4 сар 11 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 18:40 цагт хөдлөх Улаанбаатар- Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг урьдчилан Улаанбаатар- Орхонтуул (30000 төг) чиглэлд унтлагын вагонд (4 сарын 7 өдрөөс хойш) захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлдөг.
4 сар 12 өдөр, Бямба гариг
Сэлэнгэ аймгийн Орхонтуул зөрлөг (Рашаант тосгон)-т өглөөний 05:24 цагт бууна. Өглөөний цайгаа ууж, бэлтгэлээ ханган аялал эхлэнэ. Алсын өгсүүр бүхий шороон замаар 21 км жийж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв, цааш бэсрэг уулсын хөндийн нугачаат замаар 69 км зам туулан Төв аймгийн Цээл сумын төв хүрнэ. Өдрийн хоолыг тохирох газар замдаа идэх тул замын хүнсээ гишүүн бүр бэлдэж явах шаардлагтай. Цээл сумаас 26 км зайтай орших Угтаалцайдам сумын төвд хүрч төлөвлөсөн байранд хоноглоно. Энэ өдрийн нийт зай- 115 км. Гишүүд унтлагын хөнжил, аяны тогоо тулга, нөөц хүнс хувийн бэлтгэлтэй аялалд оролцоно. Майхан авах хэрэггүй.
4 сар 13 өдөр, Ням гариг
Өглөөний цайгаа ууж уулын замаар 39 км зам туулан Баянцогт сумын төв, улмаар цааш 26 км зайд орших Аргалант сумын төвөөр дайран засмал замтай нийлэн 75 км туулан УБ хот хүрч аялал дуусна. Энэ өдрийн зай 147 км.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Галт тэрэг хурдаа авч шөнийн харанхуйг зүсэн урагшилна. Тэргэл саран тэнгэрт гийж, цонхоор харанхуйд орчны уулс, толгод хөндий цайран харагдана. Урд өдөр нь хойд аймгуудын нутгаар овоохон цас орсон тул маргааш өглөө эхлэх аяллын зам ямархуу байгаа бол гэж бодон ийнхүү цонхоор ширтэн яваа минь энэ юмсан. Уулын энгэр цайран харагдах нь цастай шинж, төмөр зам дагасан шороон замын хотгор ховилоор алаг цоог цас тогтсон харагдана. Аяллын чиглэлд өөрчлөлт оруулах эсэх, замын байдал, маргааш өглөөний цаг агаарын нөхцөл салхины чиглэл гээд нөлөөлөх, бодох зүйл байлгүй яах вэ. Өнгөрсөн аяллуудын дурсамж үе үе ахин сэргэн бодогдож, анхны Энхтал аяллыг бүр 3 сард хийж байсан, орчны байдал, тогтоц ерөнхийдөө төстэй ч томоохон голын хөндийн замаар бус тал хээрийн бага шиг гол, гүвээ толгод, уужим хөндийгөөр ёстой л задгайдуу салхилах магадлалтай хоолой, шал тойром дундуур зурайх дэржигнүүр ч байж болох шороон замаар жийнэ гэж төсөөлөн бодно.
Манай баг 7 хүн (хоёр бүсгүй)-тэй. Багийн гишүүд суудалдаа тухалж хэдэн ч удаа ярьсан уйдамгүй аяллын тухай төгсөшгүй хууч хөөрөлдөнө. Зүүнхараа өртөө хүрэхээс өмнө галт тэрэгний зорчигчид гүн нойронд автав.
Орхонтуул зөрлөг дээр 5.24 цагт буулаа. Зөрлөгийн хүлээлгийн танхимд өглөөний цай хоолоо хийн багийн гишүүд завгүй.
Салхи тогтуун, санасныг бодоход хүйтэн бус өглөө боллоо. Яг л замд харсан шиг цас алаг цоог тархан, гуу жалга, замын хонхор хотгор хэсэгт тогтсон байлаа.
Аяллын нэрээ бодсон ч тухайн өдрийн туулах замын уртыг тунгаасан ч, шинэ өглөөний зан авирыг мэдэрсэн ч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум нэг л "илүүдээд" байлаа. Совингоо дагаж багаа аван шууд урд зүг чиглэн Цээл сумын төв рүү гарлаа. Цаг 7.00 болж байв. Төмөр замыг гарамаар гарч элсэрхэг, харгана бүхий Сэлэнгэ хэв шинжийн шороон замаар жийлээ. Алсын өгсүүрт Шар усны голын хөндийн зүүн дэнжийг даган явсаар голоо хөндлөн гарч баруун дэнжийн зам руу шилжлээ. Салхины хувьд харин сөрлөө. Хүйтэн салхи сөрж буй тул зогсолт багатай явахыг хичээнэ. Шар усны гол нь хэмжээгээр бага тогтмол ил урсац нь нам түвшинтэй боловч шар усны үертэй үед бас ч гэж догширдог гэмээр өндөрдүү эрэг, тахирмаг үүсгэсэн байлаа. Нэг гишүүний дугуй хагарлаа. Хүлээн зогсоход хүйтэн салхинд жиндээд байсан тул дөрвөн гишүүн замаа хөөлөө. Голын хөндий зүүн урд зүг чиглэн үргэлжлэв. Арын хэд маань хүрээд ирлээ. Бахархалын Улаан тэмдгийн болзол хангасан бүсгүйдээ тэмдгийг нь гардуулж хаврын бүрхэг тэнгэр дор баяр хүргэн сайныг ерөөлөө.
Холбоо толгой өгсөн Салхит багийн бараа харагдах мөчид ахин хоёр дугуй хагарав. Ийнхүү замын саатлаас болж бид энэ өдөр элбэг хоёр цаг алдав.
Багийн гишүүд зогсолтгүй урагшилсаар Цээл голын хөндий рүү орох үед ахиад дугуй хагарав. Салхины чиг өөрчлөгдөн араас туух маягтай боллоо. Хүйтний эрч ч сулрав. Одоо та нар хурдан яваарай гэсэн шиг байгаль хүртэл бидэнд тусалсан юм. Цээл сумын төвд 14.20 цагт ирлээ.
Энэ сумын спорт өдөрлөг болж байгаа тул спорт заалны гадаа автомашин багширна. Сумын засаг дарга биднийг өрөөндөө хүлээн авч халуун цай кофе, хүнсээр дайллаа.
Энэ нутагт автомашины засмал зам барих бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Ирээдүйд энэ засмал баруун аймгуудын төв замаас Угтаалцайдам сум, Цээл сум, Орхонтуул сум, Орхон голын гүүр хүрч улмаар Баруунбүрэн сумын төвийн харалдаа Эрдэнэт рүү явах төв замтай нийлэх төлөвлөгөөтэй гэнэ.
Цээл сумын төвөөс 15:20 цаг өнгөрөөсхийн хөдлөв.
Суурь хийж өндөрлөсөн дэржигнүүр бүхий шороон замаар өгссөөр Аадгайн даваа давлаа. Газар шорооны ажил ид өрнөж давааны давах зам асга хаданд боогдон хаагдсан тул хажуу талын тун огцом түр замаар өгсөн давлаа. Урд зүгт Хар чулуут баг, цаана нь өндөрхөн гүвээ хажуулдан тавьж буй замын ажил өрнөж том тэрэгнүүд цааш нааш холхино. Уг гүвээний цаана Угтаалцайдам сум буй. Сумын төвд бид 17.20 цагт ирлээ.
Сумын Соёлын төвд бид байрлав. Аялал ийнхүү эрт дуусах нь аялагч нарт тун сайхан завшаан билээ. Өглөө гаргасан шийдвэртээ тун хангалуун байж амтат оройн хоол идэн тавтай сайхан амарч билээ.
Хаврын улиралд халуун гэдэг үг зохихгүй ч гэсэн өглөө босож цайгаа уучхаад аялалд гарахын өмнөх бэлтгэлээ базааж байхад хүн бүр л халууцаж байлаа. Тэнгэр цэлмэг наран гийж, бид хувцсаа хөнгөлөн унаандаа мордон сумын төвөөс чанх зүүн зүг чиглэн жийж явлаа. Нэг гишүүн маань унадаг дугуйн техникийн саатлын улмаас эндээс унаанд суулаа.
Ар Асгатын гол гарч алсын өгсүүрт жийсээр гүвээ давав. Алсад бидний давах эхний даваа болох Хамар давааны өөд зурайсан олон салаа замыг харав. Өндөр хүчдэлийн шугам уг даваан дээгүүр давдаг.
Даваа хүрэх уулын бэл дагасан 7 км замд гуу жалга, ганга элбэг таарна. Жалга уруудан өгсөх нь хэдэнтээ давтагдан явсаар давааны дор ирж татлаа. Мордуут шууд л жийгээд өгслөө. Алаг цоог нойтон цас ч элбэг байв. Даваагаа уруудан хараахан ханзраагүй Сондуулын гол гарч Савагт Уулын урдах хяр өөд өгсөх замд орлоо. Цас шавар их тул газрын цээжээ барин хэжин явсаар хяраа даваж шууд уруудлаа. Ийнхүү Халиуны голын хөндий рүү орж голоо гаран хэсэг амрав. Эндээс даваа давах хоёр янзын зам байлаа. Бид өндөр хүчдэлийн шон дагасан Эрдэнэ цагаан овооны даваагаар даваж Төхөмийн хөндий уруудан цогтойхон жийсээр Хайрхан хөтлөөр өнгийн Баянцогт сумын төвийн дээрээс орлоо.
Дэлгүүр орж хүнс аван амарч байтал нутгийн айл гэртээ (Амаржаргал эзэгтэй) урьж амттай ногоотой шөлөөр дайлуулав.
Халуун өдөр боллоо. Сумын төвөөс урагш гарч дэржигнэтэл жийсээр Баянхангай сум чиглэх төв замаас салан бяцхан гүвээ даваж Сарлаг баг руу уруудан орлоо. Сүрлэг харагдах Аргалын нурууг давах замдаа орон уужим өгсүүрт уужимхан жийсээр Хоргийн хөтөл даваж, тун холгүй байх Аргалын тасархайгаар уруудан Аргалант сумын төвд ирэв.
Энэ сумын иргэн Батжаргалын гэрт халуун хоол, цайгаар дайлуулж тавтай амрав. Сумын төвөөс 7.8 км засмал замаар гүвээ даван төв засмалтай нийлсэн юм. Салхи овоохон хүчтэй байлаа. Автомашинууд хамж явчих гээд тун осолтой санагдав. Цагаан хөтөл хүртэл жийгээд хотоос угтаж ирсэн автомашинд дайгдав. Нэг гишүүний дугуйны гинж тасарч замын машинд суусан мэдээ ирлээ. Хоёр гишүүн маань хотын зүг жийсээр энэ удаагийн аялал амжилттай болж дууссан юм.
Жич: Энэ аяллын төлөвлөлтөд нэг алдаа гарсан. Аяллаа Аргалант сумаас гараад, төв зам хүрээд дуусгахаар төлөвлөсөн бол тун тохиромжтой байх байжээ. Баруун аймгийн нарийн бас хөл хөдөлгөөн ихтэй замаар 74 км зай туулна гэдэг тун бэрх гэдгийг Админ миний бие урьдчилан "харж" чадсангүй. Багийн гишүүн анд нартаа халуун баяр хүргье. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ш.Мөнгөнсүх | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8458 км |