Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #22 - ДОРНОД АЙМГИЙН НУТГААР БУЮУ ГАНЦААРЧИЛСАН АЯЛАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/423
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
1054 км
Давааны тоо
1
Өндөр авалт
4724 м
Өндөр алдалт
-4637 м
Их өгсөлт
8.3 %
Их уруудалт
-7 %
Бүртгэл
хаасан
Эхлэх цаг
2026 оны 9 сарын 12 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баян Уул сумын төв, Жаварт хошуу, Дорнод аймаг
Цуглах цэгийн солбицол
49.122408, 112.677032
49°7'20.7"N, 112°40'37.3"E

Аяллын тэмдэглэл

9 сар 11 өдөр, Баасан гариг

Яг нэг жилийн өмнө энэ өдөр Хэнтий аймгийн хойд сумдын нутгаар унадаг дугуйтай аялах аялал маань эхэлж байжээ.

УБ хотоос 600 орчим км зайд орших Дорнод аймгийн Баян уул сумын төв (Жаварт хошуу) хүрэх автобусанд суучихлаа. Зорчигчид харьцангуй цөөхөн тул унадаг дугуйг маань ном ёсоор аччихлаа. Маш сайн. Шөнө 23-24 цагийн орчим очдог гэнэ. Аялал хуваарийн дагуу ийнхүү эхэллээ.

Баян Уул сумын төв Жаварт хошуу гэдэг газар шөнийн 22 цаг өнгөрөөж автобус ирэв. Автобусны жолооч нар надад найрсаг хандан бидний буух зочид буудалд өрөө аваарай гэв. Харин тэр буудалд илүү өрөө байсангүй. Хойшоо төв замаар нь жийж ойрхон байх хоёр давхар зочид буудалд тун сайхан өрөө аваад шууд л амарлаа.

9 сар 12 өдөр, Бямба гариг

Өглөө эрт сэрлээ. Аяллын бэлтгэлээ бараг нэг цаг хангалаа. Сумын төв нам гүм, амралтын өглөө тул хүн үл үзэгдэнэ. Цэвэрхэн сайхан сум юм. Нум сум харваж буй харваач бүхий хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнтэй. Нутгийн удирдлагын ордон орж нэг залуугаар зургаа авахуулан 7.12 цагт аяллаа эхлэв. Цэцэрлэгийн хойд замаар зүүн зүг эргэн сумын төвөөс гарлаа. Намрын нэгэн дулаан өглөө айсуй. Тэнгэр цэлмэг, тэртээ өндөрт хэдэн сэмжин үүл харагдана. Салхи баруун хойноос тул араас дэмжих нь ойлгомжтой. Зам нь их олон салаа, зарим газраа элстэй, дэржигнүүр үе үе орж ирнэ, ер нь жийхэд тун давгүй зам. Нутгийн хоёр машин таарч хаа хүрэх, хаанаас ирсэнийг лавлан, сайн яваарай гэсэн үгээр үдэж өгнө.

Илэрхий өндөр даваа гэснээс энэ аялалд маань давааны ангилалд багтах ганц даваа тэмдэглэгдсэн. Тэр давааг өнөөдөр би давах учиртай. Долгиорхог гүвээ толгод дундуур 20-25 км цагийн хурдтай сүнгэнүүлнэ гэдэг тун сайхан. Урд талд ой мод бүхий нам уулс, хойд талд Улз голын өргөн хөндий, бургас шугуй бүхий татам харагдана. Урд талд өгсөж уруудах дардан зам, ар талаас жийгээд бай гэсэн шиг аясын салхи нуруунаас илэн түлхэнэ. Айлууд нь төв замаас хол зайтай буусан тул нохдын хуцалдах чимээг алсаас сонсон тайван жийнэ.

Ийм орчинд жийгээд байхаас яахав. Хоёр цагт 36 км зайг туулж байгааг хурд хэмжигч илэрхийлнэ. Зогсолт багатай жийсээр 45 дахь км дээр Баяндун 15 км, Дашбалбар 95 км гэж мэдээлсэн самбартай салаа зам дээр ирэв. Зүүн зүгийг барин чигээрээ жийвэл Дашбалбар сумын төв руу Баяндун сумын төвийг хойгуур нь "хаяад" явчихна. Урд талын салсан замыг аван Баяндун сумын төв рүү зорьлоо. Өгсүүр нь үнэхээр уужуу аядуу юм. Зулзаган хус модон төгөл дундуур зам зурайна. Харин элс дэржигнүүртэй байлаа. Араагаа хөнгөлөн жийсээр ойн зурвасаас гарч том уудам хөндийн зүүн талыг барин зам зурайна. Зам нь чулуурхаг болж ирэв. Ой модон дундуур зурайсан зам нь үл ялиг өгсүүр байв. Хөнгөхөн эргүүлсээр Өлийн баруун даваан дээр гарлаа. Доош 4 км уруудан Баяндун сумын төв Наранбулаг гэдэг газар 11 цаг гээд ороод ирэв. Хойд талаас нь давдаг давааг Өлийн дунд даваа гэж нэрлэдэг.

Дэлгүүр орж унд усаа базааж, Оюунаагийн Цайны газар амттай банштай, гурилтай шөл идэн амраад 12 цагт хөдлөв. Өлийн зүүн даваа гэж байдаггүй гэнэ, харин уулын зүүн бэлийг тойрон зүүн хойд зүг Улз голын хөндийг зорино.

Толгодын оройд өвөрмөц боржин чулуун тогтоц харагдана. Очиж үзлээ. Заян наваа гэдэг нэртэй. Замдаа нийлтэл урд ачаа савлаад эхлэв, хартал ацан дээр боосон бүслүүр төмөр хоёулаа хугарчээ, мөн ачааны үндсэн боолтын эрэг хаягдсан байв. Зам дээр зогсон уяа гарган засах гэж аядаж (уяанд мууг хэлэх үү, яаж засах билээ гэж эргэлзэж) байтал нэг автомашин ирж зогсов. Нэг гавшгай залуу дор нь хоёр талын ачааны тулгуурыг нам боож, уяж өглөө. Ачаанаасаа нэг эрэг илүүчлэн үндсэн боолтоо ч боочихов. Эхнэр нөхөр хоёр намайг сайн яваарай гэсээр үдэн үлдлээ. Аяны замд таарсан та хоёртоо сайн сайхныг хүсэн ерөөе.

Энэ замд салхинд цохиулан явдал удаашрав. Хэд хэдэн гүвээ давлаа. Тэнгэр бүрхэж хойд зүгээс хүчтэйхэн салхилж байв. Салхи сөрөн, зогсолтгүй жийсээр тунгалаг устай, жараахай ихтэй Сүүжийн голыг гарамаар гарав. Эндээс усны нөөцөө дүүргэв. Учир нь тэнгэр муухайрч шууд тусах агаарын температур 14 градус хүрч, нөгөөтэйгүүр бие ч сулрах тал руугаа хазайлаа. Улз гол буюу Дашбалбар сумын төв хүрэх замтай нийлээд эртхэн отоглоё гэж шийдэв. Ганц тод зам маань элс, дэржигнүүр ээлжлэн намайг "элэг барьна".

Төв замтай нийлэхэд Угтам уул Байгалийн нөөц газар бичигтэй гэсэн чулуун суурьтай том самбар байв. Хажууханд нь газрын зураг дээр харагдсан тариа бригад байв. Айл гэр, автомашин ч харагдана. Өнгөрөөд Улз гол руу ойртон урд эргийн сэргэлэн дэнж дээр отоглов. Сүлжээ сайн, 4G интернеттэй байв. Дашбалбар сумын төв хүртэл эндээс 50 км зай буй.

Энэ өдөр 100 км зам туулж, 6 цаг 9 минут жийжээ.

Оролцох гишүүд
1 / 1

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Э.Отгонжаргал
Э.Отгонжаргал
  • 31843 км
  • 282
  • 35
  • 14
  • 5
  • 4
Зүгээр л жий!