Шөнөдөө бороо орж өглөө эрт зогслоо. Энэ нь аль мягмар гарагийн байдлаарх прогнозын дагуу орсон бороо байлаа. Гэхдээ пүрэв гарагт цаг агаарын прогноз харахад бороогүй байсан ч ийнхүү өмнөх прогноз биеллээ олжээ.
Автозам усархаг байсан тул бөгс болон тавхайгаа норохоос хамгаалах арга хэмжээ гялс авчихаад гарлаа. Гутлын гадуур өмсдөг, усны гутал шиг углаа байсан нь бөөсөнд хутга гэгч болох тул ойм давхарлаж өмсөөд завсар дунд нь гялгар уут углачихав. Ингэснээр замын ус төдийгүй, уулын шавар усанд ч хөл норсонгүй. Харин бөгсөө норгохгүйн тулд ass saver маягийн шаврын хаалт эмээлийнхээ ард тогтоолоо. Бас ерөнхийдөө ass saver богинодох гээд байдаг даа. Иймээс "монголчлон" доруйхан уртасгалаа.

Цуглах цэгт 08:28 цагт очив. Гэрийнхээ хаалганы босгыг давж алхахаас Жигжид дэх цуглах цэгт жийж очтол 48 минут жийжээ. Цуглах цэгийн харалдаа CU дэлгүүрээс сүүтэй цай, мантуун бууз аваад ууж идлээ. Ийнхүү эрч хүчээ сэлбэх нь аяллын үндсэн замыг амжилттай туулахад маш нэмэртэй байдаг.
Аялал яг цагтаа эхэллээ. Өнөөдрийн аялалд оролцохоор өөр нэгэн дугуйчин бүртгүүлсэн байсан нь ирсэнгүй юу, хоцорсон уу ямартаа ч 09:00 цаг гэхэд хүрэлцэн ирсэнгүй. Ингээд клубийн уламжлалын дагуу яг 09:00 болонгуут хөдлөв.
Санзай хүрч хиймэл нуурын постоор өнөөдрийн аяллын үндсэн зам руу орох үед хөндлөнгийн хүмүүс яриа чих дэлсэв. Харцаа буруулахаас чихээ таглаж чадах биш дээ. Сонсов. "Ус ихтэй" гэнэ. "Явж чадахгүй бол цаашлаад дэмий" гэнэ. Кофе шоп ажиллуулж буй бололтой ахимаг насны эмэгтэй өөр хоёр гурван хүнд ийн хэлсэн юм. Харин надад энэ үгээ хэлсэнгүй. "Шийдчихсэн" нөхөр явна гэж бодсон биз.
Нээрээ ус байлаа байлаа. Гэхдээ угаасаа намрын хуурай үе тул шалихгүй ээ. Тэгээд ч голын эх хув хуурай байвал Сэлбэ гол маань яах билээ.
Хиймэл нуурын цаадах хөндийн ус шаврыг дайрч гараад уулын энгэрт дөрөө мултлан дээрх зургийг авлаа. Цаг яг 10:00. Жигжидээс хөдөлсөнөөс хойш яг 1 цаг өнгөрчээ. Мөн дөрөө мултлан зогсохдоо агаарын хэм, салхины хүчийг ажиглалаа. 5 өдрийн өмнөх прогнозын дагуу багавтар салхитай, давгүй дулаахан байна. Мод бут бараадвал бүр налайхаар шинжтэй.
Үүнээс цааш Харгана дахь, дандаа бууж татдаг, давааны оройд яг 10:20 цагт хүрлээ. Дугуйнаасаа түр буун нэг зураг дарсан ч олигтой зураг болоогүйг бүр гэртээ ирж компьютер дээрээс харагдахдаа л мэдэв.

Харганаас уруудаж давхисаар Үдлэг багийн төвд 10:55 цагт очлоо. Харин зам зуурт анзаарсан нэг явдал гэвэл Харганаас цааш уруудах зам дахь гүнзгий жалганаас цааших уулын хоёр амын уулзвар тэгшивтэр хөндий энэ зун их усархаг байсан уу, машин их туучсан уу ямартаа ч зам гэж там болох дөхжээ. Гэхдээ энэ нь уулын дугуйнд сүйдтэй бартаа болох биш дээ.
Үдлэг багийн төв улам өргөжжээ. Ирэх болгондоо ордог Жаргалант хүнсний дэлгүүрийг арай ч төөрчихөлгүй оллоо. Худалдагч бүсгүйтэй суурингийн өргөжилт мөн түүний сайн таньдаг нэгэн дугуйчны талаар асуух гэх мэтчилэн хөнгөн яриа өрнүүллээ. Яриасаг бүсгүй ажээ. Өмнө ганцаараа ирж байгаагүй тул үүнийг яахан анзаарах билээ. Бүсгүй ярьсаар л... Сүүлд баахан дугуйчин ирсэн гээд улмаар манай хогийн дүүргээд явцгаасан гэнэ. Нөхөр нь үүнд ундууцсан гэнэ. Хачирхалтай л юм. Үйлчлүүлэгчдийнхээ ачаар л энэ дэлгүүр өдий зэрэгт хүрсэн шүү дээ. Анх ирж байхад довжоогоо тойруулан намхан бүдүүн төмөр дөрвөлжлүүлэн суулгаснаас бусдаар ердийн буйдхан л дэлгүүр байсан юм. Харин жил ирэх бүр тохижсоор одоо өмнө хашсан байснаасаа хамаагүй том газрыг төмөр сараалжин хашаагаар хашиж авсан юм. Ингэж хөлжихөд нь үүгээр дайрахдаа ёс мэт орцгоодог хэдэн дугуйчдын нэмэр бий л байх. Ер нь бизнес эрхлэгчид анх яаж эхэлсэнээ, хэрхэн ямар зам туулан хөгжиж өдий хүрсэнээ умартчих юм аа. Аягүй бол дараа маниусыгаа ороход шавхай шороо чирсэн муусайн амьтад гэж харах вий дээ, энэ хандлагаараа.
Гэснээс өнөөдөр ёстой шавардсан шавардсан. Харганаас ямар ч шаваргүй ирнэ гэж юу байх вэ дээ. Ингээд дэлгүүрийн гадаах сандал дээр суугаад хөнгөн цайллаа. Жигжидээс хөдөлсөнөөс хойш яг бүтэн 2 цаг болж буй тул хооллож ундлах л хэрэгтэй. Цайлж суухад наран ээгээд л, салхи ч үгүй ёстой л налайх аж. Ерөнхийдөө өнөөдөр шөнөдөө бороотой байсан ч ёстой сайхан өдөр болж өнгөрлөө. Цаг агаар ийм давгүй байсан тул хоногийн аялал зарласан байсан ба харин клубийн нэгэн гишүүн араатан амьтдын аюулаас сэрэмжлэхийг зөвлөсөн тул тус хоногийн аяллыг зохиохоо больж энэхүү аяллыг зарласан юм.

Удаах даваа болох Хөтлүүр даваа дээр 11:35 цагт гарлаа. Даваа дээр зураг дарж тус моментыг зургийн мета мэдээллийн тусламжтай тэмдэглэж аваад шууд цааш уруудан Мухарын ам руу орлоо. Мухарын ам нь нэрэндээ таарсан мэт Зам хаалттай гэсэн том самбартай байдаг. Бас энэ нь чамгүй урт үргэлжилдэг ам юм. Амаар өгсөн Мухарын даваа хүрэх замын тэн хагасыг мааш өтгөн цайвар утаа хаялан, их чимээ гарган явах амьжиргаа цагаан овоо "зугаатай" болгосноор замын уртыг огт ажралгүй туулав. Мөнөөх өтгөн цагаан утаат маань адуун сүргийн зураг дарж зогсох үед гүйцэж ирсэн юм. Ингээд утаатай машиныг нэлээн холдуулчихаад жийтэл эхэндээ овоо явсхийж байснаа сүүлдээ гүдэнгээс гүдэнд улам гүйцэгдэн утаа ойртох гээд байхаар нь ахин зогсож, зогсохдоо хийх юм олдохгүйгээс дэмий л газрын зургаа шалгах шив дээ, замаа мэдсээр байж. Өтгөн цагаан утаат маань Мухарын ам дахь хамгийн сүүлийн хот айл руу очоод ашгүй унтарсанаар агаар ариусав аа.
Сүүлийн даваа болох Мухарын даваа дээр яг 12:30 цагт гарлаа. Сүүлийн хоёр минутанд жийлтийн эрчмээ нэмээд цаг зүү бүр яг 12:30 болж солигдохтой зэрэгцэн даваа дээр гарав. Гэхдээ клубийн веб хуудас дээрх газрын зураг дээр Мухарын давааг "даваа" гэж харагдахгүй байгаа буюу веб апп тус давааг "даваа" гэж тооцдоггүйн шалтгааныг та энэ давааны оройгоос Санзай руу уруудахдаа мэдэрнэ.
Давааны цаадах тавиухан уруу замаар багахан уруудаад хиймэл нуурын эрэгт ирлээ. Нуурын баруун эрэг дагуу торлогийн дэргэдүүр жийвэл шавар ус арай бага байдаг. Харин сүүлдээ далан руу гарах зам ой дундуурх нарийхан явган жим болдог. Өглөө нуурын эрэгт хэдхэн хүн байсан бол одоо битүү хүн болжээ. Хүмүүсийн нүдэн дээр дугуйчдынхаа нэр төрийг үүрэн ойн жимийн нугачаатай замыг хөл газар тавилгүй амжилттай тууллаа. Ерөөсөө өнөөдрийн аяллын зам маш гоё кросс каунтри зам л даа.

Жигжид буюу аялал эхэлсэн цэгтээ 13:10 цагт буюу 4 цаг 10 минутын дараа буцаж ирсэнээр аялал амжилттай өндөрлөлөө.