Группийн түүх: 2017 оны III сарын тайлан (зураг 5)
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Манай группийнхэн товлосон цагтаа цуглаж аялал 10.00 цагт эхэллээ. Энэ удаагийн аялалд шинээр 6 аялагч гишүүн нэгдэж нийт 19 хүн (рекорд) оролцлоо.
Хөлийн голын төмөр замын гүүр хүртэл автомашины замаас зайлсхийн Туул голын үерийн далан, Баянзүрхийн төмөр замын дагуух шороон замаар урамтай (салхи ар нуруунаас байлаа) жийлээ. Богд уулын хойд хормой дагасан (нэг гишүүний дугуй хагарсан, бас нэг гишүүний гинж тасарсан) замаар "сүргээрээ" жийж, Бумбатын амын замаар уул өөд өгсөв.
Манай группийн аялагч гишүүн болсон Ц.Наранхүү (069), Т.Оюун Эрдэнэ (070), Д.Эрдэнэням (071), Ж.Нанзаддорж (072), А.Тэмүүжин (073), Э.Уянга (074) нар болон толгойн сэргийлэх Э.Батуух (014), аюулгүйн цоожлогч Г.Манлай (034), түүх бүтээгч гэрэл зурагчин Ч.Мажигсүрэн (036), аяллын нийт гишүүдэд талархал дэвшүүлье. Салхины хүчийг баг хамт олны нэгдсэн ажиллагаагаар давдаг гэдгийн маш сайн ойлгож мэдэрлээ.