Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #17 - Хэнтий нутгаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/377
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
862 км
Давааны тоо
11
Өндөр авалт
5283 м
Өндөр алдалт
-5457 м
Их өгсөлт
10.5 %
Их уруудалт
-11.1 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2025 оны 7 сарын 24 Пүрэв гараг, 20:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллыг дараах хөтөлбөрийн дагуу зохион явуулна. Унадаг дугуйгаар аялах аялал 14 өдөр үргэлжлэхээс 2 өдөрт нь бүтэн амарна.

  • Өдөр 0. Аялал эхлэх цэгт хүрэх буюу Улаанбаатар - Багахангай
    Улаанбаатар хотоос 20:58 цагт хөдлөх УБ - Сайншанд чиглэлийн 286-р галт тэргэнд сууж Багахангай хүртэл аялна. Ачаа болон унадаг дугуйгаа тээшний вагонд ачуулна. Багахангайд 23:47 цагт галт тэрэгнээс бууна. Нийтийн вагоны тасалбар авбал зохимжтой.
  • Өдөр 1. Багахангай - Багануур
    100 км
    Багахангайгаас өглөө эртлэн хөдөлж Багануураар дайран Хэрлэн гол хүрнэ. Хэрлэн голын эрэгт хоноглоно. Энэ өдөр 100 км туулахаас 30 шахуу км нь засмал зам байна.
  • Өдөр 2. Багануур хот - Хар зүрхний Хөх нуур
    70 км, 1+1 даваатай
    Багануур хотоос 10 гаруй км зайд байх Хэрлэн голын гүүрээс цааш засмал замаар жийнэ. Энэ өдөр 70 км зам туулахаас 45 км орчим нь засмал зам байна.
    Засмал замаар 35 шахуу км яваад зам дагуух гуанзны хажуугаар шороон зам руу орно.
  • Өдөр 3. Хар зүрхний Хөх нуур - Балданбэрээвэн хийд
    55 км, 2 даваатай
  • Өдөр 4. Балданбэрээвэн хийд - Рашаан хад
    75 км, Хийд орчимд хөтөл давсаны дараах зам алсын уруу
    Хийдээс хөдлөхдөө замдаа зарцуулах ундны усаа нөөцөлнө.
  • Өдөр 5. Рашаан хад - Өглөгчийн хэрэм - Биндэр сум
    60 орчим км, Биндэр сум хүрэхийн өмнөхөн 2 даваатай
    Ундны усаа нөөцөлж явах шаардлагатай.
  • Өдөр 6. Биндэр сум - Баян-Адарга сум
    50+20 км, 1+1 даваатай
    Баян-Адарга сумыг зорихоос өмнө Яргуйн хавцал үзнэ. Баян-Адарга явах замын эсрэг чигт арваад км зайтай буюу 20 орчим км нэмж жийнэ.
  • Өдөр 7. Дуурлигийн нарс, Онон гол буюу амралт
    Ойн сүүдэрт, Онон голын эрэгт амарч өнжинө.
  • Өдөр 8. Баян-Адарга сум - Гурванбаян тосгон
    75 км, 1 даваатай
    Ундны усаа нөөцөлж явах шаардлагатай.
  • Өдөр 9. Гурванбаян тосгон - Өмнөдэлгэр сум ба Жаргалтхаан сум хооронд
    75 км, 1 даваатай
    Ундны усаа нөөцөлж явах шаардлагатай.
    Гурванбаян тосгоноос 50 орчим км зайтай Өмнөдэлгэр сумын төвийг дайран ахин 25 орчим км зам туулаад Өмнөдэлгэр сум ба Жаргалтхаан сумдын хооронд хоноглоно.
  • Өдөр 10. Өмнөдэлгэр сум ба Жаргалтхаан сум хооронд - Дэлгэрхаан сум буюу Аварга тосон рашаан
    70 км
    Жаргалтхаан сумын төвөөр дайран Дэлгэрхаан сум буюу Аварга тосон рашаанд хүрнэ.
  • Өдөр 11. Аварга нуур, Аураг ордын туурь буюу амралт
    Рашаанд орох, түүхийн дурсгал үзэх
  • Өдөр 12. Аварга тосон - Баянмөнх сум
    60 км, алсын уруу
    Аварга тосонгоос хөдөлж алсын уруу замаар явсаар Хэрлэн голд хүрнэ. Голыг гүүрээр гарч голын эрэгт байх Баянмөнх сумын төвөөр дайрч гарна. Голын эрэгт хоноглоно.
  • Өдөр 13. Баянмөнх сум - Дархан сум - Хэнтий Дорноговь Говьсүмбэр аймгуудын хилийн уулзвар
    80 км, алсын өгсүүр
    Ундны усаа хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцөлж явах шаардлагатай.
    50 гаруй км өгсөж хөтөл давсаны дараа тухайн газар орны хамгийн нам дор цэг буюу гурван аймгийн газар нутгийн уулзварт хоноглоно.
  • Өдөр 14. Хэнтий Дорноговь Говьсүмбэр аймгуудын хилийн уулзвар - Чойр
    50 км, алсын уруу
    Огцом өгсөж өндөрхөн дөрөлж давсаны дараа уруудсаар Чойр орно.
  • Өдөр 0. Чойр - УБ
    Шөнийн 01:25 цагт Чойроос хөдлөх Сайншанд - УБ чиглэлийн 285-р галт тэргэнд сууна. УБ-т өглөөний 07:05 цагт бууна. Унтлагын вагоны тасалбар урьдчилан захиалж авбал зохимжтой.

Санамж: Хэнтийн өмнөд хэсэг болон Говьсүмбэр аймгийн замд дугуй хагарах эрсдэл маш өндөр, бодож байгаагаас чинь ч бүр илүү өндөр тул нөөц олгой, нөхөөс, цавуу, насос зэргийг сайтар бэлдэн авч явах хэрэгтэй. Одоо буй цавуу, нөхөөс дээрээ шинэ цавуу, нэлээн олон нөхөөс нэмж авах бас дахин нэг илүү насос авч явбал найдвартай болно. Яг хэрэгтэй үед цавуу хатчихсан байх, насос эвдрэх явдал тохиолддог шүү. Эрсдлийн эсрэг арга хэмжээ болгон жийлтийн эцсийн өдөр Чойр ортол ердөө 50 км жийхээр төлөвлөсөн ч элсэрхэг зам, шивээ (дугуй хагалах) зэргээс болж тээш улмаар галт тэрэгний цагийн хуваариас ч хоцрохыг үгүйсгэх аргагүй юм.

Жич: Аялалд хэсэгчилсэн байдлаар оролцож болно. Энд 1) Багахангайгаас Багануур ортол жийх, 1 өдөр, 100 км, аяллын оролцоог хувийн хэрэгт нь маршрутын 10 хувиар тооцох 2) Багануураас нийлээд Жаргалтхаан сум хүрч аяллаас гарах, 9 өдөр, 1 өдрийн амралттай, 500 км, 60 хувь 3) Жаргалтхаан сумаас аялалд нэгдээд маршрутыг дуустал жийх, 5 өдөр, 1 өдрийн амралттай, 260 км, 30 хувь гэсэн гурван хувилбар байна.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Багахангай хотоос гарч Багахангай - Багануур чиглэлийн төмөр замын Булагтай зогсоол (38 км) улмаар Архуст сум (50 км) хүрнэ. Нэмж 50 км явахад Багануур хотод очно.

Багануур хотоос гарч маршрутын дагуу 80 км явж Хар зүрхний Хөх нуур хүрнэ. Уг замын хагас засмал зам байна. Нуурт хүрэх үед даваа давахын чинээ өгсөнө.

Хар зүрхний Хөх нуураас 55 орчим км явж Балдан бэрээвэн хийд хүрнэ. Замдаа хоёр даваа давна. Эхний даваа давуут буюу 40 км явахад Хангал нуур зам дагуу таарна.

Хийдээс цааш 75 орчим км зам туулж Рашаан хад хүрнэ. Хийд орчимд хөтөл давсаны дараа алсын уруу, Биндэр сумыг чиглэсэн замаар явна.

Рашаан хаднаас арваад км явж Өглөгчийн хэрэм хүрнэ. Жич: Маршрутын энэ хэсгийг интернэтээр хайхад олдсон цахим эх сурвалжид үндэслэн зохиосон. Улмаар буцаж Биндэр сум хүрэх замд эргэн орно. Залгуулан 40 шахуу км явж Биндэр сум орно. Уулын хөндийгөөр гол дагах боловч гол ба уулын шахаа тойрсон замаар хоёр удаа даваа давна.

Биндэр сумын төвөөс арваад км явж Яргуйн хавцал хүрнэ. Даваа давахын чинээ өгсөнө. Явсан замаараа буцаж сумын төвд эргэн очно. Улмаар Биндэр сумын төвөөс 50 орчим км явж Баян-Адарга сумын төв улмаар Дуурлиг нарсны Хүннүгийн булш хүрнэ. Хурхын голыг модон гүүрээр гарна.

Баян-Адарга сумаас 75 орчим км, алсын өгсүүр замаар явж Гурванбаян тосгон хүрнэ. Зам зуурт даваа давна.

Гурванбаян тосгоноос даваа бүхий 50 км замаар явж Өмнөдэлгэр сумын төв хүрнэ.

Жич: Өмнөдэлгэр сумын төвөөс шинээр баригдаж буй (эсвэл баригдсан байх) засмал замаар явж Өндөрхаан - Багануур чиглэлийн төв замд Мөрөн ба Жаргалтхаан сумын төвүүдийн дунд байх (47.456991, 109.675671) орчим солбицолтой цэгт нийлж болно. Гэхдээ энэ нь тойруу зам болно. Мөн Жаргалтхаан хүртэл явахад ч өгсүүр уруу их байна.

Өмнөдэлгэр сумын төвөөс Жаргалтхаан сумын төвийг (50 гаруй км) дайран Дэлгэрхаан сумын төвд (40 гаруй км) хүрнэ. Аварга тосон рашаан орох болон Аураг ордын туурь зэргийг үзэхийн тулд арваад км зам нэмж туулна. Цааш маршрутын дагуу 50 гаруй км явахад Хэрлэн гол улмаар Баянмөнх сумын төвд очно.

Баянмөнх сумаас 40 км явахад Дархан сумын төвд хүрнэ. Үүнээс цааш 90 км явахад Чойр орж аяллын маршрут дуусна. Мөн замын энэ хэсэгт Дархан сумаас 36 дахь км-т Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр гурван аймгийн хилийн уулзварыг яг дэргэдүүр дайран өнгөрнө.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын багийнхан Монголын нууц товчооны 750 жилийн ойн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний өмнө, VIII/3 13:38

7 сарын 24

Зураг 2. Унадаг дугуйгаа галт тэрэгний тээшинд өглөө, 12:40 цаг

Галт тэрэгний тээшинд унадаг дугуйгаа үд дунд өгөөд, орой болоход УБ Сайншанд чиглэлийн галт тэргэнд сууцгаалаа.

Манай баг гурван хүнтэй. Нэг нь мэдээж би буюу УТА Г.Махгал. Нөгөө нь УТГ Ш.Мөнгөнсүх. Өмнө Хэнтий нутгаар автомашинтай хоёронтоо аялахдаа үзэж чадаагүй зарим газраа үзэх зорилго өвөртөлсөн. Гурав дахь нь УТГ С.Мөнхбат. Клубийг үүсгэн байгуулагч, анхны ягаан тэмдэгтэн ЯТА Э.Ожгын дараа удаах ягаан тэмдэгтэн болох эрхэм зорилго өмнөө тавьсан. Ягаан тэмдгийн болзол 20155 км-т энэхүү аяллын 862 км нь далайд дусал нэмэр гэгч лугаа ахиц болох биз ээ.

Ийнхүү аялал эхэллээ. Дараах зурагт веб дээр зарласан аяллын зар, маршрут, хөтөлбөр зэргийг хэвлэснийг харууллаа. Веб хөтөч дээр хэвлэх тушаал өгөхөд л шууд хэвлэхэд бэлэн болоод гараад ирдэг юм л даа. Энэ бол хэрэглэгч нь өөрөө хөгжүүлсэн системийн давуу тал. Үүнийг аяллын үед гар дор байлгахын тулд паск цүнх дотор багтахаар нугалж бас ус чийг болон үнгэгдэхээс сэргийлж пластик уутанд хийсэн. Зургийг нь аялал өндөрлөсний дараа авсан нь энэ.

Зураг 3. Пластик ууттай, хэвлэмэл аяллын хөтөлбөр

7 сарын 25

Өчигдөр орой бороо орсон тул газар өлөн чийгтэй, тэнгэр цэв цэлмэг. Сэрүүхэн өглөө болов. Жийж байж дулаацав. Өнөөдөржингөө хойноос салхилсан ч шороон замаар явахад төдийлэн хүндрэл учруулсангүй. Харин ч сэрүүцүүлэх нь нэн таатай. Агаарын хэм ч ёстой тохирсон. Багахангай өртөөнөөс 08:03 цагт хөдөлж Багахангай - Багануур чиглэлийн төмөр замын барааг харж нэг, "алдаж" нэг жийсээр Булагтай точкад 11:35 цагт хүрэлцэн очив.

Зураг 4. Булагтай точка, VII/25 11:38

Точкын арын цэцэрлэгийн сүүдрэвчинд үдийн хоолоо хийж идлээ. Гээд хөдлөхөд цаг 12:40 болж байв. Үлдсэн шороон замаар жийсээр Багануур дүүрэгт 17:00 цагт орж ирэв. Дэлгүүр гэх мэтчилэн холхисоор дүүргээс 19:10 цагт гарч, Хэрлэн голын гүүрээр гаруут отоглолоо.

Зураг 5. Хэрлэн голын эрэгт

7 сарын 26

Тогтуухан байснаа гэнэт сэвэлзэн салхилсан өглөө боллоо. Майханд хоносон өдрүүдийн хамгийн эхний өглөө тул бүх юм шинэлэг мэдрэмж төрүүлнэ. Майхан дээрх шүүдэр ба доторх цанг арчин майхнаа түргэн хатаах, цай хоолоо хийж идэх, гудас мишок майхнаа хураах, ачаагаа богцдоо эмхэлж хийх зэрэг нь яваандаа гольдролдоо орно. Ингээд 09:30 цагт хөдөллөө.

Өнөөдрийн замын эхний хагас нь засмал юм. Засмал гээд хөнгөн хялбар байх нь ховор. Замын нэлээд хэсэг нь айхтар эвдэрчээ. Дэржигнүүрэн засмал зам гэвэл яг тохирно. Энэ замаас бушуухан л гарахын түүс болов. Засмал замаар жийхэд хөнгөн хялбар мэт боловч донсолгоо нь маш хатуу байдаг тул хэцүү хэцүү. Шороон зам донсолгоотой мэт боловч тэр нь дал мөр "массажлан" бие чилээдэггүй нь нэн сайхан. Багануур - Өндөрхаан чиглэлийн засмал зам дагуу байх Мөнхмандал зоогийн газар бол өнөөдрийн аяллын маршрутын эргэлтийн цэг билээ.

Зураг 6. Хөх нуурыг зорих замын уулзвар дахь Мөнхмандал зоогийн газар, VII/26 12:40

Зоогийн газрын үүднээ 11:35 цагт ирлээ. Дэлгүүрээс нь ус, ундаа тэргүүтэн худалдан авч байх үед зоогийн газрын үүдийг дотроос хагас онгойлгоод хүн гаралгүй буцаан хаах нь "Манайх онгорхой байна шүү" гэх мэт. Гурвуулаа орцгоон уургаар баялаг хоол захиалан авч идлээ. Бид махаа шуузалсан тул ийн "нойтон мах"-тай хоол идэх далим гаруут идэж явбал зүйтэй. Биднийг тухтай сууцгаан хооллоцгоож байх зуур гадаа түр зуурын бороо ороод өнгөрлөө. Цаг агаарын мэдээ дээр өнөөдөр бороотой гэж байсан юм. Гэхдээ их бороо нь болоогүй. Мөн энэ зуурт бид утсаа сайтар цэнэглэж амжлаа. GPS дэмждэг газрын зургийн апп ашиглан зам маршрутаа харах болон зураг авах, бичлэг хийх зэрэгт цэнэг гарцаагүй хэрэгтэй. Бид үүнийгээ эвтэйхэн зохицуулаад явсан тул утасны цэнэгийн хувьд ёстой санаа зовох явдал гараагүй дээ.

Шороон зам руу ороод төд удалгүй таарсан жижиг голыг "их ажил болон" байж гарсан нь төд удалгүй буруу боллоо. Зохиосон маршрутаас гарч зүүнтээ хазайсныг анзаарав. Энэ аяллын хувьд GPS ба газрын зургийг жинхэнээсээ ашиглаж буй нь энэ л дээ. Ингээд газрын зургийг бүр бага масштабаар нарийвчлан харах сануулга аваад маршрутдаа эргэн нийлэхээр явлаа. Маршрутаас хазайсан тул машин бага явдаг хөндий рүү орчихов. Манай багийн хоёр гишүүн шавар усыг дайраад л гарна гэв. Би вээр газрын хуурайг даган явж байтал машрут руу шууд хүргэх зам гараад ирэв. Хөндий дундуур чамгүй их зам туулчихсан нөгөө хоёроо дуудалтай биш гээд тэр замыг орхиод огт замгүй ч хуурай газраар жийлээ. Усархаг хөндий гэсэндээ шумуул нь барьж идэх нь ээ. Шумуул гэснээс энэ жил "хэцүү нэрт" тун ховор байна шүү. Хүмүүсийн яриагаар болвол бид бүр Хэрлэн голын гүүрийн тэнд л аль хэдийн шумууланд бариулах байв.

Зөв зам руу хатган явах зуурт дайран өнгөрсөн мөнөөх хөндий давчуу бөгөөд шумуул харьцангуй их бужигнах тул энд айл буугаагүй бололтой. Харин үүний яг өмнө, дундуур нь нэвт шувт жийж гарсан хөндийд нэг айл байсанд бидний явж байсан зам гарцаагүй хөтөлсөөр тэдний гадаа хүргэсэн юм. Нэгэн бүсгүй биднийг угтаж, нохойгоо хорьлоо. Цэнхэрмандал сумын суугуул айл байна. Гэрт ороход ёстой цэмбэгэр нь өөрийн мэдэлгүй анхаарал татна. Цоо шинэ гэмээр тавилгатай бөгөөд саруулхан гэрийн цэвэрхэнийг яана. Сум саяхан 100 жилээ тэмдэглэсэн гэнэ. Гэх мэтчилэн ойр зуур яриа өрнүүллээ. Мөн хөдөөний монгол эзэгтэйн зочломтгой заншлаар биднийг дайллаа.

Өнөөдөр бямба гараг байжээ. Иймээс УБ хоттой харьцангуй ойрхон бас шороон замаар багахан яваад хүрчихдэг гэдэгтээ ч юм уу, угаас зуны аялал зугаалгын улирал болохоор ч тэр үү гэх янз үзүүлэн том жижиг, өндөр нам янз бүрийн машин тоос босгон зэрэгцэн давхилдана. Хөх нуур руу л зүглэцгээсэн гэдэг нь нуур руу дөхөх тутам тодорхой болсоор бүр нуурын дэргэд очиход бат болов. Амралтын газрын гадуур машин пиг. Харин бидний аяллын дараагийн өдрүүдэд тааралдах машин цөөрөн цөөрсөөр хамгийн цөөн үедээ өдөржин харуулдан байж тоолоход нэг гарын таван хуруу хангалттай болсон доо. Шороон замаар, нэн ялангуяа бартаа саад ихтэй замаар аялахын давуу тал нь энэ буюу. Харин нуур хүрэх зам бараг хув хуурай байлаа. Иймээс л тэр олон машин ингэтлээ цувцгаасан биз ээ.

Оройдоо бороотой байсан тул нуурын наахна, хөтөл давах замаас холгүй нэг амралтын газар дахь гэрт буулаа. Нуураас зайтай тул үнэ нь татуу юм. Үргэлжлүүлэн хөөх маршрут дөтлөх ашигтай аж. Ингээд гэрт ачааны цүнхнүүд буюу богцнуудаа үлдээгээд харин борооны цув, хүрэм, өмд зэргээ аваад Хөх нуур руу ачаагүй дугуйтай жийлээ.

Зураг 7. Хар зүрхний Хөх нуурын эрэгт, VII/26 19:30

Нуурын наадах хөтөл даван нуурын хамгаалалтын бүс рүү орох үүднээ самбар байрлуулжээ. Самбарт "Машин тэдэн төгрөг, автобус тэдэн төгрөг, майхан тэдэн төгрөг" гэх мэтчилэн тоочиж жирийтэл бичжээ. Бидний ирэхтэй зэрэгцэн байгаль хамгаалагч - сахиул бололтой хар хүн гарч ирээд "За машинтай биш юм байна. Майхантай биш юм байна. Хонох ч үгүй юм биз дээ." гэсээр биднийг оруулав. Бид самбар дээрх өчнөөн олон категорын альд ч хамаарахгүй байна гэдгийг тухайн үед би анзааран уншиж байлаа.

Нуурын усны шувууд хүний бараанаар үргэж зугтдаггүй болжээ. Хүмүүс ус руу хоол хаялахад загас бужигнана. Бужигнасан загас руу усны шувууд хушуурна. Ингэж тэгсээр чамлахааргүй хугацаа өнгөрч цаг агаарын прогноз дээрх бороо биеллээ олов. Цувтай нь цуваа, хүрэм өмдтэй нь түүнийгээ өмсөн бороо намдтал, нуурын эргээс холгүйхэн зогсоцгоон дэл сул яриа өрнүүллээ. Яриандаа ч халсан уу аль эсвэл бороо удаан үргэлжилсэнгүй юу гэмээр болж төд удалгүй бороо зогсон тэнгэрт давхар солонго татлаа.

7 сарын 27

Зураг 8. Хөх нуураас хөдлөхийн өмнө, VII/27 10:20

Хөх нуураас 09:40 цагт хөдлөв. Гэрт хонох нь хэдийгээр майхан хатааж, эвхэн хураах зэрэг нэмэлт ажил удахгүй ч бас л өөр нэг үйл болох тул цаг хугацааны хэмнэлт гарсангүй ээ.

Зам нэлээн шавар устай аж. Бас шумуул нэлээн ээрлээ. Аяллын маршрутын дагуух замын хамгийн хүнд хэсэг нь энэ л байх. Бас хэд хэдэн удаа голоор гарсан юм байна. Гол ба уул нэг нэгдээ ойртож шахсан давчуу хөндий дэх ямар ч салаа хувилбаргүй бөгөөд ус нэлдээ тогтож, унадаг дугуйгаа түрж гарахаас өөр аргагүй болсон нь өнгөрөгч зуны Естийн халуун рашаан зорьсон унадаг дугуйтай олон хоногийн аяллын замыг санагдуулна. Саяхны аялал болохоор дурсамж нь тодхон байгаа бололтой. Хаа очиж ийм адармаатай зам хэсэгхэн л үргэлжлэв. Нэлээн үргэлжилж овоо цаг хумсална вий гээд цаг хугацаа хэмнэхийн тулд зураг авч, бичлэг хийгээгүй явжээ. Гэтэл ийм адармаат зам гэнэтхэн л дуусчихав. Харин улаан зам дээр багахан шавартсан, саяхан гээсэн гэмээр цув л хэвтэнэ. Мөнгөнсүх гишүүн "Мөнхбатын цув байна" гэв.

Зам дээр гээсэн цув гэснээс ачаалаад хөдлөхдөө отоглосон газраа, хөдлөөд хэсэг явсаны дараа ачаагаа нэг харж шалгачихад ер илүүддэггүй. Мөн ачаа цүнхний цахилгаан, цоож, бэхэлгээ, татлага, даруулга зэргийг яаралгүй ном ёсоор хийж гүйцэтгэвэл ачаа гээх, салж унах зэрэг асуудал дагуулдаггүй шүү.

Ийнхүү чамлахааргүй саад бартаатай замаар жийсээр Хангал нуурт 15:30 цагт хүрлээ. Нуурын алсын үзэмжийг харж мэлмий юугаа баясгасан шигээ үдийн хоолоо хийж идэцгээлээ. Нуур хүрэхийн өмнө цэнгэг устай голоор гаруутаа үдлэх үү гэтэл сүүдэрлэх мод ч үгүй, сэрүүцүүлэх салхи ч үгүй байлаа. Бүгд санал нэгтэйгээр даваа дээр гараад үдийн хоолоо идэцгээхээр боллоо. Тэгээд голоос цэвэр ус нөөцлөн авцгаачихаад давааны орой өөд жийцгээлээ.

Хангал нуурын наана цаана даваа давах нь л энэ өдрийн маршрутын хамгийн хялбар хэсэг нь байсан даа. Хийд орших хөндий рүү даваа даван ортол бас л шавар ус таарлаа. Шавартай газарт хайрга шороо асгасан зарим хэсгээрээ нэмэргүй болжээ. Ингээд сүүлийн удаа шаварт ёстой сайн зоогдоод гарлаа. Одоо голоор хоёр удаа гарна. Эхний гол хоёр голын нийлбэр бол нөгөөх нь цутгал гол юм. Хоёр дахь гол гарах зам хоёр хувилбартай байсан ба бид өнөөдөр дөт замаар харьцангуй эвэрсэн шавар дундуур хойноос ирсэн хоёр жийп машинаас урьтан дайрч гараад улмаар голын гармаар ч эрчээрээ жийгээд л гарцгаалаа. Энэ хоёр машинтай ахин таарахаа тэр үед  мэдээгүй байсан бөгөөд бидний ийнхүү яваа нь тэдний анхаарлаа овоо татаж нүдлэгдсэн бололтой.

Хийднээ 19:15 хүрч очив. Хийдийн дотор гадна орчныг 30 гаруй минут үзэж сонирхлоо. Мөн тэнд монгол солонгос хамтарсан кино зургийн багийн зураг авалттай таарлаа. Хаа сайгүй л чишш гэсэн хүмүүс... Арай гэж сиймхий гарган хийдийг үзэж сонирхож амжлаа.

Зураг 9. Балдан бэрээвэн хийдийн гол дуганы өмнө, VII/27 19:15

Одоо нэгэнт орой болсон тул хоноглох газар хайж эхэллээ. Ирсэн замаараа буцлаа гэхэд майхан барих аятайхан газар үгүй байсан тул хийд рүү ирэх нөгөө альтернатив тойруу замаар явав. Ингээд голын гарамд тулж очоод байтал Приус машинтай хоёр хүн зогсоод хоноглох аятайхан газар холгүй байгааг хэлж зааж өглөө. Ингээд Балдан бэрээвэн хийдийн зүүн хойно, голын эрэгт наран жаргахтай уралдан отоглолоо.

7 сарын 28

Шөнөдөө манан буужээ. Гэхдээ нар мандангуут манан яах ийхийн зуурт арилав. Өнөөдөр 08:40 цагт хөдлөв. Голын гармаар жийгээд л гарлаа. Хийдийн зүүн хойноос ирэх зам үнэхээр цагаан ажээ.

Даваатай замыг тойрч багахан хөтөлтэй замаар өгсөн хийдийн хөндийг орхив. Энэ замыг хийд рүү татсан цахилгааны шугам чиглүүлнэ. Энэ хэсэгт бид анх төлөвлөсөн, даваа бүхий маршрутын хэсгийг өөрчилсөн нь энэ. Тэр зам дөт боловч шавар ус ихтэй гэсэн.

Шил даран үргэлжилсэн олон гүдэн давсаны эцэст өнөөдрийн замын гол хэсэг болох алсын уруу, голын хөндий рүү оров. Хэсэг явтал буган хөшөө дайралдав.

Зураг 10. Буган чулуун хөшөө, VII/28 10:30

Буган хөшөөнөөс цааш хэсэг явахад эгц өмнө дүнхийсэн уул тулаад ирэв. Гол баруунаар нь зам зүүнээр нь. Замаа л дагав. Уул тойроод эргэн харвал гол мөнөөх уулын шахаа нүднээ тусав. Бас чамгүй том хадан цохиотой юм.

Ерөнхийдөө энэ хавь уулаар хашигдан голын хөндий ихэд нарийсчээ. Иймээс салаа зам үгүй тул замын ховил гүн гэж жигтэйхэн. Дугуйнаасаа бууж түрж гарахаас өөр арга үгүй. Хэр олон бууж түрэх бол гэтэл харин ч гайгүй байлаа. Сайн хэрэг. Хэрэв ийм хавчиг зам урт үргэлжилбэл хурд унаж өнөөдрийн туулах зам гавихгүйд хүрнэ.

Цааш саадгүй сайхан уруудаад ойн нөхөрлөл гэсэн самбарын дэргэд 11:45 цагт хэсэг амарч, цайлав. Хажууд гол дээгүүр тавьсан жижиг гүүр харагдана. Эндээс голын хөндий мэдэгдэхүйц өргөсөв.

Хөдлөөд удаагүй байтал биднийг өргөн хөндийн ширүүн салхи угтан авлаа. Сэрүүцүүлэх биш хурд унагах, булчин шалгахуйц салхи өчүүхэн ч үл намдан үргэлжлэн шуурсан нь өдөржингөө үргэлжилсэн дээ. Ганц аятайхан нь зам л юм. Шавар усгүй замд хоёр гурван голын гарам л таарав. Эхний гармаар гарахад замын талаас илүү нь өнгөрч бас цаг 13:30 өнгөрч байсан тул үдийн хоолоо идэцгээв. Голын эрэгт сүүдэрлэх юу ч үгүй боловч өнөөх салхи биднийг халууцуулсан. Салхины хэргийг ингэж л гаргав. Сайтар хооллож ундлаад 14:30 цагт хөдөллөө.

Ингээд дараагийн голын гарам хүртэл 15 орчим км тасралтгүй жийв. Өнөөх салхийг сөрсөөр ... Голын гармаар гарчихаад, хөл хатах зуурт хөнгөн цайлав. Харин манай багийн гишүүн тэр чигээрээ л жийн одов. Хэсэг яваад татах юм байлгүй дээ. Гээд хэсэгхэн явтал хуучны ихэр хоёр цагаан байшин тааралдав. Хүний яриагаар бригад гэгдэнэ. Нэгдэл гэж байх үед бригадын төв байсан бололтой. Бригад дээр айл хунар хэдий хэчнээн цөөн ч бас л бөөгнөрсөн хэвээр. Одоо ашиглахаа больсон бригадын байрны довжоо дээр нэг эмэгтэй суугаа нь замын машин харуулдсан шинжтэй.

Бригадаас цааш багахан жийгээд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хилийн дээснээ 16:40 цагт хүрч очив. Олон салаа замын зангилаа атал манай багийн гишүүн алга. Замын салаа бүр дээр зогсон элдэв салаа руу огт ордоггүй хашир хүн юм сан. Аз болоход гар утасны сүлжээтэй газар юм. Утас залгав. Нэмэр алга.

Унадаг дугуйгаар аялан явах нь хөндлөнгийн хүмүүст сонихон байдаг бололтой. Биднийг харсан хүмүүс нэлээн ажиж үүний хэрээр нүдэлдэг юм болов уу. Тэдний нэг болох мотоцикл хөлөглөсөн нутгийн залуу Рашаан хадны доохно улаан зам дээр гайхаш тасран зогсох бид хоёрын дэргэд ирээд "Танай нэг хүн Бригад дээр байгаа. Дугуйгаараа наашаа жийгээд ирнэ гэсэн." гэх зэргийг хэлэв. Ер нь энэ явдлыг ярьвал Гарьд магнай кино дээр Молиго Очир ба Далайцэрэн хоёр төөрөлдөөд ахин учирсан гэх зохиож ярих түүхийн талаар "үлгэрийн далай" гэж хэлдэг шиг л юм болсон. Өмнөх өдөр нь л "Хаа хамаагүй айлаар орохгүй шүү. Хаана айл таарах, айлд хэдий хугацаагаар саатах нь тодорхойгүй. Урьд явж үзээгүй замын нөхцөл байдал, цаг агаар зэрэг санамсаргүй хүчин зүйлс дээр зам дагуух айл гэсэн огт хөндлөнгийн санамсаргүй нөлөө нэммээргүй байна. Клубийн баримталдаг зарчмын дагуу бид өөрөө өөрсдийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэх ёстой." гэсэн яриа өрнөсөн атал ийм нөхцөл байдал үүссэн тул шууд цааш хөдөлж аян замаа үргэлжлүүлэх шийдвэр гаргав.

Зураг 11. Бөртэ чоно, Биндэрийн овоо, VII/28 17:10

Ажваас Рашаан хад орчимд отогловол зохимжгүй ажээ. Нэг талдаа ус чийгтэй, нөгөө талдаа машин мотоцикл хөлхөөстэй. Ингээд Өглөгчийн хэрэм хүрэхээр уулын амаар өгсөн 7 км жийв.

Өглөгчийн хэрэм гэж дан чулуу нямбайлан өрж босгосон, уулын энгэр дэх байгууламж байна. Гурван талаараа хадан цохио, шигүү ойгоор хүрээлэгдэж харин сул чөлөөтэй өмнө талыг хэрмээр хааж дайснаа уулгалан дайрахаас сэргийлэхээр төлөвлөсөн бололтой.

Зураг 12. Өглөгчийн хэрэм дээр ирлээ, VII/28 18:41

Хана хэрэмд тулж очиход нөгөө салхи илт намжлаа. Хэрмийн гадна майхнаа барьж, ширээ сандал бүхий сүүдрэвч дотор суун хоолоо хийж идчихээд ая тухтай сайхан хоноглов.

7 сарын 29

Өглөө сэрээд энд хоноглосондоо ахин нэг удаа олзуурхав. Шүүдэр огт буугаагүй байв. Иймд майхан дээр буусан шүүдэр арчих, гутал норохоос сэргийлэх зэрэг илүү ажил гарсангүй.

Хэрмээс 08:55 цагт хөдлөв. Уулын амаар уруудан амны адагт ирэхэд 09:20 болж байв. Төөрөлдсөн багийн гишүүн рүүгээ залгав. Утас нь холбогдохгүй л байна. Энэ хавьдаа хоноглосон болов уу гээд орчноо нэгжиж харвал үзэгдэх бараа үгүй. Уг нь хамт тоглон найз болсон нутгийн оршин суугчдаар зам заалгаад оройдоо хүрээд ирэх байх гэсэн ч үгүй байсан юм. Замаа хөөлөө.

Сүүлийн үед орсон бороо жижиг гол горхины урсацыг овоо тэтгэсэн нь ажиглагдаж байсныг тэмдэглэе. Иймээс Өглөгчийн хэрэм дээр хоноглохдоо нөөц усаа хэрэглэж, усны савнуудаа шавхаад, замд таарах хоёр голын эхнийхээс усаа цэнэглэв. Голын эрэгт, модон гүүрийн дэргэд ийн байтал мотоцикл унаж, хүүхэд сундалсан нутгийн залуу ирээд манай багийн "төөрсөн" гишүүний талаар "Орой буцаж Бригад дээр буцаж ирж хоноод өглөө Биндэр сум орохоор гарсан" гэсэн мэдээ дуулгав. Харин эргэж нийлсэний дараа манай хүн энэхүү модон гүүрийн дэргэдэх айлд хоноод өглөө эрт Биндэр явсан гэсэн. Ёстой л "үлгэрийн далай". Нутгийн хүний үг Монгол ардын "Мөнгө дайвал дутдаг. Үг дайвал илүүддэг." гэгч л болсон бололтой.

Биндэр сум ортол замын сүлжээний олон улсын санд бүртгэгдээгүй замаар жийлээ. Голын хөндийгөөр л явах гэсэн алсын чиг тов тодорхой тул хатуу маршрут хөөсөнгүй. Ингэснээр даваа давсангүй харин хэдэн гүдэн л давав. Даваа гэснээс шавар ус туучих, гол усаар гарсанаас даваа давах нь хөнгөн байсан шүү. Энэ хавийн даваанууд ерөнхийдөө давахад хялбар юм.

14:30 цагт Биндэр сум руу оров. Биндэр сум руу орохоос км хүрэхгүй зайд түр зогсон байж байтал хоёр том хар жийп ирж жолооч болон зорчигдын зарим нь бууж ирлээ. Тэд бол бидэнтэй Бэрээвэн хийд орохын өмнөх шавар ба голын гарам хавьд таарсан хүмүүс байжээ гэдгийг хэсэг ярилцаад мэдлээ. "Ахин дахин таарлаа. Одоо бууж танилцахгүй бол болохгүй." гээд зогслоо гэнэ. Гэснээс Балдан бэрээвэн хийдийн дэргэд хоноглох газар зааж, зэрэгцэн хоносон Приус машинтай хүмүүс ч түрүүхэн дурдсан модон гүүрийн дэргэд ахин таарч хэсэг яриа өрнүүлсэн юм байна. Тэд Батширээтэд болох ойн наадам үзэхээр яваа гэсэн. Тэгэхээр ахин тааралдахгүй л болов уу.

Биндэр сум дээр хооллоод Яргуйн хавцал руу шууд жийв. 17:15 цагт Яргуйн хавцалд хүрлээ. Хавцал харах цэгийн зогсоол руу хүрэх зам олон салаатай юм. Алсаас ажсаар, жийж явах замаар тооцоолон явсаар хөл газар хүргэлгүй гарч чадлаа.

Зураг 13. Яргуйн хавцал дээрээс харагдах Онон голын хөндийн үзэмж, VII/29 17:26

Хавцал харах цэгээс бууж цааш хэсэг яваад отоглох цэгээ сонгон байж байтал манай багийн "төөрсөн" гишүүн хажуухнаар, уруу замаар сүнгэнүүлэх нь харагдав. Дуудлаа. Хүмүүсээс сураг сонсоод нааш ирсэн гэнэ. Бас л "үлгэрийн далай". Тэгээд 2017 оноос мөрдсөн клубийн баримтлах зарчим тэргүүтний талаар нэлээн ярилцацгаачихаад унтаж амарцгаав.

7 сарын 30

Аажуу сэрж босцгоов. Багийн гишүүн Мөнхбат Яргуйн хавцал өчигдөр үзээгүй тул очиж үзчихээд Биндэр сум дээр хүлээж байх газар болзоод түрүүлэн хөдлөв.

Дугуйн цүнхний ачаанд тогтоогчны гүйлгэгчний тээглүүр замын дэржигнүүрт сулраад байсныг дангинатал нааж хаях зэрэг ажил хийгээд мөн л аажуу хөдлөв.

Өнөөдөр туулах зам богино тул Баян-Адарга сумд эрт очно гэж тооцсон. Би хувьдаа 17:30 цагт сумын төв рүү орсон ч бас л нэг "үлгэрийн далай" явдал болж сумын төвөөс км хүрэхгүй зайд отоглох гэж бүр нар шингэх хүртэл оройтлоо. Одоо манай багийн эмэгтэй гишүүн гэнэт зам маршрут мэдэгч болж маршрутын дагуу голоор туулан гарч өндөр даваа давж явна гээд зөрүүдлээд эхлэв. Google Map ажиллах сүлжээтэй газарт ирэхээрээ ингэж "даварч" байгаа юм байх даа? Сүүлийн хэд хоногт маршрутаас хазайхдаа хазайж, нийлэхдээ нийлж явсаныг анзаараагүй лиюм байх даа? Тухайн газар нутаг дахь зам янз бүрийн шалтгааны улмаас замын сүлжээний мэдээллийн санд зөрүүтэй тусгагдах, тэр байтугай тусгагдан оролгүй үлдсэн байх нь элбэг тохиолддог гэдгийг мэдмээрсэн дээ? Машин гарахаа больж эдгэж эхэлсэн буюу орхигдсон гармаар гол гарна гэж зөрүүдэлсээр ... Гармыг ашиглахгүй байна гэдэг бол өөр илүү дөнгүүр гарам эсвэл гүүр, бирвааз байдаг гэсэн л үг. Сүүлдэсхийн яваад гүйцэж ирсэн Мөнхбат гишүүн модон гүүрний талаар сураг тээжээ. Гэхдээ тэр хавьд гүүр харагдахгүй л байна. Ингээд эзэнгүй эзэнтэй нэг хоёр айл руу очиж гол гарах модон гүүр ба огцом биш өгсүүр буюу даваагүй замыг нутгийн оршин суугчаар сайтар заалгаж аваад 2 км орчим зайд байх гүүр рүү зүглэцгээлээ. Эмэгтэй гишүүн маань нэлээн хойно явна. Гүүр хүрээд хартал бараа нь алга. Нэлээн хүлээсэн ч байдаггүй. Мөнхбат гишүүн л утас залган дуудуулж байж гол туулан гараад явсаныг уламжлан мэдүүлж өгөв. Энэ бол "Гишүүн нь админы сонгосон маршрут, зохиосон төлөвлөгөө, өгсөн заавар, гаргасан шийдвэр, тавьсан шаардлагыг дагана." гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн явдал юм. Заавар шийдвэрээс гажиж нэг баг болж аялах аяллын үеэр тусдаа жийсэн ийм тохиолдолтой тэр жийлтийг үл тооцох байдлаар клубийн үүсгэн байгуулагч Ожго админ тэмцэж байсан баримт бий. Тэгэхээр админы үүргийн дагуу аяллын багтай хамт жийгээгүй замын хэсгийг аяллын оролцооноос нь хасах юм.

Сая дурдсанчлан Биндэр сумын дэргэд Онон голд цутгадаг Хурхын голыг бэлчирээс нь хэдхэн км-ын дээр байх гүүрээр гарч улмаар угсраа гүдэн давж чигээрээ уруудсаар маш хавчиг бараг горхи гэмээр эрэгтэй ч ихээхэн гүнзгий голоор гарлаа. Энэ зам OSM map дээр лав алга. Иймд газрын зургийн программын заах алсын чиг, газар орон болон замын байдал зэргийг нутгийн жолооч нарын үг зэргийг уялдуулан замаа тодорхойллоо. Горхи гэж хууртмаар жижгэвтэр голыг гармаар гаруутаа зүүн гар тал руу салсан зам руу орно. Өөр гол үгүй. Түүнчлэн модон гүүрээс Баян-Адарга сум хүртэл 45 км юм байна.

Баян-Адарга дээр увж цуван ирсэн бид Эрхэс караоке pub зоог дотор нэг нэгнээ хүлээн бас өөр аргагүй болсон тул оройн хоолоо ч энд идлээ. Уг нь өнөөдрийн туулах маршрут өнөөдөр гаргасан шинэ хувилбараараа 50-иадхан л км цагаан замтай байлаа. Цааш нарийн ярьвал энэ сум элсэрхэг л юм. Гэхдээ ийм богино зам сүүлийн хэдэн өдөр байгаагүй шүү.

Ингээд аялал оргил цэгтээ хүрлээ. Одоо "буцах" замдаа орно.

7 сарын 31

Хөтөлбөр ёсоор амралтын өдөр боловч цаг агаарын прогнозыг харгалзан үзээд шууд үргэлжлүүлэн жийхээр шийдлээ.

09:05 цагт хөдлөн Дуурлиг нарсны Хүннүгийн булш болон Монгол Хатдын дурсгалын цогцолборыг үзэж сонирхлоо. Тус сумын орон нутаг нь Монголын сүүлчийн хатад Дондогдулам, Гэнэнпил нарын төрж өссөн газар гэнэ. Иймээс тэдгээр хатад хийгээд Алунгоо хатан тэргүүтэй нийт есөн хатны дурсгалд зориулсан тус цогцолборыг байгуулсан бололтой. Өөр бусад сонирхолтой зүйлсийг үзмэр тайлбарлагч охин ёслол төгөлдөр тайлбарлан хэлж өгөхийг уншигч та өөрөө очин сонсоорой. Аяллын дурсгал болгон авсаархан сувенир худалдаж авлаа. Эдгээрийг үзэж сонирхчихоод сумын дэлгүүрээс ундны цэвэр ус, нэмэлт хоол хүнс аваад 11:00 цагт Баян-Адарга сумын төвийн хаалгаар гарав. Энд буй сүүдрэвч дотор хөнгөн цайлаад Хурх 80 км гэсэн замын тэмдгийн чигт жийж эхэллээ.

Зураг 14. Дуурилаг нарсны Хүннүгийн булш, VII/31 09:20

Баян-Адарга сумын элсэрхэг зам хэр үргэлжилдэг бол? Борооноос бүрэн зугтаж гарч чадах болов уу? Гэх мэтчилэн бодол тэгсхийгээд сарнилаа. Зам ёстой дардан. Хааяа л элс таарна. Заримдаа чулуурхаг зам таарна. Ачаагүй дугуйтай мэт л хурдалцгаав. Манай багийн хоёр гишүүн гүвээ бүр дээр уралдаа маягтай их эрч хүчтэй жийцгээнэ.

13:35 цагт маршрутын дагуух сүүлээсээ хоёр дахь даваа дээр гарав. Даваа өгсөх зам цагаан, харин уруудах зам нэлээн элстэй байлаа. Үдийн хоолоо давааны оройд сэрүүн сэвшээ салхинд хийж идлээ. Тэгээд хөдлөхөд цаг яг 14:35 болж байв.

Баян-Адаргаас гараад цаг орчим болж байтал хойд дугуй нуух орчмоороо буудлаа. Үжирч муудсан дугуй ингэж бууддаг. Нөөц цоо шинэ Maxxis Receptor гадараа тавилаа. Угаасаа хойд дугуйны гадар ингэж буудах цагийг хүлээж байсан юм л даа. Өмнөх эзэд нь худалдаж авахад л байсан тэр л гадар энэ хүртэл өнхөрсөн байхаас зайлахгүй л болов уу. Мөн тэд энэ дугуйг тултал нь унаж эдлээгүй бололтой юм билээ. Жич хэлэхэд би одоо унаж яваа дугуйгаа хувь хүнээс ёстой стокоороо байхад нь худалдаж аваад рам, стем, бар, ац, эмээл ба эмээлийн шон зургаагаас бусдыг нь иж бүрэн сольж сайжруулсан юм л даа. Тэгээд мөн нэг эд анги үлдсэн байсан нь хойд дугуйны гадар хаймар. Өнөөдөр ийнхүү буудсан нь миний дээрх таамгийг баталж буй мэт. Гадар солих гэж гучаад минут болсон болов уу.

Гурванбаян буюу Хурх баг дээр 17:30 цагт ирэв. Дэлгүүрээр орж хүнс аваад бас зайрмаг аван дэлгүүрийн гадаах сандал дээр суун тамшаалан идэцгээлээ. Мөн худгаас нь ус авлаа. Нууцхан кноп дараад л авчихдаг юм байна. Түүнийг нь дэлгүүрийн эзэн ах хүү зааж өгсөн юм.

Гурванбаян гэдэг нь Баруунбаян, Дундбаян ба Зүүнбаян гэсэн гурван уулын нэрээс үүдэлтэй гэж хүмүүсийн ярианаас ойлгосон. Харин хар ярианд Хурх гэлцэх аж. Шалтгаан нь Хурх гурилын үйлдвэр, тариалангийн талбай юм уу даа. Хурх гэснээс яг одоо бидний жийж буй хөндийг Хүйтэн гэдэг ба харин үүний өмнө Биндэр сум руу жийхдээ туулсан хөндийг Хурхын хөндий гэнэ. Мөн тэр хөндийгөөр урсдаг, модон гүүрээр гарсан голыг Хурхын гол гэдгийг өмнө дурдсан даа. Түүнчлэн Хурх, Хүйтэний хөндий нь тогоруу зэрэг ховордсон шувуудын нүүдлийн гол зам болдог, байгалийн нөөц газар ажээ. Хөндийгөөр жийж явахад шувууд үнэхээр элбэг нь илт анзаарагдана. Шувуу ажиглах цэгүүдийг заасан самбар байсхийгээд л дайралдана.

Гурванбаян тосгоноор дайран гарах үед бас нэг замын ажил таарлаа. Бодвоос Өмнөдэлгэр хүртэл тавьсан засмал замыг үргэлжлүүлэн үүгээр дайруулж улмаар Биндэр хүргэх зорилготой юм уу гэсэн таамаг төрнө. Учир нь Биндэр сумын урдхан бас л автозамын гэмээр ажил өрнөж байсан юм. Хэн нэгний хэлсэнээр Хэнтийн сумдыг автозамаар бүрэн холбоно гэнэ.

Гурванбаян тосгоны баруухнаа өнжмөл тариалангийн талбайн дэргэд ёстой сайхан зүлгэн дээр майхнаа барьж хонолоо.

8 сарын 1

Халах нь ээ. Бас Өмнөдэлгэрт өдөр дунд багахан бороотой бололтой. Өдөр шөнөгүй үргэлжлэх биш дөнгөж л түр зуурын дэмий борооноос бултчих юм сан.

Хоноглосон цэгээсээ увж цуван хөдөлцгөөлөө. Би ч хоол, цайгаа идэж ууж үлдсэн юмнуудаа эмхэлж ачаалаад хөдлөхөд цаг яг 11:00 болж байв. Зам хэчнээн ч олон гүдэнтэй юм дээ. Маршрут зурж төлөвлөхөд нэг даваа гарч ирсэн нь газар дээрээ гүвээний орой дээгүүр чанх гарсан зам байна.

Зам зуурт хэсэгхэн хар үүл бараантаж байснаас бороо хаялах нь уу гэж байтал хэдхэн дусал хаялаад болив.

Өмнөдэлгэр сумын бас л чанх дээр гэмээр ойрхон гүвээ дээр 13:42 цагт гарч ирлээ.

Сумын цайны газарт үдийн хоолоо идэцгээв. Салхи ширүүсэн бороо хаялж эхэллээ. Нэлээн орох шинжтэй. Бороо намсах үеэр ухасхийн нутгийн засаг захиргааны байшингийн өмнө байх буудал руу очсон ч дүүрэн гэнэ. Буудлын жижүүрийг хайж явсан Мөнхбат гишүүн "Захиргааны ажилтан, багийн засаг дарга бүсгүй биднийг баригдаж буй байшиндаа майхнаа бариад хоноглохыг санал болголоо." гэсээр гүйн ирэв. Ингээд бүсгүйн машиныг даган тэднийд очлоо. Мөн биднийг цай хоолоор зочилсон шүү. Энэ бүгдэд маш их баярлалаа.

14:30 цаг өнгөрөөсхийн эхэлсэн бороо 17:00 цагт зогслоо. Одоо жийлээ ч хол явж амжихгүйн дээр нойтон газар майхан барьж зутрахад хүрнэ. Зутрах гэснээс аялал эхэлсэнээс хойш огт амралтгүй жийсэн билээ. Багийн гишүүдийн маань хэн хэнд нь амралт шаардлагатай болсон нь анзаарагдаж эхэллээ. Иймээс сум руу орж ирээд амарч өнжих талаар ярилаа. Тэгж байтал бороо дайраад ирсэн дээ. Борооноос зугтаж төлөвлөсөн амралтаа цуцалсан байсан нь ийнхүү хөөгөөд гүйцээд ирлээ гэмээр л явдал боллоо гэж хошигномоор. Ингээд эндээ хоноглохоор эргэлт буцалтгүйгээр шийдлээ.

8 сарын 2

Хоноглосон айлын маань эзэгтэй биднийг шинэхэн өрөм, талх болон амтлаг хоолоор дайлаад аян замын ерөөл өргөн үдэн мордууллаа. 10:00 цагт хөдөлсөн бид 10:20 цагт Өмнөдэлгэр сумаас гарлаа.

Жаргалтхаан сум ортол маршрутын дагуу шороон замаар жийлээ. Замд жижгэвтэр гол хэчнээн ч таарав даа. Бусдаар ямар ч саадгүй цагаан зам байна. Мөн замд ямар ч машин таарсангүй. Аргагүй дээ, төв зам хүртэл засмал замтай юм чинь.

Жаргалтхаан сумын бараа 14:30 цагт харагдлаа. Төв зам дагуух хоолны газарт үдийн хоолоо идлээ.

Хооллож хэсэг амсхийгээд 16:00 цагт Дэлгэрхаан сум руу хөдөллөө. Сум хүртэл 40 орчим км зайтай.

Жаргалтхаан сумаас хөдлөөд цаг орчим болж байтал эгц өмнө тэнгэр харанхуйлан бороо ороод эхэллээ. Ингээд Дэлгэрхаан хүрэх замын тэхий дунд автозамын компанийн кемп бараадлаа. Ахлах нь биднийг найрсаг хүлээн авч, өрөөндөө урин, хоол цай кофе тэргүүтнээр дайллаа. Унадаг дугуйн талаар тун их сонирхож байна. Өмнө нэг удаа автозамын нээлтээр зохион байгуулсан унадаг дугуйн тэмцээнд оролцоод түрүүлж байсан гэнэ. Бороонд дайруулах шахан тэвдсэн бидэнд үлэмж тус үзүүлсэнд баярлалаа.

8 сарын 3

Кэмп дээрээс мөнөөх ахлахаар үдүүлэн 08:30 цагт хөдөллөө. Бэлэн зэлэн өглөөний цай, хоолоор дайлуулсан бас мишок ба хийлдэг гудаснаас өөр хураах зүйлгүй байсан тул ийнхүү өглөө эртлэн хөдөлж чадсан юм.

Зураг 15. Авто-замчдын ахлахтай хамт, VIII/3 08:29

Одоо 20 км жийхэд л Дэлгэрхаан сум орно. Сайхан дардан замаар нэг цаг гучин минут жийгээд л Дэлгэрхаан сумын дэргэдэх Тосон нуурт хүрлээ. Нуурыг тойруулан хашаа барин хамгаалжээ. Бас самбар дээр заавар, тайлбар бичин хаджээ. Нуурын эргэн тойронд аялагч, амрагчдын ая тухыг хангах сүүдрэвч, хувцас солих халхлуур цөөнгүй барьжээ. Нэг сүүдрэвч бараадан үдийн хоолоо хийлээ. Харин манай хоёр нуурын усанд орцгоолоо. Тосон нуур гэсэн нэрдээ таарсан тосорхог устай юм. Уснаас гарч ирсэн манай хоёрын арьс тос түрхчихсэн мэт гялалзана.

Хэнтийн өмнөд сумд болон Говьсүмбэр аймгийнхны малчдын онцлог гэвэл айл бүр чиргүүл дээр суулгасан вагончиктай юм.

8 сарын 4

Сэрээд хамгийн түрүүнд цаг агаарын урьдчилсан мэдээ харлаа. Бороотой гэнэ дээ. Өдөржин бороо орох прогноз гарчээ. Иймээс яаралтай ачаалаад хөдлөх шийдвэр гаргалаа. Багийн нэг гишүүн маань дурамжхан байна. "Аяллын хөтөлбөрөөрөө амрах ..." гэх мэтчилэн үглэнэ. Гэвч бороотойд амрах байтугай бүр зутарна шүү дээ. Цай хоолоо хийж идээд хөдлөхөд дөхөж байтал борооны хэдэн дусал сануулга мэт ганц нэгээр уналаа. Майхан зэрэг хамаг гол зүйлсээ хураасан байсан нь сайн хэрэг.

Ингээд 08:30 цагт хөдөллөө. Биднийг Хэрлэн голын гүүрийн сахиулаар ажилладаг, нутгийн ах хүү үдэн гаргаж өглөө. Сумаас гарах замыг зааж улмаар замын ерөнхий чиг гэх мэтчилэн мэдээлэл өгөв. Бас манай багийн хоёр гишүүнийг айргаар дайлсан шүү.

Баянмөнх сумаас Дархан сум хүртэлх замын хагасыг шинээр тавьж буй засмал замын ажилтай холбогдуулан тавьсан түр шороон замаар тууллаа. Энэ үед бороогүй бас зам дардан байсан тул замын энэ хэсгийг ёстой хөнгөхөөн туулсан даа. Харин Дархан сум хүртэлх замын үлдсэн хагас дэржигнүүртэйн дээр бороо орлоо. Борооны цуваа өмсөцгөөгөөд жийцгээлээ. Бороо сум руу орсон хойно л намдав.

Шинээр тавьж буй засмал зам гэснээс Бор-Өндөрөөс эхлэн Дархан ба Баянмөнх сумдыг дайран Хэнтий аймгийн төв хүртэл засмал зам тавьж буй ажээ. Дээр дурдсанчлан Хэнтий аймаг нь сумдаа бүгдийг нь засмал замаар холбохоор төлөвлөн ажиллаж буйн нэг хэсэг нь энэ бололтой.

Дархан сумд 13 цаг өнгөрөөн очлоо. Чойр болон төв замд ойр гэсэндээ Баянмөнх сумаас олон оршин суугчтай бололтой. Бороон дунд сумын бараа бүдэг бадаг харагдана. Харин сумын нэрийн учир болох Дархан хэмээх уул алсаас дүнхийн харагдана. Энэ хавьдаа яахын аргагүй сүр бараатай уул ажээ. Дархан сум дахь ганц нэг л байдаг цайны газар нь хаалттай байсан тул шинээр баригдсан тоглоомын талбайн сүүдрэвчинд сууцгаан үдийн хоолоо хийж идлээ. Харин энэ үед бороо зогсон, нар ээн тавтай хооллож амрах боломж олдлоо. Цаг агаар ийм таатай тул сумын төвийн хүүхдүүд ч тоглоомын талбай дээрээ битүү. Тэдний зарим нь бидэнтэй зургаа авахуулж бас хоолны хачир зэргээс амсацгаав. Тоглоомын талбай дээрх хүүхдүүдийн дунд учраа мэдэхгүй томоогүй багачуул ч байна, аавын цээж гаргасан томчуул ч байна. Бага ангийн болов уу гэмээр хоёр жаал дээр дороо орон зодолдоход дунд ангийн бололтой том хүү зодооныг болиулах гэсэн бидний орилоход сэдэл авч "Больцгоо. Хоёуланг чинь зодно шүү." хэмээв. Цээж нүцгэлж, хөлдөө бакаль углажээ.

Дархан сум дээр янз бүрийн л шалтгаанаар нэлээн саатлаа. Одоо нэмж гучаад км жийгээд гурван аймгийн газар нутгийн уулзвар буюу хоноглох цэгт хүрэх юм.

Суурин газарт очихоос суурингаас гарах замаа олох нь илүү хэцүү байдаг даа. Баянмөнх сумаас нутгийн ах хүүгээр заалгаад гарсан болохоор Дархан сум руу чиглэсэн зөв замаар шууд жийсэн. Харин Дархан сумаас гарч Чойр руу чиглэхэд замчлах хүн байгаагүй тул Чойр хүрэх өөр нэг зам руу орсон байв. Ингэхгүйн тулд GPS байн байн харж болох ч энэ нь түвэгтэй. Гээд хэсэг яваад замаа шалгатал зурсан маршрутаасаа өөр зам руу оржээ. Мөнхбат гишүүн үүнийг сонсуутаа шууд хатгаад явчихав. Дотроо юу бодож явааг бүү мэд. "Өдийг хүртэл 800 шахуу км зам туулахад би төөрүүлээгүй л юм сан. Дагаад л явж байхгүй дээ." гэж бодолхийлсэн ч өөр нэг бодол "Бас өөрөө өөрийгөө замчлаад явах мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Ожго ах бид нарыг өчнөөн л дагалаа шүү дээ. Тэгээд ч энэ замаар явж, төлөвлөснөөс өөр газар хононо гэсэн шийдвэр гаргаж мэдэгдээгүй шүү дээ." гэж залган үргэлжлэв. Урдхан явж буй багийн нөгөө гишүүнтэйгээ хамт зүүн салах замаар орчиход л болно гээд цааш жийлээ.

Олон салаа зам байсангүй. Бодоод байтал энэ газар орон бол аялагч, жуулчид хөлхөөд байдаггүй харин нутгийнхан л хааяа явцгаадаг онцлогтой ажээ. Нутгийн улс замаа мэдэх л тул яалаа гэж олон салаа сүлжилдсэн зам гаргаж давхилдах билээ дээ. Очих газар хүртэл цэх шулуун явцгаах аж. Нэг салаа гарахаар нь орсон ч айлын зам байв. Цоожтой айлын гадуур өнгөрөв. Зам дуусав. Урд уулын үерийн усны жалга хөндөлсөв. Нугачааны аль гайгүйг сонгоод эвтэйхэн гараад газрын уруу бас төлөвлөсөн маршрутын дагуух зам руу чиглэн зогсоод багийн гишүүнээ хүлээв. Мөнхбат гишүүн ч тэр дор жийж яваа нь харагдана. Жишүү уруудаад амдаад оччихмоор. Гэтэл манай гишүүн нэлээн дээхнүүр жалга хөндлөн гараад өгсөхөөр явж харагдана. Айл өнгөрөөд явж байхад ирж уулзсан нутгийн хүний заасан зам руу л чиглэсэн бололтой. Тэр нь бидний салахын түүс болж яваа зам шүү дээ. Сүүлд ярих нь "Нутгийн залуугийн Чойр орох зам гэж заасан зам, гүдэнг даваад уруудахад л зөв замдаа орно гэж бодсон." гэнэ. Хоноглохоор төлөвлөсөн гурван аймгийн нутгийн уулзвар цэгт хүрэхийн тулд анх зохиосон маршрутдаа эргэн заавал нийлэх ёстой. Саяын замын салаа айлынх буюу бүтэлтэй салаа биш байсан тул "Өөр салаа олдож магадгүй. Энэ зуурт ямар буруу зам руу зүтгэснээ мэдрэг." гээд тэр зүг рүү жийлээ. Цаашлаад Дархан уулын өвөр дэх олон гүдэнг түрүүлэн давж жийн давхиад хэрэгтэй салаа замаа оллоо. Нэлээн тод юм. Тэгэхээр аль нэг айл хүрээд тасарчихгүй биз. Энэ үед маршрутаас 10 км хазайсан байв. Ингэж хазайн тэнэх зам байсан тул эндээс гарахаар шийдсэн байсан юм шүү дээ. Энэ үед бороо хаялаад эхлэв. Борооны курткаа өмслөө. Тэгээд холоо хаягдсан нь тодорхой багийн гишүүнээ угтан жийв. Замаас хэр их хазайсныг, хурдан явах хэрэгтэйг товч хэлээд явах чигийг барин өнөөх салаа замаар жийлээ. Энэ зам яг бидний отоглохоор төлөвлөсөн чиг рүү зүглээд байх нь сонин.

Энэ үед Мөнхбат гишүүн борооноор хэсэг жийгээд нэг уурхайн кэмп барааджээ. Бороо яг л цаг агаарын прогнозын дагуу бүр орой болохоос өмнө зогслоо. Одоо аялал дуустал ахин бороо орохгүй. Кэмп дээр байхдаа Мөнхбат гишүүн аяллынхаа талаар тэндхийн залуустай нэлээд хөөрөлдсөн бололтой. Уулзсаны дараах түүний ярианаас ийн ойлгосон. Тэгэхдээ бид хоёрыг тойруу замаар жийсэн гэж бодсон гэнэ. Гэтэл маршрутын дагуух зам хоноглох цэг хүртэл алсуур тойруу байсан юм л даа. Тэр бол жолооч нарын ихэвчлэн сонгож явдаг зам болохоор газрын цагааныг дагасан л байх учиртай. Үнэндээ бид хоёрын яваа зам хэдий олон гүдэнтэй буюу өгсөж уруудаад л байх боловч бидний зорьсон гурван аймгийн уулзвар цэг рүү цэв цэх чиглэсээр. Газрын зураг дээр үл тусгагдсан, огт мэдэхгүй тэр замыг GPS-тэй тулган шалгаж явсан тул ийн цэх чиглэсэн анзаарагдахын дээдээр анзаарагдана. Гүдэн дээр нөгөө гишүүнээ хүлээх тул GPS харах зав хангалттай их гарна. Уулын дугуйны том араагаар тоноглосон грэвел дугуйны хэрэг ийм замд л гарна.

Нар жаргахаас урьтаж чамлахааргүй эрт зорьсон цэгтээ хүрч чадлаа. Гурван аймгийн уулзвар орших хөндийг жаргах дөхөж буй нарны гэрэлд өндөр дэнжээс сайтар нэгжин харав. Дэнж дээр зусаж буй нутгийн айлын эзнээс газар орон, зам харгуй талаар лавлан асууж дэлгэрэнгүй мэдэж авсан. Хөндий рүү орж ирүүт Мөнхбат гишүүний дагаж яваа үндсэн зам хоёр салж нуурын өмнүүр ба хойгуур явдаг гэнэ. Бас өөр нэг зам энэ хөндий рүү орж ирдэг нь бид хоёрын саяхан явсан зам гэнэ. Гурван аймгийн хилийн дээс хөндийн дундах бяцхан толгой дээр уулздаг гэнэ. GPS функцтэй газрын зургийн апп дээрээс харахад үнэхээр тийм байлаа.

Зураг 16. Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий гурван аймгийн газар нутгийн уулзвар, VIII/5 06:25

Багийн гишүүн Мөнхбат хүрэлцэн ирсэнгүй. Борооноос хоргодон айл бараадсан болов уу гэж таамаглав.

Бороо орж гүйцсэн гэх шиг цэлмэг шөнө болов. Аялал анх эхлэхэд битүүн байснаа хурц хавирган туранхай хэлбэрээс бага багаар бүдүүрсээр байсан сар тэргэл болоход тун дөхжээ. Аргагүй дээ, хагас сарын аялал юм болохоор.

8 сарын 5

Өнөөдөр аяллын сүүлийн өдөр гэхэд болно доо. Өнөөдөр 50 км жийгээд шөнө галт тэргэнд суун УБ хотоо зорино.

Зураг 17. Аяллын сүүлийн өдрийн өглөө ба манай майхан болон унадаг дугуйнууд, VIII/5 08:40

Багийн гишүүнээ 12:00 цаг хүртэл хүлээлээ. Энэ үеэр нутгийн залуус залуу ба хижээл, хүүхэд сундалсан ба үгүй гурван эр ирж бидний учир явдлыг сонирхоод буцлаа. Дээр дурдсанчлан айл хунар цөөн болохоор хүний бараа харж, холын сонин сонсох гэсэн байж ч магадгүй юм. Хоёр нь биднийг гэрээрээ орж цай уугаарай гэнэ. Бас нэг нь бүр очиж хонохгүй яасан юм гэнэ. Бидэнд даанч ийм илүү цаг байхгүй л дээ. Айлаар орохоор цаг алдана. Айлд хоновол хөдлөхөд бэлэн болох гэж майханд хээр хоносноосоо илүү их зарцуулагдаад байгаа юм л даа. Гэтэл авто биш харин хөлөөрөө жийн хөдөлгөж явдаг унаатай болохоор цаг гэдэг бидэнд яалт ч үгүй чухал байдаг.

Чойр дөхөх тутам дардан байсан замын дэржигнүүр бага багаар ихэссээр сүүлдээ дан дэржигнүүр боллоо. Салхи сөрж эсвэл цохиулан жийсээр 15:57 цагт л Чойрын барааг анх харлаа. Алсын барааг харахад Чойр ортол ахиад цаг жийх бололтой.

Зураг 18. We love bicycle, VIII/5 17:17

Ийнхүү аялал хөтөлбөрийнхөө дагуу амжилттай боллоо. Цаг агаарын хүчин зүйл бороонд туугдан амралтын хоёр өдрөө хассан бас л борооноос болж 20 юм уу 25 замыг удаах өдөр рүү оруулсаныг эс тооцвол тухайн өдөртөө хаанаас хаана хүртэл жийхээр төлөвлөснөө яг таг хэрэгжүүлжээ. Өнөөдөр буюу жийлтийн сүүлийн өдөр 50 км зам туулна гэж төлөвлөсний дагуу яг 50 км жийлээ.

Чойр ороод засмал замаар жийх нь их сонин мэдрэмж хэсэгхэн зуур төрүүлсэнийг өгүүлэхгүй байхын аргагүй. Бас ачаатай дугуйгаар засмал замаар өгсөх нь шороон замаар өгсөхөөс хурдны хувьд ялгаагүй мэт сэтгэгдэл төрсөн шүү. Нэн тэргүүнд унадаг дугуйнуудаа галт тэрэгний тээшинд өгөхөд анхаарлаа хандуулав. Чойроор дайран өнгөрөх зорчигч тээврийн галт тэргүүд шөнөдөө л ирдэг болохоор тээш нь мөн л орой онгойж шөнөжин ажилладаг ажээ. Харин өдөр ердөө л 3 цаг онгойдог юм байна.

Зураг 19. Чойр өртөөний галт тэрэгний тээшийн ажиллах цагийн хуваарь

Биднийг Чойрт ажиллаж, амьдарч буй ЦТГ Ч.Гомбосүрэн угтан аваад хоттойгоо танилцуулж улмаар гэртээ урин, буузаар дайллаа. Тэднийд галт тэргэнд суух хүртэл хөзөрдөх нь хөзөрдөж, унтах нь унтаж тавтай амарцгаав. Тэгээд дараа хамт жийхийн ерөөл өргөөд клубийн гишүүнээрээ үдүүлэн галт тэргэнд сууцгаалаа.

Зураг 20. ЦТГ Ч.Гомбосүрэнтэй хамт, VIII/5 21:08

7 сарын 25-нд Улаанбаатар хотын Багахангай дүүргээс эхэлсэн аялал ийнхүү 8 сарын 5-ны орой Говьсүмбэр аймгийн төв Чойроос галт тэргэнд сууснаар өндөрлөлөө.

14 өдрийн турш үргэлжилж, үүнээс 12 өдөрт нь унадаг дугуй жийн, нийт 860 гаруй км зам, үүнээс 800 км шороон замыг туулсан унадаг дугуйтай олон хоногийн аялалд нэг баг болон хамт явцгаасан УТГ С.Мөнхбат болон УТГ Ш.Мөнгөнсүх нартаа баяр, талархал хүргэе.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх Г.Махгал С.Мөнхбат
Ш.Мөнгөнсүх
  • 10690 км
  • 95
  • 9
  • 3
  • 2
  • 4
Г.Махгал
  • 14886 км
  • 141
  • 10
  • 2
  • 3
  • 5
С.Мөнхбат
  • 14891 км
  • 124
  • 17
  • 5
  • 4
  • 1
Зүгээр л жий!