Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #18 - ХЭНТИЙ АЙМГИЙН ХОЙД СУМДЫН НУТГААР БУЮУ ГАНЦААРЧИЛСАН АЯЛАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/382
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
589 км
Давааны тоо
9
Өндөр авалт
3962 м
Өндөр алдалт
-4265 м
Их өгсөлт
11.7 %
Их уруудалт
-13.3 %
Оролцогчдын тоо
1
Эхлэх цаг
2025 оны 9 сарын 11 Пүрэв гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баянзүрх авто вокзал
Цуглах цэгийн солбицол
47.913641, 106.977767
47°54'49.1"N, 106°58'40"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

АЯЛЛЫН ТООН ҮЗҮҮЛЭЛТ

Зураг 1. Өдөр бүрийн чиглэлээр хэмжсэн үзүүлэлт

Аяллын тэмдэглэл

9 сар 11 өдөр, Пүрэв гариг
Товлосон өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хот явах автобусанд сууж 10 цагт хотоос хөдөллөө. Жаргалтхаан сумын төв өнгөрөөд 17 км яваад Өмнөдэлгэр сумын төв хүрэх засмал замын уулзвар дээр бууж ачаа бараагаа янзлаад 15 цагт аялал эхлэв. Агаарын температур 22 градус, хойд зүгээс овоохон салхитай, тэнгэрт бөөн цагаан үүлтэй өдөр болов.

Их хар нуур, Бага хар нуурын дундуур зүүн аймгуудын төв засмал зам зурайна. Зүүн хойд зүг чиглэх засмал замаар Нартын хөндийн алсын өгсүүрт нэг цаг жийгээд түр зогсов. Эндхийн байгаль нь уулын хээрийн хэв шинжийг тодхон илтгэнэ. Өвс ургамал нам тачир, ил томоохон урсацгүй, нүцгэн нам уулс толгодын хөндийтэй. Зам нь гүвээ толгодын долгиорхог хотгор гүдгэртэй.

Зураг 1. Уулын хээрийн хэв шинжит нутгаар, амрах агшин

Мөрөн голыг гүүрээр гарч Хадан тогтоцтой сүр бараатай Дун уулын зүүн сугаар алсын өгсүүрт жийсээр Айрагын ухаа руу орж ирэх 37 дахь км-ын шон хүрэхэд алсад Өмнөдэлгэр сумын төв уулын энгэрт цайран харагдаж байв. Түр зуурын бороо зүсэн өнгөрөв.

Сумын төв орохоос 2 км орчим зайд сэргэлэн товцог дээр барьсан 3 гэр анхаарал татав. Тэнгэр ч бүрхээд, нар ч гудайгаад ийм цагаар таних хүнгүй сумын төв орсноос хөдөөний айл бараадан хаяанд нь бууя гэж шийдэв. Гэрийн эзэгтэй гэртээ урьж цай идээгээр дайлах агшинд намрын хүйтэн бороо ахин зүсэрлээ. Энэ өдөр 51 км зам тууллаа. Өгсөлт 164 м.

9 сар 12, Баасан гариг
Цэлмэг тэнгэрт наран гийж, зөөлөн салхитай сайхан өглөө боллоо. Гэрийн эздэд талархлаа илэрхийлж, тэднийг хотын өглөөний идээ цайгаар дайлаад 6.50 цагт аялал эхлэв. Айрагын энгэр суурингын урдуур өнгөрч шинээр тавьж буй засмал замын хажуугийн түр замаар жийж гүдэн давлаа.

Зураг 2. Өглөөний мэнд, Өмнөдэлгэр

Сонгосон зам маань эхний хэсэгтээ хэдэн толгодын орой дамжин уруудан өгсдөг. Толгод уруудан Баруун Бүрд голын урд эргийн засмал шиг шороон замаар жирийтэл жийлээ. Халууцах шинжтэй. Богино ханцуйтай футболка дээр үүргэвчээ үүрлээ. Зам сайхныг хэлэх үү гол маань ч хойшоо эргээд явчихав. Урдаас Зүүн Бүрдийн гол нь цутгаж тэрүүхэн хонхорт нуга үүсгэжээ. Ийм хурдан эргэлтийн цэг дээр хүрээд ирсэндээ итгэсэнгүй юм уу, анзааралгүй нэг мэдсэн уулын уужим ам өгсөж байв.
Зураг 3. Өдрийн хоол Шар талд тохиов

Хажууд Алтан уул хэмээх дагшин хайрхан жанжин малгай мэт содон харагдана. Хэдэн хар нохой давхиад ирлээ, араас нь мотоциклтой залуу шилбүүр барин довтолгон ирж ноходыг зад хөөлөө. Та гэрт орж цай уу гэж уриад, зам дээр дугуйгаа орхин мотоциклд сундалдан тэднийд очив. Та замаа өнгөрөөд явж байна гэж хэлэхүй газрын зургаа хартал тийм болж таарав. Хурх нутгийн Бат Эрдэнэ залуутай ингэж танилцаж билээ. Буцаж уруудан голоо даган жийсээр Шар талын зах руу орж үр тарианы бригадын тарианы агуулах холоос харагдана.

Зураг 4. Хурх голын гүүр. Удахгүй шинэ гүүртэй болох байх.

Зам нь сайхан юмаа. Юу юугүй л дараачийн эргэлтийн цэг рүү дөхсөөр. Тариан талбайн хооронд бууж 12.20 цагт үдийн хоолоо хийж идэв. Биндэр сумын Далайцэрэн залуу автомашинтай ирж зогсож ундаагаар дайлан, хамтдаа суун хоололоо. Болц нь гүйцэж буй улаан буудайн тариалангийн талбай дундуур дардан замаар жийсээр Энгэр булаг уулын зүүн үзүүрээр даваж Дунд Баяны голын баруун дэнжийн замд орлоо. Замын бүтээн байгуулалт ид өрнөж байв. Хуучнаар Хурхын САА буюу Гурванбаян баг гол, уулын цаана байдаг болохоор харагдахгүй байсан.
Зураг 5. Хурх багийн урд буй талын овоо

Гол руугаа шахсан замаа сонгож, баруун тийш даяалсан төв замыг орхисон нь алдаа боллоо. Миний сонгосон зам нь Хурхын гол дээр очих ч гүүргүй гэдгийг нутгийн залуу хэлж, баруун тийш ахин 2 км эдгэх шахсан замаар жийсээр төв замаа бараадан Хурхын голыг гүүрээр гарсан билээ.
Зураг 6. Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт орж ирлээ

Хурх багын төв хойд уулын энгэрт тодхон харагдана. Эндээс 10 орчим км нөгөө л сайхан дардан замаараа жийсээр Рашаан хадыг доод үзүүрээр нь тойрлоо.
Зураг 7. Замын заах тэмдэг байх нь хүн бүхэнд тун хэрэгтэй

Энд Биндэр нэртэй зэгстэй, усны шувуу цугласан сайхан жижиг нуур байдаг. Сүмбэрийн овоо, Өглөгчийн хэрэм дээр манай гишүүд очиж байсан тул дээш өгсөхийг түвдсэнгүй.

Зураг 8. Биндэр маягийн "салалт"

Өглөгчийн жижиг голыг бага шиг модон гүүрээр гарч шууд замаа хөөлөө. Биндэр сум 40 км гэсэн самбартай уулзвар өнгөрөөд Батширээтийн замд орлоо.

Зураг 9. Энэ бол гарам. Гүүр нэлээд дор буй гэсэн

Баян голыг харгиатай гармаар жийгээд гарчихав. Баян Өлзийтийн давааны замаар автомашинууд голчлон өгсөж байв.
Зураг 10. Сайхан хангай

Төлөвлөсөн замаар Баян голын хойд хөндийгөөр өгссөөр Ханхар хэмээх сайхан даваа даваж Дунд Номгон хөндий уруудан, Зүүн Номгон хөндийн зам нийлэх гүдэнгийн зүүн талд замаас 200 м орчим зайд отоглолоо. Энэ өдөр 108 км зам туулжээ. Өгсөлт 430 м.

9 сар 13, Бямба гариг
Шөнө майхан тогшин орох бороон чимээнд сэрчихлээ. Ер нь үргэлжлэн орох төлөвтэй. Усны бага нөөцтэй явсан тул оройн хоол цайгаа хийж идээд, бүх ачаагаа өглөө ачаалахад бэлдээд тавьчихсан байсан. Учир нь өглөө цай уулгүй, хөнжил гудас, майханаа буулгаж ачаалаад хөдлөнө гэж төлөвлөсөн.

Бороо зогссонгүй, шөнөжин шивэрлээ. Өглөө босож төлөвлөсөн ёсоор ачаалаад 7.40 цагт замдаа гарав. Дугуйны хучлаганы нугалаасанд хуримтлагдсан борооны цэвэр уснаас хоёр аяга уучихав. Энэ нутгийн хөрс борооны усанд халтиргаа гулгаа үүсгээд байдаггүй маш жижиг хэмхдэс чулуулаг элсэн бүтэцтэй юм билээ. Уулын бэлийн өгсүүр уруу замаар жийсээр, бороо зүүн хойд талаас шавшин орсоор.

Зураг 11. Барх голын гүүр дээр ирэв

Нутгийн айлууд нь замаас ойрхондоо 300 м орчим зайтай буудаг. Тэгээд ч ойртох төдийд шар алаг, хар нохойнууд сүрэглээд борлоод хүрээд ирнэ. Загнахад дайрахгүй ч явах зам амдан анах нь зэвүүн. Харин нэг зуны байшингаас нөмгөн дээлтэй эмэгтэй гарч ирэн нохойнуудаа дуудаж хорьсон тул тэдний гэрт очлоо. Аргагүй л монгол заншлаар дайлуулж халуун цай, зөөхий талх, хоол идээд замын сониноо ярилцав. Гэрийн эзнээс Биндэр сум явах хойд замын талаар асууж лавлав. Болно л гэж байна. Одоо манайхан хадландаа гарсан, таны явах замд ч байгаа гэнэ.

Зураг 12. Улиасан давааны наана ийм үзэмжтэй байгууламж байдаг

Ерөөлөөр үдүүлэн намираа бороон дунд уулын бэлийн хар модон ой дундуурх шалчигнасан замаар зогсолтгүй жийсээр Бархын голын төмөр бетон гүүр хүрэв. Ноднин ашиглалтад орсон гэнэ. Шиврээ бороо хувцас норгоно гэж, аажмаар хамаг хувцас хүндэрч байв.
Зураг 13. Давааны замын ацан шалаа

Ой мод бүхий хөндлөн нам уулыг Улиасан даваа гэж хоёр салсан тод замын баруун талын огцомоор нь өгсчихлөө. Даваагаа даваад шалчигнуулан уруудсаар буутал голын цаад эрэгт сумын төв "нүүрэн дээр" тулаад ирэв. Энэ сууринг Эг гэж нэрлэдэг.

Гүүр (уг нь модон гүүртэй) эндээс нэг л харагдахгүй, гүүр руу чиглэсэн зам нь усан "далай" болжээ. Эг гол ус ихтэй сайхан гол байлаа.

Зураг 14. Сумын төв хүрэх үндсэн гүүр. Энэ төмөр гүүрээр зорчдог гэнэ

Дахиад л голоо уруудан зүүн талын даваа уруудсан замтай нийлж 5 км яваад Эг голыг төмөр гүүрээр гарч, голоо өгсөн ахин 5 км жийж сумын төв дээр усан шолхоной болсон амьтан 11.30 цагын орчим ирлээ.

Зураг 15. Гүүрээр гарч өгсөхөд ийм мэдээлэх самбар буй

Намрын ийм хүйтэн бороонд осгох эрсдэл бий тул зочид буудалд энэ өдөр амрахаар шийдлээ. Энэ бороо орой 21 цагт зогсоно, маргааш нартай 15 градус дулаан өдөр болох гэнэ. Иймд маргааш Хамар давааны замаар Биндэр сумын зүг өглөө гарах урам зориг дүүрэн сууна. Бороо орсоор... Өнөөдөр отгоос хөдлөөд 28 км зам туулсан. Өгсөлт 190 м.

9 сар 14, Ням гариг
Зочид буудалд нойтон хувцсаа хатааж, бараг 12 цаг нам унтаад сэрлээ. Галалгаатай тул паар нь сайн халж байв. Цонхоор цэлмэг тэнгэр харагдаж наран гийсэн өглөө айсуй. Майхан саваа задалж гадаа наранд хатааж, дугуйндаа үйлчилгээ хийж тосолж цэвэрлэв.

Зураг 16. Сайхан өглөө

Өвсний чийг хатаагүй тул яаран хөдлөлгүй ачаа бараагаа тан ян болгов. Сумын хойд талын Тоонот толгой дээр гарав. Бүх зүйл алган дээр тавьсан мэт дурайтал харагдана. Дэлгүүрээс ундаа аваад 9.40 цагт хөдөллөө.
Зураг 17. Тоонот толгой

Голоо уруудан төмөр гүүрээр гарч, өгсөн жийсээр голын цаадах сумынхаа урд эргээд ирэхэд бараг 9 км зам туулав. Улиасан давааг зүүн талаар нь давлаа.
Зураг 18. Улиасан давааны зүүн талаар

Ханцуйтай дан футболкатай жийхээр дулаан өдөр тохиожээ. Барх голын гүүрээр гарч хэсэгхэн яваад төв замаас салан уулын энгэр дагасан хусан ойн гудман замаар оров. Бага зэргийн чулуутай байснаа удалгүй зам нь цагаан болов.
Зураг 19. Уулын энгэр, Барх гол хоёрын хоорондхи зам

Сумынхан хадландаа гарчээ. Сахлаг өвс бүхий өвөлжөөний нутгийн замаар бага зэргийн шавар устай нугаар жийсээр Шар горхийн ам руу орж ирэхэд хадлан хадаж буй хоёр хөгшинтэй таарав. Амтат талх, зөөхий, цайгаар дайлуулан замын сониноос хөөрөлдөөд хөдлөв.
Зураг 20. Хамар давааны өгсүүр зам

Хамрын давааны өгсүүр нь жийсээр байгаад яг давааны доод хормой хүрдэг. Тэндээс түрж өгссөөр 13 цагт даваан дээр гарав. Борооны усанд зам нь эвдрээд хэвгий болсон байв. Нутгийнхан өвөл энэ замаар явдаг гэнэ.
Зураг 21. Хамар даваан дээр, цаана Онон гол харагдана

Яг давахын өмнө хөндлөн зоо орж ирээд түүнийг ташиж явсаар давдаг. Уруу нь огцом талдаа, хомоолын чинээ чулуу ихтэй, хөрс нь сул байсан тул хэсэг түрсэн. Доошоогоо яг уулын хамар дагаад л урууддаг онцлогтой даваа.
Зураг 22. Уруудахад эхлээд ийм хусан ойн гудман замтай

Уг нь даваа нь уулын ам дагаж өгсөж урууддаг нь түгээмэл. Онон голын урд хөндийн замаар намрын наран дор жийсээр нарсан ой бүхий уулын хошууг даваж ахин том хөндий рүү орлоо. Нарсан ойн үнэр хамар нэвт цоргиж, гудамжлан мурилзсан зөөлөн замаар жийх юутай жаргалтай билээ. Замдаа Биндэрийн айлаар хальт орж цай уув. Зөгийн балаа янзалж, зөгийнүүд гэрт дотор нь орж гарч дүнгэнэлдэн ниснэ. Цохиж ширвэж уурлуулахгүй бол зүгээр гэнэ. Нээрээ л ялаа шиг бие дээр буухгүй тойроод л нисээд байсан.

Зураг 23. Яргуй хавцал дөхөж байна

Яргуй хавцлын өгсүүр замыг зассан байв. Хэсэг газар түрж гараад, дугуйгаа дор орхиод алхаж гараад үзлээ. Тун сайхан байгалийн бүтээл юмаа.
Зураг 24. Яргуй хавцал руу орох хэсэг

Доош уруудан элсэн хөтөл давтал Биндэр сум (Онон суурин) мэлтэс гээд гараад ирэв. Дэлгүүр орж ундаа аваад цаг 17.30 болсон тул хээр отоглохоор сумаас шууд хөдлөв.
Зураг 25. Отог
Сумын төвөөс 3 орчим км зайд Цагаан нуурын зүүн урд талын дэнж дээр наран жаргах цагаар отоглов. Энэ өдөр 53 км зам туулж, 611м өгсөлт хийжээ.

9 сар 15, Даваа гариг
Шөнө нам сайхан унтлаа. Өглөө эртлэн босож цай хоолоо идэж уугаад 8 цагт замдаа гарав.

Зураг 26. Биндэр сумын замын хөшөө

Хөтөл өгсөн хөшөөтэй гүдэнгээ давж уруудан Хурхын голын гүүрээр гарав. Хажууд нь замын чиглэл заасан самбар байв.
Зураг 27. Хурхын голын гүүр

Баян Адрага руу зүүн хойшоо чиглэсэн замаар явах учиртай ч би Өндөрхаан хот руу чиглэх зүүн зүгийн замыг сонгосон. Учир нь дараагийн гүвээ даваад уруудан Баян голыг гарах учиртай. Тэр голыг төв замын гарамаар гарахыг илүү найдвартай гэж үзсэн. Жижиг голууд саяны бороонд овоо устай болсон гэж нутгийн хүнээс сонссон юм. Санасан ёсоор хэд хэдэн гүвээ даваад Баян голоо нарийн хэсгээр нь дайруулаад гарчихлаа. Хойш чиглэсэн ёстой цагааны цагаан замаар голоо уруудан 20-22 км цагийн хурд барин жирийсээр Элст Давааны өвөрт тун ойрхон ирлээ. Энд нутгийн айлд зочиллоо. Гэрийн хүмүүс бүгд хадландаа гарч нэгэн бүсгүй мал хуйгаа хариуцан гэртээ үлджээ. Аян замын сонин хуучлан амттай хуушуураар дайлуулж, өдөр хоол хийж саатах зүйлгүй зорьсон газартаа хүрэх эрч хүч "бензин" - тэй болж авлаа. Давааны өгсүүрт жийсээр (Биндэр орох элстэй хөтлийг энэ даваатай андуурч бичсэн байна билээ, заснаа) махийсаар гарав.
Зураг 28. Элст даваа, Одоо 20 км

Онон голын өргөн үзэсгэлэнт хөндий нүднээ тусаж дараагийн даваа руу зурайх зам алсад харагдана. Хойноос борооны үүл ойртож байсан тул аль болох эрчимтэй жийхийг бодлоо. Хуурай үед замын элс саад болмоор санагдсан. Харин хур борооны ачаар элс дагтаршин харин ч хурдан яваарай гэх шиг дороос түлхэх мэт. Борооны зүүн талын үзүүр багахан дайраад даваан дээрээ гарлаа. Цуваа өмсөв. Үсрээд эхэллээ. Уруудаад бага шиг хөндий туулж явтал Арангатын гол ороод ирэв. Овоохон устай, хөрс нь элс шаварлаг тул гутал оймсоо тайлж байгаад туулаад гарав. Бороо зүсэрсээр. Дээрээ угталтын хаалгатай толгой руу өгсөлгүй доод бэл дагасан тод замыг нь сонгоод жийчихлээ. Энд амьдралдаа харж байгаагүй асар бүдүүн (хоёр хүн алдлаад гарын үзүүр нь хүрэхгүй) нарс мод хоёрын зэрэг ургажээ.
Зураг 29. Хоёр нарс

Мөчир нь нас бие гүйцсэн мод шиг бүдүүн байлаа.

Зураг 30. Мөчир нь бүдүүн бахим

Уужим гүвээ хөндийгөөр долгиолонхон жийсээр Баян Адрага сумын төв (Баян Дуурлиг нэртэй)-ийн захад ирлээ. Дуурлиг нарс хажууханд харагдана. Бороо ч зогсов. Нарс болгон нь хачин сонин хэлбэр хийцтэй ургажээ. Яг л хүний булчин мэт зангирсан мушгирсан алтан шаргал мөчир нь тун гоё. Нарсны ургалтын хэлбэрээс шалтгаалж дотроо Наран, Чавганц, Царайлаг, Сөхөө, Дэрвээ, Сэмжин, Бөмбөө, Сүнсэн гэх мэт нэр өгч явлаа. Зүгээр л энэ бол миний харсан өнцөг. Ийм нэртэй нарс огт байхгүй. Нарсан ойн дундуурхи замаар тааваараа жийлээ. Хүннү-гийн ихэс дээдсийн нэгэн булшинд археологийн том төсөл хэрэгжиж буй талбайг нь санамсаргүй олж очоод үзэв.
Зураг 31. Баян Адрага сумын захад
Дөрвөн захад элсэн хөрсөн том овоолго, үндсэн ухалт нь 4 шатлал бүхий бараг 12 орчим м гүнтэй байлаа. Нутгийнхан нь сайн мэдэж байсан. Одоо намар, өвөл болоод түр зогсдог. Хавраас хүрээд ирдэг гэж байсан.

Өөр тод замаар жийсээр нарсан ойгоос гарч сумын төв дээр ирлээ. Бас л замын ажил хийгдэж байв. Маш гоё дүнзэн байшинтай зочид буудалтай, кофе шоптой газар энэ суманд байдгийг мэдэж очиж кофе ууж саатаад, дэлгүүрээс ундаа аваад замаа хөөлөө. Үдээс өмнө идсэн хуушуур энэ хүртэл тэжээсээр л, юм идсэнгүй.

Өнөөдөр 13 градус дулаан, хойноос хүйтэн хүчтэй салхитай, бүрхэг өдөр тохиолоо. Сумаас зүүн хойд зүг барин хөтөл даваад уулын энгэр дагасан сунайсан замаар жийсээр Дундын даваа, Мухар даваа даваж уруудаад Онон голын өргөн татамын замд оров. Одоо харин ядарч байлаа. Бушуухан отоглож хоолоо хиймээр санагдав. Татамын шавар ус тойрч мурилзсан замаар зүдэргээтэй урагшилсаар Ононгийн гүүрээ гарлаа.

Зураг 32. Онон голын гүүрээ гарчихлаа.

Доош бууж рашаан мэт Онон голоос ус авч савандаа хийв. Дэнж рүү гарч айлуудаас зайдуу газар отоглолоо. Энэ өдөр 73 км зам туулжээ. Өгсөлт 625м.

9 сар 16, Мягмар гариг
Нартай үүлэрхэг, баруун хойноос салхитай өглөө боллоо. Онон голын гүүрний хойд дэнжээс ачаалаад 7.50 цагт хөдөллөө.

Зураг 33. Зүрх уул

Өндөр гэх нэртэй уулын баруун хойд сугаар өгсөн уруудаж, ахин нэг гүвээ даваад Зүрх уулын хойгуур өнгөрч Бэлчирийн голыг гарч уужим хөндий өгсөн даваад Онон багийн төв дээр ирэв. Хаалгыг нь оньсолсон модон оньсыг онгойлгон гурвалжин байшингийн үүдэнд салхи нөмөрлөн наранд ээн сууж амрав.
Зураг 34. Онон багийн төвд
Багийн төвийн ойролцоо нутгийн айл элбэг буужээ. Шавартай тойрмын доогуур гарч уулын бэлээ даган уруудсан зам сонгов. Төв зам бүр дээгүүр давсан харагдана. Бэлээ даган уруудсаар толгой ороон өгсөж төв замын доогуур арай намаар даваж гартал уужим том тариан талбай цэлийсэн хөндий рүү уруудав. Төв замтай нийлж Номтын булаг гарч тариан талбайгаа эмжин өгсөв.
Зураг 35. Номтын булаг
Нэлээн өндөр уулын баруун огцом хөтлөөр давлаа. Асгатын даваа гэдэг гэнэ.
Зураг 36. Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрлээ

Уулаа арлан жийсээр Тэнгэлэг голын хөндий рүү уруудав. Нутгийнхан хадландаа гарч их ажил ундарчээ. Хойд зүгт маш том цагаан хун шувуу буусан мэт өвөрмөц хийцтэй байгууламж алсад харагдсан нь сумын онгоцны буудал байлаа.
Зураг 37. Өлийн даваа өнгийхүйд Дадал сумын төв
Голын урд дэнжээр жийсээр Дадал сумын төв (Баян Овоо нэртэй)-ийн баруун талаас Өлийн даваа гэдэг нэртэй нам хөтөл давахад нарсан ойн хүрээлэл дунд сумын төв ярайн харагдав. Энд 13. 30 цагт орж ирлээ. Аялал эхэлснээс хойш энд ирж л өдрийн хоол авч идэв. Бас 10 бууз захиалж орой идэх хоолоо бэлдэв. Баян Овоо сууринд амьдрал буцалж байв. Та Дэлүүн болдог дээр оч, бас хойшоо өөр гоё газар бий гээд л хоолны газрын нутгийн бүсгүй зөвлөнө. Төв засмалаар жийсээр удалгүй салж Гурван нуур дээр ирэв.
Зураг 38. Гэрэлт хөшөө
Хуучны амралтын газрын хашаанаас айлууд үргэлжлэн сумын төвтэйгээ нийлсэн байв. Амралтын хашааны хаалгаар орж социализмын үед баригдсан алдарт хөшөөн дээр (буулгах даалгавар тэр үед төрөөс өгсөн ч буулгах хүн олдоогүй гэсэн) очлоо. Энд хэн ч алга, нам гүм. Тэнгэрт наран гийж, салхи энэ орчинд ууссан мэт алга.
Зураг 39. Дадал сумын замын хөшөө

Буцаж сумын төв хүрээд 15.45 цагт зүүн урагш чигтэй Колонкийн даваа гэдгээр давж Норовлин сум зорих замаа авлаа.
Зураг 40. Бас ийм 13 сүлд байсан

Маш том үзэмж төгөлдөр нуман хаалгатай юм билээ. Зам аажмаар зүүн урагш чиглэн салхи араас дэмнэнэ.
Зураг 41. Дадал сумын хаалга
Тариан болон хадлангийн талбайн хажуугаар өгсөж уруудан жийсээр Угалзуур гол гараад өгсөн Угалзуурын даваа даван хавчиг ам руу уруудаад Онон голын гүүр дээр ирэв. Гүүр нь Их Ёл уул, Бага Ёл уулын хооронд оршдог. Их гоё сүрлэг, байц хадтай хайрханууд байсан.
Зураг 42. Онон голын гүүр
Ийнхүү нэг өдөр нэг голын хоёр гүүрийг үздэг байжээ гэж. Гүүрээр гарч Онон голыг өгссөн замаар дондогнуулсаар голоос салж, бага шиг голын хөндий өгсөн 19 цаг хүртэл жийгээд отоглолоо.
Зураг 43. Их Ёлт уул
Эндээс Норовлин сумын төв 24 км зайтай. Энэ өдөр 89 км зам туулав. Дундаж хурд 12.2 км/цаг. Өгсөлт 1042м байв. Аргагүй дээ, алсын өгсүүр ихтэй зам, ёстой хоолны хүчээр л замаа туулсан даа.

9 сар 17, Лхагва гариг
Өглөө 6 цагт бослоо. Майхан дээр хяруу буусан байв. Өдөр өдрөөр шөнө хүйтэн болж буйн шинж. Цайгаа уучхаад хөдлөхүйд цэлмэг тэнгэрт наран ээнэ. Бас л дан футболктой жийлээ. Хэд хэдэн гүвээ даваж овоон дээр гарахад алсад засмал зам сумын төв харагдана.

Зураг 44. Явах зүг цэлийсэн хөндий угтана. Одоо уруудана

Хадланд гарсан залуустай уулзаж хөөрөлдөв. Цагаан замаар уруудсаар Улз голоо гарч Норовлин сумын төв (Улз нэртэй)-ийн баруун талаас нь 10 цагт орж ирлээ. Ийнхүү талын нэгэн сайхан сууринд ирж энэ удаагийн аялал маань дуусаж байна.
Зураг 45. Норовлин суманд 10.20 цагт ирэв
Нийт 431 км зам туулжээ. Аялал 7 өдөр 6 шөнө үргэлжлэв. Намрын нарлаг тэнгэрийн дор гайхалтай аялуулсан Хэнтий нутагтаа баярлалаа. Одоо 12.10 цагт Дорнодын Баян уул сумаас ирэх нийтийн тээврийн автобусанд сууж УБ хотыг зорино.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Э.Отгонжаргал
Э.Отгонжаргал
  • 30608 км
  • 269
  • 35
  • 13
  • 5
  • 3
Зүгээр л жий!