Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #197 - Өдрийн аяллын намрын улирлын нээлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/419
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
61 км
Давааны тоо
2
Өндөр авалт
818 м
Өндөр алдалт
-818 м
Их өгсөлт
19.5 %
Их уруудалт
-14.1 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2026 оны 8 сарын 15 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх усан оргилууртай дугуй талбай
Цуглах цэгийн солбицол
47.900130, 106.943085
47°54'0.5"N, 106°56'35.1"E

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аялалд оролцсон багийн гишүүд, 15:35 цаг

Зуны сүүл сарын дунд үе гэхэд ёстой сайхан сэрүүн, яг л унадаг дугуй жийгээд уул даваа давж жийхэд тохирсон өдөр боллоо. Салхи баруун хойноос чигтэй боловч төдийлэн хүчтэй салхилсангүй, бүр заримдаа салхигүй болчихно. Иймд хаашаа жийсэн ч явалтын салхиараа л сэрүүцээд тун таатай, ерөөсөө тун амар жийлт болж өнгөрлөө.

Аялалд оролцохоор бүртгүүлсэн хэд маань аялал цагаас өмнөхөн яг л тохирсон цагтаа ирцгээв. Мөн Э.Отгонжаргал админ биднийг гаргаж өгөхөөр хүрэлцэн ирлээ. Өнөөдөр ажилтай болсон гээд хүүгээ дагуулан явна. Туулын эрэг дагуух унадаг дугуйны зам хүртэл хамт жийгээд салав.

Голын эрэг дагуу жийхэд тун сайхан байлаа. Замаар дугуйчин эсвэл гүйгч болон алхагч нар нэг, хоёр, гурваараа мэр сэр таарна. Хотоос зүүн тийш чиглэсэн аялалд гарахдаа Дүнжингаравын дугуйн замаар жийдэг байсан бол энэ удаад Туул голын эрэг дагуух унадаг дугуйн замаар жийснээрээ энэ удаагийн аялал онцлогтой. Мөн үүнтэй уялдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор цугласан ч нь ховор тохиолдол болно.

Аяллын багийн гишүүд хөнгөхөн жийж яваа харагдана. Иймээс тэр чигтээ нэвт шувт жийгээд Хонхор руу салах замын уулзвар хүрлээ. Багийн толгойн сэргийлэх Содбилэг уулзварын яг наахна нээгдээд төдий л удаагүй байгаа CU дэлгүүрийн гадаа татаж зогсчээ. Дэлгүүрээс ойр зуурын хүнс авч эрч хүчээ сэлбэцгээлээ.

Ингээд Дундын даваа руу жийлээ. Даваа давтал хоёр жалгаар гардаг ба автомашинууд тэр жалгыг тойрч уулын энгэр өөд өгсөж нэлээн дээгүүр явдаг бололтой. Харин туулан чадвар сайтай нь жалгаар гардаг бололтой. Бид ч уулын унадаг дугуйны хэргийг гарган жалгаар дайраад л жийгээд гарлаа. Давааны зам ерөнхийдөө жижиг хайрга ихтэй бөгөөд уулын арзгар хээтэй, өргөн гадартай дугуйгаар явбал тохиромжтой. Бас дараагийн давааны өгсүүр "чанга". Иймээс шороон замын дугуй бус уулын дугуй унаж гарсан юм. Дугуйг харсан Э.Отгонжаргал админ "нөгөө замаар явах гэж энэ дугуйгаа унаа юу" л гэнэ. Үнэхээр давааны зам аль аль талаасаа нугачаатай л даа. Гэсэн ч давааны өгсөж уруудах зам богино тул анх удаагаа аялалд оролцож буй дугуйчид ч энэ маршрутаар явахад асуудалгүй. Ганц хоёр удаа дугуйнаасаа бууж түрээд гарчихна. Иймээс намрын улирлын нээлтийн аялалд энэ маршрутыг сонгосон билээ. Харин аялалд цоо шинэ хүн нэгдсэнгүй. Хотоор "дүүрэн" унадаг дугуйчид байвч уул даваа даван жийхээр зориглох нь цөөн л байдаг аж. Харин хүсэл сонирхол байдаг нь энд тэнд тааралдах хүмүүсийн ярианаас харагддаг л юм.

Зураг 2. Туул голын нэгэн салаа, 12:00 цаг

Дараагийн давах даваа гэж нэргүй нэгэн даваа бий. Тус даваагаар судалгааны аяллыг эс тооцвол манай клуб 2018 болон 2020 онуудад тус бүр нэг удаа нийтдээ хоёр л удаа давж байсан. Энэхүү давааны зам овоо өгсүүр бөгөөд төлөвлөсөн маршрутын өндөршлийн мэдээлэлд үндэслэсэн урьдчилсан тооцооллоор их өгсөлтийн утга 19.5 хувь гэж олдсон. Яг жийгээд үзэхэд энэ өгсүүр үнэхээр л мэдрэгдэж байна билээ. Багийн гишүүн Содбилэгийн зүрхний цохилт 180 хүрсэн гэнэ. Минийх ч бас нэлээн ачаалж, бэлтгэлийн суурь дээр жийхэд хүрч байсан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч буй нь амьсгалын байдлаас мэдэгдсэн. Харин замын хувьд сул шороо чулуугүй буюу машины мөр гарсан өвс л байсан тул хальтирч гулгахгүй жийгээд байлаа. Энэ замаар зөвхөн давхар хөтлөгчтэй л автомашин явна даа. Замын байдлыг ахин хэлбэл үнэхээр цөөхөн машин явдаг шинжтэй байлаа. Замын доороос харахад л хэр өгсүүр болох нь төсөөлөгдөж байсан тул хүчээ хуваарилан, амьсгалын тоо буюу угтаа зүрхний цохилтоо хянан жийлээ. Гэвч давааны өгсүүр дуусахад дөхөх тусам өгсөлт түр багасахаа бүр больж үргэлжилсэн огцом өгсүүр болж хувирлаа. Ийнхүү өгсүүрт байдгаа шавхан чардайж явахад унанги мөчир, жижиг гуалин таарах нь жинхэнэ сорилт болж байлаа. Нэгэн удаа унасан урт мөчир дээгүүр урд дугуйгаа гаргачихаад хойд дугуйгаараа дайруулан жийгээд зүтгэтэл дугуйн эргэлтэд модны мөчир өнхрөөд хүч алдуулан хөл газар хүргэчихэв. Энэ мэтчилэн өгсөж яваад хөл нэг удаа л газарт хүрэхээр өгсөлт "утгагүй" болчихдог юм л даа. Буцаж мордоод өгссөн ч анхны эрчим аль хэдийн алдагдсан байдаг. Ингээд сүүлийн хэдхэн алхам газарт хэн хүнгүй бүгдээрээ түрсээн түрсэн. Түрэхгүй гээд зүрхний цохилтоо бэлтгэлийн үеийн дээд утгаас давуулж болохгүй л дээ. Бас түрэхгүй гээд амарч байгаад жийх нь зохимжгүй байдаг.

Зураг 3. Нэргүй даваа дээр, 12:55 цаг

Нэргүй даваа дээрээс Суул даваа тэртээ дор харагдана. Суул давааны оройд уруудаж хүрнэ гэдэг сонин л мэдрэмж байлаа. Ийнхүү Суул даваа руу уруудаж хүрэх тул энэ удаагийн аяллын маршрутад тус даваа нь даваа гэж тооцогдоогүйг машрутын интерактив зургаас харж болно.

Ингээд төлөвлөсөн замаараа элдэв саадгүй, ёстой жирийтэл жийцгээсээр Дүнжингарав худалдааны төвийн өмнө 15:20 цагт ирсэнээрээ аялал өндөрлөлөө. Улмаар хэдэн минут амран сууцгаангаа триатлон, AI гаргаж өгсөн бэлтгэлийн хөтөлбөр ба спорт цаг гэх мэтчилэн сэдвээр хэлэлцэцгээгээд тарцгаалаа. Дараагийн өдрийн аяллаар уулзацгаая. Мөн энэхүү тэмдэглэлийг уншигч таныг ч аялалд урья.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
С.Содбилэг С.Бөхбат Г.Махгал
С.Содбилэг
  • 98 км дутуу
  • 1161 км
  • 12
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Бөхбат
  • 1604 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 16745 км
  • 155
  • 10
  • 4
  • 3
  • 5
Зүгээр л жий!