Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Дугуйчны долоон даваа сорилго #9 - Дугуйчны долоон даваа 2025

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Дугуйчны долоон даваа сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/392
Аяллын төрөл
Дугуйчны долоон даваа сорилго
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
121 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2316 м
Өндөр алдалт
-2314 м
Их өгсөлт
25 %
Их уруудалт
-13.4 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2025 оны 9 сарын 27 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Толгойтын баруун салаа, Бумбат рашаан
Цуглах цэгийн солбицол
48.008528, 106.789583
48°0'30.7"N, 106°47'22.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Танилцуулга
Улаанбаатар уулын дугуйн клубийн 2018 онд анх зохион явуулсан уламжлалт түүхэн аялал. Энэ жил 9 дэх удаагаа зохиогдож байна. Уулын дугуйчны тэсвэр тэвчээр, ур чадварыг жинхэнэ утгаар нь шалгадаг энэхүү сорилгод таныг хүндэтгэлтэйгээр урьж байна.

"Дугуйчны долоон даваа" нь Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон онцлог арга хэмжээнүүдийн нэг бөгөөд уулын унадаг дугуйчдын тэсвэр тэвчээр, тухайн жилийн биеийн бэлтгэлжилт, уулын дугуй унах наад захын ур чадвар зэргийг уулын замын саад бартаагаар шалгадгаараа Монгол улсдаа цор ганц сорилго - аялал билээ.

Дугуйчны долоон даваа сорилго аялал нь тодорхой маршрутын дагуух замыг бие даан ганцаараа туулах чадвар эзэмших, туршлага хуримтлуулахад сэдэл болох үндсэн зорилготой. Сорилгод оролцогч нь аяллын замыг урьдаас сайтар судалж, эргэлтийн цэгүүдийг өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэн тогтоож авах хэрэгтэй. Түүнчлэн ой мод, уулын энгэр хяр, нуга, шавар, гол горхи, шороон болон хатуу хучилттай автозамыг хэрхэн туулах, хаана хэдийд өдрийн хоол цайгаа идэж уух болон амрах, унадаг дугуйны ямар эвдрэл гэмтлийг яаж засах, ослын үед авах анхан шатны арга хэмжээнд бэлдэх зэргийг анхаарах болдог.

Бүртгэл
Дугуйчны долоон даваа сорилго нь ямарваа төлбөр хураамжгүй бөгөөд клубийн гишүүд төдийгүй өөрийгөө сорихыг хүссэн унадаг дугуйчин бүр оролцоно. Сорилгод оролцогчид Улаанбаатар уулын дугуйн клубийн www.ubmbc.com веб сайтаар дамжуулан бүртгүүлсэн байна. Жич: Хэрэв та амжилттай бүртгүүлсэн бол энэхүү хуудас дээр таны бүртгүүлсэнийг илтгэх мэдээлэл харагдаж байх болно.

Сорилго давсан эсэхийг хэрхэн тогтоох
Эхлэх цагт, цуглах цэг дэх гараанаас гарч, маршрутын дагуух замаар 7 давааг дэс дараалан давж, барианы цэгт заасан цагаас өмнө хүрэлцэн очсоноор сорилгыг давна. Оролцогчид гараанаас гарахаас барианд орох хүртэл туулсан замаа Strava апп дээр record хийн бичиж хадгалсан байна. Бас давааны орой орчмын лэндмарк газарт унадаг дугуйтай сельфи зураг авсан эсвэл видео бичлэг хийсэн байна.

Сорилгын үргэлжлэх хугацаа нь 12 цаг байна. Өөрөөр хэлбэл та 07:00 цагт гараанаас гарч, заасан замыг 12 цагийн дотор туулж дуусган, 19:00 цаг гэхэд барианд орсон байна. Барианы цэг нь 47.935646, 106.682511 солбицол дээр буюу Тахилтын автобусны буудлын баруун талд байна.

Сорилго 07:00 цагт эхэлж, 12 цагийн хугацаанд үргэлжлэн, 19:00 цагт өндөрлөх бөгөөд энэ хугацаанд барианд орж чадаагүй эсвэл чадахааргүй болсон оролцогчид сорилгыг замын дундаас шууд дуусгана.

Гэрчилгээ
Сорилго давсаныг илтгэх цахим гэрчилгээ гарна.

Туулсан зайг хувийн хэрэгт тэмдэглэх болон урамшуулал олгох 
Улаанбаатар уулын дугуйн клуб нь аялалд оролцогчдын туулсан замын уртыг хувийн хэрэгт нь тусган тэмдэглэдэг уламжлалтай. Мөн барианд 8 цагийн дотор орвол туулсан зайн 10 хувь, 10 цагийн дотор орвол туулсан зайн 5 хувийн урамшуулалтай. Маршрутын уртыг Сүхбаатарын талбайгаас тооцсон.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Дугуйчны долоон даваа 2025 сорилгын 5 дахь даваа - Найрамдалын хойд даваа, 15:43

Нэн тэргүүнд Дугуйчны долоон даваа хэмээх сорилгын 9 удаагийн арга хэмжээнд амжилттай оролцоцгоон, 7 даваа давж чадсан бүх оролцогчиддоо халуун баяр хүргэе!

Ингээд олон үг нуршилгүйгээр сорилгод оролцогчдын сэтгэгдлийн гол агуулгыг тоймлон уншигч танд сонирхуулъя.

Н.Шижирбаатар

Сорилгын дараа Facebook-ээр дамжуулан "Шижир Шижирийн даваа давлаа. Баярлалаа." хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

С.Содбилэг

  1. Даваа бүр өөр өөрийн онцлогтой юм.
  2. Өгсүүрээс залхаж байтал уруудаад эхлэх юм, шороон замаас яг уйдаж эхэлтэл засмал гараад ирэх юм.

Ш.Мөнгөнсүх

Энэ жилийн аяллууд харьцангуй цөөн ч их гоё болцгоолоо шүү.

Г.Махгал

Зүүн-Ацын давааны араас анх удаа өгсөж жийн давж үзлээ. Замын хажуугаарх модод зориуд эгнүүлэн тарьсан мэт ургасан нь сонирхол татлаа.

Зураг 2. Шижирээ Шижирийн даваа дээр

Дугуйчны долоон даваа сорилго амжилттай давах эсэх нь унадаг дугуйчин хүний сэтгэл зүйгээс их шалтгаалдаг. Бас мэдээж биеийн бэлтгэл ч чухал ач холбогдолтой. Сорилго давсан гурав маань унадаг дугуй, триатлон болон дуатлоны тамирчид тул сэтгэл зүй болон биеийн бэлтгэл сайтайг нь онцлууштай. Иймдээ ч айвуу тайвуу, ёстой санаа зовох юмгүй явцгаасаар тус сорилгыг давсан билээ. Гэхдээ нэг маань фактлах шахсан нь жалганы цаагуур, уг нь ард бараа хараад л явж байсан нэг оролцогч маань Тахилтын хөндий рүү эргэлгүй, Шижирийн хөндий даган шувт уруудаж нэлээн яваад буцаж ирэхдээ хугацаа нэлээн алдсан явдал юм. Өөрөөр хэлбэл сорилгыг амжилттай давахын тулд газар орноо сайн нүдэлсэн эсвэл маршрут заах ямар нэг төхөөрөмж ашиглаж явмаар юм билээ шүү гэж захия.

Зураг 3. Нэргүй жим ба элдэв зурагнууд

Сорилгын үеэр дарсан зарим зургийг дээр нийтэллээ. Тэдгээрээс гадна буга урамдахыг сонссон, тоосруулан цацсан ус мэт нарийн ширхэгтэй түр зуурын нартай бороотой тохиосон зэргээс авсан мэдрэмжийг үгээр илэрхийлшгүй.

Ингээд клубийн үүсгэн байгуулагч Э.Отгонжаргалын анх санаачлан зохион байгуулсан Дугуйчны долоон даваа сорилгын 9 дэх удаагийн арга хэмжээнд амжилттай оролцсон унадаг дугуйчдад ахин баяр хүргээд, клубийн админы хэлдэг "Унадаг дугуйтай аяллын зам нь дардан байг" гэдэг сайхан ерөөлийг уламжлан дэвшүүлье.

Зүгээр л жий!

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
Н.Шижирбаатар С.Содбилэг Ш.Мөнгөнсүх Г.Махгал
1
Н.Шижирбаатар
1
С.Содбилэг
Зүгээр л жий!