ГҮНЖИЙН СҮМ 1982 ОН (анхны аяллын дурсамж)
Жил бүрийн 4 сарын сүүл 5 сарын эхээр манай групп энэ чиглэлд унадаг дугуйн аялал хийдэг уламжлалтай билээ.
Гүнжийн сүмийн тухай ШУА-аас гаргадаг байсан "Шинжлэх ухаан, амьдрал" бил үү, сэтгүүлийн хуучин хаягдсан дугаараас олж уншаад, хүүхэд насны дэврүүн хүслээр нэг "шинэ газар нээх" гэж байгаа мэт л хөөрч явсансан. Налайхаас цааш яаж явахаа мэдэхгүй зам даган алхаж байтал бид хоёрыг "Кубань" нэртэй номын мухлагт машин аваад, Тэрэлжид хүргэсэн.
Хоёулаа 10 төгрөгөөр нийлээд нийт 20 төгрөгөөр хүнс, аяллын зардлаа хийсэн. Ээждээ л хэлээд гарсан. Будаатай хуурга, элэгний нухаш, Камбала гэдэг загасан консеров тус тусдаа нэжгээдийг аваад, 1 төгрөг 40 мөнгөний талх 2 ширхэг, бас Нимбэгний ундаа 2 лонх авч байсан. Найз маань цэрэг дашмаг (манерка), тогоо (котель)-той явсан. Бас нэг эвхдэг тонгорог халаасалсан. Мэдээж шүдэнз, давс, нунтаг цайны идээ байгаа. Тамхи огт татдаггүй байжээ.
Тэрэлжид очоод шууд уул даваад явчих юм бодоод, нэг л их хүч зориг, юу юугүй оччихно гэж бодоод ... майхан сав ч байсангүй. Нутгийн нэг хүн ногоон аранз (цэрэг үүргэвч) үүрсэн бид хоёртой таараад, хаашаа явж байна гэж асууж билээ. Гүнжийн сүм рүү уул даваад явна гэсэн чинь ... наашаа ир, хүү минь. Аль сургууль вэ гээд байцааж айлгаад. Тэгсэнээ, та хоёр уулаар явж огт болохгүй чоно, нохой элбэгтэй. Тэр газар руу баргийн хүн очдоггүй юм. Та хоёрт зам зааж өгье гээд яг одоогийн бидний явдаг сонгодог замыг газар шороон дээр зурж зааж өгч байсан нь одоо ч тод санагдаж байна. Нар нэлээд гудайсан байсан. Баруун Баян гол өгсөөд явахад айл байгаа, тэнд хоноорой гэж хэлээд Сайн яваарай гэж хэлэхэд нь анх удаа ийм үг сонсоод маш их догдолж билээ. Ертөнцийн хамгийн гоё үг шиг санагдаад л ... хоёулаа хөөцөлдөн гүйсээр орой нар шингээд, үдшийн бүрий болж байхад Баруун Баян гол руу орж нэг айлд очиж байсан.
Очсон айл маань, одоо баримжаалахад Баруун Баян голын эхний гарамаас наана байсан. Айлын эзнээс нэр усыг нь асуух ухаан байгаагүй. Тэрэлж дээр ах минь байгаа, бид хоёр Гүнжийн сүм рүү явж байна гэсэн чинь ... хүүхдүүд хоноод өглөө эрт яваарай. Манай гэрээс 20 орчим км зайтай, дээшээ айл байхгүй та хоёр өдөрт 40 км явж чадах юм уу гэлээ. Чаднаа л гэж хэлсэн. Айлд загасан консеров идээд, нэг консеорвоо гэрийн эзэнд, нэг талхаа эзэгтэйд өгсөн. Хүүхэд лав байгаагүй... Нам унтаж байсан чинь явья хүүхээ, гээд л сэрсэн. Тооноор харсан гадаа харанхуй байлаа. Жаахан жихүүцэс хийгээд бид хоёр ухас хийж босоод, зэлгээн хар цай уугаад, айлын боорцогноос атгаж аваад гарсан чинь гэрийн эзэн сарлаг тэрэгтэй сууж байсан. Та хоёрыг дөхүүлж өгье, өвөлжөөгөө нэг эргэх ажил бий гээд ... бид хоёр ч ухасхийж гараад тэргэн дээр суусан. Хөдөлж ядсан үхэр тэрэгний хэмнэлийг яасан ч удаан юм гэж бодоод л, буугаад, гүйчихмээр санагдаад л, газрын хөрсөнд халтартан эргэх модон дугуйн гадарт хөлөө хүргэж шаврыг унагаагаад л явж билээ. Хоёр ч удаа их устай гол гарсан нь бидний танил хоёр гарам. Гэгээ удахгүй ороод, алсын бараа харагдахад сарьдаг уулсын өндөр, хадан орой бүхий бэсрэг уулс, голын хөндийн торлог бут гээд огт харж байгаагүй сайхан байгаль өмнө цэлийж, нүд бараг бүлтэрсэн дээ.
Удаан явж буй мэт боловч жигд хурдаар зогсолтгүй явахад ямар их зам туулдагийг сүүлд ойлгосон. Замын нэг жижиг гол (Хөх чулууны гол) дээр түр зогсоход усаа нөөцөлж авав. Нар нэлээд хурц шараад эхлэв, нойр ч хүрэх шинжтэй, нозоороод л ... нүцгэн толгойн энгэр дагасан бүдэг замаар явсаар багахан хунхад байх хар бараан өвөлжөө хүрээд зогслоо. Тэр хүн бид хоёрт нөгөө өндөр хадан оройтой хошууг зааж, түүнийг ороогоод явсан бүдэг зам бий, цаашаа нэг гүдэн давна, бүдэг замаасаа ер гарч болохгүй эндээс 10 орчим км шүү. Буцаад ирэхэд ах нь явчихсан бол замаа дагаад гүйгээд манайд ирээрэй... гэснээ нөгөө сайхан үгийг дахин хэллээ. Том хүнээс ийм үг тун ховор сонсож асан цаг үе, тэгээд ч үеийн мэт том хүнтэй ингэж ярина гэдэг мань мэтэд маш сонин сайхан санагдаж билээ.
Бид хоёр ч гүйчихлээ, алхаад л, алхаад л халуун өдөр боллоо. Усаа цэрийтэл уугаад л, ундаагаа аль өчигдөр уучихсан нь мэдээж. Гүдэнгээ даваад хартал пөөх... торлог гэдэг далай, тэр дундуур нарийхан завсар алдаг оног зам холоос харагдана. Уруудаад нэг горхи, харайгаад явтал дахиад горхи... одоогийнх шиг шавран далай бага байсан юм шүү. Өө нээрээ ... 7 сарын 5 өдөр, Даваа гаригт хотоос гарсан гэхээр өнөөдөр 7 сарын 6 өдөр, Мягмар гариг байсан байх шүү. Замаас гарч нүцгэн энгэр бараадан хуурай мөчир цуглуулж, цэрэг тогоогоо чулуун дээр тавиад гал асаан, цайгаа чанаж уулаа, дараа нь нэг будаатай хуургаа задалж халааж идэв. Тал талхаа ч бас идчихлээ. Тэгээд л торлог дундуур зурайх итгэлт замаасаа салалгүй явсаар, уулын бэл рүү зам шурган ой руу орлоо, яваад л байв, өгсөөд л байв ... гэнэт л найз маань тэр юу вэ гэлээ, хартал байшингийн дээвэр шиг, яг хажууд нь ирсэн байв. Холоос огт харагддаггүй байсансан, сүүлд сүүдрэвч энэ тэр бариад харьцангуй холоос харагддаг болчихсон юм.
Одоо бодоход ялаа шумуул хөхтүрүү байсан л даа, хүүхэд болохоор тэр юм уу огт санаанд ордоггүй юм. Уг нь яг л эдгээр амьтдын жаргалын орон шүү дээ. Хачин шүү. Нартай халуун өдөр, хоржигнон урсах уулын горхи, хааяа сэвхийн үлээх хөндийн салхи, торлогон далай, нэг их гүн хэлэх аргагүй гуниг дүүрэн Гүнжийн сүмийн туурь л миний сэтгэлд үлдэж дээ.
Зорьсон газраа очоод бид хоёрын санаагаар унасан гэж ... эвдэрхий байшингийн балгас л байна гэж хоорондоо яриад л ... тэгсэнээ нөгөө уншсан зүйлтэйгээ харьцуулан сонирхож эхлэхүй нэг их огт өөр ертөнцөд орсон мэт совин татаад эхлэв. Хөх тоосго, нурсан чулуун хэрэм (сүүлд ихэнх нь нурсан) бас гүнжийн оршуулсан газрын нурсан нүх гээд бүх юм сонирхолтой санагдаж байсан. Фото зургийн аппарат хэрэгсэл байх биш, бүх зүйлийг бяцхан тархиндаа хадгалахсан гэсэн нэг тийм хүсэл төрөөд л ... энийг хараа, энэ ийм юм байна гээд л тэр хавиар нэлээд гүйсэн дээ. Гарч ирээд, нөгөө том модны урыг хараад л, хоёулаа алмайрсан. Ийм том яр гэж байдагаа гээд л, гэхдээ яагаад ч юм хүүхдийн зүггүй зан тэр орчинд далдын нэг шидэмсээр хүлэгдчихээд байгаа мэт санагдаад байсан. Дахиж ирэхсэн гэсэн хүсэл надад хамгийн ихээр төрөөд байж билээ.
Харахыг хүссэн зүйлээ ханаталаа харж аваад хоёулаа буцахдаа гүйчихсэн... айх, сэрэмжлэх, болгоомжлох, ядрах, эцэх гэх мэт мэдрэмж огт төрөөгүй шүү. Нар буугаагүй байхад бид хоёр нөгөө гүдэнгээ даваад (отог руу урууддаг) гүйж байтал, шовгор хадны наана манай сарлаг тэрэг харагдав. Гүйгээд очтол доор нь нөгөө ах унтаж байсанаа, бид хоёр руу ч харалгүй... за тэгээд хүссэн зүйлээ харав уу гэж асуухад нь харлаа харлаа гээд хажууд нь сууж билээ. Уг нь бид хоёртой ярих гэж хүссэн бололтой гэдгийг сүүлд ойлгоод их харамссан. Харин би, та хөтөл даваад бид хоёр дээр ирэхгүй яасан юм гэж асуусан чинь, нүүрээ буруулаад, ах нь энэ гүдэнгээс цааш явдаггүй юмаа гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь, хоолойгоо нэг засаад, за явья хүүхээ, эртхэн очиж хажуулья гээд бид хөдөлж билээ. Үдшийн бүрийгээр гэрт нь очиж амраад, өглөө эртхэн Тэрэлж рүү гарсан. Нэг будаатай хуургаа гэрийн эзэгтэйд өгөөд уут дүүрэн боорцогоор шагнуулан, замдаа алхаж явахад Туулын хөндийн замд "аавын цээж" машин таарч бид хоёрыг аваад Тэрэлж улмаар УБ хот хүртэл ачаан дээр нь салхи татуулан зогсож явсан хүүхэд насны минь биелэл болсон мөрөөдөл одоо ч үргэлжилсээр байгаа мэт санагддаг. Ийм учраас жил бүр миний бие Гүнжийн сүм рүү тэмүүлдэг байхаа. ТӨГСӨВ
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Сайхан байна, туулаад даваад ирсэн болохоор багийн та нартаа талархаж, бахархамаар ... Ингээд эхнээс нь хүүрнэе.
2017 он 4 сар 29 өдөр, Бямба гариг
Энэ аялалд манай групп (7 гишүүн), Мерида унадаг дугуйн клубын гишүүд (12 хүн) хамтран нэг баг (нийт 19 хүн) болон оролцов. Аяллын бэлтгэлээ хангаж, ачаа тээшээ янзлаад 10.48 цагт аялал эхлэв.
2017 он 4 сар 30 өдөр, Ням гариг
Дулаахан сайхан шөнө болов. Манайхан өглөө 7.30 цаг гээд л цэлмэг тэнгэр, хурц нар, цэвэр агаарыг магтан сэрцгээв. Цайгаа уучихаад 10.40 цагт Гүнжийн сүм дээр очлоо. Газар харьцангуй хуурай, шавар бага байв. Жийсэн зай 19 км.