Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #203 - Төрхурахын ам

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/427
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
67 км
Давааны тоо
1
Өндөр авалт
499 м
Өндөр алдалт
-500 м
Их өгсөлт
8.4 %
Их уруудалт
-8.5 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2026 оны 10 сарын 3 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Төрхурахын ам, 13:00 цаг

Үүний өмнөх аяллын дараа цас орж огцом сэрүүссэн тул өнөөдрийн аяллыг ийнхүү харьцангуй ойр чиглэлээр зохиох болсон юм. Мөн өнөөдрийн аяллын давхар зорилго бол уулын цас хэр хайлсаныг шалгах байлаа.

Аялалд яг 09:00 цагт эхлэв. Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд ч бүгд цагтаа ирсэн буюу хоцорсон хүн байсангүй. Дүнжингаравын унадаг дугуйн зам, Налайхын дугуйн замаар явж Туул зөрлөг орчмоос маршрутын үндсэн хэсэг болох шороон зам руу орлоо. Энэ хавьд шинэ зам тавих гэх мэтчилэн мэдэгдэхүйц өөрчлөлт оржээ. Ер нь сүүлийн үед жил ирэх бүр Улаанбаатар хотын эргэн тойрон улам хурдацтай өөрчлөгдөх болсон нь илт анзаарагдах болжээ. Энэ зарим талаараа сайн хэрэг байж болох ч өнөөдрийнх шиг УБ хотын эргэн тойрноор унадаг дугуйтай аялдаг "өдрийн аялал" маань хэтдээ яах бол гэсэн асуулт сэтгэл зовооно. Ямартаа ч боломж байгаа дээр жийж л байя даа.

Богд уулын арын шороон замыг хусаж тэгшлээд, хүнд даацын ачааны автомашинууд хөлхөх болжээ. Дархан цаазат уулын аль нэг аманд хотхон барьж буйн шинж биз. Эрт цагт Х.Пэрлээ гуай Богд уулын магтаалдаа "Ам болгон цагдаатай" гэж байсан бол өдгөө "Ам болгон хотхонтой" гэмээр болжээ.

Өнөөдөр хэдийгээр уулын даваа даваагүй ч энэ удаагийн аяллын маршрутын оргил цэг болох Төрхурахын амаар өгсөж ойн дундуурх явган алхалт жим эхэлдэг цэгт хүрээд буцахад хуримталсан өгсөлт ба буруудалт нь давааны чинээнд хүрдэг. Гэхдээ өгсүүр нь алгуурхан тул айвуу тайвуухан жийгээд гарчихдаг. Энэ удаад бид тун алгуурхан жийцгээсэн тул аяллын оргил цэгт 12:10 цагт хүрч очсон. Мөн тэндээ 13 цаг өнгөртөл тухтай амарч аваад хөдөлсөн. Хэдий саяын хэд хоногт овоо сэрүүн байсан ч ойн захад, уулын энгэрт маш сайхан дулаан, ёстой л налайж байлаа.

Энэ дашрамд нөгөөх зорилгоо биелүүлэн мод руу бас уулын горхи хавиар эргэлдэн сүүлд орсон цасны үлдэц ямар байгааг сонжлоо. Цас бараг хайлж зөвхөн чийгтэй, хамгийн сэрүүн баймаар хэсгүүдэд л мэр сэр цас үлджээ. Иймээс хэрэв ирэх бямба гараг хүртэл цасгүй байвал ой модтой уулын даваа давж аялахаар шийдлээ.

Зураг 2. Сониуч нөхөд

Буцах замд биднийг клубийн админ Э.Отгонжаргал ах маань тосон хүлээж байжээ. Ингээд Төрхурахын амны рашаан булгийн орчмоос цааш зургуулаа болоод аяллын тарах цэг болох Дүнжингарав хүртэл жийцгээлээ.

Зураг 3. Зам зуурт, 14:05 цаг

Буцах замд салхи сөрсөн ч төдий хүчтэй биш байсан уу, багийн гишүүд эрч хүчтэй байсан уу, бараг бүгдээрээ давгүй өндөр эрчимтэй жийсээр Дүнжингарав худалдааны төвийн гадаа ирсэнээр өнөөдрийн аялал амжилттай өндөрлөлөө.

Аялалд оролцож, төлөвлөсөн маршрутыг амжилттай туулсан багийн гишүүддээ баяр хүргэе.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Бөхбат С.Лувсан С.Отгонбаатар Д.Цолмон Г.Махгал
С.Бөхбат
  • 1920 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 2644 км
  • 33
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 4219 км
  • 44
  • 1
  • 0
  • 2
  • 1
Д.Цолмон
  • 12837 км
  • 124
  • 24
  • 3
  • 2
  • 0
Г.Махгал
  • 17378 км
  • 162
  • 10
  • 4
  • 3
  • 6
Зүгээр л жий!