Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Жигжид зуслангийн уулзвараас цааш автобусны нэг буудлын зайтай Шарга морьтын амны доод хэсэгт цуглан аялал эхлэв. Манай баг 3 хүнтэй. Энэ удаагийн аяллаар өдөр болон үдээс хойш хоёр удаа хоол хийж иднэ гэж төлөвлөн хүнс бэлтгэж, тогоо үүрч явлаа.
Сайхан цаг агаартай өдөр болов. Урьд явж үзээгүй чиглэл байсан ч газрын зураг дээр явах замаа "харсан" тул байгалийн байдлыг төсөөлж байв. Хандгайтын хойд даваагаа давчихлаа. Овоо дээр түр амараад хөдлөв. яльгүй уруудаад зам хоёр салж байна. Давааны бэл дагасан замаа авлаа. Нөгөө зам нь доош уруудан Бага Баяны ам руу яваад орно гэдгийг мэдэж байлаа. Нэг хяр дээр өгсөж гараад давааны хойд талыг дагасан замаар явсаар доош уруудав. Яг л бодсоноор болж байв. Нэг жижиг горхи ороод ирэв, зам бүдгэрч алга болсон ч горхийн хөвөө даган уруудсаар тохиромжтой газар сонгон, буудаллан өдрийн хоолоо хийж идэв. Хажууд горхи хоржигон урсаж, шувууд жиргэн эрвээхэй нисэлдэнэ. Зуны нэгэн таатай өдөр ийнхүү тайван орчинд аялал явагдаж байв. Доош уруудах ахуйд бүдэг зам гараад ирэв. Замаараа явсаар Баруун голын дээд хэсгийг шавар балчиг бүхий зурвас газраар туулан хөндлөн гарч хойд талын дэнж дээр гарав.
Газрын зураг дээр харсаж төсөөлж байсан орчноос шал өөр орчин нүдний өмнө харагдав. Духын даваа өөд өгсөх зам "эдгэрч" торлог дундуур зурайсан гүн ховил, ус урсан эвдэлсэн жалга ганга бүхий эвгүй харагдаж байв. Энд би эхний алдаагаа гаргасан. Даваа гэдэг нь хоёр уулын оройн дунд орших хамгийн нам цэг байдаг гэсэн энгийн ойлголтоо мартан хойд талын бүдэг замыг сонгон багаа авч хөдөллөө. Хойд талын уулын энгэр дагасан энэ зам нь нэлээд үргэлжлээд уул руу өгсөн торлог дундуур шурган оржээ. Замаас салж (хоёр дахь алдаа) хонин торлог дундуур дугуйгаа түрэн багаа дагуулан өгсөж эхлэв. Дуусашгүй өгсүүрт ингэж явна гэдэг ямар адармаатай байдаг билээ. Замд харин нэг гөрөөс харсан шүү. Хоёр цаг орчим ийнхүү махийсаар давааны хондлой дээр гарах үед хажуу талаас бүдэг зам ороод ирэв. Хойд талын уулын налуу дээр гарч ирээд зам даган өгсчихлөө. Даваа арай болоогүй гэж би бат итгэж байсан нь миний гаргасан гурав дахь дахь алдаа байсан. Үнэн хэрэгтээ хондлой даган уруудаад Духын даваа дээр очих ёстой байсан юм.
Толгой бүрэн эргэж, ингэж явна гэсэн бат итгэлтэй үед аялагч хүн зүгээ тун буруу авч тэр зүг рүүгээ итгэлтэй явдаг зуршил бий. Уулын хяр дагасан замаар өгссөөр мод огтолж байсан том талбай дээр гараад ирэв. Алсад намхан уулын хяр дагасан тод шороон зам харагдлаа. Том чулуу бүхий уруу хажигнуулан буусаар тэр замын зүг тэмүүлэн явсаар очлоо. Сайхан зам байна, уруудлаа. Толгойд буруу ам руу буусан гэсэн мэдрэмж төрсөн боловч, нам газар очиж хүн амьтан суурин бараадья гэж бодлоо. Замдаа жижиг гол гаран оройн хоолоо хийж идэв. Нар нилээд гудайжээ. Жирийтэл уруудаж явтал ам өргөсөн зүүн гар талаас эртний танил Шар жалгын ам задгайраад ороод ирэв. Өө, Үдлэг орох нь дээ гэж бодон танил газраа ирсэн баярлах сэтгэл төрөвч, дэндүү эсрэг зүг төөрсөн өөртөө ундууцан жийж явсан.
Бид гурав Үдлэгээс гарч Батсүмбэрийн засмал зам дээр ирэхэд харанхуй ч болсон байв. Ногоонтолгой суурин хүртэл жийгээд УБ хотоос автомашин дуудан ачигдаж, хотодочин энэ удаагийн аялал "бүтэлгүйхэн" дууссан юм.