Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #200 - Ойн жимээр

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/424
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
72 км
Давааны тоо
2
Өндөр авалт
902 м
Өндөр алдалт
-901 м
Их өгсөлт
12.3 %
Их уруудалт
-18.5 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2026 оны 9 сарын 12 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сонгинохайрхан автовокзал, Номин хайпермаркет
Цуглах цэгийн солбицол
47.909828, 106.797613
47°54'35.4"N, 106°47'51.4"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Найрамдалын хойд даваа, 11:11 цаг

Цуглах цэгт 08:20 өнгөрөөсхийн очив. Автозамын нэг дүгээр эгнээгээр буудчих юм чинь гээд нэлээн оройхон гарсан ч улам буудсаар ийнхүү эрт ирлээ. Төд удалгүй өнөөдрийн аялалд оролцохоор бүртгүүлсэн С.Бөхбат ах хүрэлцэн ирлээ. Шууд хөдлөх үү гэнэ. Аялалд оролцохоор бүртгүүлсэн өөр хүн үгүй тул веб сайт дээр ирцээ бүртгэчихээд хөдөллөө.

Өнөөдөр ойрын хэдэн өдрөөс сэрүүн байна гэсэн цаг агаарын прогноз гарсан байсан. Үнэхээр ч сэрүүн өдөр байлаа. Цуглах цэг хүртэл эрчтэй буудсан тул сэрүүнийг мэдрээгүй байсан бол Орбитоос хойш явахад энэ нь илт мэдэгдэж байлаа. Үүн дээр Баянголын амыг угаас сэрүүн газар гэдэг. Сэрүүнд бас сайн тал бий. Ангаж цангахгүй. Энэ нь хүч тамираа амархан алдахгүй байхад ач холбогдолтой юм билээ.

Найрамдал зусланд сургуулийн сурагчид өдрийн амралтаар ирцгээжээ. Дуу шуу нь алсаас сонсогдоно. Харин өөрсдөө үл үзэгдэнэ. Харагдахаас тэднийг хүргэж ирсэн том автобусууд л байна. Үүнээс цааш замаа даган өгсөөд зусланг нэвт гарсанаар ойн жим рүү орлоо. Уулын ам урдаасаа хаалттай байдаг бас хойноосоо машин гарч ирэхээргүй тул энд зөвхөн явган жим л байдаг. Жим даган алхаж яваа гэр бүлүүд мэр сэр таарна.

Зураг 2. Найрамдалын хойд даваанаас уруудаж буй нь, 11:44 цаг

Энэхүү давааны замд унанги модод их байдаг. Замд хөндөлсөх моддын гайгүйг нь баараа татаад давж гарах бол давж чадахааргүйг нь тойрох гэж үзнэ. Тойрох ч аргагүй нь бас цөөнгүй юм аа. Тэр үед нь дугуйнаасаа бууна. Дугуйнаасаа буух гэснээс байн байн бууж мордоод байхаар их ядардаг юм. Иймээс унанги модод олшрохын өмнөхөн үдийн хоол цайгаа идэж уун амарцгаалаа. Ийнхүү эрч хүчээ сэлбэсэн тул зам хөндөлсөх том том мод дээгүүр унадаг дугуйгаа өргөж гаргахдаа ер ядарч зүдэрцгээсэнгүй. Энэ дашрамд дурдахад унадаг дугуйгаар аялж явахдаа жийлийн эрчим, замын бартаа, цаг агаар зэргээс хамааруулан хэдийд хаана татах, хооллож амсхийх вэ гэдэгт их учир бий. Манай клубт энэ мэтчилэн унадаг дугуйтай групп аяллын арвин их мэдлэг, туршлага хуримтлагдсан нь админаас админд үе уламжлагдан хадгалагдаж яваа.

Найрамдалын хойд даваа нь сүүлдээ анзааргагүй хүнд харагдахгүй шахам бүдэг жимтэй болдог. Заримдаа бүр жимгүй ч болчихсон байдаг. Харин энэ жил тасралтгүй жим гарчээ. Гэхдээ жим дагаад байвал уулын эгц налуу ташлан руу хөтөлж байна. Иймээс халз доош хэдэн метр явган уруудаад дугуйндаа мордлоо. Төд удалгүй хуучны танил автомашины дугуйны бүдэг мөр гараад ирэв. Мөр дагаад ойгоос гарлаа. Яг энд Хэлгүй жим гэдэг бодит түүхээс сэдэвлэсэн монголын уран сайхны кинонд гардаг шиг жим байдаг юм. Харин мөнөөх жимийн бургасыг яагаад ч юм бэ нэлээд сүйтгэж үзэмжгүй болгожээ. Өнгөрөгч жилийн Дугуйчны долоон даваа сорилгын үеэр дайран өнгөрөхөд үнэхээр үзэмж төгөлдөр байсан сан. Иймээс ч гэрэл зураг авахаар түр саатаж байлаа.

Үүнээс цааш ганц хоёрхон айл байдаг байсан бол өнгөрсөн жилээс эрс олширсон. Одоо бүр битүү хашаа болжээ. Шүлэг найрагт хөшөө тийш очих ардын зам баларсангүй гэдэг шиг хашаа тийш очих автомашины зам улам тодорч өнгөн хөрс бүрэн суларч салхинд хийсэх болжээ.

Ар гүнтийн засмал замын гарц дээр очоод асуув. "Та дэлгүүр, цайны газраар орох уу". Орох хэрэг байхгүй гэнэ. Хоол ундаа бүтэн өдрийг даахуйц хэмжээгээр авсан ажээ. Саатах шалтгаангүй тул өндөр хүчдэлийн шугам давсан хамар дээгүүр гаран удаах давааг зорилоо.

Амны айлуудыг дуустал яваад салаа амтай, хавар зундаа тэр хэрээрээ ус чийгтэй байдаг, давааны үргэлжилсэн өгсүүр эхлэхийг өмнөх бяцхан хөндийд бургас бараадан сууж хоёр дахиа амсхийцгээлээ. Намрын хуурай үе тул газар чийггүй. Яг энэ үед үүлсийн чөлөө гарч, ёстой л намрын шар нар ээлээ дээ. Уулын нөмөр + бутны нөмөр + нарны илч = жинхэнэ жаргал.

Зураг 3. Дугуйчдын даваа, 14:34 цаг

Дугуйчдын даваа дээр 14:30 цагт гарлаа. Даваа дээрх овоог эмхлэн засжээ. Ингээд даваанаас уруудлаа. Жигжид дээр 15:20 цагийн орчимд ирсэн болов уу. Учир нь бид Дугуйчдын даваанаас цааш зогсолтгүй давхисаар гэр гэртээ харьцгаасан ба цаг харахаа санах үед Шадивлан өнгөрч явсан юм.

Ийнхүү намрын нэгэн жийлт сайхан болж өндөрлөлөө. Аяллын замыг амжилттай туулсан С.Бөхбат ахдаа баяр хүргэе.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Бөхбат Г.Махгал
С.Бөхбат
  • 1676 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 17042 км
  • 158
  • 10
  • 4
  • 3
  • 6
Зүгээр л жий!