Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #75 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулсан жийлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/396
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
108 км
Давааны тоо
1
Өндөр авалт
623 м
Өндөр алдалт
-623 м
Их өгсөлт
8.4 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2025 оны 12 сарын 27 Бямба гараг, 20:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Улаанбаатар уулын дугуйн клубээс 12 сарын 29 - Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан зохион явуулдаг 4 дэх удаагийн унадаг дугуйтай аялалд оролцохыг урья.

Энэ оны хувьд тус тэмдэглэлт, бүх нийтийн амралтын өдөр 12 сарын 29 нь даваа гарагт тохиосон буюу бямба, ням гарагуудтай залгаа байна. Ингээд энэхүү завшааныг ашиглан тус унадаг дугуйтай аяллыг орон нутагт зохион байгуулна. Унадаг дугуйтай аялал Сайншанд - Ханбаянзүрх хайрхан - Хамарын хийд - Сайншанд маршрутаар 12 сарын 28-29 өдрүүдэд зохиогдоно. Жич: Хоногоор аялах боломжгүй оролцогчид 12 сарын 28-ны өдөртөө багтаан буцах хуваарьтайгаар уг аялалд оролцож болно.

Энэхүү аялал нь 1) үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 2) түүхэн дурсгалт газар 3) эртний тахилгат хайрхан 4) шашин мөргөлийн шүтээн зэрэг олон талын онцлогтой. Түүнчлэн аяллын зай 108 км болж буй нь 108 эрхи, 108 суварга мэт бэлэгшээлтэй.

Аяллын хөтөлбөр

Аялал 2024 оны 12 сарын 27-ний бямба гарагийн 20:00 цагаас 30-ны мягмар гарагийн 07:05 цаг хүртэл дараах хөтөлбөрийн дагуу явагдана.

  • Өдөр #1, бямба гараг
    Улаанбаатар өртөөнөөс 20:58 цагт хөдлөх Улаанбаатар - Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд суун Сайншанд хот руу аялна.
  • Өдөр #2, ням гараг
    Дорноговь аймгийн Сайншанд хотын төмөр замын өртөөнд 07:30 цагт галт тэрэгнээс бууна. Өглөөний цай, хоолоо галт тэргэнд ууж, иднэ. Галт тэрэгнээс бууж, тээшээс унадаг дугуйгаа аваад, гэгээ оруут жийж эхэлнэ.
    Засмал замаар 30 шахуу км жийж замын уулзварт хүрнэ. Уулзвараар баруун гар тийш эргэн төмөр замын гармаар гарч Ханбаянзүрх хайрхан хүрээд буцаж уулзвар дээр ирнэ. Уулзварт буцаж иртэл 15 км шахуу зам туулна. Үүнээс цааш ахин 15 км жийгээд Хамарын хийдэд хүрч очно. Хамарын хийд дээр цахилгаан халаалттай байшин буудалд хоноглоно. Энэ өдөр дан засмал замаар 62 км гаруй зам туулна.
  • Өдөр #3, даваа гараг - 12 сарын 29 тэмдэглэлт өдөр
    Хамарын хийдээс Сайншанд чиглэлд нийт 46 км орчим засмал замыг туулна. Сайншанд хотод нар жаргах бас төмөр замын өртөөний тээш хаах 18:00 цагаас өмнө хүрч очно.
  • Өдөр #4, мягмар гараг
    Өглөө 07:05 цагт Улаанбаатар хотод галт тэрэгнээс бууна.

Аяллын бэлтгэл

  • Тээшинд унадаг дугуйгаа өгөх
    Унадаг дугуйгаа бямба гарагийн 20:58 цагт хөдлөх Улаанбаатар - Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэгний тээшинд хүлээлгэн өгнө.
  • Тасалбар
    Галт тэрэгний тасалбарыг очих, буцах хоёр чиглэлд урьдчилан авна. Очих чиглэлд УБ-аас 20:58 цагт хөдлөх УБ - Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэгний тасалбар авна. Тасалбарын үнэ тухайлбал унтлагын вагонд 35600 төгрөг байна. Буцах чиглэлд Сайншандаас 19:35 цагт хөдлөх Сайншанд - УБ чиглэлийн 285 дугаар галт тэрэгний тасалбар авна. Тасалбарын үнэ очих чиглэлийнхтэй ижил байна.
    Тасалбарын үнэ дээр тасалгаат болон унтлагын вагоны хувьд цагаан хэрэглэлийн 7400 төгрөг болон амь даатгал 100 төгрөг заавал харин цай/кофе 1400 төгрөг, доод суудал 2300 төгрөг сонголтоор нэмэгдэнэ. Мөн унадаг дугуйг галт тэргээр тээшийн вагонд тээвэрлэх хөлс төлнө.
  • Хүнс
    УБ-аас Сайншанд чиглэлд аялахад галт тэрэг дотор орой ба өглөө бас Хамарын хийд хүртэл зам зуурт идэж уух хүнс заавал бэлдэнэ. Аяллын бусад үеийн хүнсээ УБ-аас нэгмөсөн базааж эсвэл Хамарын хийд дэх дэлгүүрээс худалдан авахаа аялалд оролцогч гишүүд өөрсдөө шийднэ.
  • Бусад
    Хамарын хийд дээр цахилгаан халаалттай байшин буудалд хоноглоно. Буудаллах байрны төлбөрийг аялалд хоногоор оролцогчид тэнцүү хуваан төлнө. Харин аялалд хоногоор оролцогчид шаардлагатай хувийн бэлтгэлээ тус тусдаа хангана.
  • Унадаг дугуй
    Запас олгой, насос, дугуй задлах халив, нөхөөс, цавуу болон тусгай түлхүүр мөн шийр зэрэг бусад шаардлагатай унадаг дугуйн багаж, сэлбэг бэлдэнэ. Унадаг дугуйн бүрэн бүтэн байдлыг урьдчилан сайтар хангасан байна. Мөн унадаг дугуйн чийдэн авахыг зөвлөе.

Бүртгэл

Аялалд оролцогч нь клубийн энэхүү веб сайтаар бүртгүүлнэ.

  • Хоногоор оролцогч нь 12 сарын 24-ний дотор багтаан аялалд хоногоор оролцохоо мэдэгдэнэ. Үүний дагуу Хамарын хийд дэх буудалд захиалга өгч хонох байраа зэхүүлнэ.
  • Очих болон ирэх галт тэргэнд ойролцоо сууцгаахын тулд эрт бүртгүүлж, тасалбараа дор хаяж 5 өдрийн өмнө худалдаж авах хэрэгтэй байдаг.

Галт тэрэгний тасалбар худалдан авалт болон Хамарын хийд дээр хоноглох буудлын захиалга зэрэг зорилгоор бидэнтэй холбогдох бол энэхүү веб сайт дээр заасан холбоо барих сувгуудыг ашиглана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Хамарын өмнө

Яагаад 12 сарын 29 гэж?

  1. Түүхэн утга учир
  2. Бүх нийтийн амралтын өдөр
  3. Өвлийн туйл үе

Нэрэлхэлгүйгээр 1636 оноос эхлэн тоолбол тусгаар тогтнолоо алдаад, 275 жилийн турш харийн эрхшээлд байсан Монгол улс эл өдөр тусгаар улс болсоноо зарлан Нийслэл хүрээнээс харийн амбан сайдыг хөөсөн нь Манжийн төрийг залгамжилсан Дундад иргэн улсынхаас ердөө 2 бүтэн өдрөөр урьтсан явдал гэдгийг түүхэн баримтуудаас уншиж болох бөгөөд энэ нь өнөөгийн бидний тусгаар байдлын эхлэл гэж үздэг.

Энэхүү түүхэн өдрийг ёслон тэмдэглэж байхыг заасан Богд хааны зарлиг байдгийг монгол улсын иргэн бүр ядаж л өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр харуулж байснаас нь олж мэдсэн л байх учиртай. Орчин үеийн түүхийн хувьд 2007 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгож, бүх нийтээр амардаг болсон.

Мөн 12 сарын 29 нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагас дахь хамгийн богино өдөр буюу 12 сарын 22-ноос эхлүүлэн өвлийн цаг уурыг үечилдэг, Монголчуудын уламжлалт есөн есийн 81 хоногийн хүйтний хоёр дахь ес эхэлж буй өвлийн туйл өдрүүдийн нэг юм.

Аяллын өөр нэг онцлог - бэлэгшээл

Энэ аяллын замын урт яг 108 км болсоныг маршрут зохиож дууссан тэртээ хойно анзаарсан юм. 108 км ба 108 суварга, 108 эрхи гэж бэлэгшээн аяллын зар дээр онцлон дурдсан. Харин хийд дээр очоод энэ тэрийг үзэж сонирхож яваад бас 108 агуй гэсэн бас нэгэн бэлэгшээл буйг олж мэдсэн. Ингээд л 108 гэсэн утга учиртай тоогоор дүүрэн аялал болсон доо.

Сайншанд - Хамарын хийд замын онцлог

Хатуу хучилттай засмал зам бий. Гээд засмал замын дугуйгаар явахад зохимжгүй болов уу. Замыг Сайншанд - Зүүнбаян замын уулзвар хүртэлх ба түүнээс цааших гэж хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэг нэлээд эвдэрсэн. Энэ нь засмал замын дугуйны нарийн гадарт халгаатай. Харин уулзвараас Ханбаянзүрх хайрхан болон Хамарын хийд хүртэлх зам цагаан цагаан.

Зураг 2. Хамарын хийдийн угтах хаалга

Цаг агаарын онцлог

Агаарын хэмийн хувьд Сайншанд нь Улаанбаатараас дор хаяж 5 градусаар дулаан байдаг гээд шууд хэлчихэд болно доо. Үнэхээр 2005 оны 1 сараас 2025 оны 12 сарыг дуусталх хугацааны сарын дундаж температурын мэдээг Үндэсний статистикийн хорооны нээлттэй өгөгдлийн нэгдсэн сангаас аваад шинжилж үзвэл ийм ялгаа Стьюдентийн тархалт гэдэг өргөн сүүлтэй тархалтаар загварчлагдах бөгөөд улмаар тус магадлал бараг 1/2 гэдэг нь олдоно.

Ийнхүү агаарын хэм харьцангуй өндөр тул хэрэв салхилж шуурчихгүй л бол унадаг дугуйгаар аялахад нэн тохиромжтой. Хоёр өдөр жийхэд энэ бүгд яг л ажиглагдаж байна билээ. Яаж ажиглагдаж байсныг мэдье гэвэл тэмдэглэлийг маань дуустал уншаарай л даа.

Аяллын явцын товч тэмдэглэл

Сайншанд өртөөнөө 07:30 цагт галт тэрэгний вагоноос буув. Тээшийг заавал 08:00 цагаас, зөвхөн өртөөний ажилчин хүлээлгэж өгдөг гэнэ. 30 минутын ийм хийдлээс болдог ч юм уу вагон дотор том том цүнх чемоданыг за яая гэх вэ гэхэд цаасан хайрцагтай юмс зөндөө зөндөө. Наад захын жишээ татвал бидэнтэй нэг таславчинд явсан эмэгтэй гэхэд л орныхоо доорх хөндий зайг дүүртэл чихчисэн тул түүний дээрх местний охин цүнхээ шингээх зайгүй болчихож байгаа юм. Хэрэв Сайншандын тээш олголт галт тэрэг ирэхтэй зэрэгцэн ажиллаж эхэлдэг бол цаасан хайрцаг тэврэн гүйлдэх хүмүүс хэдээр ч болтугай цөөрч зорчигчид вагон дотор тав тухтай зорчиход нэмэртэй л байх даа.

Зураг 3. Сайншанд өртөөний галт тэрэгний тээшийн цагийн хуваарь

08:00 цагт унадаг дугуйгаа тээшээс хүлээн аваад ачаа тээш болон хувцас хунар зэргээ цэгцлээд хөдлөхийн хооронд 30 минут өнгөрчээ. Өвлийн өглөө болоод ч тэрүү Ар Шанд нам жим. Харин танктай хөшөө ба хөндлөн гүүр бүхий сэтэрхий хөтөл даван Өвөр Шанд руу ороход дасгал хийн гүйцгэх бүлэг хүн гэх мэтчилэн хөл хөдөлгөөнтэй байна.

Нэг цагаас 10 хүрэхгүй минут илүү жийгээд хилэнцэт хорхойн хөшөөтэй уулзварт хүрлээ. Одоо үүнээс цааших аялал улам амар тайван болдог. Учир нь Сайншандаас энэ хүртэлх замын хөдөлгөөн харьцангуй их байдаг. Харин үүнээс цааших хөдөлгөөн Ханбаянзүрх хайрхан, Зүүнбаян, Хамарын хийд гэсэн гурван үндсэн чиглэлээр хуваагдах тул автомашины хөл хөдөлгөөн сийрэгшин тийнхүү амар тайван болдог. Ерөөсөө Хамарын хийд гэсэн унадаг дугуйтай аялал зохион явуулаад байдаг шалтгаануудын нэг нь энэ буюу автомашины хөдөлгөөн харьцангуй бага байдаг явдал.

Салхилж шуурчихгүй л бол дээр бичсэн дээ? Зүүн хойноос баруун урагш үлээх хүчтэй салхи ... Төлөвлөсөн маршрутын дагуу Ханбаянзүрх хайрхан руу эргэнгүүт л явалтын эрчим яг л даваа өөд өгсөн жийж буй мэт болсон доо. Угаасаа буцаж эргэн хийд рүү явахад араасаа туугдах тул салхины ширүүнийг үл хайхран зүтгэв. Автозогсоолоор тогтолгүй жийсээр явган гүүрний дэргэдэх зул өргөдөг байшингийн хаяанд хүрэв. Цаг 10:50 болжээ.

Аль эртнээс л "Зулын байшин байдаг даа. Салхи жавраас хоргодон цайлахад хэрэг болно доо." гэж бодож төсөөлж байснаар болов. Тавтай цайлж аваад хайрхан дээр гарч алсын бараа, хээрийн салхи, цэнгэг агаараар хийморио сэргээлээ.

Одоо Хамарын хийд үзэх л үлдлээ. Хийдийн хаалгаар 13:30 цагт оров. Маргааш буцах буюу цаг хугацаа хангалттай тул орчинтой тухтай үзэж танилцлаа. Угтах хаалганы дэргэдээс эхлээд хэдэнтээ таарсан танилцуулга самбар дээр заасан бүгдтэй үзэж танилцахад 3 цаг шахуу хугацаа орлоо. Хамарын хийд рүү өмнө гурвантаа ирж байсан ч ингэж чөлөөтэй үзэж танилцаж байгаагүй юм байна.

Зураг 4. Хамарын хийдийн орчим дахь үзэх зүйлс

Ингээд хийд болон түүний орчин тойронтой айвуу тайвуу явж, сайтар үзэж, бүрэн танилцаж дуусахад цаг 15:00 болж байлаа. Хэрэв ингээд Сайншанд руу буцаад жийнэ гэвэл ... сайн жийвэл тээш хаахаас өмнө, саар жийвэл галт тэрэг хөдлөх 19:35 цагаас өмнө, бүр мияа жийлээ ч Замын үүдийн галт тэргэнд амжихаар л байна. Гэхдээ одоо шууд буцаад жийчихгүй л дээ. Учир нь өвөл цагийн жийлтийн үеэр тэгж хамаа намаагүй байж болохгүй.

  1. Тос, товуд царцан дугуйн араа гинжний ажиллагаа хүндэрдэг. Бас тос, товудны хэт зунгааралтаас болж голнуудын эргэлт ч мууддаг.
  2. Хэдийгээр өвлийн салхи жилийн бусад үеүүдээс төдийлэн ширүүн байдаггүй ч агаарын бага хэмээс үүдэн хахиршил нь их болчихдог тул дулааны улирлынх шиг эрчимтэй сайн жийн давхиж чадахгүй.
  3. Нар эрт жаргаж, яах ийхийн зуурт харанхуй болно.

Маргааш нь жийсэн байдлаа дүгнэхэд 3 цагийн дотор амжмаар л юм билээ. Багийн гишүүнээ хүлээх, зураг авах, бие засах гэх мэтчилэнг суутгавал ...

Зураг 5. Сайншанд хотын алсын бараа

Харин маргааш өдөр 11:20 цагт буюу өглөөний жавар арилсан хойно Сайншанд хотыг чиглэн хөдөллөө. Мөн түүнчлэн говь газар гэсэндээ шал өөр байна. Улаанбаатарт бээлийтэй гар даарах гээд байдаг бол харин энд хөлөрч, бүр хөлөрсөн гараа гаргахад ч даарахгүй, бээлийгээ буцааж өмсөхөд ч зүв зүгээр. Иймээс зураг дарах бичлэг хийхэд нэн таатай. Гэхдээ салхины хурд өсөх прогноз цаг агаарын мэдээнд байсан тул тэгтлээ алгуурласангүй. Үнэхээр Сайншанд хотын бараа харагдах үед салхи ширүүсэж буй нь илт мэдэгдэж эхэлсэн юм. Жийлтэндээ халаад жигдэрчихсэн тул салхинд түүртэлгүй явсаар Сайншанд хот руу орлоо. Товчхондоо өнөөдрийн жийлтийг агаарын температур ба салхины хурд хоёрын баланс дундуур эвтэйхэн төлөвлөөд амжуулчихаж байгаа нь энэ. Эсрэгцүүлээд хэлбэл Сайншандад ирсэний дараах хүйцгүйрэл буюу галт тэрэг хүлээх зууртаа танк хөтөл дээр гараад зураг дарах үед гар хуруу хөлдөх гэж байсан шүү.

Дэн буудал буюу Хамарын хийд дээр өнгөрүүлсэн нэг шөнө

14:30 цагийн орчимд, хамгийн сүүлийн үзмэр Мөөм овоо руу жийж явтал утас дуугарав. За хэн байдаг билээ дээ гээд элсэрхүү замыг жийж дуусган овоонд хүрээд утсаа шалгатал хоноглохоор бууна хэмээн захиалга өгсөн дэн буудлын эзэн залгасан байв. Оргил нэртэй гэр ба байшин хосолсон буудалд буув. Байшин нь тохитой юм. Шалны халаалт, агаар сэрүүцүүлэгч зэргээр тоноглосон хэдэн байшинтай аж. Ийм хэдэн ижил байшинг зэргэлдээ хоёр буудлынхан саяхан барьсан/бариулсан бололтой. Тэнд өөр ийм байшин харагдсангүй.

Хоолоо тэндээс захиалж, өрөөндөө авч идэв. Амттай бөгөөд орц ч, порц ч сайтай бас үзэмжтэй хоолыг дор нь хийгээд өгч байна.

Зураг 6. Өрөөндөө

Харин боловсон жорлон нь хөлджээ. Эзэн нь шалтгаанаа хэлж байсан ч "Манайханд Монгол орныхоо эрс тэс цаг уурт тохирсон ариун цэврийн байгууламжийн найдвартай шийдэл, түүнийх нь дагуу бүтээн гүйцэтгэдэг байдал тархаагүй л байна даа" гэж бодогдоод өнгөрсөөн.

Ерөнхийдөө хээр хөдөө газар гэхэд тав тухтай хоноглосон.

Дугуй хагалагч шивээ

Зураг 7. За нөгөөдүүл чинь энд байна шүү дээ ...

Дээрх зургаас унадаг дугуйчдын сүнсийг зайлтал айлгадаг ганц зүйл болох шивээг хараарай. Замаас гараад нэг их хол туучаагүй л юм сан. Гэтэл хэд хэдээрээ ...

Хамарын хийд ба Ханбаянзүрх хайрхан хүртэл засмал замтай тул шивээнээс айж төдийлэн санаа зовоогүй ээ. Гэхдээ л хашраас болж алдахгүй тул засмалаас хамаагүй гарахгүй байж, хэрэв гарах болвол машин явсан зам мөрийг дагаж байлаа. Иймдээ ч тэрүү дугуй ер хагарсангүй шүү гээд хэлж амжаагүй байтал галт тэрэгний вокзал руу яг орж явах үед нэг шивээ ...

Тээшний байшин дотор дугуйгаа жинлүүлэх хооронд дугуйны хий юу ч үгүй гарч, ёстой шалчийна гэгч болжээ. Үүнийг тээшийн ажилтан залуу анаарч хэлсэн юм. Маньд бол дугуй хагарсангүй шүү гэсэн л сэтгэгдэл байн байсаар байлаа. Улаанбаатарт ирээд нөхөлтэй биш. Шууд тэндээ задлаад нөөц олгойгоо тавилаа даа. Гадраа шалгатал шинэхэн гэх шинж төгөлдөр шивээ нүднээ ил харагдана. Томоос том толгой нь шивж ороод удаагүйг илтгэнэ. Удсан бол үрэгдэж элэгдээд гаднаасаа анзаарагдахгүй болчихно л доо. Хайран нэг ч шивээ ороогүй байсан, цоо шинэ хос хоёр гадар хаймарны маань нэг гэж бодогдон дотор харлана. Ирэх хавраас tubeless болгох уу, чамайг? Tubeless болгосон хойноо Хашаатын говь руу аялна даа. (Үзмэрийн байршил заасан самбар дээр Хашаатын говь 10 км гэсэн бичээс байна.)

УБ-ын тээш

Галт тэрэгний вагоноос буугаад тээшний вагон руу явж очиход тээш олголт аль хэдийн эхэлжээ. Дугуйнуудыг маань дор нь буулгаад өгөв. Ашгүй өөрсдөө хүрч ирээд авах нь ээ гэж олзуурхсан уу гэмээр. УБ-ын тээшинд унадаг дугуй өгөхөөр авчирахад "Та нар тэмцээнд явах гэж байгаа юм уу? Өөр дугуй өглөө ачуулсан." гэж ирээд л авсан юм. Өөрөөр хэлбэл сүүлийн үед УБ-ын тээшийн ажилчдын зан харилцаа сайжраад байгаа юм. Хэдэн жилийн өмнө залхуураад байна уу, манийгаа даапаалаад байна уу гэмээр л байдаг байлаа шүү. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг манай зарим дугуйчид янз бүрийн зан гаргадаг юм шиг л байгаа юм. Уг нь аль аль талдаа, дор бүрдээ хичээцгээх хэрэгтэй юм сан.

Тэмдэглэлийн эхэнд буй зургаас үүдэлтэй үгс: Наашаа харсаны өмхий ч бай амыг нь долоо, Цаашаа харсаны оготор ч бай сүүлийг нь тайр

Зураг дарж өгсөн залуу хүү "Та хэд Сайншандын дугуйчид уу?" гэж ердийн хүмүүсээс арай өөрөөр асуусан юм. Энэ арай өөр өнгө аясыг даган бага сага яриа өрнөсөн л дөө. Ярианы завсарт мөнөөх хүү "Манай (аймгаа хэлэв)-ын дугуйн клуб намайг авдаггүй юм. Дан (шинж заасан үг) хүмүүс байдаг." гэнэ. Тэмцээн уралдаан гээд унадаг дугуйг эрчимтэй хөөж байгаад одоо завсарлаад байгаа юм байна гэж ойлгосон.

Асууж сонирхсон хүүд Улаанбаатар уулын дугуйн клуб гэсэн ганц л үг хариулж хэллээ. Хэрэв сонирхвол хайж олоод ирнэ. Харин тийшээ ийшээ ороорой, нэгдээрэй, бүртгүүлээрэй гэж шахамдуулсангүй. Энэ бол манай клубийг үүсгэн байгуулсан анхны админы (Фейсбүүк ба одооны веб сайтыг дагасан нэршил) бүр эхнээсээ л баримталсан зарчим энэ. Үнэхээр унадаг дугуйн ямар ямар клуб байна вэ гээд Google-ээр хайсан ч, сүүлийн үеийн Хиймэл Оюунаа-гаас асуусан ч манай клубийн мэдээллийг гаргаад л өгнө. Бүр ядаж л Facebook дээрээс хайхад ч манай пэйж гарч ирж л таараа. Эдгээрээс тухайлбал өнөөгийн байдлаар нэлээн сайн гэсэн үнэлгээтэй яваа Gemini хиймэл оюунаагаас асуухад манай клубийг зохион байгуулалт сайтай, өөрсдийн гэсэн бүртгэлийн системтэй, уулын бартаат замаар жийх сонирхолтой, өөрийгөө сорих дуртай хүмүүст тохиромжтой гэж тодорхойлж байна. Хиймэл оюунаагийн хариултад ерөнхийдөө клубүүдийг нээлттэй гэж тодорхойлсон ч начир дээрээ үгүй нь мөнөөх залуу хүүтэй уулзсан 5 хормоос ч цухалзана. Харин манай клуб бол олон нийтэд ил тод зарласан өөрийн гэсэн баримтлах зарчимтай бөгөөд энэ л зарчмынхаа зүгээс бүрэн нээлттэй бөгөөд чухам үүний хэрэгжүүлэлтийг "Наашаа харсаны өмхий ч бай амыг нь долоо, Цаашаа харсаны оготор ч бай сүүлийг нь тайр" гэдэг бага насандаа сонсож байсан үгээр илэрхийлмээр санагддаг юм.

Төгсгөл

Ийнхүү дүн өвлөөр налгар намар мэт жийсэн унадаг дугуйтай нэгэн аялал түүх болон үлдлээ.

Зураг 8. Говийн өндөр

Харин дараагийн удаад өвлийн жавар сөрсөн, бие бэлтгэлийг сорьсон жийлт ч зохиох юм билүү гэдгийг хэн мэдэх вэ. Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх Г.Махгал
Ш.Мөнгөнсүх
  • 10798 км
  • 96
  • 9
  • 3
  • 2
  • 4
Г.Махгал
  • 14994 км
  • 142
  • 10
  • 2
  • 3
  • 5
Зүгээр л жий!