Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын улирлын хүйтэн салхи сөрөн жийсэн аяллын энгийн нэгэн өглөө эхэллээ. Өнөөдрийн аялал хангайгаа бараадсан зай багатай аялал ч гэсэн чамбайхан бэлдэж дулаан хувцаслан гарсан нь оносон шүү. Өглөө 7 цагт агаарын температур -3 градус байсан.
Эхний гишүүн цуглах цэг дээр 8.10 цагт ирлээ. Хамтдаа ярилцан суутал ар араасаа гишүүд цувран салхины хүч, хүйтэн жаврын байдлыг шогшин "ховолсоор" орж ирлээ. Хавар үнэхээр таашгүй эвгүй улирал. Аялагч хүнээс хоёр янзын бээлий, өмд, цамц бас бус зүйл шаарддаг улирал.
Яг цагтаа хөдлөв. Хоёрын цуваанд орж жигд хурдаар жийсээр Майхан толгой руу салан таталгүй өгслөө. Гол мөсөн баринтагт баригдан урсгал нь гүүрийн хажуугаар хальж машин зам дээгүүр хэсэгхэн газраар урсаж байв. Манайхан жийгээд гарлаа. Энэ жил цас багатай байсныг илтгэн зам хуурай байв. Майхан толгойн зүүн хойд давааны энгэрт хальтхан татаад бидний нэрлэж заншсан Дугуйчдын даваа дээр 9.40 цагт гарч арын гишүүдээ хүлээв. Хоёр гишүүн эндээс хотод ажилтай тул дасгалаа хийчихээд буцлаа.
Даваа уруудах зам ч хуурай байв. Зүүн ацын даваа хүрч модоор хүрээлэгдсэн нарлаг энгэрийн хуурай хөрсөн дээр суун цайлав. Салхи үгүй хар мод, нарс, хуш бүхий шилмүүст ойн өтгөн хүрээлэл энд оршдог. Шилмүүст моддын ялгаа онцлогын тухай манай залуу гишүүн бидэнд тайлбарлан ярьж билээ. Энэ ойн цоорхойд байгаад л баймаар тун тохьтой орчинд бид уусан өнгөрсөн болоод өнөөдрийн аяллын талаар ярилцан, өдийд Духын давааны зам хуурай байгаа гэдэг дээр бүгд санал нийлэв. Анхны аялалдаа амжилттай оролцсон шинэ гишүүндээ баяр хүргэв.
Тавтайхан цайлж аваад ирсэн замаараа сүнгэнэтэл жийгээд засмал зам хүрч татлаа. Бөөндөө Жигжид улмаар УБ хот хүртэл салхинд туугдан бахтайхан жийсээр 12.30 цагт ирж, гэр гэрийн зүг баяртайгаар салан одов. Ийнхүү хаврын нэгэн сайхан амралтын өдөр зохиогдсон өдрийн аялал амжилттай дууслаа. Зүгээр л жий.