Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Аялалд 28 гишүүн оролцохоор бүртгүүлсэнээс 23 нь оролцов. Үүнээс хоёр нь клубтэй анх удаагаа аялж байгаа юм. Цуглах цэг рүү жийж явахдаа Таван шарын уулзвар орчимд унадаг дугуйтай нэг залууг гүйцэхдээ аялалд оролцохоор бүртгүүлсэн цоо шинэ таван гишүүний нэг юм байлгүй хэмээн гар даллан мэндчилээд улмаар цааш хэсэг жийгээд CU/GS дэлгүүрийн нэг салбараас замын хүнсээ авчихаад цуглах цэг дээр жийж хүртэл тэр залуу байсангүй. Өөр зорилготой өөр нэгэн л байсан бололтой. Харин мөнөөх хоёр шинэ гишүүн хоёулаа унадаг дугуйнд сайн гэдэг нь аяллын эхнээс тодорхой харагдаж байв. Дараагийн аяллуудад ч хүрэлцэн ирж оролцоно биз ээ.
Тус аялал энэ хаврын өдрийн аяллуудын хоёр дугаарх нь тул төдийлэн их жийгээгүй гишүүдээ хэт ачаалахгүйг бодолцон харьцангуй хөнгөн зам маршрут зохиосон билээ. Замд хоёр даваа буй ч тэдгээрийг засмал замаар давна. Харин үлдэх шороон зам нь бараг цагаан зам бас шувт уруудах юм. Иймээс ч аялал нэлээн эрт буюу 13:00 цаг гэхэд дууслаа. Дуусах гэж тарах цэгт хүрэлцэн ирэхийг хэлнэ. Манай клубийн уламжлалт бямба гараг тутмын өдрийн аялал хотын хөл хөдөлгөөн сийрэгших хэсгийн аль нэг цэгт цуглаж бас их хөдөлгөөн рүү орохын өмнөх ямар нэг цэгт хүрээд тардаг юм. Өнөөдрийнх шиг маршрутын хувьд Буянт-Ухаад тардаг. Энэ нь Яармаг ба Сонсголонгийн их хөдөлгөөн, түгжрэл рүү орохын өмнөх, зүг бүр тийш салан одоход хамгийн зохимжтой цэг юм.
Эмээлтээс Шувуу орох замд буй Хүйтний ам гэж үнэхээр л сэрүү татсан хүйтэн жавартай газар юм. Ийм бодол тус амаар уруудан давхиж явахад өөрийн эрхгүй төрнө. Манай хэд энэ амаар пижигнээд алга болов. Сүүлдэж хоцорсон нэг, хамт ханьсан явах хоёр бас зураг авч үлдсэн нэг нийт 4 гишүүнтэй хамт айвуу тайвуу уруудсаар амнаас гарах юу юугүй дөхөж ирэх үест аяллын багийн бусад гишүүд уулын энгэр ээвэрлэн татаж зогссон нь үзэгдэв.
Цаг эрт байсан ч ганц бүсгүй админ "Өлсөж байна. Эндээ хоолломоор байна." гэж эрхлэн шаардсанаар эндээ хооллохоор болов. Таталтын цэгт дөхөж явахад л хамт педал харшуулан явсан залуу гишүүнтэй өнгөрөгч зуны нэг аяллын үеэрх өрөмтэй талхны талаар дурсаж яриад л бас хоолоо нийлүүлж байгаад хуваан идэлцэх талаар зөвлөлдөөд яваад байсан юм аа, даанч. Нэгэнт үүнээс цааш үдийн хоол идэх зохимжтой газар үгүй тул эндээ хооллох шийдвэр арга үгүй гарсан л даа.
Мөн энэхүү таталтын цэгт клубийн бахархлын тэмдгийн болзол шинээр биелүүлсэн хоёр гишүүнд тэмдгийг нь гардуулж өгөв. Эдгээр хоёр гишүүн 100 - 101 дэх бахархлын тэмдэгтэн болж буйгаараа онцлогтой юм.
Ийнхүү клубийн түүхнээ Бахархлын тэмдэгтэй холбогдох ийм нэг онцгой явдал тохиосонтой давхацсан өөр нэг тохиол бол энэхүү аялал нь манай Улаанбаатар уулын дугуйн клубийн 337 дахь аялал бөгөөд эдгээр бүх аяллын маршрутын нийт урт 40108 км болж Дэлхийн бөмбөрцгийн экваторын бүслүүрийн урт 40075 км-ийг даван гарсан явдал юм.
Үүнээс цааш хэсэгхэн пижигнүүлээд өнөөдрийн аяллаар зорьсон цэг Хар түнийн ордын туурьнаа хүрэлцэн очлоо. Энд манай клубийн ЦТГ Э.Амарболд бидэнд тус туурийн үүх түүхийн талаар маш дэлгэрэнгүй сайхан тайлбарлан ярьж өгсөн нь өнөөдрийн аялал чухам үүнд зориулсан тусгай хөтөлбөрт аялал мэт болголоо. Түүний хэлсэнээр бидний зогсож буй энэхүү туурь - суурь чулуу, шал, шат гишгүүр нь болбоос шарын шашны дунд үеийн дэлгэрэлтийн үе буюу XV зууны сүмийн үлдэгдэл ажээ. Харин үүнээс цааш хийсэн малтлагаар XIII зууны үеийн эд өлөг олдсон ба улмаар Тоорил ханы орд өргөө байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Мөн ЦТГ Э.Амарболд маань бидэнд архелогийн талаар цааш дэлгэрүүлэн ярьж бас бидний сонирхсон асуултуудад хариулж өглөө. Клубийн гишүүн чамд баярлалаа.
Ингээд 12:07 цагт дурсгалын зураг татуулаад аяллын маршрутаа цааш үргэлжлүүлэн хөөв. Үлдэх зам засмал тул ядах юмгүй дуусаж дээр дурдсанчлан яг 13:00 гэхэд аяллын цувааны толгойн групп тарах цэгт хүрэв. Үүнээс хойш төд удалгүй багийн бусад гишүүд ч ирлээ. Ингээд 13:45 хүртэл амарцгаагаад бутарцгаав.
Ийнхүү тал талын онцлогтой ийм нэг аялал өндөрлөв.
Зүгээр л жий!
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Т.Энхтөр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1297 км |
Б.Алтантулга | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1276 км |