагч нартаа талархал илэрхийлье. Манайхан ч сайхан хамт олон болж дээ. Бэлтгэл нь ч жигдэрч, төлөвлөж буй 24 цагийн аялалд оролцох итгэл дүүрэн сэтгэлээр энэ аяллыг дуусгаж чадлаа.