6 сар 13 өдөр
Аяллын баг, аяллын цуглах цэг Хатгал сууринд өнөөдөр 9.45 цагт ирсэн болно. "Бамбар" нэртэй гэр камп-д бууж амарч байна. Тэнгэр бүрхэг, уул хангай манан буданд умбан, нам өндрийн үүл бууж, агаарын температур 12-14 градус дулаан, салхи хойд зүгээс 2 м/с хурдтай байна. Аяллын баг бүрдсэн тул маргааш өглөө (товлосон өдрөөс нэг өдрийн өмнө) аялал эхлэнэ. Ойрын хэд хоног сумын нутгаар хур тунадастай байх төлөвтэй гэнэ. Бид дугуйгаа унан усан зогсоол орж, Хатгал сумын төвөөр жийлээ.

6 сар 14 өдөр
Урьд өдөр нь Хатгал дээр ирэхэд бүрхэг, бороо шивэрч байлаа. 2016 онд мөн л ийм байсансан. Маргааш нь тэнгэр цэлмэж тун таатай өдрүүд үргэлжилсэн дээ.
Яг л тэр түүх давтагдаж буй мэт санагдав. Тэнгэрт багавтар үүл, наран ээсэн сайхан өглөө болов. Гэр камп-ын эзэд бид хоёр аян замдаа сайн явахын ерөөл өргөн үдлээ.


Жанхайн даваа давах замаас салж Өлхөн сайрын зүүн талын уулын бэл дагасан донхол энхэлтэй хар шороон хөрстэй замд орлоо. Цаг агаар хачин сайхан, наран гийсээр. Бид орчны байгалийн үзэмжид автан жийсээр.Нэг фургон машин хажуугаар гарч өгсөн алга болов. Нутгийн хоёр мотоциклтой залуу зогсож, биднийг сайрынхаа замаар өгсөөрэй гэж зөвлөв.


Өлхөн сайр нь дээд хэсэгтэй устай байв, цэвэр сайхан гол хоржигнон урсана.

Борооны цуваа өмсөөд л өгслөө дөө. Огцом өгссөн замаар бус хэжиж өгссөн замыг сонгов. Чанга байсан шүү. Өлийгөөд дээр харагдах өгсүүр шавар чулуутай зам эргэх болоогүй юм байхдаа гээд хараачилсаар. Бороо ч шиврэн орлоо. Үүлний цаад тал яльгүй цайран гэгээ татуулах нь энэ бороо түр зуурын шинжтэй зурвас бололтой. Бодсоноор боллоо. Бороо ч зогсов. Хэд хэдэн тахир шавар устай замаар түрж алхан өгссөөр давааны орой руу хэжсэн өгсүүр бага замаар явсаар бид хоёр даваа дээр 12.30 цагт гарлаа. Хатгалаас 32-33 орчим км зайтай. Тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн танил том самбар байна. Баруун тийш 100 м орчим зайд морины толгой тавьсан овоо байв. Каскаа өмсөөд уруудах замдаа орлоо.
Өлхөний даваа уруудахад ямар ч "шагнал" байхгүй. Томоохон хэмжээний шавартай автомашины салаалсан мөртэй, энхэл донхол бүхий голомт урд харлана. Зүүн талын захыг нь барин дугуйгаа түрэн уруудлаа. Тээр дор харагдах Ямаатын гол хүртэл ийм зам үргэлжлэх бололтой. Өлхөний давааны арын баруун суганаас томоохон гол эх авч урсан доош зурайна. Газрын хормойд бууж 13 цагт голын бага шиг хуурй дэнж дээр өдрийн хоолоо хийж идэв. Энэ өдрийн аяллын зорилго Өлхөн даваа давж, Ямаат гол хүрч отоглох байсан боловч бид хоёр голоо уруудан доош явахаар шийдэв.
Ямаатын гол нь тунгалаг устай, ус ихтэй аргагүй л уулын сайхан гол байв. Уг нь голын хөндий уруудаж байгаа юм л даа, гэвч шавартай зам, зөөлөн хөрс дороос чангаан 6-8 км цагийн хурдтай шалчигнуулж байлаа. Энэ голыг ахин дахин 6-7 удаа гатлан уруудан жийсээр, Ямаат уулын урдхан талд, Ямаатын голын баруун дэнж дээр 15.30 цагт ирж отоглов. Хажуухан талд жижиг боргиотой горхи хоржигноно. Майханаа босгож, ачаагаа хийж амжих дор бороо зүсрэн орлоо. Түр зуурын ийм бороо гурван удаа дайран өнгөрөв. Бид хоёр майхандаа орж хэвтээд л нам унтав. Ингэж эрт отоглох нь багийнхан амарч унтах, оройн хоолоо тайван хийж таатай боломж үүсгэдэг. Энэ өдөр 44 км зам туулжээ. Дундаж хурд 8.8 км/цаг.
6 сар 15 өдөр
Өглөө тэнгэр бүрхсэн бүүдгэр байлаа. Бид хоёр ачаалаад 7.50 цагт хөдөллөө. Сайн амарч авсан тул гурван км уруудаад л сайрын салаа дээр ирлээ. Энд Ямаатын гол Арсайн голд цутгадаг. Зүүн зүг эргэж Арсай голын сайраар түрэхдээ түрж, голоо туулахдаа туулж, жийж болмоор үедээ хөнгөхөн эргүүлэн зогсолтгүй урагшлав. Ямаат уулын хойд тал нь цавчим өндөр цохио хад, эгц налуу гуу жалга элбэгтэй ажгуу. Тэр бүрээс л ус ихтэй жил олон хүрхрээ буудаг ул мөр тодхон ажиглагдана.
Арсайн голоор уруудан байтал хойд талаас Өвөр сарьдагийн голын сайр нийллээ. Хойш эргэж салхи сөрөн харин ч өгсүүр нь үл мэдэгдэм хөндий өгсөн жийсээр. Сайрын зам нь жаахан яваад бүдгэрч алга болох тул "бууж мордох хорвоо" болон явсаар. Зүүн талд эгц цавчим уулс сүндэрлэн, шохойн чулуутай энгэр нь цайвартан харагдана.
Хойд талд харагдах хөндлөн нурууны байдал баруун тийшээ намсаж эхлэв. Энэ зүг л өгсөх юм байна даа гэж бодтол, зүүн талын шовойсон өндөр уулын зүг зам тахиралдан хөтөлж овоохон өгсүүртэй хяр руу чиглэн, улмаар дээш харлан өгссөн мөр зурайв. Давааны зам ч эхэллээ дээ, хир үргэлжлэх бол гээд 150 м орчим өгстөл, гэнэт газрын байдал тэгшрээд таг дээр гараад ирэв. Замаар нь дугуйгаа унан уруудан эвдэрсэн жижиг модон гүүрээр гарч, уулын бэл дагасан зассан замаар бас уруудав. Энгэрийн цас хайлаагүй тул замын зарим хэсэг цасанд хучигдсан байв. Үл ялиг өгсөн бэлийн замаа даган явсаар тонгойхуйд мэлс гээд л Хорьдил Сарьдагын давааны овоо гараад ирэв. Цаг 12.00 болж байв. Тэнгэр цэлмэг, хаа нэг бөөн цагаан үүл, салхи тогтуун сайхан өдөр тохиолоо.
Байгалийн сайхныг бишрэн дуу алдаж, чадах чинээгээрээ зураг авч, бичлэг хийн сайхан амрав. Даваа уруудах зам нь их эвдэрсэн байв. Хэд хэдэн хүрхэрээ харлаа. Буух замыг ч бас цас даржээ. Дээгүүр нь дугуйгаа түрж алхахад үл ялиг цөмөрсөн ч саадгүй нэвтрэв. Зарим үед цасны доод захаар эмжин гарав. Даанч сайхан орчин тул шууд мордоод уруудалгүй дугуйтайгаа хамт алхан байгалийн төрхийг дотроо буулган хадгалж явлаа. Зам огцом эргэлээ. Явахаас өмнө энэ замыг мэдэж байсан, тэгээд ч бага зэрэг дөт талдаа. Модон дундуурхи чийгтэй замаар түрээд буучихлаа. Энэ хэсгийг Хушт өвдөг гэж нэрлэдэг. Зам хөтлөн цавцайсан өргөн сайр руу оруулав. Энэ нутгийг Дээд хоногцол гэж нэрлэдэг юм байна. Ёстой л концертын нэгдүгээр үе эхлэв. Сайран дээрхи зам нь улирал, хур бороо, голын урсцын байдлаас болж үргэлж өөрчлөгдөж байдгыг ойлгов. Зарим үед дагтаршсан сайрын замаар жийж болох боловч удахгүй илбийн мэт алга болчихно. Хоёр орчим км уруудаад Ар сарьдагын голын шургасан ус ил урсац болон сайрын салаа болгоноор урсаж эхлэв. Бид өдрийн хоолоо хийж идэхдээ явсан замаа хартал отогоос гараад 21 км явсан байв.
Сайн хооллож аваад сайр уруудан голоо туучин зүүн баруун талд нь гарч, жийх боломжтой үед хайрга чулуу хажигнуулан уруудаж байв. Гэвч ийм боломж яахан элбэг олдоно. Ихэнхдээ түрлээ. Голын салаа сайрын ховил даган улам бүр салбарлаж, хаана үндсэн голдрилд байгаа нь үл мэдэгдэнэ. Автомашины мөрөөр урсах усан замаар нэг хэсэгтээ жийж болох ч удалгүй шигдэн мухардана. Гэвч бид ийм маягаар 3 цаг урагшилсаар баруун хойд сүндэрлэх үлгэрийн гэмээр сүрлэг уулын харан алмайрав. Сүүлд нутгийн хүнээс нэрийг нь асууж мэдсэн. Сарьдагийн Хар зүрх уул гэдэг юм байна. Нэр нь хүртэл хүндэтгэл төрүүлэх юм даа.
Удалгүй баруун талаас Цагаан нохойтын гол цутгаж буй бэлчир дээр ирэв. Доод хоногцолд ингэж ирлээ. Энд байгаль хамгааллын модон мэдээлэх самбар буй. Хоёр гол нийлж аваад сайр улам өргөсөж, салаа салбарууд нь эрс нэмэгдэв. Хамгийн эвгүй нь голын урсгалын хүч, гүн нэмэгдэж уулын шахаатай талын булан тохойноос аль болох зайлсхийж төвийг сахин явахыг эрхэмлэнэ. Урдуур өндөр сайран эргэтэй голын салаа гэнэт орж ирэх, явах зам тэр гэхийн аргагүй болох нь даанч элбэг. Нэг салаа руу орон цаана нь гарах үед голын урсгалын хүчийг мэдэрлээ. Иймэрхүү голыг хэдэн арван удаа туулж гарав. Том чулуунд л бүдэрч болохгүй гэж болгоомжилно. Сайр дуусах болоогүй л байв. Зүүн талын эрэг болох ой модод харагдаад эхлэв. Сайр маань хоёр талын уулын хавцалд хашигдан нарийсаж, хүчит урсгалтай салаанууд үүснэ. Зүүн талд 2 салаа байгаа, баруун тал 3 салаа байгаа, бид яг дунд хэсэгт яваа. Зүүн тал руу гарах хэрэгтэй гэж замаа төлөвлөн бодно. Овоо өргөн оволзсон урсгалтай зүүн талын салаагаа амжилттай гарлаа. Урсгалын дор барьсан дугуй маань хөвж, урсгал даган ташуулдан урсах маягаар голоо гарав. Ус гуяар татаж байсан болохоор хөлийн өсгийг хайрганд шигдүүлж жийн цахлах маягтай алхахад дэмтэй байлаа. Гарчихлаа шүү. Одоо нэг байгаа гэж бодтол хоёр салаа хөндлөн ороод ирэв. Харин ч гайгүй юм, хүн ер нь хүнд хэцүүд амархан дасдаг амьтан шүү. Сүүлийн өргөн гол цагааран оволзоно. Шууд орж болмооргүй байв. Жаахан уруудаад баруун талын том голтой нийлэх бэлчирийн дээгүүр ташуулдан гарлаа.
Хоёулаа баярлан, ой модны зах руу хараачлан зам хайсан боловч "олсонгүй". Сайран дундах их тод хатуу харласан зам хараад баярлан жийж явтал, ой модноосоо холдоод байв. Зогсоод газрын зургаа шалгатал, үндсэн замаасаа 500 м зайтай чанх баруун талд нь зогсож байв. Сайхан төөрсөн дөө. Эргээд сайраар өгсөн 1 км яваад мод руу орох замаа харлаа. Бас том самбар байв. Одоо сайхан жийнэ дээ гэж бодтол, концертийн ээлжит үзэгдэл эхэллээ. Ингэж Бугат хашын мод руу шурган орсон юм. Шумуул гарч байна. Шилмүүсээр хучигдсан зөөлөн замаар овоо жийж явтал гүн ховил, шавар намагтай зам гараад ирэв. Түрэхээс өөр аргагүй, гүн рүү нь орвол шигдээд суучихна, захлахаар мод бут хожуул тэглэнэ. Жийх боломж тун хомс, жийсэн ч өдөржин хүйтэн голын усанд нэвт норсон бие, сайранд шигдэн алхаж цуцсан булчин аргагүй л сульдсан байв. Тэгээд ч жийх зам нь ховил бүхий өндөр өвстэй чийглэг хөрс. Алхсан нь хамаагүй дээр. Ийм маягаар 3 цаг яваад Хар морьтын гоо хэмээх нутгийн модноос гарав, торлог дундуур чийгтэй зам зурайна. Жийж болж байна, гэхдээ л сульданги. Юм идэх хэрэгтэй, бид оройн хоолоо ч мартан ийнхүү явжээ гэж ярилцан жаахан хооллов. Чачирын дөрөлж өндөр даваа шиг сүртэй харагдана. Давлаа, модон дундуурх үндэс элбэг замаар уруудан хөндийд гарч ирэв. Алсд Ринченлхүмбэ сумын төв харагдана. Одоо 6-аахан км. Чигээрээ хатгасан замаар (өвлийн зам гэнээ, яахан мэднэ) ороод, бөөн шавар намаг. Цагаан булаг нэртэй горхи сумын төвийн урдуур урсахдаа маш өргөн намаг үүсгэдэг юм байна. Их гүнзгий тунгалаг горхи шүү, хүний хоолойгоор л татна. Нарийхан хэсгээр харайж дугуйгаа татан гаргасан. Жийхгүй түрсээр модон банзан хуучны гүүрээр гарч айлын хашаанд туллаа. Төв рүү орох гудамны ам нь нил шавар байсан ч тоолгүй шигдээд л цайраад гарав.
Эхний дэлгүүрт орж ундаа авч уухад өнөөдрийн хамаг ядаргаа хоромхон зуур уурших мэт болж билээ. Цаг 21.30 болж байв. Дундаж хурд 6.6 км. Туулсан зай 58 км.