Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг Сэлэнгэ өвлийн аялал 7 дахь удаагаа зохиогдож байна. Энэ удаагийн аялал нь Сүхбаатар хотоос Тужийн нарс ажиглах цамхаг чиглэлд, төв засмал замаас гадуурх шороон зам голлосон маршрутаар явагдана гэдгээрээ онцлогтой.
Тус аялал нь унадаг дугуй сонирхогч өргөн олонд нээлттэй бөгөөд Сэлэнгэ болон Дарханы унадаг дугуйчдыг тусгайлан урьж байна.
Аяллын онцлог
Улаанбаатар уулын дугуйн клуб нь аяллыг 100 хувь унадаг дугуйгаар дагнаж явуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл аяллын үеэр автомашин болон хөндлөнгийн дэмжлэг туслалцаагүйгээр, аялагчид зөвхөн өөрсдийн хүчээр, унадаг дугуйгаараа төлөвлөсөн маршрутаа туулж дуусгадаг. Энэхүү онцлог нь аяллын хөтөлбөр зохиохдоо газар орон, зам харгуй, цаг агаар, өдрийн үргэлжлэх хугацаа, унадаг дугуйчдын жийлтийн эрчим зэргийг харгалзаж үзсэнээр боломжтой болдог ба харин үүний тулд аялалд оролцогчид унадаг дугуйн бүрэн бүтэн байдлаа дор бүрнээ хангасан байх хэрэгтэй болдог. Түүнчлэн клуб нь уулын дугуйн клуб тул шороон замын аялал зохиохыг эрмэлздэг. Үүний дагуу тус аяллын маршрутын дийлэнх 40 км нь шороон зам байна.
Аяллын хөтөлбөр
Сэлэнгэ өвлийн унадаг дугуйтай аялал нь дараах хөтөлбөрийн дагуу 1 сарын 31 өдрийн 09:00 цагаас эхлэн нэг өдөр үргэлжилнэ. Аялалд оролцогчид Сүхбаатар хотын төмөр замын вокзал дээр цуглана. Аялал 08:00 цагаас эхэлнэ. Заасан маршрутын дагуу жийн Тужийн нарс ажиглах цамхаг хүрээд ирсэн замаараа буцаж анх эхэлсэн цэгтээ очно.
УБ хотоос Сүхбаатар руу галт тэргээр очих ба буцах
Улаанбаатар хотоос оролцогчид Сүхбаатар хотод галт тэргээр очиж мөн буцаж ирэх боломжтой. УБ - Сүхбаатар чиглэлийн 263 дугаар чиглэлийн галт тэрэг УБ хотоос 18:55 цагт хөдөлнө. Тус галт тэргэнд 1 сарын 30, баасан гараг өдрийн тасалбар авна. Тасалбарын үнэ тасалгаат вагонд 50700 төгрөг, унтлагын вагонд 31700 төгрөг байна. Тасалбарын үнэд цагаан хэрэглэл 7400 төгрөг заавал харин цай сонголтоор нэмэгдэнэ. Галт тэрэг Сүхбаатар өртөөнд 04:35 цагт хүрнэ. Харин буцах буюу Сүхбаатар - УБ чиглэлийн галт тэрэг 19:56 цагт хөдөлж 06:15 цагт УБ хотод ирнэ. Буцах чиглэлд 264 дүгээр чиглэлийн галт тэргэнд 1 сарын 31 өдрийн тасалбар авна.
Галт тэргээр Сүхбаатар хотод очих бол унадаг дугуйгаа галт тэрэгний тээшинд өгч болно. Унадаг дугуйгаа тээшинд өгөхдөө хэрэв боломжтой бол 1 сарын 30 баасан гарагийн бага үдээс өмнө өгөхийг зөвлөж байна. Харин ийнхүү урьдчилж тээшинд өгөх боломжгүй бол галт тэрэг хөдлөхөөс өмнө тээшний галт тэргэнд шууд ачуулж болох ба энэ тохиолдолд тээшийг жинлэдэггүй тул задгай тарифаар тооцоо хийдэг.
Аяллын бэлтгэл
Аяллын бүртгэл
Сэлэнгэ өвлийн унадаг дугуйтай аялалд оролцогчид энэхүү веб сайтаар дамжуулан бүртгүүлнэ. Холбогдох шаардлага гарвал энэхүү веб сайт дээрх холбоо барих хуудас болон FB пейж зэрэг сувгуудыг ашиглана.
Клубийн админ Ожго ах ингэж хэлж байсан нь үнэхээр үнэн юм. УБ-т ирээд 06:15 цагт галт тэрэгнээс буухад бас тэр байтугай унадаг дугуйнд тогтоодог ачааны цүнхээ эмээлийн ард бэхлэхээр бээлийгээ тайлан нүцгэн гараар хүйтэн төмөртэй харьцаж байхад ер даарч мэдэгдэхгүй байлаа. Харин өмнөх өдрийн 04:35 цагт Сүхбаатар хотод галт тэрэгнээс буухад бараг л нэвт жиндэж байсан билээ. За тэгээд унадаг дугуй жийж явахад гар ба хөлийн үзүүр тэргүүтэн даарч хөрөхийн тухай ярилтгүй.
УБ хотоос бараг 5 градусаар хүйтэн байдаг гэсэндээ хамаг л газар, зам, талбай цөм цас мөсөөр хучаастай. Сүхбаатар хот доторх автомашины зам бол тэр чигээрээ мөс буюу ерөөсөө л унадаг дугуйчдын эрлэг.
Хүн зоны байр байдал хүйтэндээ бүр дасчихсан гэмээр нь хувцаслалт зэргээсээ андашгүй.
Нэмж тэмдэглэхэд хүйтэн газар гэдэг нь хийн зуухны, хүйтний зориулалттай түлш "тамир муутай" асаж байснаас ч анзаарагдаж байлаа. Хийн зуухны галаа өрдөж ядахдаа цаг алдахгүйн тулд хийн түлшний баллоны гаднаас гарын алгаараа бүлээцүүлэх вэ дээ.
Клубийн түүхнээ уламжлал болгон зохиосоор ирсэн, онцлогтой аяллуудын нэг бол Сэлэнгэ өвлийн аялал юм. Өмнөх аяллуудаар Шаамар, Ээж мод, Алтанбулаг, Сайханы хөтөл гэх мэтчилэн чиглэлд жийж байсан бол энэ удаад Тужийн нарс ажиглах цамхаг руу жийхээр зорьсон юм.
Тужийн нарс ажиглах цамхаг руу хоёр янзаар очдог. Замын байдлыг ажвал өвөлдөө ихэвчлэн Бурын голоор дайран цамхагийн хойноос очдог бололтой. Нөгөө зам болох Бурын голын хөндийн Тужийн нарс талаар очдог замаар ч автомашинууд явсаар байдаг ажээ. Үүнийг дурдаж буйн учир бол энэ өвөл цас их унасан явдал юм. Иймээс клубийн админ Ожго ах цас хунгарлаж зам хаасан байх вий гэж хаширлан хэлж сануулж байлаа. Үнэхээр цас их унасан тул замын сул элс бараг 99.9 хувь цасаар хучигдсан нь автомашины дугуйгаар дарагдан дагтаршжээ. Гэхдээ автомашин их явахаар өнөөх цасны дагтаршилт бүр хэтрэн яг л анжис явсан мэт гурвалжилчих агаад түүгээр явахад ёстой "уран жолоодлого" хийлгэчих нь чамгүй сорилт болсон. Харин Бурын голын урдуурх, автомашин цөөн явсан зам нь янзын сайхан тэгш дардан байсан тул ёстой сүнгэнэтэл жийсэн дээ. Гэхдээ замын байдал хур тунадаснаас хамааран жил бүр харилцан адилгүй байхыг анхаараарай. Хэрэв энэ жил цас бага орсон бол зам элсэрхэг байх бөгөөд цастай барьцалдаж хатуурсан хэсгийг нь бараадан жийх байсан болов уу гэж төсөөлж байна. Ирэх жилүүдийн цас бага орсон үед нь энэ төсөөллөө үнэн эсэхийг шалгана даа.


Энэ аяллын хамгийн оргил үе нь цамхагийн барааг харан нарсан ойн жимээр унадаг дугуйгаараа явж байсан тэр хэдхэн хором байсан. Чухам энэ мэдрэмжээс сэтгэл ханамж авахыг л хүссэндээ бид уг аялалд гарцгаасан билээ.
Сэтгэл ханамжтай зэрэгцэн дүн өвлөөр энэ хүртэл унадаг дугуйгаар явж ирсэн хүмүүс биднээс өөр бий болов уу гэсэн бодол төрөн энэхүү аялалд гарахаар зориглон бүртгүүлж, одоо хамт жийж яваа багийнхнаараа бахархсанаа нуух юун.

Ингээд аяллын тэмдэглэлийг маань энэ хүртэл уншсан танд дээрх гэрэл зурагнаа харагдаж буй шиг гар даллангаа Зүгээр л жий гэдэг клубийнхээ уриагаар мэндчилье.