Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #76 - Тужийн нарс ажиглах цамхаг - Сэлэнгэ 2026 өвлийн аялал

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/397
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
54 км
Давааны тоо
0
Өндөр авалт
280 м
Өндөр алдалт
-279 м
Их өгсөлт
6.3 %
Их уруудалт
-3.2 %
Бүртгэл
1 сарын 31, 8:30 хүртэл
Эхлэх цаг
2026 оны 1 сарын 31 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар хот
Цуглах цэгийн солбицол
50.236139, 106.199611
50°14'10.1"N, 106°11'58.6"E
Маршрутыг дээрх холбоос бүхий хуудаснаас экспортолж аваад GPS дэмждэг гар утас зэрэг аливаа төхөөрөмжид ачаалан харж болно.
Цуглах цэгийн байршлыг дараах зураг дээр дүрс бүхий тэмдгээр заасан.

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг Сэлэнгэ өвлийн аялал 7 дахь удаагаа зохиогдож байна. Энэ удаагийн аялал нь Сүхбаатар хотоос Тужийн нарс ажиглах цамхаг чиглэлд, төв засмал замаас гадуурх шороон зам голлосон маршрутаар явагдана гэдгээрээ онцлогтой.

Тус аялал нь унадаг дугуй сонирхогч өргөн олонд нээлттэй бөгөөд Сэлэнгэ болон Дарханы унадаг дугуйчдыг тусгайлан урьж байна.

Зураг 1. Анхны Сэлэнгэ 2017 аялалд оролцогчид

Аяллын онцлог
Улаанбаатар уулын дугуйн клуб нь аяллыг 100 хувь унадаг дугуйгаар дагнаж явуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл аяллын үеэр автомашин болон хөндлөнгийн дэмжлэг туслалцаагүйгээр, аялагчид зөвхөн өөрсдийн хүчээр, унадаг дугуйгаараа төлөвлөсөн маршрутаа туулж дуусгадаг. Энэхүү онцлог нь аяллын хөтөлбөр зохиохдоо газар орон, зам харгуй, цаг агаар, өдрийн үргэлжлэх хугацаа, унадаг дугуйчдын жийлтийн эрчим зэргийг харгалзаж үзсэнээр боломжтой болдог ба харин үүний тулд аялалд оролцогчид унадаг дугуйн бүрэн бүтэн байдлаа дор бүрнээ хангасан байх хэрэгтэй болдог. Түүнчлэн клуб нь уулын дугуйн клуб тул шороон замын аялал зохиохыг эрмэлздэг. Үүний дагуу тус аяллын маршрутын дийлэнх 40 км нь шороон зам байна.

Аяллын хөтөлбөр
Сэлэнгэ өвлийн унадаг дугуйтай аялал нь дараах хөтөлбөрийн дагуу 1 сарын 31 өдрийн 09:00 цагаас эхлэн нэг өдөр үргэлжилнэ. Аялалд оролцогчид Сүхбаатар хотын төмөр замын вокзал дээр цуглана. Аялал 08:00 цагаас эхэлнэ. Заасан маршрутын дагуу жийн Тужийн нарс ажиглах цамхаг хүрээд ирсэн замаараа буцаж анх эхэлсэн цэгтээ очно.

УБ хотоос Сүхбаатар руу галт тэргээр очих ба буцах
Улаанбаатар хотоос оролцогчид Сүхбаатар хотод галт тэргээр очиж мөн буцаж ирэх боломжтой. УБ - Сүхбаатар чиглэлийн 263 дугаар чиглэлийн галт тэрэг УБ хотоос 18:55 цагт хөдөлнө. Тус галт тэргэнд 1 сарын 30, баасан гараг өдрийн тасалбар авна. Тасалбарын үнэ тасалгаат вагонд 50700 төгрөг, унтлагын вагонд 31700 төгрөг байна. Тасалбарын үнэд цагаан хэрэглэл 7400 төгрөг заавал харин цай сонголтоор нэмэгдэнэ. Галт тэрэг Сүхбаатар өртөөнд 04:35 цагт хүрнэ. Харин буцах буюу Сүхбаатар - УБ чиглэлийн галт тэрэг 19:56 цагт хөдөлж 06:15 цагт УБ хотод ирнэ. Буцах чиглэлд 264 дүгээр чиглэлийн галт тэргэнд 1 сарын 31 өдрийн тасалбар авна.

Галт тэргээр Сүхбаатар хотод очих бол унадаг дугуйгаа галт тэрэгний тээшинд өгч болно. Унадаг дугуйгаа тээшинд өгөхдөө хэрэв боломжтой бол 1 сарын 30 баасан гарагийн бага үдээс өмнө өгөхийг зөвлөж байна. Харин ийнхүү урьдчилж тээшинд өгөх боломжгүй бол галт тэрэг хөдлөхөөс өмнө тээшний галт тэргэнд шууд ачуулж болох ба энэ тохиолдолд тээшийг жинлэдэггүй тул задгай тарифаар тооцоо хийдэг.

Аяллын бэлтгэл

  1. Унадаг дугуйн бүрэн бүтэн байдлыг хангасан байна. Мөн тус аялал автомашины дэмжлэггүй ба зэлүүд газраар явах тул унадаг дугуйн нэн тэргүүнд шаардлагатай багаж, сэлбэгээ авч явна. Үүнд: тусгай түлхүүрүүд, запас олгой хаймар, дугуй задлах халив, насос, нөхөөс, гинжний залгаас (линк) зэрэг багтана. Түүнчлэн аяллын үеэр унадаг дугуйн шийр хугарах санамсаргүй явдал тохиолддог тул өөрийн дугуйн рамдаа тохирох запас шийр авч явбал зүйтэй.
  2. Замын хүнс, уух зүйлээ базаасан байна. Замын хүнс нь царцаж хөлддөггүй байх эсвэл халуунаа маш сайн барьдаг халуун саванд хийсэн байвал зохимжтой. Уух зүйлийн хувьд ч халуун барьдаг саванд час халуунаар нь хийсэн байвал зохимжтой.
    Зам зуурт хөнгөн зүйл, Тужийн нарс ажиглах цамхаг дээр үдийн хоолоо иднэ гэж төлөвлөөрэй. Мөн аливаа санамсаргүй саатлыг харгалзан үзэж нэмэлт хуурай идэш авбал зүйтэй.
  3. Задгай газрын хүйтэн салхи, голын хөндийн жавраас хамгаалахуйц дулаан хувцасласан байна. Мөн унадаг дугуй жийн явж байх үед ялгарсан хөлс гадагшлуулах буюу амьсгалдаг хувцас өмссөн байвал нэн зохимжтой байдаг. Бас дулаан бээлий, хацар хамар хамгаалах бафф зэрэгт анхаарлаа хандуулна уу.
  4. Каск буюу хамгаалалтын дуулга заавал өмсөнө.

Аяллын бүртгэл
Сэлэнгэ өвлийн унадаг дугуйтай аялалд оролцогчид энэхүү веб сайтаар дамжуулан бүртгүүлнэ. Холбогдох шаардлага гарвал энэхүү веб сайт дээрх холбоо барих хуудас болон FB пейж зэрэг сувгуудыг ашиглана.

Хэрхэн оролцох вэ?

Төлбөр хураамж авдаг уу?
Үгүй.
Өөр клубийн гишүүн оролцож болох уу?
Болно. Манайх нээлттэй клуб.
Ямар нэг нөхцөл хязгаарлалт тавьдаг уу?
Та насанд хүрсэн байх ёстой.
Яаж холбоо барих вэ?
Энэхүү веб сайт дахь холбоо барих хуудас эсвэл Фейсбүүк пейж зэрэг сувгаар холбогдоно.
Хувийн хэрэг нээх

Нэн тэргүүнд хувийн хэрэг нээх хэрэгтэй. Хэрэв уг веб сайт дээр хувийн хэрэг нээсэн бол удаах алхамд шууд шилжинэ.

Аялалд бүртгүүлэх

Энэхүү веб хуудас дээрх Бүртгэл гэсэн нэртэй хэсэг дэх бүртгүүлэх товчлуур дарж бүртгүүлнэ. Хэрэв та веб сайтад нэвтэрч орсон бол бүртгүүлэх товчлуур харагдана. Харин нэвтэрч ороогүй бол нэвтэрч орсоны дараа аялалд бүртгүүлнэ.

Цуглах цэгт хоцролгүй очих, ирц болон оролцоогоо мэдүүлэх

Бүртгүүлсэн аяллынхаа цуглах цэгт, эхлэх цагаас өмнө очиж админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Мөн тарах цэгт өөрийн оролцоогоо админд мэдүүлнэ. Админ үүний дагуу ирц болон оролцоог веб сайт дахь таны хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ.

Бүртгүүлсэн гишүүд
4

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Г.Махгал Э.Отгонжаргал
Ш.Мөнгөнсүх
  • 10798 км
  • 96
  • 9
  • 3
  • 2
  • 4
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Г.Махгал
  • 14994 км
  • 142
  • 10
  • 2
  • 3
  • 5
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!