Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын өглөөний цэлмэг тэнгэр дор наран мандах цагаар хойд зүгийг чиглэн жийж явлаа. Хажуугаар өнгөрөх автомашин дотроос уралдах гэж явна уу гэж асуухад, үгүй ээ аялаж явна гэж хариулав. Дээрээ дугуй ачсан хөнгөн тэрэг, ачаан дээрээ олон дугуй даруулсан ачааны тэрэг гүйцэн өнгөрөв. Цуглах цэг дээр 8.25 цагт ирэв. Манай зарим гишүүд аль хэдийн ирээд тухлан цайлж байв. Хандгайтд уулын дугуйн тэмцээн болно, хоёр бүсгүй маань оролцоно гээд биднийг 9.00 цагт үдэж өгөөд хоцров.
Гүнтийн даваа руу зорих автомашины зам ус халианд автан зарим газраа хөлдүү байлаа. Баруун гар талын явган замаар хэсэг жийгээд, давааны хормойн замд орлоо. Давааны замд (налуугийн дээд утга 11.4%) өгссөөр. Энэ даваан дээр таталт хийдэггүй тул шууд уруудав. Замыг нь сайн засаагүй тул автомашинууд хойд талыг нь шахан "ганц урсгал" бүхий мөр үүсгэжээ. Захлаад уруудлаа. Автобусны буудал дээр татан арын гишүүдээ хүлээв. Нэг гишүүний унадаг дугуйны гинж тасарч давааны цаана нэг гишүүний хамт үлдсэн мэдээ авлаа. Хашир гишүүд тул санаа зоволгүй, та нар явж байгаарай, бид хоёр араас чинь нэхээд очно гэж хэллээ.
Хоёр эгнээ болон давааны бэл уруудан жийсээр засмал замаас гарав. Тариан талбай бүхий бага шиг голын хөндийг шавартай замаар гарч, хошуу ороон шавар уснаас зайлан уулын бэлийн замаар өгсөж уруудан жийлээ. Хаврын урин салхи өөдөөс тул Шижир баг хүрээд Тахилтын ам руу өгсөхөд салхи сөрөх нь гэдгээ мэдлээ. Гэхдээ энэ салхи халууцан буй бидэнд харин ч сайн тусална гэж туршлагатай гишүүд олзуурхна. Шижир баг хүрээд замын хажууд уулын энгэрт татаж өдрийн хоолоо идлээ.
Цаг бага үд өнгөрч буй 11.40 цаг болж байлаа. Өөдөөс үлээх салхинд илбүүлэнхэн суурингаас гарч өгссөөр хаягдсан худгын нөмөрт татлаа. Арын хоёр гишүүн маань ч хүрээд ирэв. Үдийн хоолыг нь идүүлж хөөрөлдөн амраад Тахилтын даваа өгсөх (налуугийн дээд утга 13.5%) замдаа оров. Бага шиг жалга судаг зам хөндөлдсөн хэсэгт хөр цастай, зам чийгтэй байв. Бусдаар ёстой л хуурай байлаа. Давааны оройн доод жалгын зам хөр цасанд боогдсон маягтай байв. Овооны дэргэд амарч дурсгалын зургаа авахуулан Тахилтын ам уруудан, уулын ус шожигнон буух замаар сүлжинхэн, тойронхон жийсээр их үд өнгөрч буй цагаар Тахилтын автобусны буудал дээр ирлээ. Хаврын халуун өдөр ийнхүү өнгөрч байв.
Хотын зүг хамтдаа араас дэмнэх салхины аясаар жирийтэл жийсээр, замд баяртай гэсэн нөхөрсөг дуу хандуулан салсаар, гэр гэрийн зүг жийн одсон юм. Манай баг 11 гишүүн (нэг бүсгүй) тэй байлаа. Зүгээр л жий.
Аялал зарлагдсан цагтаа Бямба гаригийн өглөө 9 цагт Жигжидийн уулзвараас эхэллээ. Энэ удаагийн аялалд 13-уулаа цуглан хөдлөөд 2 бүсгүй өнөөдөр Хандгайтад болох уулын дугуйн тэмцээн рүү явснаар 11-үүлээ цааш аяллаа үргэлжлүүллээ.
Энэ өдрийн аялал клубын түүхэнд үлдэх шинэ мэдээтэй аялал болсон.
Клубын тухай хэсэгхэн түүх өгүүлье: Клубыг анх 2016 онд админ Ожго ганцаараа албан бусаар Уулын дугуйн аялал-УДА нэртэй байгуулаад нүүр номоор зарлал тавиад нэг хүн ирээд хоёулахнаа анхны аяллаа хийж байснаа аяллын замд дурсан ярьдаг. Улмаар өөрөө газарзүйч хүн дээрээс нь газар нутгийн ялгамжтай байх нь зөв гэсэн дүгнэлтээр Улаанбаатар уулын дугуйн групп гэж нэрлэн өнөөдрийг хүртэл энд ирсэн дугуйчид нэг цул болж 338 аяллаар дэлхийн эковатрын бүслүүрийн уртаас давсан 40188 км-ыг туулаад байна. Энэ жилүүдэд хичнээн хүн ирж жийж өөрөө өөртөө итгэл олж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх арга барилд суралцан эргэн тойрныхондоо сайны үлгэрлэл болж, зарим нь бүүр энгийн дугуй унагч иргэнээс спортын зэрэгтэй тамирчин болтолоо өсөж дэвшсэн, клубын аяллаараа эх орныхоо дөрвөн зүг найман зовхист магадгүй дугуйтай нөхөрлөж энэ клубт ирээгүй бол амьдралдаа хэзээ ч очиж үзэхгүй байсан байх байсан үзэсгэлэнт нутгуудаар унадаг дугуйндаа бүх зүйлээ ачаад жийгээд аялж үзэж (тэдний нэг нь би), өөрөө хүсвэл нэг өдөрт 100 км хол давсан бүүр 240 км жийж чаддаг гэдгийг мэдрүүлдэг (Чингис хаан-125 км туулах фестиваль, 24 цагт 240 км туулах аяллууд гэж өмнө нь олон нийтийн дунд Ожго админ Мэрида клубтэй хамтран зохион байгуулдаг байснаа одоо бол олон нийтийн дунд бус клуб дотроо жил бүр нэг өдөрт 7 даваа давах, нэг өдөр 240 км туулах аяллуудаа зохион байгуулж 100 км-ээс илүүг жийх нь клубын энгийн аялал болж), газар орны мэдлэг мэдээлэл маш ихийг өгсөн гээд клубтэй холбоотой олон олон сайхан дурсамжийг нэрлээд дуусахгүй.
Клуб маань анхандаа УБ уулын дугуйн аяллын групп-УУДАГ гэсэн нүүр номын пэйж хуудсаар бүх үйл ажиллагаагаа явуулдаг дугуй унах сонирхол нэгтэй хүмүүсийн нэгдэл байдлаар 5 жил орчим явсан юм. Ингэхдээ клубыг анх байгуулагч О.Эрдэнэбат буюу дугуйчдын дунд Ожго Erdenebat Ojgo нэрээр алдаршсан энэ хүний нарийн бодож боловсруулсан зохион байгуулах ухаан, бусдын төлөө гэсэн олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр энгийн юм шиг атал муухан компаниас илүү нарийн зохион байгуулалттай аяллууд зохиогдож, аяллын болоод гишүүдийн жийлтийн мэдээ баргийн байгууллагын статистик мэдээнээс ч илүү бүртгэгдэж гишүүдэд өөрсдийнх нь жийлтийн амжилтыг тэдний төсөөлж байснаас ч илүү бүртгэн мэдээлж хүн бүрд унадаг дугуй хамт жийснийх нь төлөө бүхэл бүтэн түүх бүтээж өгсөөр ирсэн билээ.
Амьдрал өрнөсөөр. . . Клуб тогтвортой удаан (магадгүй одоогоор хамгийн удаан оршин тогтнож унадаг дугуйгаар дамжуулан нийтийн биеийн тамирын хөгжилд хувь нэмрээ оруулсан сонирхогчдын бүлэг байх) жийх тусам гишүүдийн дугуй жийх чадвар сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Мөн өөр өөрийн үзэл бодолдоо үнэнч байх эсвэл бүүр эсрэгээр клубт ирж сайн дугуй жийдэг болсондоо өөртөө хэт бахархах гэх мэт олон янзын сонирхол залууст нэмэгдсээр байгаа нь анзаарагдана. Энэ бол мьдралд, хүнд үүсдэг зүй ёсны л мэдрэмжүүд юм. Мэдээж олон дотор олон янзын л хүн байна. Тэр бүхнийг админ бидэнд клубын философи мэтээр ойлгуулсан ЗҮГЭЭР Л ЖИЙ гэдэг энгийн атлаа гүн гүнзгий утгатай ганцхан үгээрээ нэгтгэн энэ олон жил нэг хүн мэт байлгаж чадсаар ирснийг ингээд бичихэд үнэхээр сайхан байна. Клубт нэгдэх насны байдал 16 наснаас дээш гэсэн ганцхан заалттай болохоор нэг талаас улам л залуужиж, нөгөө талаас орчин үеийн хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсноор ахимаг насныхан ч ирэх нь ихсэж ер нь бол 8 настнаас 80 настныг хамарч цар хүрээ улам өргөжих нь амьдралын жам бахархал болжсоор өнөөдрийг хүрсэн. Мэдээж энэ хүртэл админы алсын хараатай удирдлага дор үе үеийн туслах админууд (миний мэдэхээр Мажигсүрэн, Ууганбаяр, Бадрал, тэгээд би, Махгал) үүргээ гүйцэтгэж, гишүүд ч нэгдэж өнөөдрийг хүртэлх аяллууд бүгд амжилттай явагдсаар ирснийг дурдах хэрэгтэй дээ.
Энд нэг зүйлийг тодруулж бичихэд би ч ялгаагүй анхандаа үе үеийн идэвхитэй жийдэг гишүүдийн нуруун дээр групп явж байгаа гэж боддог байсан боловч зөв зохион байгуулсан схемтэй үйл ажиллагаа, хичээнгүй, хөдөлмөрч, тууштай, үнэнч удирдлагатай ажил бол нэг хүн байсан ч нэлээд хүн байсан ч тасралтгүй үргэлжилж болдогийг энэ хэдэн жил дугуйн клубынхээ зохион байгуулалтаас ойлгож авсан юм. Тэрнээс сайн жийдэг би, бид байхгүй бол энэ клуб "будаа" гэсэн ойлголт яагаад ч байхгүй юм билээ. Клубын зарчим бол үнэхээр шударга. Чи хүсвэл ирээд бидэнтэй зөвхөн өөрөө өөрийгөө хариуцаад жий. Жиймээргүй бол ирэхгүй байж болно. Ямар ч үед клуб чамаас татвар хураамж авахгүй. Харин бидэнтэй хамт өөрийнхөө төлөө жийвэл аяллын статистикийг чинь бүртгэж хувийн түүхийг чинь мөнхөлж өгнө. ... Иймээс л клуб, болоод админаас, бие биеээсээ аяллын замд зөвхөн дугуй жийхийг бус маш олон зүйлийг сурч авсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Ковидоос хойш хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах байдал эрс нэмэгдэж спортын олон төрлөөр их хичээллэдэг болсны дотор унадаг дугуй сонирхогч жийгчид ч эрс нэмэгдэж Монголын унадаг дугуйн холбоо ч улам хүчирхэгжиж үйл ажиллагаа нь идэвхижиж уралдаан тэмцээнийг олноор зохиох болж клубыг төлөөлөн гишүүд ч олноор тэмцээнд орж бахархам амжилтууд гаргах болсон нь клуб зүгээр сонирхогчийн бүлэг байж, гишүүдийн амжилтыг энгийн, гараар бүртгээд фэйсбүүкээр зарлаад явах боломжгүй болж нэг ёсондоо нийгэм эдийн засгийн хүчин зүйл гэдэг шиг гарцаагүй албажих хэрэгцээ шаардлага бага багаар үүсээд л байсан юм.
Хүн л юм чинь баярлаж гомдоно, хүмүүс л болсон хойно нэгнийгээ баярлуулна гомдооно, үйл ажиллагаа л юм чинь сэргэн буурна. Клубын ийм л нэг нугачаат үед одоогийн админ Махгал эхнэрийн хамт клубт нэгдэж энгийн гишүүнээр жийж байхдаа группийн үйл ажиллагаанд санаа тавьж мөн тэргүүн админаас клубын зорилго, алсын харааг ойлгож ийм сайн баазтай, аяллын баялаг түүхтэй группийн түүхийг цааш үргэлжлүүлэхдээ энэ хэвээр гараар бүртгээд хэзээд алга болж мэдэх фэйсбүүкэд хадгалаад байх нь арай учир дутагдалтай. Тиймээс вэб хуудас үүсгэж бүхнийг кодолж клубтэй холбоотой бүхий л мэдээгээ вэбээр дамжуулан хадгалж энэ үедээ ч, хойч үедээ ч үлдээе гэсэн гайхалтай холч санааг гарган админ зөвшөөрснөөр энэ санаагаа өөрөө ажил болгон эхлүүлж энэ л үеэс клуб маань вэб хуудастай болж UBMBC.com хэмээн Улаанбаатар Уулын Дугуйн клуб нэрний товчлолоор нэрлэн Улаанбаатар Уулын Дугуйн Аяллын Групп нэрээ албан ёсоор Улаанбаатар уулын дугуйн клуб болгон өөрчилсөн юм.
Анхны нэр маань УДА, дараагийн нэр маань УУДАГ гэсэн товчлолтой байсандаа. УУДАГ гэсэн товчлолыг маань (зарим мэдэхгүй хүмүүс аймаар уудаг хүмүүсийн нэгдэл юм уу гэж гайхдаг байсан хэ хэ) Клуб болсноор зөвхөн аяллаар хязгаарлахгүй уралдаан тэмцээнд өргөнөөр оролцож байгаа гишүүдээ ч дэмжих алсын зорилгыг агуулсан билээ. Ингээд вэб хуудастай болсноор тэргүүн админ бүх мэдээг ганцаараа гараар бүртгэн мэдээлж хадгалдаг байсан нөр их ажлын үндсэн баазыг вэб хуудсанд бүрэн шилжүүлж групп маань клуб болж үнэхээр албажин улам л боловсронгуй байдлаар мэдээ мэдээлэл, аяллаа зарладаг, гишүүдийн жийлт, аяллын түүхээ бүртгэн мэдээлдэг, энэ их түүх дэлхий сөнөх хүртэл интернэт сүлжээнд “амьдрахаар” суугдаж өнөөдөр 9 дэх жилтэйгээ золгож байгаа нь энэ юм.
Мэдээж олон жил хайрлагдаж хүндлэгдэж бахархал болж ирсэн нэр, хуучин нөхцөл байдлийн өөрчлөлт олон хүнд шууд таалагдахгүй. Надад ч ялгаагүй анхандаа хуучин нэрээ өөрчлөхгүй гэж зүтгэж байсан үе бий. Мөн үеийн хүндээ удирдуулах дургүй залуус болоод янз бүрийн араншинтай хүмүүсийн зан байдал гээд амьдралд байдаг л асуудлууд энэ өөрчлөлтийг тойроогүй дайрсаан. Гэвч энэхүү өөрчлөлт нь зөвхөн одоо байгаа хүмүүст таалагдах бус одоо байгаадаа ч ээлтэй, хойч ирээдүйдээ ч үлдэцтэй гэдэг нь аяллаас аялалд батлагдсаар байгаа тул ихэнх гишүүд хүлээн зөвшөөрч аялал үргэлжилсээр байгаа билээ.
Үр хүүхэд өсч том болоод төрсөн гэрээ орхидог амьдралын хуулиар групптэй хамт жийж жийлтийн арга барил, зохион байгуулалт сураад чимээгүйхэн гарч өөр групп холбоо байгуулаад явсан хүмүүс нэг бус. Тэр бүрд админ зөв шүү ингэж л амьдрал үргэлжилж хөгжих учиртай хэмээн сайны ерөөлийг аяллын замдаа үлдээж, тэдэнтэй аяллын замд тааралдахаараа баяр хөөр болон уулзаж байгааг бид цөөнгүй хардаг. Энэ л жамаар энэ өдөр клубын хэсэг залуус өөрсдийн нэгдлийг үүсгэн клубын анхны нэр буюу Уулын дугуйн аялал-УДА нэр дор нэгдэхээ хэлж энэ бямба гаригт анхны аяллаа зарлан ийнхүү клубээс маань дахин нэг шинэ нэгдэл үүссэн ийм л түүхэн өдөр тохиож байгаа юм. Клубээс нэг гишүүн бус нэлээн хэдэн гишүүн тусдаа гарч байгаа болохоор салан тусгаарлалт, үзэл бодлын зөрүү мэдээж инээд баясалтай байдаггүй жамаар нэг нь өөрчлөх, нөгөө нь хуучнаараа байх гэсэн аль аль нь биедээ гоморхож өөрсдийн үзэл бодлоо хамгаалах зэрэг хүний харилцаанд байдаг овгор товгорыг туулаад авсан тул админ нэгэнтээ “Энэ удаагийн салалт маань жоохон драммгүй л салалт болчихлоо гэхдээ яахав ээ зүгээр “Манай залуус ч гэсэн эрийн цээнд хүрч өрх толгойлох хэрсүү насаа туулж байна. Тэгэлгүй ч яах вэ. Тун зөв. Хүүхэд томроод өссөн буурь гэрээсээ явдаг даа. Амьдралын жам. Өөрсдөө бие даан аялж, хүссэн зүйлээ хийх амбиц тэмүүлэл хүн бүрт л байдаг. Тэдний маань аяллын зам дардан байх болтугай. Тусдаа нэгдэж тусдаа аялах болсон энэ үйл явцыг ингэж л харж баярлан сууна. Түүнээс бус хагаралдаж саллаа гэсэн муу өнцгөөс огт харж дүгнэж чаддаггүй. Хүн хүнээсээ л хамаарна. Хамтдаа 330 гаруй аяллын төслийг амжилттай хийж байсан. Бариандаа орж чадалгүй дууссан аялал (дуусаагүй төсөл) гарын 5 хуруунаас цөөн байсан гэж бодохоор бид төслөө үнэхээр сайн дуусгадаг байжээ. Цаашид ч ийм байх болно” гэсэн дүгнэлтээр өнөөдрийн түүхэн өдөр гэж эхлэсэн бичвэрийн энэ хэсгээ дуусгая.
Аяллын замд аяллаас өөр нэгнээ шүүмжлэн муулах, хатуу нясуун юм уух, өөрсдөөрөө хэт бахархах, буруу нэгний хандлагат автагдах гэх мэт бусармаг юманд автагдалгүй зөвхөн аялалдаа төвлөрч чадвал зан зангаа авалцаагүй хичнээн олон хүн байлаа ч нэг гэр бүл дотны анд нөхөр мэт биесдээ дэмтэй, хөгжилтэй, сургамжтай байдлаар аяллын замаа туулж болдогийг өнгөрсөн жилүүдэд аяллаас бид сурсандаа. Үүнийг залуусдаа бичигч би өөрийн зүгээс захья даа.
Одоо харин өнөөдрийн аялалдаа эргэн орьё. Аялал маань Жигжидээс эхлэн Гүнтийн даваа давж Батсүмбэр ордог засмал замын зүүн талын уулын энгэрээр уруудан Шижир суурин хүрч өнгөрөөд Тахилтын амыг араас нь Тахилтын даваагаар даван УБ хотруу орж ирэх 80 км аялал байсан болохоор аялал эхлээд л Гүнтийн даваа өгсөх засмалруу гарлаа. Гадаа дулаарч бараг цас хайлсан тул засмал замыг хотынхтой адил цасгүй гэж бодсон минь ёстой том эндүүрэл болж угаасаа Гүнтийн даваанаас Жигжид хүртэл уулын ус зам даган урсдаг болохоор ёстой мөсөн бүрхүүл тэр зам дээр дарайж байх нь тэр. Мөс угаасаа эвгүй бас зам нарийн автомашин холхино. Зарим газраар хайлсан цас замын нүх даган тунарана. Мөс, шавар, авто зам, явган хүний зам холин барин жийсээр арайхийн даваа өөд өгсөж эхлэхэд нэг юм мөс дуусч харин ус урсаж байлаа. Дайраад өгсөхөд ус нь мөснөөс арай л дээр шавар цацах л болохоос тэшээд уначихгүй. Нар нуруунаас төөнөж хамаг хөлс цутгаж даваа өөд өгсөх мэдрэмж бас л чанга шүү. Давааны доор нэг гишүүний дугуйн гинж тасарсан ч та нар явж бай би аргалаад очно гээд үлдэв. Хашир дугуйчин мэдээж гинжээ залгаад араас ирнэ асуудалгүй. Махгал админ ард цоожилж яваад гинж нь тасарсан дугуйчинтай үлдээд хамт ирэхээр болсон мэдээ даваа даваад доор бөөгнөрөх үед ирэв.
Энэ цаг үед идэвхитэй жийх байгаа 4 эмэгтэйгийн 2 нь тэмцээнтэй нэг нь ажил гарсан уу аялалдаа энэ удаа ирээгүй би бээр ганц эмэгтэй нь болж энэ аялалд яваа бас даваа өөд удаан жийдгийг хэлэх үү хамгийн сүүлд арайхийн даваан дээр гарлаа. Гэхдээ огт түрээгүйээ гүрийж жийсээр гарсан шүү хэ хэ. Даваа уруудахад мэдээж өөдөөс салхилана. Түрүүн халууцаж байсан мэдрэмж оргүй харин ч даарна. Ингэж мэдэж байгаа тул өгсөж байхдаа хичнээн халууцсан ч хувцасаа нимэглэлгүй гүрийсэн нь онож бараг даарахын даваан дээр аль хэдийнээ даваа даваад доор хүлээж байгаа хэд дээрээ ирлээ. Хэсэг амраад цааш Ар гүнтийн замаар бөөнөөрөө 10 орчим км сайхан уруудаж жийгээд урагшаа уулын энгэрлүү эргэлээ. Одоо ёстой шаварсах байхдаа гэсэн нь биелэж хайлсан цас шороон замын нугачаа бүрд шавар болон биднийг угтана. Зарим сэвсгэр цасыг дайраад гарья гээд ороход пирр хийн цөмөрч шавартай усаар будна. Гэвч энэ л мэдрэмжийн төлөө зөөлөн орноосоо эртлэн босч дугуйгаа жийн найзууд дээрээ ирсэн шүү дээ.
Баг бөөндөө уулын энгэр дагасан шавартай замаар өгсөж уруудсаар Шижир суурин дөхөх үед өөдөөс нэгэн дугуйтай хүн ирсэн нь манай клубт шинээр нэгдэхээр үндсэн бүртгэлд бүртгүүлээд харин энэ удаагийн аялад бүртгүүлж амжаагүй ч жийхээр өглөө гарсан хэдий ч Жигжид дээр аялал эхлэхээс өмнө очиж амжихгүй болонгуут өөдөөс Тахилтын даваа даваад ирж буй шинэ дугуйчин байлаа. Түүнтэй хэсэг хором хөөрөлдөхөд аяллын газрын зургийг сайн ажиглан тогтоосон нь мэдэгдэж яг бидний улаан зам дээр ийнхүү тааралдсанд нь бахархал төрсөн шүү. Энэ аялагч би өнөөдрийн аялалд бүртгүүлээгүй ч яг зурагдсан замаар нар зөв тойроод ирэх санаатай явна гэдгээ хэлээд бие биедээ аян замын ерөөл өргөн салж аяллаа үргэлжлүүллээ.
Арын хоёр ирээгүй л байлаа. Аялал үргэлжилсээр 11:40-д Шижир суурин хүрээд арын уулын энгэрт бид үдийн хоолоо хагас цаг орчим сууж идлээ. Ганцаараа түрүүлж урд явсан нэг гишүүн энд хооллож байгааг мэдэлгүй тэр чигтээ явснаар түүний цүнхэнд хүнсээ, усаа хийсэн хоёр гишүүн хоолгүй болж ямар ч үед бусдын цүнх, машинд өөрийн ачаагаа хийхгүй байхыг админ ч тэр бас тэгж бусдад ачаагаа өгөөд баларч явсан гишүүд ч сануулан шоолоод байгаа хоолоо хуваан идэцгээлээ. Аяллын замд үргэлжилдэг хөгжилтэй яриа, шинэ гишүүнд өгдөг дотно зөвлөгөөнүүд гээд аяллын замд үргэлжилдэг бүхэн тэр л янзаараа. Дундуур нь бас хальт өөр чиглэлээр жийж байгаа хэдийгээ тэр хавьд яваа байх гэх мэтээр ярих зуураа клубын систем бүрэн өөрөө өөрийгөө даагаад клубдээ хэзээ ч ирээд жийж болдог, клубээс явж болдог зарчим тул манай хэд заримдаа хамт жийх, эсвэл эргээд клубдээ ирэх нээлттэй талаар ч яриад авсаан. Ер нь л хүн бүрийн сэтгэлд тодорхой хэмжээний санаашрал байгаа мэт салан одсон найзуудаа санаад байгаа мэт санагдсан. Гэвч явах хүнийг битгий хорь гэдэг үг байдаг даа.
Энэ зуур админ гинж тасарсан гишүүн, түгжиж яваа админ хоёроо ирж байна уу гэж багагүй хүлээсэн ч хараахан сураггүй байсан тул за Тахилтын амаа өгсцгөөе гээд хөдөллөө. Өөдөөс үлээх салхи цуцаах авч нэг талаар бүнхийсэн халуун бус амьсгалах боломж гэдгийг гишүүд хэдийнээ мэддэг болсон болохоор нэг их төвөгшөөлгүй жийсээр хуучин худгийн суурин дээр таталт хийж амрах зуур арын хоёр харин гүйцээд ирлээ. Админ ёоох амарсан нь болж тэгээгүй жийж явсан бол энэ хоёрт гүйцэгдэж онигоо болох байж хэмээн хөгжилтэй ярьсаар баг бүтнээрээ Тахилтын даваагаа өгслөө. Хичнээн уудам ам, овоо хол өгсүүртэй даваа билээ дээ. Гишүүдийн ихэнх нь жийсээр гарахад би тэргүүтэй цөөхөн хэд давааны өгсүүр эхлэхэд зогсолтгүй түрсээр гарлаа. НТГ Отгонбаатарыг (миний нөхөр) Тахилтын даваа өөд жийгээд гарахад араас нь би бахархаад дугуйгаа түрээд л гарсандаа. 13:00 -13:30 цагийн хооронд даваан дээр бүгд цувран гарлаа. Түрүүлж явсан гишүүн маань даваан дээр хүлээж байсантай нийлэн дурсгалын зураг татуулаад даваа уруудахаар хөдөллөө. Одоо юу байхав уруудсаар Тахилтын эцэс тэгээд хот, гэртээ орлоо л гэсэн үг.
Давааны уруу дорхноо пижигнээд л Тахилтын эцэст эгээ л хээрийн гэртээ ирсэн мэт дэлгүүрийн үүдэнд тухтай сууж ус ундаагаар цангаагаа тайлаад шинэ тунелээр гарч хуучин 22-ийн замаар эрчтэйхэн ганц ч зогсолтгүй жийсээр Моносын уулзвараар Яармагийг зорих 2 гишүүнээ үдэж, 1 хороололд бид 2 гэрлүүгээ эргэж ийнхүү өнөөдрийн аялал ээлж дараагаар дууссаар. Гэртээ орж ирэхэд 15:30 болж байв.
Өнөөдрийн аялал ийнхүү дууссан ч клубын аялал хэзээ ч дуусахгүй. Дараагийн бямбад шинэ аяллаараа уулзацгаая найзуудаа. ЗҮГЭЭР Л ЖИЙ
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ УТА Г.МАХГАЛ
Хаврын аяллын зам адармаатай. Өвөлжин хуралдан хуримтлагдсан цас хайлж уулаар нэг урсан, хөрс шороог ханатал нь дэвтээж, жалга сайрыг усаар дүүргэж орхидог тул хаврын аяллын үеэр ус шавар үсчин гутал норгох, хамаг хувцас шавардах нь түгээмэл тохиолддог. Өнгөцхөн сэтгэгдэлд заваан гэмээр ч энэ нь цэвэр байгалийнх тул хор бохирдол бус харин ч цэвэр цэнгэг агаартай нийлэн байгалийн амьтан бидний бие цогцыг тэтгэнэ. Гэвч ийм цэвэр байгаль УБ хотын тэлэлтийг даган биднээс алсарсаар буй нь харамсалтай. Хайлж амжаагүй цас мөсний үлдэгдэл, шавар тэргүүтэй саад бартаа нь уулын дугуйн кросс каунтри төрлийн замын нэгээхэн хэсэг мэт. Иймэрхүү байгалийн бодит саад бартаатай замаар аялангаа жийх нь уулын дугуйн тэмцээн уралдааны бэлтгэл ч болдог. Үүнийг илтгэх мэт манай клубийн аялалд явсаар улмаар тэмцээнд орж шагналт байр эзлэх, зэрэг цол авах нь цөөнгүй.
Ийм адармаатай үед аяллын маршрут зохиох гэгч ярвигтай ажил. Энэ жилийн хувьд ерөнхийдөө цас багатай жил тохиосон ч нэн ялангуяа ой мод доторх цас сайн арилаагүй л байна. Иймд энэ удаагийн аяллын нам дор газрын замыг тэгш, давааг нүцгэн буюу ой модгүй байхаар бодож зохиосон.
Техникийн бүрэн бүтэн байдал Унадаг дугуй бол хөдөлгүүрээс бусдаараа техник бөгөөд замын хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгсэл бас бидний адил аялах үед аюулгүй байдлын гол хүчин зүйл болдог тул аяллын өмнө техникийн үзлэг, зохих засвар үйлчилгээ хийсэн байх хэрэгтэй. Унадаг дугуйнд тоормос, араа, хүрд, гинж, гадар хаймар зэрэг амархан элэгдэж мууддаг эд ангиуд бий. Үүнийг үл тоомсорлох нь аяллын үеэр ямар ч эрсдэл учрахад хүргэж болзошгүй.
Өнөөдрийн аяллын хувьд багийн нэг гишүүний гинж тасарсан. Тасрахдаа бүр хоёр хэсэг болсон буюу хоёр өөр холбоосоор тасарсан нь түүний унадаг дугуйн гинж араа хүрд нь зайлшгүй солих болсныг илтгэнэ. Залгаад нэлээн явсны дараа ч нэг холбоос нь салсан. Хэрэв ийм үед араа гинжээ сольж амжаагүй бол гинж залгах зориулалтын холбоос бас гинж тасдагч/залгагч авч явах хэрэгтэй л дээ. Манай хүн гинж залгах холбоосгүй байсан тул гинж тасдагч/залгагчаар тасарсан гинжийг залгах гэсээр чамгүй хугацаа алдсан. Миний хувьд хаврын нээлтийн аяллын өмнө хойд араа, дунд хүрд, гинжээ иж бүрнээр нь сольсон тул эдгээр сэлбэг болон багажгүй явсан юм.
Жигжидийн уулзвараас хөдлөн цувааг цоожлон явав. Шөнийн жаварт хөлдсөн цасны хайлмал ус хараахан эргэн хайлж эхлээгүй болохоор зам бараг л битүү мөс. Гэхдээ автомашины дугуйнаас цацарсан ус арзайн бас шавар шороотой холилдон хөлдсөн байсан тул явж болохоор. Ийм замд унадаг дугуй унах ур чадварын ялгаа бас хувь хүний болгоомж гэсэн хоёр хүчин зүйлийн улмаас цуваа сунаж, багийн гишүүд хол зайтай болдог. Иймд цувааны хамгийн сүүлд яваа гишүүнийг дагуулсхийн ойр бараатайхан жийв. Ингээд замын мөстэй, устай хэсэг дуусаж Гүнтийн давааны өгсүүр замд хүрэхэд юу юугүй дөхөж явтал багийн нэг гишүүн замын хажуу талд дугуйгаа засаж янзлан буй бололтой зогсох нь харагдав. Гинж тасарсан гэнэ. Миний цоожилж яваа гишүүн ч хүрээд ирэв. Гинж залгах ажилд түүнийг оролцуулж саатуулах хэрэггүй л дээ. Цуваанаас хоцорсон гишүүд аяллын багийг гүйцэхийн тулд ер бишийн темпээр явах тул энэ нь гишүүдийн тэр өдрийн жийлтийн эрчмийг бусниулж орхидог учиртай.
Ингээд сугарч хоцорсон бид хоёр ачаалж болохгүй гинжтэйгээр аяллын багийг гүйцэх ажилд оров. Нэгэнт гинж ачаалж болохгүй болсон тул Толгойтын ам шувтартал засмал замаар ачаалал багатай жийгээд маршрутын дагуух зам руу орох шийдвэр гаргав. Тэгэхгүй бол ус их хуримталсан нам дор газрын шавартай замд гинж ахиад л тасарч магадгүй. Харин Хүйн хөндийг туулахдаа газрын дээд тал буюу хуурай замаа дагаад явбал гайгүй болов уу хэмээн сэтгэсэн.
Хэврэгшсэн гинж аргадан аядуу явцгаасан тул бид хоёр Хүйн хөндийд аяллын багийг гүйцэж чадсангүй. Ерөөсөө "Би явж байна Бээжин сууж байна" гэдэгчлэн манай хэд үдийн цай, хоолоо идэхээр буудаллахаас нааш бид хоёр гүйцэхгүй л дээ. Ингээд уулын хошуу ороон Хүйн хөндийгөөс Тахилтын хөндий рүү эргэн хэсэг явтал манай хэд бараг бөөндөө яваа нь харагдав. Ээх арай гэж л гүйцлээ. Бөөндөө яваа нь үдэлж цайлаад дөнгөж хөдөлж буйг илтгэнэ. Үнэхээр ч хэдхэн минутын дотор тэдний зай холдон цуваа сунасан даа.
Цуглах цэгт очих зам ч аяллын нэгээхэн хэсэг Манай клуб УБ хот орчмын аяллыг хотын их хөдөлгөөнөөс зайдуу газраас эхэлдэг уламжлалтай. Ийнхүү цуглах цэг хотын төвөөс буюу ерөнхийдөө аялалд оролцох ихэнх гишүүдийн гэрээс хол зайтай байдаг тул аяллын машрутыг УБ хотын төвөөс эхлүүлэн цуглах цэгийг дайруулан зохиодог. Өөрөөр хэлбэл аяллын үеэр туулах замын уртад гэрээс цуглах цэг хүртэлх зай тодорхой хэмжээгээр тусгагддаг юм.
Цуглах цэг рүү жийж явахад аялалд оролцох гишүүд тааралдах явдал тохиолддог. Өнөөдрийн хувьд нэг гишүүнтэй Баянбүрдийн тойрог орчимд таарч хэсэг зуур хамт жийсэн бол өөр нэг гишүүний барааг хараад 1 минутын зайтайгаар цуглах цэгт очлоо.
Мөн өнөөдөр Хандгайтад зохиогдож буй Уулын дугуйн тэмцээнд оролцох манай клубийн хоёр эмэгтэй гишүүн ЦТГ Б.Алтантулга, УШТГ Ш.Мөнгөнсүх нар жийгээд хүрээд ирсэн байв. Тэр хоёрыг аяллын багтай хамт Гүнтийн даваа дээр гартал хамт жийх гэснийг ЯТА Э.Ожго тэгж хүч нөөцөө барах хэрэггүй хэмээснээр манай хоёр шууд Хандгайт руу жийн одсон. Гүнтийн даваа өөд жийсэн бол ёстой дэмий болох байсныг тэмдэглэлийн дээрх хэсгээс анзаарсан л биз дээ?
Манай хоёр тус тэмцээнд амжилттай оролцон тус тусын ангиллынхаа тэргүүн байруудыг эзэлжээ.
Аялалд хувийн бэлтгэл чухал Унадаг дугуйгаар аялахад мэдээж унадаг дугуйгаа сайтар бэлдэхээс гадна хувцас хэрэглэл, хоол хүнс бас сэтгэл зүйн бэлтгэл чухал. Багийн нэг гишүүн хувцсаа эрт яаран нимгэлсэн байсанд бид зохих зөвлөгөө өгч бас өөрсдийнхөө өмссөн хувцас тэргүүтнийг ч жишээлэн үзүүллээ. Мөн багийн нэг гишүүн Тахилтын даваа өөд жийж гаръя гэж зорьсноо хэлэхэд "Бусдыг дагаж дуурайж биш өөр хэмнэлээр, хөлийнхөө булчинтай ярилцан жийж гараарай. Давааг ааг хүчээр биш арга эвээр давдаг шүү" хэмээн зөвлөв. "Мөн даваа өөд өгсөн жийж явахад дугуйнаасаа буух түмэн хором байдаг" талаар хэлсэн. Ерөнхийдөө унадаг дугуйгаар аялахад сэтгэлийн тэвчээр, биеийн тэсвэр маш чухал бөгөөд энэ чадвар аяллаас аялалд, жийлтээс жийлтэд бага багаар суудаг.
Зүгээр л жий Энэ үг манай клубийн уриа юм. Гэхдээ энэ үгийг уриа гээд хашгирч цуурайтуулахаас илүү үүний цаадах үзэл санаа, дагавар санамжуудыг ойлгох, мөрдөж хэвших нь чухал. Уг аяллын үеэр нэгэн гишүүн нэг яриагаа надад хоёронтаа хэлсэн нь миний анхаарлыг анхнаасаа л татсан. Зүгээр л жий. Үүнийг "Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй." гэсэн зарчим дагалддаг. Үүнийг клубийн веб сайтын нүүр хуудас, аяллын хуудас гэх мэтчилэн зохих газруудад нийтэлсэн байдаг тул эдгээрийг манай гишүүд хараагүй байх учиргүй. Мөн энэ талаар УТА Д.Цолмон өөрийн тэмдэглэлдээ цохон дурдсаныг бодолцвол ийм явдал цөөнгүй бололтой. Клубийн админууд энэ мэт клубийн баримталдаг зарчимд харш үг, үйлдлийг тухай бүр засаж залруулдаг ч аяллын цувааны хаа нэгтээ, амрах болон татах үеэрх хэсэг гишүүдийн аль нэг бөөгнөрөл дунд үл анзаарагдан үлддэг байх нь л дээ.
Ийнхүү урин хаврын ийм нэгэн аялал клубийн түүх бас аялалд оролцсон гишүүн нэг бүрийн ч түүх болон үлдлээ.
Зүгээр л жий!