Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг Сэлэнгэ өвлийн аялал 7 дахь удаагаа зохиогдож байна. Энэ удаагийн аялал нь Сүхбаатар хотоос Тужийн нарс ажиглах цамхаг чиглэлд, төв засмал замаас гадуурх шороон зам голлосон маршрутаар явагдана гэдгээрээ онцлогтой.
Тус аялал нь унадаг дугуй сонирхогч өргөн олонд нээлттэй бөгөөд Сэлэнгэ болон Дарханы унадаг дугуйчдыг тусгайлан урьж байна.

Аяллын онцлог
Улаанбаатар уулын дугуйн клуб нь аяллыг 100 хувь унадаг дугуйгаар дагнаж явуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл аяллын үеэр автомашин болон хөндлөнгийн дэмжлэг туслалцаагүйгээр, аялагчид зөвхөн өөрсдийн хүчээр, унадаг дугуйгаараа төлөвлөсөн маршрутаа туулж дуусгадаг. Энэхүү онцлог нь аяллын хөтөлбөр зохиохдоо газар орон, зам харгуй, цаг агаар, өдрийн үргэлжлэх хугацаа, унадаг дугуйчдын жийлтийн эрчим зэргийг харгалзаж үзсэнээр боломжтой болдог ба харин үүний тулд аялалд оролцогчид унадаг дугуйн бүрэн бүтэн байдлаа дор бүрнээ хангасан байх хэрэгтэй болдог. Түүнчлэн клуб нь уулын дугуйн клуб тул шороон замын аялал зохиохыг эрмэлздэг. Үүний дагуу тус аяллын маршрутын дийлэнх 40 км нь шороон зам байна.
Аяллын хөтөлбөр
Сэлэнгэ өвлийн унадаг дугуйтай аялал нь дараах хөтөлбөрийн дагуу 1 сарын 31 өдрийн 09:00 цагаас эхлэн нэг өдөр үргэлжилнэ. Аялалд оролцогчид Сүхбаатар хотын төмөр замын вокзал дээр цуглана. Аялал 08:00 цагаас эхэлнэ. Заасан маршрутын дагуу жийн Тужийн нарс ажиглах цамхаг хүрээд ирсэн замаараа буцаж анх эхэлсэн цэгтээ очно.
УБ хотоос Сүхбаатар руу галт тэргээр очих ба буцах
Улаанбаатар хотоос оролцогчид Сүхбаатар хотод галт тэргээр очиж мөн буцаж ирэх боломжтой. УБ - Сүхбаатар чиглэлийн 263 дугаар чиглэлийн галт тэрэг УБ хотоос 18:55 цагт хөдөлнө. Тус галт тэргэнд 1 сарын 30, баасан гараг өдрийн тасалбар авна. Тасалбарын үнэ тасалгаат вагонд 50700 төгрөг, унтлагын вагонд 31700 төгрөг байна. Тасалбарын үнэд цагаан хэрэглэл 7400 төгрөг заавал харин цай сонголтоор нэмэгдэнэ. Галт тэрэг Сүхбаатар өртөөнд 04:35 цагт хүрнэ. Харин буцах буюу Сүхбаатар - УБ чиглэлийн галт тэрэг 19:56 цагт хөдөлж 06:15 цагт УБ хотод ирнэ. Буцах чиглэлд 264 дүгээр чиглэлийн галт тэргэнд 1 сарын 31 өдрийн тасалбар авна.
Галт тэргээр Сүхбаатар хотод очих бол унадаг дугуйгаа галт тэрэгний тээшинд өгч болно. Унадаг дугуйгаа тээшинд өгөхдөө хэрэв боломжтой бол 1 сарын 30 баасан гарагийн бага үдээс өмнө өгөхийг зөвлөж байна. Харин ийнхүү урьдчилж тээшинд өгөх боломжгүй бол галт тэрэг хөдлөхөөс өмнө тээшний галт тэргэнд шууд ачуулж болох ба энэ тохиолдолд тээшийг жинлэдэггүй тул задгай тарифаар тооцоо хийдэг.
Аяллын бэлтгэл
Аяллын бүртгэл
Сэлэнгэ өвлийн унадаг дугуйтай аялалд оролцогчид энэхүү веб сайтаар дамжуулан бүртгүүлнэ. Холбогдох шаардлага гарвал энэхүү веб сайт дээрх холбоо барих хуудас болон FB пейж зэрэг сувгуудыг ашиглана.
Нэн тэргүүнд хувийн хэрэг нээх хэрэгтэй. Хэрэв уг веб сайт дээр хувийн хэрэг нээсэн бол удаах алхамд шууд шилжинэ.
Энэхүү веб хуудас дээрх Бүртгэл гэсэн нэртэй хэсэг дэх бүртгүүлэх товчлуур дарж бүртгүүлнэ. Хэрэв та веб сайтад нэвтэрч орсон бол бүртгүүлэх товчлуур харагдана. Харин нэвтэрч ороогүй бол нэвтэрч орсоны дараа аялалд бүртгүүлнэ.
Бүртгүүлсэн аяллынхаа цуглах цэгт, эхлэх цагаас өмнө очиж админд хүрэлцэн ирсэнээ мэдүүлнэ. Мөн тарах цэгт өөрийн оролцоогоо админд мэдүүлнэ. Админ үүний дагуу ирц болон оролцоог веб сайт дахь таны хувийн хэрэгт бичиж тэмдэглэнэ.